“Замын-Үүд” чөлөөт бүсийн чөдрийг тайлна

2021-05-22
2 мин уншина

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд”эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газар дээр нь ажиллалаа. 2004 онд Засгийн газрын шийдвэр нь гарснаас хойш олон жил яригдаж байгаа “чөдөртэй” хэмээгдэх болсон Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд төрөөс анхаарч ажиллах цаг нь болсныг тэрбээр онцлоод, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь нээхэд бодлогын болон хууль эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь нийт 900 га нутаг дэвсгэртэй. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, 2015 онд хүлээлгэн өгөх байсан.

Харин өдгөө Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж улсын комисст өгөөд байна. Өдгөө Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн “чөдөр”-ийг тайлж, үйл ажиллагааг эхлүүлэх дэд бүтцийн суурь нөхцөл бүрдэнэ.

Төслийн нийт зардал нь 35.76 сая ам.доллар ба Төслийн хүрээнд чөлөөт бүсийн 300 га талбайн дэд бүтцийг бүрэн шийдэж, хил, гаалийн барилгыг барьж, хурууны хээ, нүүр царайгаар таньдаг дэвшилт технологи, тоног төхөөрөмжийг суурилуулан нэвтрүүлэх юм. Шадар сайд “Гадаад, дотоодын зээл, санхүүжилтээр Замын-Үүд чөлөөт бүсэд маш их хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ бүхний цаана цаг хугацаа болоод эдийн засгийн боломж, алдагдал, үр өгөөжийн тоолуур гүйсээр байгаа. Иймд дахиж цаг алдалгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бүх талын боломжийг эрэлхийлж бас ашиглах болно. Мөн чөлөөт бүсийн менежентийг хэрэгжүүлэх шийдлийг олж, үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээсэн.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу өдгөө 59 хөрөнгө оруулагчдад 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаа бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар 7 га, үйлдвэрлэлийн зориулалтаар 47.45 га, худалдаа үйлчилгээний чиглэлээр 20.05 га, агуулах ложистикийн 25.5 га, шатахуун түгээх станцын зориулалтаар 1.4 га талбайг олгожээ. Эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн нь өнөөг хүртэл ажил саатах гол шалтгаан болсон тул Чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Замын-Үүд болон Эрээний хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээр хийх ёстой. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны долдугаар сарын 2-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төсөл 2020 оны наймдугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Төсөл таван жил үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар олон улсын бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд холбогдох зорилготой.

Орчуулах »