“60 тэрбум”-ын сонсгол Засгийн газрыг ганхууллаа

0
175

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нээлттэй сонсгол явуулах саналыг 19 гишүүн дэмжсэнээр бүдүүн бүлгийнхэн цочролд орох шахав. Улмаар чуулганы үдээс хойших хуралдаанаар  хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бүх асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авч, бүлгийн ээлжит бус хуралдааныг зарласан.

Бүлгийн хуралдаан дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд 60 тэрбум хийгээд Л.Оюун-Эрдэнэ гишүүний нээлттэй сонсгол явуулах саналыг хэлэлцсэн байна.

АТГ-аас 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор УИХ-ын сонгуулиас хойш ажилд орсон хүн бүрийг дуудаж, нэг бүрчлэн байцаасан билээ. Ингэхдээ УИХ-ын зарим гишүүнийг ч байцаасан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Хуулийн байгууллагад байцаагдсандаа уурлаж, нээлттэй сонсгол явуулахаар болсон гэх яриа ч зарим гишүүний амнаас цухалзсан юм.

Юутай ч хаврын чуулган завсарлахаас урьтаж нээлттэй сонсгол явуулж, нийгэмд байгаа эргэлзээг тайлах учиртай хэмээн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд энэ долоон хоногийн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын даргад сануулсан юм.

Гэвч асуудлыг авч хэлэлцээгүй учраас 17 гишүүн дээр нэмэгдэж, гарын үсэг зурсан гэх тайлбар ч бий.

УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумтай холбоотой материалуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн гэхээс өөрөөр тайлбар хийдэггүй. АТГ-аас хэргийг хэрхэн хаасан талаараа хэдэнтээ мэдэгдчихсэн.

Гэвч УИХ-ын гишүүд хийгээд олон нийт өнөөдрийг хүртэл 60 тэрбумаар УИХ-ын дарга болоод МАН-ыг боргоодог.

Ямартай ч хаалттай хаалганы цаана бүдүүн бүлгийнхэн эв нэгдэлгүй байгаа тухай гишүүд нь хэлж, Д.Гантулгыг хамгаалж чадаагүй бүлгийн даргыг ч тоншоод авсан гэнэ.

Сүүлийн үед байнгын хорооны хуралдаан дээр нэгнийгээ хэмлэж, өмнөх хийгээд өнөөгийн сайд нар муудалцах болсон. Чиний, миний үед гэх тэдний маргалдаан эцэстээ нэгнийгээ огцруулах тухай яриагаар ч өрнөх болсон билээ. Энэ удаагийн бүлгийн хурлаар ч иймэрхүү үг нэгэн рүү шидэлцсэн аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!