Унгарын Будапешт хотноо олж байгаа жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар оролцож байна. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн тодотгосноор энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувийн айлчлал юм.

Энэхүү тэмцээнд Х.Баттулгаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож байгаа юм. Хөрш хоёр орны Ерөнхийлөгч хүндэт төлөөлөгчдийн суудалд суугаа дүрс нийгмийн сүлжээгээр тарсаныг монголчууд харсан биз.

Аль аль нь жүдо бөхөөр хичээллэж байсан хоёр Ерөнхийлөгч сонирхлынхоо дагуу тэмцээн үзэхээс гадна албан ажлаа амжуулан уулзсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинээр сонгогдсон Монголын Ерөнхийлөгчтэй танилцаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлжээ.

“Таныг улстөрч төдийгүй тамирчин гэдгийг бид мэднэ. Монголын тамирчид Будапештийн дэвжээнд сайн барилдаж байгааг талархал илэрхийлье.

Хоёр орны харилцааны талаар удахгүй Владивостокт илүү дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд байна. Таныг Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцоно гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ түүнээс өмнө хуваалцах сайхан мэдээ байна. Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нааштай үзүүлэлт байна. Өнгөрсөн 2016 онд худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсчээ. Улс төр, эдийн засаг, соёлын салбарын харилцаа хөгжиж байна. Манай хоёр орны уламжлалт хамтарсан аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байна. Ер нь Владивостокод бидэнд ярих зүйл их байна даа” хэмээн Владимир Путин уулзалтын үеэр хэлжээ.

Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр уулзаж байгаадаа олзуурхаж байгаа илэрхийллээ.

“Яагаад гэвэл та бид хоёрын хувьд жүдо бол дуртай сэдвийн нэг. Энэ уулзалт цаашдын харилцааны сайхан эхлэл гэж бодож байна. Тийм ээ, Владивостокт бид уулзахаар төлөвлөсөн. Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Бодит байдлыг цэгнэн үзэн, хойд хөрштэйгөө харилцаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байна. Хоёр орны хоорондох худалдааны эргэлт өсч байгааг та дөнгөж сая хэллээ. Худалдааны эргэлт хил орчмын бүс нутагт илүүтэй ажигдаж байгаа. Яагаад гэвэл манай хоёр улс 4000 гаруй км хилээр зэрэгцэн оршдог. Мэдээж хөрөнгө оруулалтыг бид эхний ээлжинд сонирхож байна. Юун түрүүн төмөр замын асуудал байна. Манай хоёр улсын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” ажиллаж байна” хэмээн Х.Баттулга Ерөнхийлөгч хэлсэн байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!