Cover Mongolia” компанийн ерөнхий захирал, зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлтэй хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн төлөв байдлын талаар ярилцлаа.

Манай улсын эдийн засгийг энэ онд Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг олон байгууллагаас 2-3 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн төсөөлж байгаа. Харин Засгийн газраас эдийн засгийн өсөлт тэгтэй тэнцүү байх болов уу хэмээн төсөөлсөн. Тэгвэл он гарснаас хойш эдийн засаг 4.2 хувийн өсөлт үзүүлээд байна. Өөрөөр хэлбэл, анхны хүлээлтийг давлаа. Нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

Эдийн засгийн уналтын мөчлөг дуусч байна. Бага зэрэг өсөөд явах нь тодорхой болсон. Өмнө нь ОУВС-тай хэлэлцээр хийж байх үед төсөөллөө бодит гаргах ёстой. Түүхий эдийн үнэ сайн байвал гэдэг төсөөллөөр явж болохгүй. Бид өмнө нь төсвөө батлахдаа түүхий эдийнхээ үнийг өндөр тавьдаг байсан алдаа бий. Харин одоо ОУВС-тай хамтраад ирэхээр эдийн засгийн бодит өсөлтийг тооцоолж байж олон улсын байгууллагуудаас зээл тусламж авах асуудлыг шийднэ. Тийм учраас бараг өсөлт гарахгүй гэсэн төсөөллөөр гаргасан нь буруу зүйл биш. Хасах руу орсон ч ОУВС бидэнд туслахад бэлэн.

Эхний улирлын ДНБ 2.3 хувиар өссөн. Энэ бол шууд түүхий эдийн үнэтэй холбоотой өсөлт юм. Өнгөрсөн жил нүүрсний экспорт маш их нэмэгдсэн. Гол нь эдийн засаг цаашид өснө гээд санаа амарчихаж болохгүй. Зэсийн үнийг бага зэрэг таамаглаж болох юм. Харин нүүрсний үнэ, зах зээлийг таамаглахад хэцүү байна. Саяхан Австралид үер болсон. Гэхдээ 2011-2012 оны үертэй харьцуулахад бэлтгэл сайтай байсан нь харагдаж байна. Богино хугацаанд сэргээчихэж байна. Мөн урд хөрш Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон нь таамаглах аргагүй шийдвэр байлаа. Өөрөөр хэлбэл, энэ мэтээр нүүрсний үнэ, зах зээлийг яг таг таамаглахад хүнд байна.

Хятад байгаль орчинд хортой, хуучин технологитой уурхайнуудаа хаах бодлого барьж байгаа. Энэ нь манай нүүрсний эрэлт, үнийг өсгөх давуу талтай. Гэхдээ урд хөрш уурхайнуудаа хэт олноор нь хааснаар эргээд дотоодын зах зээл дээр нь нүүрсний үнэ өсөх магадлалтай. Энэ нь Хятадын эдийн засагт нөлөөлнө. Гангийн болон химийн үйлдвэрүүдийн гол түүхий эд болох нүүрсний үнэ хэт өссөнөөр орлого ашиг зэрэг олон зүйлд нь муу нөлөөтэй. Тийм учраас уурхайнуудаа бага зэрэг хориглоод, эсвэл уг бодлогоо зөөлрүүлэх зэргээр аль тохиромжтой боломжийг хайгаад байна. Магадгүй Хятадын эдийн засгийн өсөлт нь төлөвлөснөөс буураад ирвэл уурхайнуудаа хаах бодлогоо эргэж харснаар манай нүүрсний экспортод нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тийм учраас цаг сайхан болно, нүүрсний үнэ тогтвортой өссөөр байна гэж бодож болохгүй. Аль болох төсөөллөө багаар гаргах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд маань ч үүнд тааруулж компанийнхаа бодлогоо гаргах учиртай.

Манай улсад хөрөнгө оруулалт сэргэх боломж ямар байна вэ. ОУВС-тай хөтөлбөр тохирсны дараа Сангийн сайд хөрөнгө оруулагчдын хандлага ихээхэн эерэг болсныг онцолж байсан?

Засгийн газрын зүгээс өөдрөг ярих ёстой байж магадгүй. Гэхдээ би түрүүн хэлсэнчлэн хэтэрхий өөдрөг байж болохгүй. Бизнес эрхлэгчид аливаа улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байсан тохиолдолд хөрөнгөө оруулдаг. Зах зээлийн төлөв байдал сайжирч хөрөнгө оруулагчид одоо ороод ирнэ гэж явж байгаад хэдхэн жилийн дараа нэг хууль өөрчлөхөд буцаад унах эрсдэл бий. 2012 онд баталсан хууль байгаа шүү дээ. Нэг хуулиас болж сүүлийн таван жил эдийн засгийн өсөлт буурсан он жилүүд өнгөрсөн.

2019 онд найм орчим хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн юм билээ. Эдийн засаг буцаад сэргэсний дараа ямар байдал үүсдэг гэвэл “Цаг сайхан болчихлоо, одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах шаардлагатай” гэж улс төрийнхөн иргэдийнхээ буруу ойлголтыг дагаад түүндээ ороогдчихдог тал бий.

Ойрын 1-2 жилд эдийн засаг өсөөд тогтворжино. Тэр утгаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зүг хараад эхэлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн гэж хэлэхэд хэцүү. Монголбанкнаас гаргадаг төлбөрийн тэнцлийн мэдээн дээр энэ оны эхний дөрвөн сарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 38 хувь буурсан байсан. Тэгэхээр гадны хөрөнгө олруулалт орж ирээгүй байна гэсэн үг. Яахав, Монголыг хардаг, анзаардаг болсон байна. Валютын сангийн хөтөлбөрт ороод хэр тогтвортой бодлого явуулах бол гэж харж байгаа байх. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг бас харж байгаа. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож хардаг болсон уу гэвэл тийм. Манай харилцагч нар ч Монголын талаар сонирхох нь нэмэгдсэн. Гэхдээ энэ бол бодит хөрөнгө оруулалт болно гэсэн үг биш. Бодлогоо тогтвортой байлгах ёстой.

Харж байхад бид эргэж буцаад байгаа зүйл байна. Жишээ нь приус машинд татвар тавчихаад шийдвэрээсээ буцаж хоёр сараар хойшлуулъя гэж байна. Мэдээж приус машин олон хүний амьдралтай холбоотойг ойлгож байна. Гэхдээ энэ мэтээр сэтгэлийн хөөрлөөр, иргэдийн шаардлагаар шийдвэрээсээ буцаад байвал тогтвортой байдал бий болохгүй. Магадгүй дахиад нэг шийдвэрийг нь эсэргүүцэх юм бол цуцлаад байх уу. Гадны хөрөнгө оруулагчид өөр олон зүйл шаардаагүй шүү дээ. Гар барьсан бол ярьсандаа бай л гэдэг.

Та уул уурхай, тэр дундаа нүүрсний үнэ, зах зээлийг таамаглахад хүнд байгааг хэлсэн. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн цикл гэж байдаг. Тэр цикл ирсэн гэдэг байдлаар зарим судлаач тайлбарлаж байна. Ерөнхий циклээр нь харвал төлөв ямар байгаа вэ?  

Манай экспортын гол хоёр бүтээгдэхүүн бол зэс, нүүрс. Үүний араас төмрийн хүдэр, нефть зэрэг эрдэс баялаг орно. Бид зэсийн хувьд харьцангуй таамаглах боломжтой байна. Яагаад гэвэл 2019-2020 оны үед хуучин уурхайнууд ашиглалтаас гарах юм билээ. Тэр нийлүүлэлт буурч эхлэнэ. Энэ үүднээс ч “Рио тинто” илтгэлүүд дээрээ 2020 он гэхэд зэсийн нийлүүлэлт бага болоод ирнэ. Тэр үед зэсийн үнэ өснө гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Гэхдээ огцом өсөхгүй. Одоо байгаагаас 20-30 хувь өснө гэж байгаа. Үүн дээр түүхий эдийн шинжээчид санал нийлж байна. Энэ бол Монголд сайхан мэдээ байж болох юм. Яагаад гэвэл 2020 онд Оюутолгойн далд уурхай дэлхийн зах зээлд нийлүүлэлт хийж эхлэнэ. Үүнээс цааш тус орд дор хаяж 50-60 жил ажиллах боломжтой. Эхний 10 жилдээ зэсийн үнэ өндөр байх үе таарах тул манайд таатай байх.

Нүүрсний хувьд таамаглахад хэцүү байна. Яагаад гэвэл манай ганцхан улсад зардаг. Хятадын эдийн засаг шилжилтийн үедээ явж байна. Хүн ам, дотоодын борлуулалтад тулгуурласан эдийн засагтай улс болох гэж хичээж байна. Мөн Хятад өртөг өндөртэй улс болоод байна. Дэлхийн томоохон бүх компани Хятадад үйлдвэрээ барьсан байдаг. Тэгвэл Хятадын өрхийн дундаж орлого нэмэгдээд ирэхээр өртөг өндөртэй орон болж байна. Дэлхийн хувцас, электрон бараа үйлдвэрлэдэг компаниуд Хятадаас үйлдвэрүүдээ бага багаар татаж эхэллээ. Илүү хямдхан орон руу шилжүүлж байна.

Бид нэг зүйл дээр алддаг. Уг нь Хятад тав, таван жилээр төлөвлөөд явдаг улс. Тиймээс Хятадын эдийн засгийн болон улс төрийн бодлогыг байнга судалж байх ёстой. Засгийн газар, УИХ-ын түвшинд мэдэж байх учиртай. Хятад таван жилийн дараа ийм улс болох гээд байна, түүнд нь бодлогоо тааруулж сурах хэрэгтэй. Хараахан бид ийм байдлаар урд хөршөө ойлгож чадахгүй байгаа нь бидний нэг алдаа. Тухайлбал, Хятад нүүрсний жижиг уурхайнуудаа хаана гэдгийг урьдчилаад мэдсэн бол түүнд бэлдэх боломж гарч ирэх байсан.

Нүүрсний зах зээл харьцангуй таатай байна. Австралид үер болсон, Хятад Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон. Мөн нүүрсний жижиг уурхайнуудаа хааж байгаа зэргээр бидэнд орон зай гарч ирээд байна. Гэхдээ уг орон зайг зөв ашиглаж чадахгүй бол Индонез, Энэтхэг зэрэг олон орон дор нь дүүргэчих боломжтой. Тиймээс бид орон зай хүлээхээс илүү зөв бодлогоор өөрсдийн орон зайгаа эзлэх асуудал чухал байна. Яг өнөөгийн нөхцөлд нүүрсний салбарт ийм бодлого хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна?

Тийм зүйл ерөөсөө харагдахгүй байгаа. Нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ унасан үед Австрали улс нүүрсээ экспортлоод л байсан. Монгол Улс тийм байж чадаагүй. Угаасан жаахан нүүрсээ л зарж байсан байх. Нүүрсний үнэ “хог дээр үсэрсэн” ч гэсэн тэрийгээ ашигтай зарж чадах тийм л орчинг бий болгох ёстой. Үүний тулд олборлолт, тээврийн зардал болон хил гааль зэрэг бусад зардлаа бага болгох хэрэгтэй. Үүн дээр хамгийн их алдаж байгаа зүйл бол тээврийн зардал шүү дээ. Бид олон жил ярьж байгаа. Одоо бараг залхаж байна. Төмөр замаа хурдан барих ёстой. Тээврийн өндөр зардлаа шийдчихвэл дэлхийд өрсөлдөхөд нэг том шат ахина гэсэн үг. Ингээд санаа амарч болохгүй. Өрсөлдөх чадвараа бусад хэлбэрээр сайжруулах ёстой. Ингэвэл эдийн засгийн хүнд үед ч эдийн засаг маань тогтвортой байх нөхцөл харагдаад байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!