Ард түмэн авлигачдын өмнө хийсэн нүгэлгүй

    13
    6928

    -Төрийн өмчит компанийг хувьчилдаг танил сценари эхэллээ-

    Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийг зохион байгуулалттайгаар дампууруулж, улмаар алдагдалтай ажиллаж байгаа хэмээн зарлан шоудсаар, эцэст нь хувьчлан авах гэсэн хэсэг бүлэг төрд шургалсан луйварчдын ээлжит эмгэнэлт драм амжилттай үргэлжилсээр байна. Учир нь өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэн эцэслэхээр болоод авлаа.  Төрийн өмчит компаниудыг санаатайгаар дампууруулж хувьд авдаг танил сценари МИАТ компани дээр ч үзэгдэж, мөнөөх сценарийнхаа дагуу 2016-2017 оны үйл ажиллагаанд аудит нэртэй албан ёсны дүрт шалгалт оруулж шоудацгаав. Шоу ч үр дүнгээ өгч аудитын албан ёсны дүгнэлтээр компанийн удирдлагууд холбогдох хууль тогтоомж  зөрчсөн, батлагдсан орон тоог хэтрүүлэн ажилласан, компанийн санхүүгийн зарцуулалтыг хяналтгүйгээр баталсан, хууль бус тендер олгосон, тийзийн хөнгөлөлтийн журам зөрчсөн зэрэг олон ноцтой зөрчил илэрсэн юм байх. Тэдгээр зөрчил нь компанийн санхүүд дарамт учруулж, алдагдал хүлээх шалтгаан болж гэнэ. Түүнчлэн боловсон хүчний халаа сэлгээ ихтэй байгаа нь компанийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй өнөөдөр ажиллаж буй ажилчдын дийлэнхи хувь нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй, мэргэжлийн бус, ур чадваргүй гэгдэж. Дэндүү эмгэнэлтэй, хошин дүгнэлт байгаа биз. Ийм дүгнэлт гарах нь ойлгомжтой шүү дээ, үнэн чанартаа. Шүдний эмч зүрхний эмч хийдэггүйтэй адил МИАТ компанид тэртусмаа мэргэжлийн, мэргэшсэн ажилчид ажиллах ёстой. Харамсалтай нь, товч бөгөөд тойруулалгүй хэлэхэд, тус компанийг хувьд гаргах увайгүй хүсэл улстөрд зайдагнагчдын тархинд аль эрт бууж, тэр үеэс нь эхлэн Тагнуулын гэгдэх Б.Хурцыг тойрсон бүлэглэл одоог хүртэл МИАТ-ийг дампууруулах, эцэст нь хувьчлан авах гэж улайрсаар эцэстээ зорилгоо гүйцэлдүүлэхэд сөөм хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголын Иргэний агаарын тээврийн гол хүчийг хувьчилж авна гэж тооцсон мань бүлэглэлийнхэн буюу жаран тэрбумынхны сүлжээ МИАТ руу хүртэл гар дүрж, Гадаад харилцааны даргын эрх эхнэрийг Коммер хариуцсан захирлаар томилуулсан. Эрх мэдэлт даргын эрх муужгай гуай МИАТ-ийн удирдлагын сэнтийд заларснаар хамгийн чухал хэсэг дэх мэргэжлийн бөгөөд мэргэшсэн ажилтнуудыг хөөн, оронд нь …дугаар хорооны иргэн төрсөн дүү нараа татаж, гадаадын төлөөлөгчдийн газарт хүртэл томилж байгаа нь ч нууц биш болсон. Гадаад улс дахь төлөөлөгчийн газар нь өнөөх эрх эхнэрийн шууд удирдлагад байдгийг ч хэлэх үү? Өнөөдөр гадны улс орнуудад суугаа МИАТ-ийн төлөөлөгчийн газар гэж бүрэн дампуурсан газрууд байгааг эрх баригчид яагаад мэдсэн ч мэдээгүй царайлсаар явна вэ? Билет бичүүлэх гэхээр өмнөөс ямар асуулт тавьж эргүүтэж суудгийг нь мэдэх дарга МИАТ-т бий юү? Дарга нар нь гэж өөрсдөө онгоц, онгоцны буудлаа мэдэхгүй маанагтсан гарууд байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга, одоо Канадад суух элчин сайд Я.Ариунболдын эхнэр, МИАТ-ийн дуулиант хэргийн хамсаатан Хоролсүрэнгийн хамаатан Энхтуяа гэгч өнөөдөр МИАТ-ийн хамгийн чухал салбар болох Маркетингийн албаны даргаар ажиллаж байгааг юу гэх вэ? Энэ нь мөнөөх 60 тэрбумын хамсаатан гэх М.Энхболдын тавиул Ц.Даваасүрэнгийн хийсэн гавьяа шүү дээ. Ц.Даваасүрэн Я.Ариунболд нар гадаад яамандаа нэг фракцийн нөхөд гэдгийг тус яаман дахь амтай, хэлтэй бүхэн хэлнэ, мэднэ. Мөн тус компанийн Коммер эрхэлсэн дэд захирлаар М.Энхболдын туслах хийж байсан Ш.Гантулга гэгч томилогдон, өнөө хэр ажиллаж байна. Ах дүү, амраг садны албан тушаал дахь томилгоо энэчлэн эхэлж, тэрчлэн үргэлжилсээр эл компанид хийсэн Аудитын дүгнэлт дээрх байдлаар гарсан нь тэр. Мэргэжлийн бус мэргэчид МИАТ-ийг сүвэгчлэн, нүхлэн шигсэн байхад шалгалтын дүн тийнхүү гарахгүй гээд ч яах билээ. Харин ч ийм дүгнэлт гарах нь тодорхой байтал шалгалт хийн шоудаж буй нь тус компанийг хувьчлан авах цаг тун ойртсоныг илэрхийлж буй хэрэг биз ээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнхийг хаалтын гэрээ, хэвлэл захиалга гэгч үдээсээр амыг нь үдчихээд, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, улс орны өнгөтэй өөдтэй бүрийг хэдхэн гэр бүл халааслан өлөнтөж буй увайгүй үйлдлүүд хэзээ зогсох вэ, хэн зогсоож дийлэх бол? Монголын агаарын замын эзэн компани дөрөв дэх засаглалыг бүхэлд нь худалдан авч, энэ бүх дээрмээ үргэлжлүүлсээр буйн үр дүнд ард түмэн өндөр үнэтэй тийзээр өвчтэй ээжийгээ тээвэрлэж, харин эрх мэдэлтэн, олигархиуд болон тэдний эрх эхнэр, хүүхдүүд хоёр саяын газарт хоёр зуун мянгаар ниссээр байгаа нь нэгэнт нууц биш болж. Энэ новшийн дээрмийг дээрх Аудитын шалгалтаар мөн тогтоон, тоочсон байна. Тухайлбал, хяналт шалгалтынхны дүгнэлтэд “МИАТ” ТӨХК нь тийзийн хөнгөлөлт үзүүлэх журмыг зөрчиж, улмаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд тийзийн үнийг төлөлгүйгээр зөвхөн такс төлөн үйлчлүүлсээр иржээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий албан тушаалтнууд хоёр сая төгрөгийн төлбөртэй нислэгийн үнийг төлөлгүйгээр, ердөө таксны 200 мянган төгрөгийг төлөн зорчсоор ирсэн. Энэ нь нислэг хоорондоос олох ашигт жил бүр дарамт үүсгэж байгаа хэдий ч хууль бус үйлдлээ хаана, хаанаа зогсоогоогүй  байна. Энэ асуудлаар өмнө нь Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн өмчийн хорооноос удаа дараа шалгалт хийгдэж байсан боловч үр дүн хангалтгүй, зөрчил дутагдал жил бүр дахин давтан гарсаар байна” гэжээ.
    миат зурган илэрцүүд Үнэндээ Б.Хурцын гар хөлүүд зөвхөн МИАТ биш аэропортын хил, гаалийг тэр чигт нь хараа хяналтдаа байлгадаг, байлгасаар ч байгаа гэдгийг МИАТ, Буянт-Ухаа даяараа мэддэг болж. Аль хэдийнэ тэтгэвэрт гарсан н.Мөнхчулуун гэгч эрх мэдэлтэн одоо ч Буянт-Ухаа дахь хилийн цэргийн даргаа хийсээр, мөн Буянт-Ухаа дахь гаалийн дарга, мөн Б.Хурцын хүн гэгдэх н.Цэцэгээ ч тэтгэврийн насных атал ажилласаар байгааг хэрхэн ойлгох вэ. Тэр нөхөр Б.Хурцын барааг, дэлгүүрийн нь цэцгийг хүртэл гаалиар татваргүй шахуу гаргах үүрэгтэй ажилладаг гэж байгаа. Гэтэл ард түмэн өнөөдөр ямар байгаа билээ, хил шалганыг хэрхэн дамжиж, даван туулдаг билээ. Ганц кило илүү ачааг ч хараалгаж, зүхүүлэн яг таг төлсөөр явна. Гэтэл энэ Монгол Улс чинь хэдхэн хүний, хэдхэн гэр бүлийн гарт газрын баялаг, уул ус, агаарын хөлөг, хил гааль, хэвлэл мэдээлэлтэйгээ орж, ард нь ядарсан иргэд чинь өрнөөс өрний хооронд өлөн зэлмүүхэн амьдарч байгааг ард түмний аав болсон Ерөнхийлөгч, том ах болсон Ерөнхий сайд минь олж харахгүй байна гэдэг дэндүү үнэмшилгүй хэрэг биш үү? Амьдралын хатууг нуруундаа үүрч байгаа олон олон ээж өвчинд шаналсан үрээ тэврээд МИАТ-ээр нисэхдээ уйлж унжилгүй хоёр саяыг төлж байхад, ард түмний нуруун дээр сандайлсан албан тушаалтан, олигархиуд хоёр зуун мянган төгрөгөөр бизнес класст тухлан, шампанск шимэн ярвайлдаж явааг мэддэггүй гэж үү? Ард түмэн чинь уйлж байхад албан тушаалтнууд та нар аав ээж, ах дүү, үр хүүхэдтэйгээ аль үеэ хүртэл тансаглах гэсэн юм бэ? Өрөө төлж чадахгүй цалингаас цалингийн хооронд гүйх, нүдний нь гал үгүй болсон цөөхөн ард түмнээ үнийн дарамтаас гаргаач, МИАТ-ийнхээн. МИАТ-ийн мэргэжлийн бус томилгоог таслан зогсоох цаг хэдийнэ болсон биш үү? Мэдсэн ч мэдээгүй царайлж, даруулж, дарамтлуулсан ч давж тэвчсээр суутал чинь ажил, мэргэжлийн тань салбар аль хэдийнэ хулгайч, луйварчдын гарт шилжиж, хувийн хэвшил нэрээр хэн нэгний халаас руу хумигдан орох үүд хаалга нээгдчихлээ. “МИАТ” ТӨХК-ийн удирдах дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал бөгөөд хувь эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар юм. Гэвч аль 2011 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн гэх шалтгаанаар, Аудитын шалгалтын дүгнэлт гээчээр халхавчлан өнгөрөгч сарын сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар буюу хувь эзэмшигч чинь өөрөө МИАТ-ийнхээ 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж УИХ-аар хэлэлцүүлэн эцэслэхээр болчихлоо. УИХ ч хэрхэн шийдвэрлэх нь тодорхой харагдаж байна. Учир нь Төсвийн байнгын хорооны өнгөрөгч оны сүүлийн буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор эл бамбай болгон барьж буй Аудитын шалгалт хийгдсэн гэдгийг санах хэрэгтэй. Товчхондоо, Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани хувьчлагдах нь тодорхой болж, хувьчилж авахаар санаархагч нөхдийн сараачсан ээлжит сценарийн дагуух шалгалт нэрт жүжгүүд тавигдаж, улмаар Засгийн газар нь хуралдаж, УИХ-аараа хэлэлцүүлэх гэхчлэн шоудаж эхэлснийг анзаарахгүй өнгөрч болохгүй нь, Монгол Улсын Ерөнхийлөгч өө…

    13 COMMENTS

    1. Ганцхан хүнийг зайлуулахад л улс даяар асуудал шийдэгдэх харин ч амар хялбар юм биш үү?

    2. МИАТыг хувьчлах л хэрэгтэй. нам дагасан улс төрчдийн цүнх баригчидаа шагнадаг орон тооны газар шахааны газар болсон төрийн өмчит компаниудыг хувьчлаад дуусгах хэрэгтэй. төр өмчтэй байгаа цагт луйварчид тийшээ зүтгэх л болно.

    3. Ter enxtuya gej xuuxen bol unenduu yu ch medexgui xun dee. Taarsan taar shuudainuudaa avchirsan daaa…

    4. Gantulga,Enkhtuya nar salbariin ajlaa ch oligtoi oilgodoggui.. medleg taaruu humuus dee… chaddag chaddag ajlaa hiimeer yum..

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!