Амьнаас үнэтэй ХУРД гэж үгүй

0
86

Зуны дэлгэр цаг болж иргэд амралт зугаалгаар хөдөө гадаа явах нь ихссэн. Энэ хэрээр орон нутгийн замд гарах авто ослын тоо ч нэмэгдээд байна.  Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-аас 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бол үүний 91 нь орон нутгийн замд гарчээ. Нийт ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна.  Нас барсан хүмүүсийн дийлэнх нь буюу 13 нь зөвхөн орон нутгийн замд гарсан ослын улмаас амь эрсэджээ. Өнөөдөр өглөө гэхэд Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд 08:00 цагийн үед ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоны улмаас осолджээ. Машинд хоёр том хүн гурван хүүхэд явж байсан бөгөөд хоёр хүүхэд нь газар дээрээ амьсгал хураасан байна. Бусад хүмүүс хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаа аж. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Тухайн ослыг харсан гэрчийн хэлснээр “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” хэмээн хэллээ. Монголчууд бид сайн явж ирэв үү? хэмээн мэндэлдэг болохоос “Хурдан явж ирэв үү? гэдэггүй. Иймд иргэд хурдаа тааруулан замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах шаардлагатай хэмээн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!