Хахуул авсан байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

0
62

“ТОСК” ТӨҮГ-т удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 2015 оны 8, 9 дүгээр сард нэр бүхий компаниудад зээл олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллагдагчаар татжээ.

АТГ-аас өнгөрсөн сарын хугацаанд иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан талаар өнөөдөр мэдээлэл хийв. Эрүүгийн хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Түүнчлэн АТГ-аас

  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл,
  • Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12  дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдэл,
  • Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлжээ.

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН ЗАРИМ ХЭРГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан  150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
  • Багануур ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр “River garden” цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!