Сонголтгүй сонгууль & лидергүй цаг үе

Ирэх даваа гарагаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны хугацаа 15 хоног.

У.Хүрэлсүхийн хүрэх цэг

Дайны үеийн баатрын дүртэй. Гэхдээ тулаан эхэлмэгц нуувчинд ордог зуршилтай. Ялагдвал сураг алдарч, ялбал анхаарлын төвд байдаг түвэгтэй фигур.

У.Хүрэлсүхийн арын дэмжлэг нь Сү. Уг нь У.Хүрэлсүх биш бол С.Батболд гэх хоёр дахь хувилбар өнгөрсөн хугацаанд нам дотор хүчтэй өрнөсөн. Үнэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг С.Батболдын фракц тонгорч, нам дотор дахин хувьсгал өрнөх байсныг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индэр дээрээс хэлээд авсан байгаа.  С.Баярын Засгийн газрын үеэс энэ хоёр эрхмийн нэрийг хоршуулан өрсөлдүүлж, хэн нь вэ гэх асуулт улс төрийн хүрээнд хариулт “нэхэх” болоод удсан. Үргэлж өрсөлдөж, сөргөөцөлдөн ирсэн нөхөд.

Оффшор гэх хар дардас нь С.Батболдод ил гарч, олигтойхон улстөр хийх боломжийг нь хаагаад байгаа. С.Батболдтой холбоотой олон хэрэг ил болдог ч нотлогдон шүүхээр таслагдсан нь үгүй.

Харин У.Хүрэлсүхэд ялагдах эрх байхгүй. Тэр ялагдвал намын дарга ч үгүй, Ерөнхий сайдын суудал ч үгүй үлдэнэ. Эрх мэдэлд туйлж, мөнхийн хүч атгасан мэт явсан түүнд намынхны нь хариу хүч нэлээд хүндхэн ирэх нь тодорхой. Эл айдас бол бодит.

Харамсалтай нь түүний сурталчилгаа дэндүү хуучинсаг, яг хэнд юу зориулж хэлэх гээд байгаа нь тодорхойгүй явсаар ирсэн бөгөөд тэр бүр нь олон түмний элэг доог, элдэвлэж шоглох өгөөш болж байна. Эгэл амьдралынхаа талаар ХӨРӨГ нэвтрүүлэг хүртэл хийлгэж… Түүний хөргийг өрсөлдөгчид, нэмээд өөрийг нь тойрсон аялдан дагагчдаас өөр хэн үзэх билээ дээ. Сонгогч олон, нийт масс огт өөр болсон шүү дээ. Тэдэнд эгэл жирийн У.Хүрэлсүхийн хөрөг нэвтрүүлэг, элдэв өнгийн зангирсан булчин ердөө ч хамаагүй юм.

С.Эрдэнийн шок хийгээд боломж

С.Эрдэнэ эрх баригчдын захиалгаар эргэн ирэхдээ энэ хүртэл явчихна гэж төсөөлөөгүй байх. Ямартаа “Надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй” хэмээн урвайж зогсохов. Тиймдээ ч намынхан нь өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр тус тусдаа сурталчилгаа тарааж, салж тоглолгүй хамтдаа явъя гээд гуйж үзэж байна. Ялах шаансгүй түүнд хэн ч мөнгө хандивлаа билээ, аргагүйдсэн л гуйлт. Гэлээ гээд ухрах зам байхгүй.

Уг нь захиалагчдын хүсэлтийг давуулан биелүүлж, АН доторх Х.Баттулгын багийг самран нам ч үгүй, нэр ч үгүй болгоод авсан. Өдгөө АН байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж, дээд шатандаа алалцсаар байна. Энэ л түүний хийх ёстой ажил байв. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, түүнээсээ өөрөө ч шоконд орчихсон явна.

Уг нь тэр боломжийг өөрт ашигтайгаар эргүүлж МАН-д “барьцаалагдсан” эрх чөлөөгөө,  6 жилийн эрх мэдэлтэй хамтад нь атгачихаж бас болох л шат. Мөрөөдөл л дөө. Гэхдээ мөрөөдлийг Намбарын Энхбаярын телевиз биелүүлж өгөөд л байдаг шүү.

Ардчиллынхан дотроо талцаж, цагаан сонгууль өгөхийг уриалж байгаа энэ үед хэцүү нь хэцүү ч хүний болчихсон “эрх чөлөө”-гөө олж авах сүүлчийн боломж гэдгийг бодож л яваа байх. Тиймдээ ч өнөөдөр МАН-ын эсрэг мэдээлэл цацаад авсан биз. Михайлд бодол бий гэдэг дээ.

Санал хуваагч буюу МАН-ын захиалга

Босоо хүний борвин дээгүүр, суугаа хүний суган доогуур шургалж яваа Д.Энхбат. Улс төрийн намтар, түүх багатай. Одоохондоо олны нүдэнд эерэг фигур.

МАН, АН гэж талцсан улс төрийн тэмцэл дундуур эхнэрээ дагуулаад загвар өмсөгчийн алхаагаар гунхаад гараад ирсэн сүйхээтэй эр. Гэхдээ захиалагч спонсор нь эрх баригч нам. “Зөв электрот эвсэл”-ээс УИХ-д сонгогдсон Д.Доржхандын хатгаасаар нэр дэвшиж байгаа тэрбээр АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах зорилготой. Цаашлаад АН арчигдаж буй энэ цагт ХҮН намыг улстөрийн хоёрдогч том хүчин болгож, нэг шат дээшлүүлэхээс хэтрэхгүй даалгавартай.

Чуулганы танхимд “МАН-ыг манай нам” гэж тодотгон хашгирдаг Д.Доржханд гишүүний захиалга л даа. Д.Энхбат гээч хувь хүний хувьд намтар түүх нь аривжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан гоё дурсамж байхад л болно гэж байгаа.

У.Хүрэлсүх бас С.Эрдэнэ биш л бол гэх сонголт түүнийх. Тэрнээс бус гарцаагүй хүссэн нэр дэвшигч, лидер тэр биш.

Сурталчилгаа нь хүртэл улиг болсон хуучны хэв маягаар явж буй нь шинэ үеийн, нийт массын хүсэн хүлээсэн кандидат биш гэдгийг харуулж байгаа юм.

Орчуулах »