Хэрэв хог хаягдал ярьдаг байсан бол ямар түүх өгүүлэх вэ?

0
39

Хог хаягдлын түүх нь зөвхөн эрүүл мэнд, орчны ахуй, яаж өөрчлөгдөж ирснийг харуулж буй төдийгүй тухайн хотын хөгжил, нийгмийн бүтэц, тэр ч байтугай олон улсын харилцаа хэрхэн өөрчлөгдөж байсныг гэрчлэх юм. Хог хэрхэн бий болохоос эхлээд түүнийг боловсруулж байгаа үйл явц Танд их зүйлийг өгүүлэх болно.

Хог хаягдлын тухай мэдээ анх МЭӨ 400 онд Афинд бүртгэгдсэн байна. Тэр үед  бүх хог хаягдлыг тусгай сагсаар цуглуулдаг байсан бөгөөд хотын гадна талд тусгай хогийн цэгт асгадаг  байв. Эртний Ромд ч хог хаягдлыг хотын хилээс гадуур хаядаг байсан ажээ. Ромын баруун урд хэсэгт Монте-Тестаччо хэмээх хиймэл толгод байдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том эртний хогийн цэгүүдийн нэг юм. Монте-Тестаччо нь бараг 50 метр өндөр ба 25 сая шаазангийн хэлтэрхийнээс бүрдэнэ.

Европт Дундад зууны үед хог хаягдал нь олон нийтийн дунд халдварт өвчин үүсгэх шалтгаан болж байв. XV зуунд Европын олон хотуудад тахал гарснаас хойш гудамжийг угаах болжээ. Өмнө нь шавар шавхай, баас шээс, хүнсний хаягдлаар дүүрсэн гудамжийг туулан өнгөрөх ёстой байлаа. Гэсэн хэдий ч бохир усны анхны систем нь зөвхөн аж үйлдвэржиж эхэлсэн үеэс гарч ирсэн юм.

20-р зууны үед технологи, үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотойгоор хогны найрлага чанарын хувьд өөрчлөгдсөн аж. Одоо үед картон, пластик, химийн бодис, эмнэлгийн хог хаягдал нь хүнсний хог хаягдалд нэмэгдэх болсон байна. Гэсэн хэдий ч урт хугацааны туршид хог хаядлыг булшлах арга хэвээр үлдсэн байна: хогийг булж, далайд хаях юм уу, эсвэл шатаадаг юм.

Хог хаягдал нь экологийн хурц асуудал болжээ

Өнөөгийн ертөнцөд асар их хог хаягдал нь хамгийн том асуудал болж байна. Гэр ахуйн хог хаягдал нь ихэвчлэн хотын гаднах хогон овоолгод  хүргэдэг. Хогон овоолго байгуулахын тулд анх суурин газраас алслагдсан газрыг сонгодог байна. Гэсэн ч хог хаягдлын хэмжээ маш хурдан нэмэгдэж, удалгүй хамгийн ойрын суурин газарт хүрдэг. Хог хаягдлын цэг нь хүрээлэн буй орчны экологийн доройтолд хүргэж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр ч байтугай нас баралтад хүргэдэг байна.

Жил ирэх тутам хогон овоолгын хэмжээ нэмэгдэж байна

Олон жилийн туршид хүн төрөлхтөн хог хаягдлыг дахин боловсруулах асуудлыг шийдэхийг оролдож байна. Хог хаягдлыг овоолохын тулд хотоос нэлээд зайтай талбайг сонгож авсан байдаг бөгөөд хогийн цэгийг байрлуулах газрыг судлах нь ховор. Гэвч хог задрахдаа хөрс, ус, агаарыг бохирдуулдаг.

Дэлхийн дундаж хотын хогийн цэгт нэг жилийн турш хэдэн зуун мянган тонн ахуйн хог хаягдал хуримтладаг. Томоохон хотууд хүрээлэн буй орчныг хурдан бохирдуулдаг бөгөөд хогийн хэмжээ нь сүйрлийн хурдаар нэмэгддэг. Хогийн овоолго нь  үржил шимтэй газрыг залгиж, орон нутгийн ургамал,  амьтны аймгийг үхэлд хүргэж, ойролцоох суурингууд руу тэлж, хүмүүсийг хордуулдаг байна.

Хүний амьдралд хогны овоолгын аюул

Хог хаягдлыг зохион байгуулалттай болон зохион байгуулалттай бус хогийн цэг рүү зөөх,  түүнчлэн аяндаа үүссэн хог хаягдлын цэг нь халдварт өвчин үүсгэх аюултай юм. Хогийн овоолго нь хүрээлэн буй орчны бохирдлын ноцтой эх үүсвэр бөгөөд хог хаягдлын овоолгын гүнд задрах процесс явагддаг байна. Энэ процессын үр дүнд  хорт хий ялгаруулдаг бөгөөд хорт бодисын нэг нь метан юм. Хөрсний гүнд бохирдол үүсэх бөгөөд хэрвээ хогийн цэгэн доор газрын доорхи ус байвал тэр нь хордсон байна. Ийм учраас ойр орчмын ус, цөөрөм нь  хүмүүст хортой, аюултай байдаг. Хогийн цэгийг цэвэрлэсний дараа ч хөрс нь хэдэн зуун жилийн турш ашиглахад тохиромжгүй байдаг ажээ.

Үүссэн хий шатах нь хогийн цэгүүдэд байнга тохиолддог үзэгдэл юм. Хортой утаа нь агаар мандалд тархаж, хэдэн километрийн радиус дотор бүх амьтадыг хордуулдаг. Олон эрдэмтдийн үзэж байгаагаар метан нь хүлэмжийн хийн үр дагаврын буруутны нэг юм.

Хогийн овоолгын талбай маш хурдацтай өсдөг. Халдварт өвчний аюултай бүс нь хүний суурьшилд улам бүр ойртсоор л байна. Хордсон агаараар амьсгалах нь хүнийг хордлогод хүргэнэ. Хог хаягдалд ойрхон амьдардаг суурин газрын оршин суугчид нь ойр ойрхон эрүүл мэнд мууддаг бөгөөд зарим нэг хорт уур нь хорт хавдар үүсгэдэг байна.

Аяндаа үүссэн хогийн овоолго нь бүр илүү аюултай байдаг, учир нь тэд ихэнхдээ орон сууцны ойролцоо байрлаж байдгаараа онцлогтой.  Бүх зүйл жижигхэн зугаалганаас эхэлдэг бөгөөд дараа нь хог хаягдлыг цэвэрлэхээ мартдаг байна. Хэдэн сарын дараа хог хаягдлын овоолго болж хувирдаг ажээ.

Хогийн овоолгоноос салах нь

Хогийн цэгийг экологи, аюулгүй байдлын шаардлаганд нийцүүлэх тулд нөхөн сэргээх тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал юм. Хатуу хог хаягдлыг ялгаж, дахин боловсруулалт хийх нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг. Өдөр тутмын амьдралд олонх хүмүүс органик болон органик бус хог хаягдлыг ялгаж, дахин боловсруулалтад бэлддэг байна.

Өнөөдөр бүс нутгаас хамааран хог хаягдлыг янз бүрийн аргаар шийдэж байна. Зарим оронд оршин суугчид лаазнаас цаасыг хичээнгүйлэн салгадаг байна. Зарим орнууд, жишээлэхэд Швейцарь, хөршөөсөө хог импортлож, хог боловсруулах үйлдвэрт шатаадаг. Гуравдах орны хүмүүс хогийн цэг дээр ажиллаж, Европ, Америкаас авчирсан, заримдаа хүмүүнлэгийн тусламж нэртэй хогийг ангилж, савладаг байна!

Мөнгөө хэмнэхийн тулд хогоо жижиглэж чигждэг – Швейцарь

Швейцарьт хүн бүр хогийн савны хэмжээнд тохируулан тодорхой хэмжээний татвар төлдөг. Хог хаягдлаас мөнгө хэмнэхийн тулд олон бизнес эрхлэгчид чигжих машин авдаг бөгөөд  хаягдлыг шоо болгон шахаж, улмаар нэмэгдэл саванд төлөх мөнгийг хийдэг байна. Мөн оршин суугчид ч,  аж ахуйн нэгж, байгууллагууд ч  хог хаягдлаа жижигхээн болтол чигжиж, хувиарлаж сурсан тул орчин үеийн хог шатаах зуухнууд хангалттай түүхий эдгүй болжээ. Олон шатаах зуух нь хог шатааж, цахилгаан эрчим хүч гарган авдаг юм. Хөрөнгө оруулалтаа нөхөх, шатаах зуух барьсан зардлаа зөвтгөхийн тулд Швейцарийн зарим мужууд Италиас хог хаягдлыг импортлож байна.

Хогоо нарийн ангилдаг – Япон

Япон улсад хог хаягдлын дүрмийг хотын захиргаанаас тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл муж нь ямар хог хаягдлын үйлдвэртэй байна вэ гэдгээр тодорхойлогддог. Оршин суугч бүр хог хаягдлыг хуванцар, шил, лааз, картон, цаас гэж ялган хуваана. Дахиад хог хаягдлыг шатамхай болон шатамхай бус гэж хуваана. Хэрэв та хуванцар хайрцагтай котлетыг худалдан авч, идлээ гэж бодъё. Хайрцагийг угаасан байвал “хуванцар” гэсэн уутанд хийнэ, угаагүй бол “шатамхай” гэсэн уутанд хийнэ гэх жишээтэй. Япончууд томоохон цахилгаан хэрэгсэлээ хаяхыг хүссэн тохиолдолд тусгай маркийг худалдан авч наах хэрэгтэй болно. Марк дээр тавих үнэ нь тоног төхөөрөмжөөсөө хамаарна. Жишээлбэл, хөргөгч нь $ 50-аас $ 100-аар зарагддаг. Тиймээс япон хүн томоохон хэмжээний эдлэлийг гаргаж хаядаггүй, харин танил хүмүүсдээ өгдөг байна.

Хог хаягдлаа цуглуулагчдад даатгадаг – Хятад

Бээжин хотод хуванцар хог хаягдлаас авахуулаад лаазалсан хог хаягдал хүртэлх бүх л төрлийн хог хаягдлыг хүлээн авах цэгүүд рүү аваачиж өгөх шаардлагагүй бөгөөд гудамжинд өглөөний цай ууж суухдаа хог цуглуулагчдад зардаг байна. Хог цуглуулагч нь  хог хаягдлыг цуглуулагч тосгон гэгддэг,  нийслэлийн захын хороололд байдаг Донг Сяо Коу тосгонд аваачна.

Шинээр баригдсан хорооллоос холгүй орших энэ жижигхэн тосгонд цаас, картон, хуучин дугуй, сав суулга, гэр ахуйн хаягдлын толгод овоорон байна. Ихэнхдээ алслагдсан, ядуу мужуудаас ирсэн тосгоны оршин суугчид бүхэл өдрийн турш хог ухан өнжинө. Зарим оршин суугчид нь хогийн цэг дээрээс олдсон модон самбар, төмөр тулгуураар барьсан амбаарт амьдрана.

Хогон дээрх ажлын байр – Гана

Гана улсын нийслэл Аккрагийн ойролцоо манай гаригийн хамгийн том электроникийн хогийн цэг -Агбошблоши хогийн овоолго байдаг юм. Атлантын далайн эрэг дээрх энэ хогийн цэгт компьютер, телевиз, монитор, хуучин соронзон хальсны магнитофон, оёдлын машин, телефон утас гэх мэтийн зүйлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс авчирч нуруулдан хаядаг байна.

Хог хаягдал зарим хүмүүсийн баяжих замыг нээдэг бөгөөд орон бүрээс энд ажиллахаар хүмүүс ирдэг ажээ. Ажилчид техникийг хэсэгчлэн хувааж, зарим хэсгүүдийг шатааж, хөнгөн цагаан, зэсийн эд ангиудыг цуглуулдаг. Өдөр дуусахад зэс, хөнгөн цагааныг хүлээн авах цэг дээр тушааж, мөнгөн шагнал авдаг. Өдөр тутмын дундаж орлого нь  2-3 ам.доллар байна. Агбошблоши-ийн ажилчдын дийлэнх нь хорт бодис, хор, цацраг туяанаас үүдэлтэй өвчин, хордлогын улмаас үхдэг аж.

Хогоор арал босгосон – Мальдив

Хог хаягдлаар эмжсэн Тилафушийн хиймэл арал  нь Мальдивын халуун орны диваажингаас тод ялгардаг. Жуулчдын хөдөлгөөнөөс үүссэн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Мальдивын засгийн газар энэ арлыг бий болгохоор шийдсэн юм.

1992 оноос хойш архипелагийн бүх арлуудаас хог хаягдлыг авч ирж байгаа бөгөөд өнөөдөр энэ тоо хэдэн зуун тонн хүрдэг байна. Тилафуши нь далайн түвшнээс зөвхөн 1 м өндөрт оршдог учраас химийн болон бусад хог хаягдал далайд орж, экосистемийг аажмаар устгах эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.

Үйлдвэрлэснийхээ хэрээр хаядаг – АНУ

Байгалийн баялаг хамгаалах Зөвлөлийн мэдээгээр АНУ-д үйлдвэрлэсэн хоол хүнсний 40 хувь нь хаягддаг ажээ. Үйлдвэрлэхээс авахуулаад хэрэглэх хүртэл бүх үе шатанд хаягддаг байна: ферм дээр, тээвэрлэх үед, супермаркет дотор, гал зууханд г.м. Зөвлөлийн мэдээлснээр АНУ-ын дундаж өрх  жилдээ 2,000 долларын хоол хүнсийг хаядаг байна. Үүнээс гадна АНУ-ын зарим мужид ган болж байхад өөр мужуудад эцэст нь хэрэглэхгүй тариа будааны талбайг усжуулах гэж  усны 25 хувийг үр дүнгүй зарцуулж байгаа юм. Түүнчлэн хог хаягдлын хогийн цэгээс өөр асуудал үүсдэг: хогийн цэг нь нүүрстөрөгчийн давхар ислээс илүү байгаль орчинд аюултай хий гаргадаг байна.

Хогоо шатаадаг эсвэл булдаг – Монгол

Улаанбаатар хотын нэг жилийн хог хаягдлын хэмжээ 1,1 сая тонн-д хүрдэг бөгөөд үүнийг 2012 оны тоо хэмжээтэй харьцуулахад даруй 83 хувиар өсчээ. 1,1 сая тн хогийг Улаанбаатар хотын төвлөрсөн гурав, алслагдсан гурван дүүрэг тус бүрийн гурван цэг буюу нийт зургаан цэг дээр төвлөрүүлэн дарж булан, эцсийн устгалын үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3,000 тонн хог гардгаас 100 тонн нь Цагаан даваагийн хогийн цэгт ирдэг бөгөөд үүнийг ландфилл буюу дарж булах технологиор устгадаг юм байна.

Энэ технологийг 2020 он хүртэл ашиглах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зорьж байгаа талаар Цагаан давааны хогийн цэгийг хариуцан ажилладаг албаныхан хэлж байсан юм. Мэдээж хог боловсруулах үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулахын тулд хог хаягдал үүсч байгаа эхнээс нь ангилан ялгаж, дамжуулах, дахин боловсруулах боломжтой, боломжгүй гэдгийг нарийн ангилж хэвших шаардлагатай. Энэ технологийг манай улсад хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай бөгөөд энэ талаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.  Улс орныхоо хөгжлийн чиг хандлагын олохгүй яваа улс хог хаягдлыг шийдвэрлэх гэж хичнээн хугацаа орох бол?!

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!