2 сая ам.доллар гаргасан TDB иргэний үнэмлэхийг хэрхэн уншуулсан юм бол

Энэ сарын 25-ны өдөр /2021.05.25/ Худалдаа хөгжлийн банкны Шангрила салбараас гурван этгээд бүлэглэн, их хэмжээний буюу 2 сая ам.доллар залилсан гэх онц ноцтой гэмт хэрэг гарч, хэвлэлүүд түүнийг нь мэдээлсэн болоод өнгөрч байх шиг байна.

Гэтэл энэ ингэсгээд хаях мэдээлэл мөн үү.

Хэвлэл мэдээлэлд зориуд өгсөн мэт ижил үг, утга бүхий мэдээллүүд, түүнээсээ давсан сэжиг төрүүлэм ЭРЭН СУРВАЛЖИЛЖ буй цагдаагийн мэдээлэл гээд бүгд анхаарал татам…

Бүр хэн нэгнийг зориуд сэжиглэм…

Эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол Эрдэнэт үйлдвэрээс Монголын нэгэн эмэгтэй захиралтай барилгын компанитай гэрээ хийсэн байгаа юм. Улмаар гэрээний төлбөр тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу орж ирж. Харин ороод ирүүт нь гэмт этгээдүүд компанийн захирал, нярав нягтлангуудын буюу 1, 2-р гарын үсэгтнүүдийн дүрд тоглоод бэлнээр нь үүрээд гараад явчихсан юм байх.

Эл хэргийг Цагдаагийн байгууллагаас дээрэм бус залилангийн хэрэг хэмээгээд залилагчдыг эрэн хайж эхэлсэн.

Дээрэм бус залилангийн хэрэг болохоор компанийн эмэгтэй захирлын дүр бүтээн банк руу орсон эмэгтэй эрэн сурвалжлагдаж буй 3 залуугийн хамтрагч, хамсаатан, хамгийн гол хэрэгтэн болж таарна.

Тэгвэл яагаад ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ буй этгээдүүдийн дунд эмэгтэйн зураг, мэдээлэл байхгүй байгаа вэ.

Эмэгтэй үйлдэл дээрээ баригдсан юм болов уу… Тэгвэл мөнгө, хоёрдугаар гарын үсэгтэйгээ яагаад “баригдаагүй” гараад явчихав?!

Монголд 50 орчим насны эмэгтэй захиралтай, дээр нь Эрдэнэт үйлдвэртэй 2 сая болоод түүнээс дээш саяар тоологдох ам.долларын гэрээ хийж чадах барилгын компани хэд бий билээ.

Нэг нам дангаар эрх барьж, засаглаж буй үед ийм боломжийг эдэлж чадах компанийг хайхад тэгтэл түвэгтэй биш. Компанийг хайж, сурагласнаар асуулт эрсэн, хардлага дагуулж таамаглал дэвшүүлсэн нийтлэлээ эхэлж буйн учир нь ийм их хэмжээний мөнгөө банкны ажилтнуудын анзааргагүй, хяналт сулын алдаанаас болж алдчихаад тус компани яагаад уйлан дуугарахгүй, сандарч мэгдэхгүй байна вэ…

Яг үнэндээ мөнгө, гэмт этгээдүүдийн аль аль нь олдоогүй хэвээр байгаа биз дээ. Олдсон гэж хэвлэлүүд мэдээлээд байгаа. Олдсон юм бол яагаад Цагдаагийн газраас ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ буй этгээдүүдийн зураг дээр ОЛДСОН гэх улаан дардсаа дараад, мэдээллээ татахгүй байгаа юм… ?!

Эмэгтэй захирлын дүрд тоглосон эмэгтэйг эрэн сурвалжлаагүйн шалтгаан нь нэг бол гэмт хэргийн газраас холдож амжилгүй баригдсан, эсвэл компанийн захирал эмэгтэй өөрөө мөнгийг авсан. Харин мөнгийг өөрөө хүлээж авсны дараа алдсан бол энэ нь залилан биш дээрэм баймаар. Эсвэл эмэгтэй захирал өөрөө оролцож, хамтарсан гэмт хэрэг үү?!

Бидэнд олдсон мэдээллээр эмэгтэй захирал биш, түүний дүрд орж өөр эмэгтэй мөнгийг авсан гэж байгаа.

Хэрэв тийм бол асуудал бүр ноцтой юм. Гэмт хэрэгт банкныхан оролцсон уу гэх хардлага!!!

Нэгдүгээрт, ямарваа банкны салбараас их хэмжээний бэлэн мөнгө гаргадаг бил үү. Тэр дундаа 2 сая ам.доллар шүү дээ. Худалдаа хөгжлийн банкны Шангрила салбар нь вип үйлчлүүлэгчдэдээ зориулагдсан гэдэг ч энэ хэмжээний мөнгийг төв банкнаасаа л өгсөн байлтай.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрээс барилгын компанийн данс руу гэрээний мөнгө орж ирснийг банк, компани хоёр л мэдэж байгаа. Их хэмжээний мөнгийг бэлнээр авахын тулд компаниас банк руу урьдчилан мэдэгдэх учиртай. Ингэхдээ компанийн захирлаас банк руу утастаад л хэлчих асуудал бас биш. Утастсан байлаа гэхэд банкинд бүртгэлтэй дугаараасаа ярьсан байх ёстой. Улмаар банкийг бэлэн мөнгө гаргуулахад бэлтгүүлэх, хэзээ очиж авахаа тохиролцох хэрэгтэй. Тэгэхээр эл хэрэгт ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ буй гурван залуу дээр компани болоод банкны ажилтнууд оролцоотой гэж шууд хардахаар байгаа юм.

Худалдаа хөгжлийн банк гадны хөрөнгө оруулагчтай, эзэмшигч нь монголчууд биш гэдэг. Тэр утгаараа бусад банкнаас илүү гадна дотнын давхар давхар хяналттай байдаг гэх. Банк ч өөрсдийгөө ISO стандарттай, аюулгүй байдалдаа чухам айхтар анхаардаг хэмээн рекламддаг.  

Гэтэл яагаад гэмт хэрэгтнүүдэд ийм их хэмжээний мөнгийг тэврүүлээд гаргачихав!!!

Компанийн гэрээ, гэрчилгээ, дүрэм, тамгыг хуурамчаар үйлдсэн байлаа гэхэд Иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэх боломжтой юу. Асар өндөр нууцлалтай гэдэг Иргэний үнэмлэхийг чинь гурав дөрөвхөн гэмт этгээд дууриагаад хийчихлээ гэж үү?!

Эсвэл банк Иргэний үнэмлэхийг уншуулаагүй юу… Уншуулаагүй бол ЯАГААД?!

Камерийн систем, мөнгө авч буй иргэний мэдээллийг гаргах биометр мэдээллийн системүүд чинь яагаад ажилласангүй вэ. Гудамжинд төөрөөд алга болчихсон хүүхэд, хөгшдийг хамгийн сүүлд тэнд, энд явж байсан гээд хөөгөөд гаргаад ирдэг гудамж талбайн нөгөө айхтар камер, системүүд чинь хаачив!!!

Тэр байтугай сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд хэний ч бай дансаар дамжсан 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг Цагдаа, Тагнуулынхан давхар шалгадаггүй билүү…

Эрдэнэт, барилгын компани хоёр өндөр дүнтэй гэрээ хийснийг, тэр гэрээний мөнгө нь тухайн компанийн данс руу орж ирснийг, түүнийг хэрхэн зальдаж, банкны хяналт шалгалтыг яажшуухан давахыг бүгдийг мэдэж, хийж чадсан нөхөд Хил гааль байтугай хөдөө орон нутгийн постууд хаалттай шахам, хараа хяналт өндөр энэ үед 2 сая ам.доллар үүрээд гүйлдэхээр тэнэг гэж үү…

Гэмт этгээдүүд бүгд өмнө нь банк санхүүгийн байгууллагыг залилан мэхэлж, ял хүртэл эдэлж байсан нөхөд гэж байгаа. Нас дөнгөж 30 гарч байгаа тэд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял эдэлж байсан гэвэл арван найм, ес, ихдээ л 20 нас даваад, даваад банкуудыг “дээрэмдэж” байж…

За яахав, эл мэдээлэл нь үнэн байг. Нэгэнт ял сонсож, эдэлж байсан нөхөд дахиад 5, 5 жил аваа л биз… Тэгвэл цар тахлын хөл хорионы үед Монголын хил байтугай орон нутгийн пост давж чадахгүй баригдах тэдэнд хэн нэгэн 2 сая ам.доллараас нь 50, 50 мянган ам.доллар амалсан байж бас болох уу.

Эдэлвэл хэдхэн жил, эдэлж байх хугацаандаа дуулгавартай сайн хоригдсон гээд дахиад тал, талыг нь хасуулаад ганцхан жилийн дараа л гараад ирнэ. Ганц жилийнхээ талыг шалгагдаж, таслуулах гэж саатуулах байр хооронд зөөгдөж байгаад барчихна.

Тэгвэл яг энэ цаг үед хэнд мөнгө хэрэгтэй болсон байхав?!…

Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр, тийм их мөнгөө алдсан барилгын компани, хамар дороосоо 2 сая ам.доллар шуудайлалцаад өгөөд явуулчихсан банк уйлалдан орилолдохгүй, нам гүмхэн хүлээцтэй суугаа нь ямар учиртай вэ…

Ийм их мөнгийг нь хуурамч бичиг баримт, асар өндөр нууцлалтай байх ёстой Иргэний үнэмлэхний мөн бишийг ялгалгүй өгөөд явуулчихсан банкинд барилгын компанийн зүгээс яагаад УУРЛАХГҮЙ, ГОМДОХГҮЙ, ОЛООД ИР ЧИ гээд зүхэхгүй байгаа юм бол…

Бүгд нэг л сэжигтэй. Тээр жил ноолуурын ченжүүд нэгийгээ хөнөөж мөнгийг нь авчихаад, бидэн рүү зэвсэгт дээрэмчид халдлаа хэмээн улс орон даяар бужигнуулсныг олон түмнээрээ мартаагүй байх учиртай. Ам нүд, гар хөлгүй скочдуулан эзгүй хээрт, шинийн 2-ны хавирган сар ёлтойсгээд алга болчихдог түнэр харанхуйн дунд хаягдсан ченжийг шөнө дундын хэрд малаа хайж явсан малчин олж амийг нь авардаг. Азгүй ченжүүд хэргийг зохиохдоо хэрэг үйлдсэн шөнөө сартай байх, саргүй байх эсэхийг тооцоолоогүйдээ алдаж, баригдсан…

Яг үүнтэй адил, асар өндөр нууцлалтай гэгддэг Иргэний үнэмлэхийг банк хэрхэн уншуулж, гэмт этгээдүүдэд итгэсэн байх вэ гэдэг сонирхолтой.

Тэгээд сонгуулийн сурталчилгаат эл өдрүүдэд 20 саяас дээш дүнтэй гүйлгээ бүрийг хянах ёстой Цагдаа, Тагнуулынхан мэдээллээс хол хаачсан байх вэ… Цайндаа орох гээд, хуушуур бууз эргүүлж явсан гэх тайлбар лав бэлдээгүй байх?!

Тэгэхээр эл хэрэг гэмт этгээдүүд баривчлагдлаа гээд орхигдох байдаг л нэг ЗАЛИЛАН биш санагдана.

Орчуулах »