Захиалагчийг нотолж чадаагүй гэдэг нь Э.Бат-Үүл ч хэлмэгдсэн гэсэн утга биш үү!!!

-ГЭТЭЛ БААТАР ЮУНД УУРЛАВ-

Тэрбээр яаран, сандран мэдээлэл биш мэдэгдэл хийлээ. Ийм мэдэгдлийг тэр хэд хэд хийж байв. Гэхдээ энэ удаад Ц.Нямдоржийг С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн холбогдогч, захиалагч хэмээн хардаж байгаагаа улс орон даяар зарлаад, араас нь хараалын үг хайр найргүй чулуудлаа.

Саалийн ганц үнээтэй өвгөн шиг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн ганц сэдэв нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг мөн. Тэрбээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэг үүрсэн гэдэгт бат итгэж явдаг нэгэн.

Тиймдээ ч эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг буруутган, эцэст нь холбогдох нөхдөд шүүхээс ял оноосноор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлыг дахин шүүхийн байгууллагаар авч хэлэлцэх боломжийг эрх зүйн хувьд нээлгээд байгаа.

Энэ байр сууриа шинэ Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр “2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Би баян тарган, эрх мэдэлтэй хүний араас хөөцөлдөөгүй. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс хүмүүс хэлмэгдсэнийг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагаас зарлахыг шаардсан.

2017.11 сард ажил авсан өдрийнхөө орой цагдаа нарыг цуглуулж энэ хоёр хүнийг яллаж байгаа бол захиалагчийг зарла гэсэн. Гэвч хэн ч зарлаагүй.

2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. 2016.09.02-нд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. “Нотлогдож байгаа тул” гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа 2016.09.21-нд нотлогдоогүй тул гээд хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадалгүй сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэж хүнийг мөн 8 сар хорьсон.

Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан байдаг. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Үнэхээр захиалагч юм бол яагаад байцаалт авахгүй байгаа юм. Иймээс энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байна. Ямар ч эргэлзээ байхгүй” хэмээн бататган хэлсэн.

Гэтэл Э.Бат-Үүл огло үсрэв. 

Ц.Нямдоржийн үгийг хичнээн нягталж, ухсан ч улсын баатар Э.Бат-Үүлийг хэргийн захиалагч гэж зарлаагүй төдийгүй харин ч эсрэгээрээ захиалагч гэгдэн хэлмэгдээд яваад байгааг хэлсэн байх юм.

Товчхондоо “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүл захиалагч гэгдээд удлаа. Үнэхээр захиалагч мөн нь нотлогдсон юм бол зарла. Зарлаж чадахгүй байгаа бол захиалагч гэдгийг нотолж чадаагүй гэсэн үг. Нотолж чадаагүй нь энэ хэрэгт хүмүүс хэлмэгдсэн гэдгийг л харуулж байгаа” гэх ойлголт явж байна…  

Гэтэл юун гуя гэдэг шиг баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, хараал зүхэл тавин Ц.Нямдоржийг захиалагч хэмээн чичлэх нь ойлгомжгүй явдал боллоо.

Түүний хувьд “Ц.Нямдоржийн хэлдэг үнэн. Хэрэв би энэ хэргийн захиалагч юм бол хэдийнэ баривчлагдаад явах байсан. Та бүхний өмнө ингээд мэдэгдэл хийгээд зогсож байхгүй. Сонгууль бүрийн өмнө надтай энэ хэргийг холбодог. Монгол Улс хуультай бас шүүхтэй биз дээ” гээд тайвнаар хэлчихэд л хангалттай байв.

Тэр байтугай энэ олон жилийн хугацаанд хүн амины онц ноцтой хэрэгт гүтгэсээр ирсэн Ц.Амгаланбаатарыг шүүхэд өгч байна гэчихсэн бол сүртэй, даацтай байх байсан юм биш үү. Ер нь ч яагаад эрхэм баатар ийм олон жил Ц.Амгаланбаатарт хүн гүтгэсэн хэргээр гомдол гаргаж байгаагүй юм бол… Ийм ууртай, омогтой хүний хамгийн түрүүнд хийх, хийлгэх ёстой ажил байлтай.

Монголын цагдаа, хууль шүүхийн байгууллага нь захиалагчийг нотолж чадаагүй гэж хэлсэн нь хүн цочим мэдэгдэл гэж үү.

Орчуулах »