Д.Эрдэнэбат: Захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болно

0
57

АН-ын бүлгийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийж, Тавантолгойн төсөл, УИХ-ын хаврын чуулганы үр дүн болон УИХ-аар хэлэлцэгдэж байгаа зарим хуулийн төсөл гэсэн эдгээр гурван асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бүлгийн гишүүд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг дэмжихээр болсон гэнэ. Гэхдээ дэмжихэд шалтгаан байгааг тэрбээр тодотгосон. Д.Эрдэнэбат “Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийдвэр бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, Хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн.

Дээрх мэдээллийн дараа Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ хуульдчид мэдэгдлээ. АН энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын гишүүдэд Нээлттэй сонсгол хийх эрх нь нээлттэй. Гэхдээ иргэдээс тодорхой хэмжээний тооны саналыг авсан байх ёстой. Энэ асуудлыг хэрхэх нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эрхийн асуудал.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх бол?

IPO гаргана гэж байгаа. Энэ талаарх материалыг дөнгөж гар дээрээ авлаа, уншиж амжаагүй байна. Бидэнд маргаантай асуудал, болгоомжлол бий. Ажлын хэсэг дээр ойлголцоно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!