ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЖИЛ БҮР ХҮҮХДИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТООР ЭХЛҮҮЛНЭ

Монгол ардын уламжлалт биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, авъяаслаг хүүхэд багачуудыг дэмжих зорилгоор энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “Монгол хүүхдүүд” төрийн хүндэтгэлийн тоглолтоор эхлүүлэх болов. Энэ талаар өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тус цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож буй юм. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний хүүхдийн урлагийн их наадмын нэгдсэн тоглолт”-ыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт  албан ёсоор багтаажээ. Тоглолт энэ сарын 09-нд 15.00 цагаас МҮЭСТО-нд болно хэмээн “Найрамдал” цогцолборын дэд захирал Б.Отгонбат хэллээ. Мөн Үндэсний их баяр наадмыг жил бүр хүүхдийн тоглолтоор эхлүүлэх уламжлал тогтох зорилго тавин ажиллаж буйгаа дурьдсан юм.

Тоглолтын Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, бүжиг дэглээч  С.Сүхбаатар ажиллаж байна. Хүндэтгэлийн тоглолтод олон улсын Хүүхдийн урлагийн наадамд түрүүлсэн хүүхэд багачууд, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Тэмүүжин өрлөг сургууль зэрэг нийслэл, орон нутгаас нийт 500 гаруй хүүхэд оролцоно.

Уг тоглолтыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  150 сая төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулах юм. Уг хөрөнгийг хүүхдүүдийн тоглолтын хувцсыг шинэчлэх, орон нутгаас ирэх тээврийн зардлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулах аж.

Дашрамд дурдахад, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 18, 19-нд болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!