Ч.Хүрэлбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй

0
44

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Манай улс дөрөв дэх тайлангаа ОУВС-д өгсөн. Энэ тайланг ОУВС-гийн хурлаар хэлэлцсэн үү?

ОУВС-ийн мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллаад буцсан. Захирлуудын зөвлөл нь Монголын цагаар энэ сарын 27-нд хуралдаж шийдвэрээ гаргасан. Ингэхдээ ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон хөтөлбөрийн үр дүнд гарч буй үзүүлэлт, үр дүн ямар байгааг хэлэлцсэн. Эдийн засгийн үзүүлэлт сайжирч, гарч буй үр дүн сайн байгаа гэж дүгнэсэн. Учир нь эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарч, төсвийн сахилга бат сайжирсан.

Мөн өр нэлээд хэмжээгээр дарагдсан. Энэ сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан “Дим Сам”-ын төлбөрийг өнөөдөр төлж байна. Доллароор своп хийсэн учраас доллараа юань болгоод төлбөрийг нь хийгээд дуусч байна. Ингээд үзэхээр энэ сард 750 тэрбум төгрөгийн өрийг төлөөд дуусч байна. Засгийн газар арилжааны нөхцлөөр зээл авахгүйгээр санхүүгийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгох замаар өрөө бууруулаад явж байна. Мөн валютын нөөц нэмэгдээд гурав гаруй тэрбум доллар болсон. ОУВС-ийн хурлаар үүнийг мөн дэмжиж ярьсан. Хэдийгээр ийм эерэг үр дүн гарсан ч эмзэг хэвээр байгаа. Эдийн засагт гарч буй үзүүлэлт нь сайн байгаа ч цаашид тогтвортой хамгаалж явахгүй бол эмзэг байгаа талаар ярилцсан байна билээ.

Монголын талд ямар нэгэн анхааруулга өгсөн үү?

Одоо явуулж буй бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэхийг сануулсан. Шинэчлэлийн ажлаа зогсоохгүйгээр явуулах ёстой гэсэн. Нэн ялангуяа төсвийн сахилга батыг сахиж, эдийн засгийнхаа зөв бодлогуудыг цаашид үргэлжлүүлэхийг сануулсан. Эдийн засагт цочмог арга хэмжээ авч шок үүсгэсэн гэнэтийн үйл ажиллагааг хийхгүй байх ёстой гэсэн.

Эмч, багш нарын цалинг нэмэх хүүхдийн мөнгийг өсгөх гэх мэт тодорхой асуудлуудаар цаашид ямар арга хэмжээ авахаар ОУВС-тай ярилцсан бэ?

Цалин нэмэх асуудлаар бид ОУВС-тай ярилцаж тохирсон. Долдугаар сарын сүүлээр ОУВС-ийнхан ирнэ. Тэгэхэд бид цалинг нэмэх асуудлыг илүү дэлгэрэнгүй, нарийвчилж ярих учиртай. Би уг асуудлаар нэг зүйлийг онцгойлон яримаар байна. Тухайлбал, Монголын эдийн засгийн нөхцөл байдал эмзэг байгаа. Хэдийгээр бид хүндрэлээс гарсан ч цалин нэмэх асуудал нь Монголын 3.1 сая хүнтэй шууд холбоотой.

Бидэнд алдах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайжирч, бизнес нь идэвхжиж байгаа нь харагдаж байна. Ажлын байр нэмэгдэж байгаа учраас бидэнд эдийн засгийн бодлогын алдаа хийх эрх байхгүй. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцан ойлголцоод явж байгаа. Энэ бүх асуудлыг бодлогынхоо хүрээнд шийдэх учиртай. Энэ асуудлыг би үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ярьсан. Ийм ч зүйлийг бид ОУВС-ийнханд ярьж ойлгуулсан.

Наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Баярын үеэр шатахууны үнэ нэмэгдэж иргэдэд дарамт учрах нөхцөл байдал үүсвэл Засгийн газраас шатахуун импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх үү. Ер нь шатахууны үнийг тогтвортой барихад Засгийн газраас ямар бодлого барих вэ? 

Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь бид бүх татвараа тэглэсэн. Урьд цагийнх шиг мөнгө хэвлээд шатахуун импортлогчдод өгч болохгүй шүү дээ. Тийм ажлыг хийхгүй. Эдийн засгийн буруу бодлого явуулсаны горыг монголчууд бүгдээрээ үүрдэг. Өнөөдрийн 750 тэрбум төгрөгийн өр төлж буйг онцолж хэлмээр байна. Аж, ахуй нэгжүүдийг оролцуулахгүйгээр бүх монголчуудын жилд төлдөг хувь хүний орлогын албан татварын 680 тэрбум төгрөгийг ганцхан сард өр төлөхөд зарцуулж байна. Энэ бол буруу бодлого явуулсны гор. Ийм буруу бодлого явуулбал монголчууд бүгд үүрч байгаагийн жишээ энэ юм. Энэ бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш ээ. Өчигдөр хотын төвөөр явахад шатахууны үнэ хэвэндээ байна лээ.

Онцгой албан татварыг нь тэглэснээр Засгийн газраас хэдэн төгрөг гаргаж  байгаа вэ?

Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!