Ц.Сандуй 60 тэрбумын буянаар чөлөөнд гарснаар Нийслэлийн ИТХ-ын даргын суудалд хэн тухлах вэ гэх асуулт МАН-ынхныг талцуулж, жийлцүүлж байна. Улаан тугт ууган хүчин өнгөндөө эв нэгдэл, инээмсэглэл тодруулах ч үнэндээ эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тулаанд өдөр шөнө, өглөө оройгүй хэрхэн тэмцэлдэж буйг, ачиртаа АН-ынхнаас ч илүү “цус” үзэж байгааг бид харж байна.

Өдгөө МАН-д намын дарга, Ерөнхий сайдын суудлаас гадна фракциудынх нь хүүхэн хараанд нь торж, арааны шүлсийг асгаруулах болсон албан тушаал нь Нийслэлийн ИТХ-ын даргын сэнтий. Нийслэлийг атгах эл албан тушаалын төлөө С.Амарсайхан, Д.Баярсайхан нар өрсөлдөж буй. Гэхдээ эдгээр утсан хүүхэлдэйнүүдийг М.Энхболд, У.Хүрэлсүх нарынх гэдгийг төвөггүйхэн мэдэх биз ээ.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханыг хүмүүс “Налайхын”, эсвэл “Оюуны ундраагийн”-гийн гэдгээр нь, харин улс төрийн хүрээнийхэн ХҮК-ийн хүүхэлдэй гэдгээр нь өмнөтгөл хийдэг.

Харин Д.Баярсайхан авхайг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын “хөөрхөн” гэх юм билээ. Сонгуулийн үеэр эрхэм гишүүнийг дэмжиж, дээлийн нь захыг мушгиж суудаг хуурай эгч гэдгээс үүдэлтэй ийн нэрийдсэн хэрэг. Авлигатай тэмцэх газрынхны овоо хараанд үргэлжид байдаг эл хатагтайг МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын хэтэвчний хээ гэх нэршил ч бас байна. Бүр нарийн мэдээлэл нь түүнийг намын даргынхаа нэг ангийн найз гэх юм билээ.

Эл хоёр эрхмийн хэн нь хэн бэ, Нийслэлийн ИТХ-ын даргын ширээн дээрх бялуу тэдний хэнд нь илүү зохих бол…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!