А.Энхбаатар: Морь унасан хүүхдийн амь нас тавхан сая төгрөгийн үнэтэй

0
173

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийг Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Наймдугаар сараас хүүхдийн суудлыг 63,000 төгрөгөөр худалдаж авах боломж бүрдсэн талаар хэлж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирсон байдаг. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослын улмаас нас барж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой юм. Эцэг, эхчүүдийн дунд автомашины суудал яагаад хэрэглэдэггүй талаар судалгаа хийхэд 90 орчим хувь нь хэт үнэтэй гэх хариултыг өгсөн байна.

Автомашины хүүхдийн суудал нь хэт үнэтэйгээс болоод худалдан авч чаддаггүй гэх гомдол тасардаггүй. Тийм атал суудлын үнийн дүнг хэрхэн бууруулах гэж байгаа юм бэ?

Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг. Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48,000-63,000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулсан байдаг. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас импортлогчдод аюулгүй суудлыг ийм үнээр оруулж ирэх санал тавихад “Номин” компани саналыг хүлээн зөвшөөрсөн.

Ингээд наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг хямдруулан 63 мянган төгрөгөөр худалдан авах боломжоор хангаж байгаа юм. Мөн энэхүү автомашины хүүхдийн зориулалтын суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах нэг жилийн эрх олгоно.

Хүүхэд алга боллоо гэх мэдээлэл өдөр бүр гарах болж. Хүүхэдтэй хүн бүр айж, түгших боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас энэ талаар ямар  арга хэмжээ авч байна вэ. Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх нь Азидаа анхдагч гэл үү?

Тиймээ. Хүүхэд хамгааллын даатгалын бүтээгдэхүүнийг Азидаа анх удаа нэвтрүүлж байна. Сүүлийн үед эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоох болсон нэг асуудал бий. Тэр нь хүүхэд ор сураггүй алга болоод, олддоггүй, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд юм.

Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгохоор болсон. Эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7,000-9,000 хүүхдийг төрөөс хамруулах юм.

Даатгалд хамрагдсанаар гэнэтийн осол, хүчирхийлэл зэрэг эрсдэлд орсон үед нөхөн олговор л авна гэсэн үг биз дээ?

“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байгаа юм.

Наадам хаяанд ирж хурдан морины уралдаанч хүүхдүүдийн асуудал эхэллээ. Ямартай ч даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлнэ гэж байсан?

Уралдаанч хүүхдүүдтэй холбоотой нэг хүндрэлтэй асуудал бол морь унаж явж байхдаа гэмтэж, түүний эмчилгээний төлбөрийг хариуцах хүн олддоггүй. Цахим бүртгэлд одоогийн байдлаар 1500 гаруй хүүхэд морь унадаг хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дандаа хүний морь унаж байна. Энэ уралдаанд оролцож байгаа хүүхэд бүр даатгалтай байх ёстой гэсэн хуулийн заалт байна. 30 мянган төгрөгөөр даатгал хийлгэсэн хүүхэд хамгийн дээд тал нь 5 сая төгрөг авдаг.

Энэ нөхөн олговрыг ямар нөхцөлд авдаг юм бэ?

Морь унаж яваад унаад нас барсан тохиолдолд л энэ мөнгийг авч байна. Шуудхан хэлэхэд морь унасан хүүхдийн амь нас тавхан сая төгрөгийн үнэтэй. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Одоогийн байдлаар 11 компани энэ төрлийн даатгал хийдэг бөгөөд даатгалын хураамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ жилээс эхэлж даатгалын хувь хэмжээг 100 мянган төгрөг хүргэж, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг болгох ажлыг хийж байна. 100 мянган төгрөг төлж чадахгүй байгаа уяач хүүхэд унаж, гэмтсэн тохиолдолд 260 мянгаар шинжилгээ хийлгэж чадахгүй. Даатгалаа хийлгээд хэн нэгнээс хамаарахгүйгээр эмчилгээ үйлчилгээгээ хийлгэх боломжтой болно.

Үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр уяач болон унаач хүүхдийн мэдээллийг бүрэн авах боломжтой болж байгаа юм байна. Тэгж ойлгох нь зөв үү?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж анх удаа амжилттай туршсан.

Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж байгаа уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой юм.

Үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр 

  • Монгол Улс даяар уралдаанд оролцож байгаа бүх хүүхдийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилтыг тавьж,
  • Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжуудаар олгогдсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх
  • зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх буруутай этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна.

Энэ жил энэхүү цахим бүртгэлийг 21 аймагт Үндэсний их баяр наадмаар нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм. Гэвч өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд хүрэлцэхгүй байгаа юм.

Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөн биш гарч байна. Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байгаа.

Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтсон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!