Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг бүртгэжээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн /2021-5-05/ шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгасан.

Ингээд тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авчээ.

Энэ талаар С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Батбаяр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан бичиг баримтыг хангасан. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын хууль ёсны даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгааг тэмдэглэсэн байгаа. Энэ нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна гэж үзсэн тул С.Эрдэнийн баримтыг СЕХ хүлээн авч 00.00 цагаас өмнө шийдвэрээ гаргалаа” хэмээв.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан байгаа юм.

Орчуулах »