Хөрөнгө оруулалтын хүсэлттэй “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА”

0
52

НҮБ-ын “Их түмэн санаачилга” зөвлөлдөх комиссын 18 дахь удаагийн хурал өн­гөрсөн 21-22-нд Улаанбаатарт боллоо.

Уг комисст манай улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ багтдаг. Энэ удаагийн хуралд дээрх улсуу­дын Сангийн, Худалдаа, эдийн засгийн яам, Экс­порт, импортын банкны удирдах албан ту­шаалт­нууд оролцсон юм. Ху­рал­­даа­­ны эх­ний өдөр Монгол Улсын Хөгж­лийн банк­­ны са­наачилгаар үндэсний хөрөнгө оруулал­­тын хө­төлбөр, төрөөс баримтлах бод­лого, хө­дөө аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хур­лын “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөл­бөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны са­наачилга” сэдэвт дээд хэмжээний хэ­лэл­цүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр “Гадаад ху­дал­дааны сүүлийн 10-аад жилийн статистик мэ­дээнээс харахад, манай улсын нийт бараа эр­гэл­тийн 70-90 орчим хувийг “Их түмэн са­наа­чилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай бу­юу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс экспортын 80 гаруй ху­вийг БНХАУ-тай, импортын 30 орчим ху­вийг ОХУ-тай хийжээ” гэсэн ста­тистик мэдэ­э­лэл та­нилцуулаад, “Засгийн га­зар томоохон төс­лүү­дээ хэрэгжүүлэх хө­төл­бөрийн хүрээнд Таван­толгойн ордыг эр­гэлтэд оруулахаар бэлт­гэ­лээ хангаж байна. “Та­вантолгой” төслийг ху­вийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулаг­чид­­тай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, цахилгаан станц барих, зам тавих ажлыг иж бүрэн цо­гцол­бор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах тухай хуулийг УИХ 2012 онд баталснаар хөрөнгө оруулагчид манай улсаас дөлөх болсон.

Тэгвэл энэ онд гадаадын хөрөн­гө оруулалт 54 хувиар нэмэгдсэн нь эргэн сэр­гэж байгааг нь илтгэсэн үзүүлэлт гэж Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгд­сэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат илт­гэлдээ дурдлаа. Засгийн газрын дэргэд Хө­рөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөв­лөл байгуулсан нь дэвшил болсон гэж тэр­бээр он­цолж байв. Хөрөнгө оруу­лагчийн гомдлыг хэлэлцэж, зохих ёсны дагуу шийд­вэрлэж өгөх зорилгооор уг зөвлөлийг байгуулжээ.

Мөн хэлтсийн дарга Л.Мөнбат Гурван тул­гуурт хөгжлийн бодлогын хүрээнд 16.1 тэрбум ам.долларын өртөг бүхий 115 тө­сөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуул­галаа. Засгийн газар эдгээрийн 59-ийг нь га­даа­дын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр зэ­хээд байгаа аж. Манай улсад гадаадын хө­рөнгө оруулагч 500 тэрбум төгрөгөөс дээш сан­хүүжилттэй төсөл хэрэгжүүлбэл тогтвортой байд­лын гэрээ байгуулах гэнэ. Бусад тохиол­долд тогтворжуулах гэрчилгээ олгох, чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал таван жил татвараас чөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрийн тоног тө­хөөрөмжийг гаалийн албан татвараас чө­лөө­лөх аж. Үүнээс гадна инновацын төсөл, бү­тээг­дэхүүнд санхүүгийн батлан даалт гаргах, үйлд­вэр, технологийн паркад хөнгөвчлөх го­ри­моор үйлчлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл, бо­ловс­рол, шинжлэх ухааны салбарт ажлын байр­ны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт татварын бус дэмж­лэг үзүүлэх гэнэ.

“Их түмэн санаачилга”-ын хэлэлцүүлэгт уул уурхайн салбарыг төлөөлж, “Эрдэнэс Мон­гол” компанийн дэд захирал О.Одбаяр танил­цуулга хийсэн. Тус компанийнхан 67.5 сая ам.дол­ларын санхүүжилт бүхий “Багануур” ком­панийн уурхайн өргөтгөл, шинэчлэл, мөн 18 сая “ногоон”-ы өртөгтэй “Шивээ-Овоо”-гийн уурхайн өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэ­рэг­жүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 320 сая ам.дол­лароор төмөрлөгийн үйлдвэр барих, 215 сая “ногоон”-оор Тавантолгой-Ханги чиглэл, 176 саяар Тавантолгой-Чойр чиглэлд авто зам тавих гэнэ.

Улмаар 6.9 тэрбум ам.доллароор Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүчний цог­цолбор, 123 сая “ногоон”-оор Тавантолгойн ор­дод нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тө­лөвлөсөн байна. Тэгвэл хөдөө аж ахуйн сал­­барт газар тариалангийн үйлдвэрлэлийг тог­вор­жуул­ах, мах, сүү боловсруулах, ноолуу­ран бү­тээг­дэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүү­лэх багц төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа ХХААХЯ-ныхан танилцууллаа. Ингээд “Их тү­мэн санаачилга” хөтөлбөрийн ээлжит хурлыг зо­хион байгуулсан Монгол Улсын хөгжлийн банк­ны удирдлагуудаас цөөн асуултад хариулт авлаа.

ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ

 ЭДИЙН ЗАСАГ РУУ ЧИГЛҮҮЛНЭ

Б.БАТБАЯР (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал):

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк ямар оролцоотой байх вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр янзын зорилготой манайд ирж байгаа. Нэгдүгээрт, манайхтай худалдаа хийх, хоёрдугаарт ашиг­тай төсөлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх зо­рил­готой байдаг. Манай улс эдийн засгаа хөг­жүүлэхийн тулд суурь дэд бүтцээ сайжруулах, ашигтай төслүүд хэрэгжүүлэхэд анхаардаг. Мөн суурь дэд бүтэц, ашигтай төслийн өгөө­жийг эдийн засагтаа эргэлдүүлэхэд анхаарч байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч­дыг ямар төсөлд оролцуулах нь нээлттэй, ойл­гомж­той байх ёстой. Хөгжлийн банк уламж­лалт аргаар санхүүжилт олгохоос гадна ашиг­­тай төсөлд хамтран болон дамжуулан зээл ол­гож байгаа. Гадаадын санхүүгийн бай­гуул­­ла­га хөнгөлөлттэй эх үүсвэрээр манайд то­­ног төхөөрөмж нийлүүлбэл бид түүнийг нь со­­нирх­сон аж ахуйн нэгжүүдэд лизингээр зээлж болно. Манай тоног төхөөрөмжийн ли­­зин­­гийн компани харьцангуй сүүлд бай­гуу­лагд­сан. Гэхдээ амжилттай ажиллаж байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлээд эхэлсэн. Цааш­даа түлш, эрчим хүч зэрэг бусад салбарт то­ног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагаагаа өр­гөжүүлэх боломжтой. Урт хугацаанд хөрөнгө оруулж, өгөөжөө хүртэхийг хүсэж байгаа бол манай хөрөнгө оруулалтын санд мөнгөө өгч, ногдол ашгаар өгөөж хүртэх боломжтой. Ийм үйлчилгээ хүрэх сувгийг нээхийн тулд хөрөн­гө оруулалтын сан маань бэлэн байх ёстой. Хө­рөнгө оруулалтын сан олон улсын стан­дарт, дү­рэм, журамд нийцсэн байх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч үр өгөөжөө хэрхэн, яаж хүртэх нь ойлгомжтой байх ёстой гэсэн үг. Хэрхэн өгөөж хүртэх нь ойлгомжтой байж л хөрөнгө оруулагч мөн­гөө хийнэ. Хөрөн­гө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр АНУ-ын турш­лагатай зөвлөхүүдийг ажиллуулж байна. Сан маань уул уурхай, аж үйлдвэрийн салбарт түл­хүү санхүүжилт хийнэ. Үүний зэрэгцээ эко­логийн цэвэр бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй гэх мэт тухайлсан салбарт хөрөнгө оруулалт хийх байх. Хөрөнгө оруулалтын ийм суваг, бо­лом­жуудыг Монгол Улс нээж өгснөөр га­даа­даас мөнгө татна. Манай банкны үүрэг бол худал­даа, хөрөнгө оруулалт, хамтын ажил­ла­гааг эдийн засаг руугаа чиглүүлэх бүх ме­ханиз­мыг бүрдүүлэх юм.

Гадаадын Экспорт, импортын банкууд танайхтай хамтарч ажиллах, дамжуулан санхүүжилт хийх сонирхолтой байна уу?

Мэдээж бий. Улс орнууд эдийн засгаа дэм­жихийн тулд Экспорт, импортын банк бай­гуулдаг. Цаашлаад тэр банк нь улсынхаа гадаад худалдааг дэмжиж ажилладаг. Манай улсын хувьд эхний ээлжинд дотоодод үйлдвэрлэж ча­даж байгаа зүйлдээ санхүүжилт хийх нь зүй ёс­ны хэрэг. Эхлээд дотоодын эдийн засгаа дэмж­дэг бусдын жишгээр явж байна гэсэн үг. Ма­най улсын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч гэсэн гол салбарт гадаадын хөрөнгө оруу­лалт, шинэ технологи хэрэгтэй. Манай эдийн засгийн гол салбаруудад аль улсын технологи илүү тохиромжтой байна, түүнийг нь тухайн орны Эксим банкнаас хөнгөлөлттэй нөхцө­лөөр дамжуулан зээлэх боломжийг манайх эрэл­хийлэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ма­най аль нэг аж ахуйн нэгж тухайн орны тех­нологиор төслөө хэрэгжүүлэх боломжтой гээд тодорхойлчихвол, бид тэр улсын Экспорт, импор­тын банкинд нээсэн шугмаа ашиглаад, төс­лийг дэмжих бололцоо ерөнхийдөө бүрд­сэн. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын Экспорт, им­пор­тын банкинд зээлийн шугам нээчихээд бай­на. Гуравдагч орнуудынхтай ч нээсэн то­хиол­дол бий. Манай хөнгөн үйлдвэрийн сал­барынхан Европын холбооны улсуудаас тоног төхөөрөмжийн зээл авах шугам нээлттэй.

Хөгжлийн банкнаас санхүүжилт хүссэн төсөл хэр олон байна вэ?

Бидэнд хандсан төсөл олон. Гэхдээ Хөгж­лийн банкны тухай хуулийн таван шаардлагыг хангасан төсөл цөөн байна. Хуулийн шаард­ла­гыг 100 хувь хангаж байж манайхаас санхүү­жилт авах учиртай. ТЭЗҮ байхгүй, эсвэл бай­­галь орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээ­гүй, барьцаа хөрөнгө, батлан даалтгүй төсөл санхүүжүүлбэл манай үйл ажиллагаа бишдэнэ. Хөгжлийн зээл олгох үүрэгтэй ч, Хөгжлийн банк нөгөөтэйгүүр ашгийн төлөө байгууллага. Манай шалгуур нэлээд өндөр. Мөн манайх хуу­лийн дагуу нийт зээлийнхээ 60-аас доошгүй хувийг экспортын төсөлд олгох учиртай. Үүнээс гадна импортыг орлох ажлын байр ши­нээр бий болгох төслийг санхүүжүүлдэг. Тэ­гэхээр шалгуур хангахаас гадна нэгдүгээрт экс­портын, хоёрдугаарт импортыг орлох төс­лийг санхүүжүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Ма­найх энэ онд экспортолдог бүтээгдэхүүний хэм­жээг өсгөх, түүний боловсруулалтыг нэмэх чиг­лэлд нэлээд санхүүжилт хийсэн. Тухайлбал, “Ноо­луур” хөтөлбөрийн хүрээнд ноолууран бү­тээг­дэхүүн үйлдвэрлэдэг компаниудад технологи, төхөөрөмжөө шинэчлэх, улмаар эргэлтийн хө­рөнгөө нэмэгдүүлэх зээл олголоо. Хөнгөн үйлд­вэрүүд түүхий эдээ дотооддоо бүрэн боловс­руулах тоног төхөөрөмжийн дутагдалтай бай­­гаа.

Тоног төхөөрөмжийнх нь хүчин чадлыг өс­гөж, нэмэгдсэн өртөг шингээхэд нь дэмжсэн гэ­сэн үг. Хүчин чадлаа нэмэгдүүлчихээр түү­хий эд авах шаардлага компаниудад үүснэ. Тэ­гэ­хээр нь түүхий эдээ тасралтгүй татаж авах эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Мөн уул уурхайн салбарт төмрийн хүдэр баяжуулах, ган боловсруулах, алт олборлох төслүүдийг сан­хүүжилтээр дэмжлээ. Алт бол Монгол Улсын экспортын нэг гол бүтээгдэхүүн төдийгүй валю­тын нөөцийн нэлээд хувийг бүрдүүлдэг ме­талл. Хөгжлийн банк өнгөрсөн жил шороон ор­доос алт олборлож буй компаниудыг сан­хүүжилтээр нэлээд дэмжсэн. Тэгвэл энэ жил үндсэн ордоос алт олборлож байгаа төслүү­дийг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа. Гэх­дээ санхүүжилт хийхдээ ямар арга меха­низм ашиглахаа тодорхойлох ёстой. Үндсэн ор­доос алт олборлохын тулд гадаадаас нэлээд то­ног төхөөрөмж импортлох шаардлагатай байдаг. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага зүй ёсоор та­вигдана. Байгаль орчны нарийвчилсан үнэл­гээ­гээр экологид сөрөг нөлөөгүй нь тодорхой болбол тухай төслийг дэмжих бололцоотой. Эдийн засгийн үр ашигтай байлаа гэхэд бай­галь орчинд сөрөг нөлөөтэй бол манайх сан­хүү­жүүлэхгүй. Цаашлаад 20-30 жилийн хугацаатай эх үүсвэр шаардвал манайд санхүүжүүлэх бо­ломж байхгүй. Тэгэхээр манай бололцоо, төс­лийн хугацаа хоёр нийцэж байх хэрэгтэй юм. Тархиндаа буулгасан санааг нэг хуудас цаасанд багтааж бичихийг төсөл гэхгүй. Банкны сан­хүүжилт авах хэмжээний судалгаа, тооцоо, үндэс­лэлтэй байх хэрэгтэй. Бид шалгуурынхаа та­лаар байнга мэдээлэл өгдөг. Ер нь ТЭЗҮ, бай­галь орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг мэр­гэжлийн байгууллагуудыг ч чадавхжуулах хэ­рэгтэй нь анзаарагдсан. Ингэвэл манай шал­гуурыг хангах төсөл олон болно.

Төслүүдийн дийлэнх нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа гэж сонссон.

Барьцаа баталгааны шаардлага хангахгүй байх тохиолдол бий. Манайх барьцаа батал­гааны 90 хүртэл хувьд зээл олгодог. Хэдийгээр эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ч барьцаа хөрөнгө, батлан даалт нь хүрэлцэхгүй байвал хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж, санхүүжилт хийгээд эрс­дэлээ хувааж үүрээд цааш явах боломж бий. Ийм бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ер нь хувиасаа сохор зоос ч гаргахгүйгээр ма­най банкнаас олон тэрбум төгрөгийн зээл аваад төсөл хэрэгжүүлнэ гэж байхгүй.

Хөгжлийн банкны тухай хуульд ямар нэг байдлаар заавал хамтарсан санхүүжилт хийх ёстойг тусгасан санагдаж байна.

Тийм. Гадаадын хөрөнгө оруулагч, сан­хүү­­гийн байгууллагатай дандаа хамтарч сан­хүү­жилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн төс­­­лийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ашиг­­­тай гэсэн итгэл үнэмшилтэй байгаа то­хиол­­долд нэмж санхүүжилт хий гэсэн санаа юм. Нө­­гөө­тэйгүүр төслийн эрсдэлийг хамтран үүрч буй хэлбэр.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЭГ АЛХАМ ХИЙЛЭЭ

Д.Дэлгэрсайхан (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга бөгөөд ерөнхий эдийн засагч)

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хуралдааны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

“Их түмэн санаачилга”-ыг 1995 оноос хойш хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөрт багтаж буй Зүүн хойд Азийг хөгжүүлэх ганц санаачилга энэ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын далбаан дор явдаг ажил гэж ойлгож болно. Санаачилгын хүрээнд худалдаа, аялал жуулч­лал, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт салбарт хөрөнгө оруулахыг уриалдаг. Эд­гээр салбарт санхүүжилт хийх гол байгууллага нь тухайн улсын Экспорт, импортын банк. Манай улсад Экспорт, импортын банк байдаггүй. Хөгж­лийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт санхүүжилтийнхээ 60-аас доош­гүй хувийг экспортын төсөлд олгох заалт тусга­сан. Ингэснээр Хөгжлийн банк давхар экспор­тын банкны үүрэг гүйцэтгээд эхэлсэн гэсэн үг. Тиймээс “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хурлыг манай банк тэргүүлэн зохион бай­гуулж байна. Манайх “Их түмэн санаачилга” хөтөл­бөрт БНХАУ, ОХУ, БНСУ-тай хамт багтдаг. БНХАУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг эдийн засагтай улс. Нөгөө хоёр нь дэлхийд эхний 10-т багтдаг. Тиймээс том эдийн засагтай улсуу­дад хөрөнгө оруулалтын орчин, болом­жуу­даа танилцуулж буй нь чухал ач холбогдолтой.

Энэ хөтөлбөрт багтдаг орнууд манайд хөрөнгө оруулах найдвар хэр бол?

-Манайд хөрөнгө оруулж, хамтарч ажил­лаж ирсэн туршлагатай орнууд. Тэгэхээр хү­лээлт бий. Засгийн газар Гурван тулгуурт хөгж­­­лийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Үүнийг хэрэгжүүлэхэд олон тэр­бум ам.дол­ларын хөрөнгө шаардлагатай. “Их тү­­­мэн са­наачилга” хөтөлбөрийн хуралдаа­ныг зо­­хион бай­гуулж, хэрэгжүүлэхээр зэхэж буй то­­моо­хон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуу­лан, бо­лом­жуудаа дуулгах нь хөрөнгө оруу­лалт татах нэг алхам гэж харж байна. Мэ­дээж тодорхой үр дүн гараасай гэж хүсэж, хүлээж байгаа.

Манай Хөгжлийн банк ч гадаадын Экспорт, импортын банкуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой шүү дээ.

Бүрэн боломж бий. Шинэ хууль эрх зүйн орчны дагуу манай банктай төслийн санхүү­жилт, лизингийн зээл, сангаар дамжуулан хө­рө­нгө оруулалт хийх боломж үүссэн. Хөгж­лийн банк ч “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хү­рээнд хамтарч ажиллах боломжуудаа ху­ралд оролцогчдод танилцууллаа.

Сэтгүүлч Т.Энхбат

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2018,06,25 №122

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!