Д.Сумъяабазар: Тавантолгой төслийн дам нөлөөгөөр 43 мянга орчим хүний ажлын байр бий болно

0
101

Уу уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой төсөл хэрэгжсэнээр төсвийн орлого 400 саяас тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэдгийг мэдэгдлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

Тавантолгойг хөдөлгөх учиртайг хүн бүр хэлж байгаа ч яарч, сандран шийдэх зүйл биш гэдгийг гишүүд хэлж байна. Мөн Тавантолгойн ард улс төрийн томоохон бүлэглэлийн ашиг сонирхол бий тухай ч цухалзуулах боллоо. Энэ талаар салбарын сайдын хувьд ямар тайлбар хийх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр явах нь зүйтэй гэж энэ удаагийн сонголтыг хийсэн. Хамгийн эхэнд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдэд хувьцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн хяналтын багцыг төрийн мэдэлд хадгалах, дотоодын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих нь зайлшгүй төлөвлөгөөг бид хийхээр төлөвлөсөн. Компанийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд тодорхой санхүүжилт шаардлагатай. Бидний зүгээс шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хувилбар буюу зүүн төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх шаардлагууд гарч ирж байгаа.

Үүнтэй уялдуулаад бид Тавантолгой баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлэн болгосон. Ер нь Тавантолгойн нүүрсийг ямар үнэ цэнэ, хэмжээгээр борлуулж гаргах вэ гэдэг гол концепц нь баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ.

Мэдээж цаг хугацаа алдалгүй Тавантолгойг хөдөлгөх нь чухал. Гэвч тооцоо судалгаа хангалттай түвшинд хийгдсэн үү гэдгээс эхлээд олон асуулт хариулт нэхэж байна шүү дээ?

30 сая хүртэлх нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал. Байжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан баяжуулалтыг дотооддоо хийх ёстой гэдгийг мэргэжлийнхэн болон гишүүд шаардаж байгаа. Тиймээс баяжуулах, нүүрс угаах үйлдвэрийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж эргэлтийн хөрөнгө маш чухал.

Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүр хувьцаа эзэмшиж байгаа. Биржээр арилжаах боломжтой хувь хэмжээг 29 хувь гэж тооцсон байсан?

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Засгийн газрын 2017 оны 154-р тогтоолыг үндэслэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр түүний дансыг нээж бүртгэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 15,000,000,000 ширхэг хувьцаанаас 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар хувьцааны эзэмшлийн бүртгэлээр

-Төрийн мэдэлд – 12 780 711 099 ширхэг буюу 85.20 хувь

-486 аж ахуйн нэгжүүдэд – 7 065 038 ширхэг буюу 0.05 хувь

-2 511 332 Монгол улсын иргэдэд – 2 212 223 863 ширхэг буюу 14.75 хувь

“Эрдэнэс Тавантолгой” компани  нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргах юм байна. Олон улсын бирж дээр хангалттай мөнгө босгох хувь нь 30 хувь байдаг юм байна. Тиймээс Засгийн газраас 30 хувь байх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, Засгийн газраас төрд байх хувийг нь 78,9 хувь, иргэдэд 14,75 хувь, биржээр арилжаалах боломжтой хувилбар нь 29 хувь гэж тооцоолсон. IPO гаргахдаа гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлсэн саналыг үндэслэсэн.

Ер нь бид компанийн засаглалыг сайжруулах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үнэт цаасыг нийтэд санал болгох, арилжихад оролцогч мэргэжлийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулж, хэрэв УИХ-аас баталбал ирэх арванхоёрдугаар сард хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг УИХ-д танилцуулах үүрэг хүлээх байх гэж бодож байна. Мөн гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгөх ёстой.

Тавантолгой төслийн дам нөлөөгөөр 43 мянга орчим хүний ажлын байр бий болох талаар та танилцуулгандаа дурьдаж байсан?

Төр 50 хувиас  дээш хувиа эзэмшиж, шийдвэр, шийдлүүдээ гаргаад явах нь  зүйтэй гэдэг байдлаар IPO хийх ажлын төлөвлөгөө явж байгаа. Тавантолгой төсөл эргэлтэд орсноор эдийн засагт оруулах өгөөжийг Сангийн яам болон холбогдох албаныхан гаргасан. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд 400 саяас нэг тэрбум ам.долларын орлого оруулах, шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүмүүсийн ажлын байр, ажил амьдралтай холбоотой ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болох тооцоо судалгааг эхний ээлжинд гаргаад байгаа. Тавантолгой төсөл Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна.

Олон улсын зах зээлд гаргахын тулд эхлээд өөрсдийн хөрөнгийн биржээр гаргах шалгуур байдаг гэсэн. Тэгэхээр Хонгконгийн хөрөнгийн биржид гаргаж амжих уу?

 

Дотоодын хөрөнгийн биржээр гаргах асуудал саад болохгүй гэж бодож байна.

Тавантолгойн төслийг эрчимжүүлснээр дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих вэ?

Тавантолгойн төсөл хөдөлснөөр барилга, тээвэр, үйлдвэрлэлийн салбарт өсөлт гарна. Тухайлбал барилгын салбарт 180 хувийн өсөлт гарна  гэсэн тооцоо бий. Хөрөнгө санхүүгээ босгоод ирвэл төслүүд бэлэн байгаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!