“Сахал” Д.Эрдэнэбилэгээр хулгайлсан мөнгийг төлүүлсэн ч, хулгайчийг сул тавьжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлснээ албаны цахим хуудсаараа мэдээлжээ.

Мэдээлэлд “Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.

Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө” гэжээ.

Нэхэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400.270.000 долларын эх үүсвэрийг дараахь байдлаар босгосон байдаг.

  • Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК
  • Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
  • Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
  • Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК
  • Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн дарга нь сахал хочит Д.Эрдэнэбилэг.

Улмаар “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девелопмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар, 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар тус тус шилжсэн байдаг.

Ийнхүү Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс Д.Эрдэнэбилэгийг “Кью Эс Си” компаниараа дамжуулан хулгай хийснийг тогтоон, хулгайлсан 123.5 тэрбум төгрөгийг бүрэн төлүүллээ.

Харин хулгайч нь яагаад хариуцлага хүлээхгүй, сул чөлөөтэй явааг эрх баригчдаас, тэр дундаа Баялгийн эзэн болно хэмээгээд гарч давхисан У.Хүрэлсүхээс асуух хэрэгтэй болох нь.

Орчуулах »