Лаос улс Монголоос хонины мах импортлох сонирхолтой байна

0
65

УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд,  Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн.

Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд олон жил ярьж буй Монгол Улсад Лаосын дэмжлэгээр цагаан будаа тариалах, импортлох асуудлыг ажил болгож явах талаар онцлон тэмдэглэлээ.

Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.

Энэ үеэр БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд,  Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг Монголоос Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортлох асуудал айчлалын үеэр ажил хэрэг болж байгааг тэмдэглээд химийн бордоогоор бордоогүй цэвэр цагаан будааг удахгүй Монголд нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээлээ.

Уулзалтаар парламентын бүлгүүд хамтарч ажилласнаар хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэхэд хичээж ажиллахад санал нэгдэв.

Уулзалтад УИХ дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлсэн. Мөн  уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон  Сэнг-Үнтон байлцлаа.

БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд  Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар ажлын айлчлал хийж буй юм байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!