Б.Мандхай: Өмнөх саруудын хүүхдийн мөнгө нөхөгдөж олгогдохгүй

0
73

УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Хэдийгээр хүүхэд бүрт мөнгийг нь олгох боломж бий хэмээн УИХ-ын гишүүд мэдэгдэж байсан ч эцэст нь ийн шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шийдвэрийн дагуу хэзээнээс эхэлж хүүхдийн мөнгийг олгох талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас тодрууллаа.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн  80 хувьд олгохоор чуулганы хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэ мөнгө хэзээнээс олгогдож эхлэх вэ?

УИХ-ын баталсан 40 дүгээр тогтоолын дагуу хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор болсон. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А173-р тушаалаар босго оноог 670 болгож баталсан. Өмнө нь энэхүү босго оноо нь 554 байсан юм.

Нийт хүүхдийн 80 хувь гэхээр хичнээн хүүхэд мөнгөө авахаар болсон гэсэн үг үү?

Нийт хүүхдийн 80 хувь гэдэг нь 860 мянга гаруй хүүхэд хүүхдийн мөнгө авдаг боллоо гэсэн үг. Хүүхдийн мөнгө нь сар бүрийн 20-оос хойш олгогддог.

Сүүлд нэмэгдсэн нийт хүүхдийн 20 хувь гэдэгт ямар түвшний айлын хүүхдүүд хамаарагдах вэ?

Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгааг үндэслэн гаргадаг. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгодог байхад дээрх судалгаагаар 554 оноос доош оноотой айлын хүүхдүүд авдаг байсан. Харин 80 хувь болсноор энэхүү босго оноо 670 болсон. Энэ нь 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж байна гэсэн үг юм.

80 хувьд нь олгох шийдвэр тавдугаар сард батлагдлаа. Гэтэл оноос хойш 228 мянга орчим хүүхэд мөнгөө аваагүй байна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр зургадугаар сар гарчихаад байна. Тэгэхээр эдгээр хүүхэд 120.000 төгрөг авна гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, эдгээр хүүхдүүдэд өнгөрсөн саруудын мөнгө нь нөхөж олгогдох уу?

УИХ-ын 40 дүгээр тогтоолд энэхүү мөнгийг 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлж тооцно гэж тусгасан байгаа. Тийм учраас хүүхдүүдэд дөрөв, тав, зургаадугаар сарын мөнгө орно. Тэрнээс өмнөх сарын мөнгө орохгүй.

Өрхийн орлогыг ямар үзүүлэлтээр тогтоож гаргасан бэ?

Манай улсын хувьд өрхийн орлогыг тогтооно гэдэг хүндрэлтэй байдаг. Тиймээс бид орлогыг орлуулан тооцох аргачилалаар судалгаанд хамруулж тогтоосон байгаа. Энэхүү судалгаа нь гурван бүлэг 58 асуулттай. Айлын бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн байдал мөн тухайн айлд хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа эсэх олон зүйлсийг харьцуулан үзэж оноог тогтоож өгсөн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!