МОНГОЛД АНХНЫ ОГТЛОЛЦОЛГҮЙ, ДАВХАР ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

0
48

Замын түгжрэлийг 50-60 хувь бууруулах Яармагийн шинэ  гүүрийг өчигдөр ашиглалтад орууллаа.

Туул гол дээр барьсан дөрвөн эгнээ, 250 метрийн урттай шинэ гүүрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын хөрөнгөөр босгож, “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэн Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажиллажээ. Гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээж байгаа ч ирэх 11 дүгээр сард бүрэн хүлээлгэн өгөх юм байна.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодруулав.

-Шинэ гүүр чанарын хувьд стандарт хэр хангав? 
-Олон улсын стандартаар барьсан, 50-60 жилийн баталгаатай, түүнээс ч дээш жилийн насжилттай, өдөрт 35-45 мянган автомашин зорчиход хангалттай, одоогийн хөдөлгөөний ачааллыг 3 дахин их нэвтрүүлж, замын түгжрэлийг 50-60 хувь бууруулах юм. Гүүрний чанар, стандартын тухайд хуучин гүүрнүүд нэг машиныг 44 тонны даацтайгаар нэвтрүүлж байсан бол шинэ гүүр нэг машиныг 100 тонны даацаар нэвтрүүлэхээр тооцож барьсан юм. Шинэ гүүрний онцлог нь  зам огтлолцохгүй, давхар огтлолцолтой, тойрог болон уулзвар байхгүй, гэрлэн дохиогүй, нэг ёсондоо хөдөлгөөнд ямар нэг саад болох юм байхгүй, байнгын хөдөлгөөнтэй байх гүүр юм. Дараагийн ийм гүүрэнд Замын цагдаагийн тэнд барьж буй гүүр орно.

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалтай холбох гүүр гэж ойлгож болох уу?
-Яармагийн гүүр бол Хөшигийн хөндийн замтай ямар ч холбоогүй, тусдаа, нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй ажил юм. Нийслэлийн бүтээн байгуулалтанд Яармаг, Баянзүрх, Сонсголон, Замын цагдаагийн гүүрнүүд орж байгаа. Хөшигийн хөндийн зам бол ЗТХЯ-ны хариуцаж буй бүтээн байгуулалтын ажил Буянт-Ухаа хүрч байгаа гүүр юм.
-Баянзүрх болон Сонсголонгийн гүүрийг хэзээ засч шинэчлэх вэ? 
-Дээрх 2 гүүрний ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн, графикийн дагуу төлөвлөгөөт хугацаандаа явж байна. Сонсголонгийн гүүрний ажлыг үндэсний бүтээн байгуулагч компани “Ган гүүр” ХХК бүрэн хариуцан гүйцэтгэж байгаа. Дээрх хоёр гүүр ирэх оны аравдугаар сард ашиглалтад орно. Гүүрний ажил өвлийн улиралд зогсдог. Гэхдээ өмнө нь 2-3 жил барьдаг байсан ажлыг одоо жилийн дотор 9 сард багтаан барьдаг болсон. Жишээ нь, энэ Яармагийн гүүр юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!