Алдагдсан ам.доллар авлигалын мөнгө байсан юм биш байгаа

2 САЯ АМ.ДОЛЛАРЫН МӨРӨӨР-2

Нэгэн компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь данснаас 2 сая ам.доллар залилсан хэргийн талаар бид “2 сая ам.доллар гаргасан TDB иргэний үнэмлэхийг хэрхэн уншуулсан юм бол” гарчигтайгаар асуудал, хардлага, таамаг дэвшүүлсэн нийтлэл бичсэн. Нийтлэлийн мөрөөр уншигчдаас, зарим эх сурвалжаас өөр бусад мэдээлэл редакцид ирсээр байна.

Тэдгээрээс нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээлэл анхаарал татсан тул байж болзошгүй ТААМАГ2-ыг хүргэе.

Худалдаа хөгжлийн банкны харилцагч, Хятадын хөрөнгө оруулалттай компанийн захирал эмэгтэй өөрөө гэмт этгээдүүдийг дагуулан банк орж, улмаар данснаасаа 2 сая ам.доллар бэлнээр авч өгсөн байж болзошгүй. Учир нь бидний хардаж бичсэнчлэн эрэн сурвалжлагдаж буй залуустай хамт 50 орчим насны нэгэн эмэгтэй байсан гэх боловч Цагдаагийн байгууллагаас хайж буй мэдээлэлд эмэгтэйн талаарх мэдээлэл огт байхгүй байгаа. Тэгэхээр эмэгтэй гэмт этгээдийн хамтрагч гэхээс илүүтэй мөнгөө алдсан компанийн захирал байх магадлал нь илүү юм.

Хэрэв тийм бол анхнаасаа яагаад Худалдаа хөгжлийн банкнаас хэсэг бүлэг этгээдүүд хуурамч бичиг баримтаар их хэмжээний мөнгө аваад гарсан гэж мэдээлэх болов… Хятад компанийн захирал эмэгтэй өөрөө банкинд хандан мөнгө авсан бол банк биш компани бусдад залилуулсан байлтай. Банк эл хэрэгт ямар хамаатай байх билээ?!

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан гэж хэвлэлүүд мэдээлдэг. Эл мөнгө банкуудаар дамжсан ч банкны нэр дурьдагддаггүй.

Нэр хүндэд нь халтай мэдээлэл цацагдвал харилцагчийн эрх ашгаас илүүтэй хохирлыг өөрсдөө амсч, олон зуугаар тоологдох харилцагчаа алдах тул банк ум хумгүй залруулга мэдээлэл хийх байлтай.

Гэтэл Худалдаа хөгжлийн банк өнөөдрийг хүртэл ганц ган хийгээгүй байгаа.

Энэ бичвэрт банкны асуудлыг түр хойш тавьж мөнгөө алдсан компанид анхаарлаа хандуулъя. Банк биш компани хохирсон байхад яагаад мөн чив чимээгүй байна вэ…

Тус компани нь барилгын бус уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй мэдээллийг эх сурвалжаас өгч байгаа. Тэд Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн аль нэгтэй гэрээ хийхээр хөөцөлдөн, хүлээж байсан юм байх.

Аль нэгтэй нь гэрээ хийлгэж чадах эрх мэдэлтэнтэй уулзуулсан зуучлагч болон эрх мэдэлтэнд 2сая ам.долларын урамшуулал /ёндоо/ өгөхөөр амалсан гэх бөгөөд төлөвлөсөн уулзалтаа ч хийж чадсан гэгдэж байна. Уулзалтын зуучийг эрэн сурвалжлагдаж буй 4 этгээдийн нэг болох Б.Бямбадорж ахлан гүйцэтгэсэн төдийгүй итгэл төрүүлэхүйц эрх мэдэлтэнтэй уулзуулахаас гадна гэрээнд урьсан албаны хүний гарын үсэгтэй урилга ч үзүүлсэн байж болзошгүй гэнэ.

Улмаар Хятадын хөрөнгө оруулалттай компанийн итгэлийг бүрэн аваад эцэст нь ёндооны 2 сая ам.долларыг нь үүрээд алга болж орхиж. Мөнгөө өгсөн захирал эмэгтэй гэрээнд урьсан эрх мэдэлтнийг сураглахад өнөөх нь “Юун ёндооны мөнгө. Би аваагүй. Надад хамаагүй. Гэрээ хэлцэл ч бүтэхгүй болсон” гэсэн юм байх….

Ингээд л мөнгөө залилуулсан компани цагдаад мэдэгдэж, гэмт этгээдүүдийг эрэн хайж эхэлсэн гэх барим тавим мэдээллийг албан бус эх сурвалжаас өглөө.

Байж болох л хувилбаруудын нэг.

Гэхдээ дээр хардсанчлан банкны нэр яагаад холбогдсоор байгаа вэ. Банк яагаад харилцагчдынхаа санааг амраасан залруулга мэдээг өгөхгүй байна?!

Их хэмжээний мөнгөө алдсан компани хүртэл бухимдаж, орилолдохгүй байгаа нь сонин. Үнэхээр но-той, ноцтой, асар өндөр мөнгөн дүнтэй гэрээ хийхээр зорьсон болоод нууцалж байна уу…

Тэрчлэн энэ хувилбар үнэн бол ёндооны мөнгөө гаргаж өгөхөд хүргэсэн эрх мэдэлтэн мөнөөх 2 сая ам.доллараас огт хүртээгүйгээр алдсан нь үнэн үү?

Эсвэл мөн л бидний хардаж байгаачлан 2 сая ам.доллараас 50, 50 мянган ам.долларыг гэмт этгээдүүдэд өгөөд “ял наймаалцав” уу…

Аль ч таамаг, хувилбараар байсан энэхүү хэрэг эрэн сурвалжлагдаж буй гурван этгээдэд тохоод орхих жирийн нэг ЗАЛИЛАН биш юм.

Орчуулах »