Д.Хаянхярваа: Гишүүдийг зовоож байгаа асуудал нь байгаль, экологи

0
54

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Чуулган завсарлахаас өмнө Тавантолгойг хэлэлцэж амжих уу?

Ирэх долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулган завсарлана. Хаврын чуулганыг завсарлахаас өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна.

IPO хийхэд хэр хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай.

Тавантолгойг улстөржүүлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ удаад ч тиймэрхүү хандлага харагдаж байна?

Бид хөрөнгө оруулалтаа татаад, ТЭЗҮ-ээ зөв хийж чадвал Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг зовоож буй гол асуудал нь байгаль, экологийн асуудал юм. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна.

Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн орлого орж ирэхээр тооцож байгаа гэл үү?

Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй

Тавантолгойн төсөл эртнээс яригдсан. Баяр наадам, УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед төслийг  яагаад цаг хугацааны хувьд тулгаж оруулж ирж байгаа юм бэ. Зориуд цаг хугацааг нь тааруулж байна гэдэг хардлагыг олон нийтийн дунд дагуулж байна?

Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд, хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох  нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улс төрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжих хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр тодорхой төсөл хөтөлбөрүүд, гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.

Өнөөдөр чуулганаар хэлэлцэх үү?

Чуулганаар хэлэлцэнэ. Хаврын чуулган завсарлахаас өмнө тус төслийг тогтоолыг батлах зорилттой ажиллаж байна.

Тавантолгойн төслийг чуулган завсарлахаас өмнө батлаж амжих уу?

Энэ тогтоолын төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө батална.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!