Бээжин Тайванийн салан тусгаарлах үзлийг дэмжигчдийн хар жагсаалт гаргахаар бэлдэж байна

2020-11-17
1 min read

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятадын эрх баригчид “тусгаар тогтносон Тайвань” санааг дэмжигчдийн хар жагсаалтыг гаргахаар төлөвлөж байна. “South China Morning Post” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичсэнээр, Тайбэй, Вашингтон хоорондын харилцаа холбоо улам гүнзгийрч байгаатай холбогдуулан ийм алхам хийх гэж байгаа аж.  

“Жагсаалтыг АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа нийтэлж магадгүй” гэж Бээжинд байрладаг засгийн газрын судалгааны төвд Тайванийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн хэлснийг тус сонин иш татсан байна. Жагсаалтад Тайванийн тусгаар тогтнолыг нээлттэй дэмжиж, энэ үзэл санааг сурталчилсан, салан тусгаарлагчдыг санхүүжүүлдэг хэн боловч багтана гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, хоригийн жагсаалтад цөөн тооны хүмүүсийг оруулах аж. “Бизнесийн үйл ажиллагаа, Тайванийн хоолойгоор хувийн аялал хийхэд саад болохгүйн тулд салан тусгаарлагчдын цөөн хэдэн удирдагчийг л онилно” гэж шинжээч тэмдэглэсэн байна. Жагсаалтад Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн, түүний багийн гишүүд, Вашингтонд ойртохыг санаархаж буй Тайванийн Ардчилсан прогрессив намын депутатууд багтах магадлалтай гэж тэрбээр нэмж хэлжээ.

Хятадын Тайванийн академийн судлаач асан Лин Куанжунгийн үзэж байгаагаар, Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоо сүлбээтэй хүмүүсийг эх газрын Хятад руу нэвтрэхийг хориглож магадгүй байна.

Тайвань, АНУ-ын хоёр талын эдийн засгийн яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд хийх анхны уулзалт 11 дүгээр сарын 20-нд болно. Ийм механизм эхлүүлж байгааг наймдугаар сарын 31-нд мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »