Б. САРАНЦЭЦЭГ: ВИЗ ОЛГОХООС ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН БОЛ 30 ХОНОГИЙН ДАРАА ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

0
270

Монгол Улсын Засгийн Газраас “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журам ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан,  Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.                                       

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталжээ. Энэхүү журамд ямар өөрчлөлтүүд орж өмнөх журмаасаа юугаараа ялгаатай болсон бэ?

Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Монгол Улсад виз олгох журам шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү журам хамгийн сүүлд 2010 онд батлагдсан байдаг. Үүнээс хойш бараг арваад жил болсон байна. Тиймээс  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаг үетэйгээ холбогдуулан зайлшгүй өөрчлөх хэрэгцээ шаардлага гарч ирсэн учраас ийнхүү шинэчлэн баталсан. Шинэчилсэн заалтуудад төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх тал дээр онцгойлон анхаарч, үндэсний аюулгүй байдал, улс орны уламжлалт зан заншлын хэм хэмжээг тусгасан шинэ заалтууд орсон. Мөн олон орны практик туршлага болоод хууль тогтоомжийг судалж, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон ийм журам байгаа. Тухайлбал, Гадаадын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгохдоо зорилгоос нь хамааран 17 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл олгодог байсныг нэмээд нийт 29 хэлбэртэй болгосон. Ингэснээр гэр бүлийн гишүүд бүгд нэг хэлбэрээр оршин суудаг байсныг ялган хөдөлмөр эрхлэгчийн гэр бүл, хөрөнгө оруулагчийн гэр бүл гэх зэргээр ялгаж өгсөн.

Мөн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа өмнө нь 1 жил байсныг 6 сараас дээш байхаар журамласан. Өмнө нь тухайн иргэн ямар нэг шалтгаанаар паспортоо сольсон бол хуучин паспорт дээр байгаа хүчинтэй визийг шинэ паспорт руу заавал шилжүүлдэг байсныг больж, хуучин паспортаа  авч явж байгаа бол шилжүүлэхийг шаардахаа больсон зэргээр иргэдэд илүү ойр үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ журам нь аль болох иргэдэд чирэгдэлгүй, иргэдийг ахин дахин ирүүлэхгүй байх тал дээр илүү анхаарсан өөрчлөлтүүд их хийгдсэн. Хамгийн тодорхой хэдэн жишээ дурьдахад, виз хүссэн гадаадын иргэнд виз олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргах эрхтэй байсныг өөрчлөн 30 хоног болгосон, Монгол Улсад ирсэн түр ирэгч нь байх хугацаагаа сунгуулах шаардлага гарсан тохиолдолд урьд нь сунгуулсан бол 6 сарын дараа дахин сунгуулах эрх нь үүсдэг байсан бол шинэчилсэн журмаар 90 хоногийн дараа хүсэлтээ гаргах эрхтэй болж байгаа. Харин төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн бол визийн байх хугацааг сунгуулахдаа хугацаа хамаарахгүй сунгуулах боломжтой болсон.  Мөн бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөрүүлж өгсөн.

Цахимаар виз олгох хүсэлт авч эхэлсэн гэсэн. Энэ талаар хэрхэн журамласан бэ?

Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цаасан бус цахим суурьтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор виз, визийн зөвшөөрөл олгох хүсэлтийг цахим хэлбэрээр 2018 оны 1 сарын 1-нээс хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор холбогдох хариуг өгч ажиллаж байна. Мөн шинэчилсэн журамд виз, визийн зөвшаарлийг цахимаар олгож болох заалтууд орсон. Энэ шинэчилсэн журам 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. Иймд бид бэлтгэл ажлыг хангаж байна. Цахимаар виз олгож эхлэхэд бид мэдээж холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, бэлтгэл ажлыг хангах ажлууд их бий.

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд аялал жуулчлалын улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг тодруулж асууя. Шинэчлэн батлагдсан журамд жуулчин ангиллын визийн талаар ямар өөрчлөлт, шинэлэг зохицуулалт орсон бэ?

Шинэчилсэн журмаар аялал жуулчлалыг дэмжих  зорилгоор “J” буюу жуулчин ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консул шууд олгохоор, аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр олгохоор зохицуулж өгсөн. Ингэснээр манай оронд жуулчлах иргэд өөрийн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон Монгол Улсын өргөмжит консулд өөрийн биеэр хандан визийн хүсэлтээ шууд гаргах боломжтой.

Жуулчин ангиллын виз олгохдоо танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьдаг вэ? Монгол Улсад жуулчлалаар ирэх гэж буй гадаадын иргэд юуг анхаарах вэ?

Шинэчлэн батлагдсан журамд энэ талаар дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод жуулчин ангиллын виз хүсэгч гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бөглөн хэд хэдэн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал,

  1. Хүчин төгөлдөр паспорт;
  2. 3.5×4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  3. Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
  4. Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг;
  5. Шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт;
  6. Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  7. Визийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлдэг.

Анхаарах зүйл гэвэл дээрх бичиг баримтын бүрдлийг сайтар хангах, мөн буцахаа нотолсон нотолгоог гаргах хэрэгтэй. Түүнчлэн аяллын хөтөлбөр гаргасан байх зэрэг нь давуу тал болдог.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь танай байгууллагаас жилд дунджаар хичнээн хүн жуулчин ангиллын виз хүсдэг вэ?

Ихэвчлэн дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй орны иргэд л манай байгууллагад хүсэлтээ гаргадаг. Тодруулбал, жуулчин ангиллаар орж ирж буй бүх гадаадын иргэдийн визийг манай байгууллагаас олгодоггүй. Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд орж ирж буй гадаадын иргэд виз авах хүсэлтээ тухайн орныхоо Дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консулын газраас авдаг. Харин тухайн оронд Дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул байхгүй бол манай байгууллагад ханддаг. Ер нь бол 30 хоногоос дээш хугацаагаар жуулчлах гадаадын иргэд манай байгууллагаас виз авдаг гэж ойлгож болно.

Манай байгууллага 2017 онд  давхардсан тоогоор 1567 иргэнд,  2018 оны хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 702  иргэнд жуулчин ангиллын виз, визийн зөвшөөрөл олгосон статистик мэдээлэл байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр багагүй ажлууд тусгагдсан байдаг. Үүнтэй хэрхэн уялдаж, ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

Бид аялал жуулчлалыг дэмжих, иргэдэд ойр төрийн үйлчилгээг үзүүлэх үүднээс виз, визийн зөвшөөрлийг цахимаар гаргах боломжийг бий болгосон. Иргэд хүсэлт гаргахдаа Evisa.mn хаягаар хандах боломжтой. Гол анхаарах асуудал нь бичиг баримтын бүрдлийг хангасан байх хэрэгтэй. Хариуг ажлын 3 өдрийн дотор цахимаар болон утсаар мэдэгдэж байгаа. Харин бүлэг жуулчид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу визийн хураамжаас 50 хувь хөнгөлөгддөг зэрэг жуулчдыг дэмжих бодлого барьж ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!