“ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ- 2018”-Д ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮДИЙН СЭТГЭГДЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

0
58

Хүй долоон худгийн хөндийд хоёр өдөр үргэлжилсэн “Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уг наадамд Даншигийн 8, Улсын 33 цолтон нийт 256 хүчит бөх зодоглосноос  Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цол, Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цол хүртсэн юм.

Мөн энэ удаагийн наадамд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харъяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж Даншигийн начин цол хүртэв.

Ингээд “Даншиг наадам Хүрээ цам-2018”-аас цол хүртсэн бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн дархан аварга Р.Пүрэвдагва “Дөрвөн жил дарааллан түрүүлж Даншигийн дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Энэ жилийн Даншиг наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд хүргэе” хэмээв.

Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн заан О.Хангай “Юун түрүүнд Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн багшдаа талархал илэрхийлье. Даншиг наадамд хоёр дахь удаагаа зодоглож заан цол хүртсэндээ баяртай байна. Энэ жилийн наадмын өнгө сайхан байна. Монголынхоо нийт ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Даншигийн начин Ц.Заяатүшиг “Энэ удаагийн Даншиг наадмаар Ховд аймгийн зон олон сайхан наадаж байна. Манай Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цол хүртлээ. Энэ дашрамд аав ээж, Ховд дэвжээний багш тамирчид, нутгийнхан болон Монголын нийт ард түмэндээ мэнд хүргэе” гэв.

Увс аймгийн тэс сумын харъяат Даншигийн начин Б.Баянмөнх “Даншиг наадамд хоёр дахь жилдээ зодоглож, начин цол хүртлээ. Нодлин дөрвийн даваанд унаж байсан бол энэ жил тав давлаа. Би өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Үндэсний бөхөөр хичээллээд дөрвөн жил болж байна. Энэ жил аймгийнхаа наадамд зургаа давж, аймгийн харцага цолоо бататгасан” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!