Э.Идэрцог: “60 тэрбум”-ын бичлэгийн эх хувь олдоогүй

0
100

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт гаргаад байгаагаа АН-ын гишүүд мэдэгдэж байна.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Бид энэ хэрэгтэй танилцана. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой гомдол дөнгөж ирлээ. Хэрэгтэй танилцаж амжаагүй байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна.

С.Баяр, Ч.Сайханбилэгийн хэрэг дээр шинэ зүйл гарсан уу?

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Тодорхой хугацаанд үргэлжилсэн. Нэлээн цаг хугацааг хамарсан, нэлээд ажиллагаатай хэрэг учраас мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

АСЕМ-ийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар 17 хүнийг шалгаж байгаа хэдий ч тэдгээр хүмүүсийн нэр нь тодорхойгүй байна. Тэр хүмүүсийн нэрийг зарлах боломж бий юу?

Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.

Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?

Нийслэлийн Архивын газрын даргатай холбогдолтой гомдол мэдээллийг хүлээж авч шалгасан. Шалгалтын ажиллагаагаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Учир нь түүний буруутай үйлдэл тогтоогдоогүй.

60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нээлттэй сонсгол явуулах талаар санал гаргасан. Үүнд тайлбар хийж болох уу?

Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай гэсэн утгатай өргөдөл гомдол тухайн үедээ ирсэн. Дараа нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ асуудалд прокурорын шийдвэр гарсан байдаг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гурван байгууллагын мөрдөн байцаагчид өөр өөрсдийн хуулиар хариуцсан чиг үүргийн дагуу ажлаа хуваарилж шалгасан. Хэргийн нотлох баримт гэж үздэг бичлэгт шинжилгээний байгууллагаас “эвлүүлэг байна” гэсэн дүгнэлт гаргасан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмжийн эх хувийг байлгах шаардлага тавьсан. Гэвч эх хувь нь олдоогүй. Энэ бүх дүгнэлтийг үзээд прокурорын байгууллага шийдвэрээ гаргасан.

Х.Баянмөнх аварга Допингийн эсрэг үндэсний төвийн даргыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Энэ хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

Гомдол мэдээллийн хүрээнд шалгагдаж байна.

 Хэргийг шалгаж, шийдвэрлэх хугацааг хуульд тодорхой заасан байдаг уу. 30 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?

Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаад авсан бэлэг буюу 30 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!