Хатавчинд хар дахаа нөмрөөд хэвтэх үү, босох уу?!

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн драм хэр удаан үргэлжлэх вэ.

2008 оноос эхлэлтэй үйл явдал Н.Энхбаярын бодол санааны хаа нэгтээ хариугаа нэхэн суугаа гэдэгт мөрийцэхэд бэлэн. Өөрийг нь өшиглөж гаргасан нөхөдтэй өнөөдөр энхийн гэрээнд гарын үсэг зурж зогсохдоо ч тэрбээр оймсоо годогнуулан одсон он жилүүдээ зурвасхан санасан л байж таарна.

Цаст уулын цагаан барс цагаа ирэхээр шоргоолжинд бариулдгийн жам ёсыг У.Хүрэлсүх энэ намд Н.Энхбаяраас эхлээд С.Баяр гэхчлэн үзүүлсээр яваа.

2008 оны сонгуулийн дараа С.Баяр ааг бяраа харуулж АН-тай Стандарт бус Засгийн газар байгуулж байв. Эл явдлыг эсэргүүцсэн намын нөхдийнхөө толгойг шонд өлгөх нь холгүй дүвчигнэж, намын Ёс зүйн хороогоор далайлгаж байлаа.

Улмаар энэ нь Н.Энхбаярыг улс төрөөс гаргах акц болон өргөжсөн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг тухайн үеийн МАХН-аас нэр дэвшүүлэхгүй гэх намын шийдвэр гарсан хэдий ч даварсаар даварсаар “Дагвын ор” дээр сандайлчихсан байсан тэрбээр дөргүй зөрүүдэлж, улайрсаар эцэстээ гороо амссан. Нөхөн сонгуулиас ч нэрээ тас татуулсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын “Зааг” номонд “Нэр дэвшигчийг тодруулах намын Бага хурлын үеэр тусгай өрөөнд Н.Энхбаяр, С.Баяр хоёулаа дуугаа өндөрсгөн хатуу үг хайр найргүй чулуудаж, их л шөргөөцөлдөж байсан. Бага хурлын үеэр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэний бичсэн “Загалмайлсан хадам эцэг” гэдэг номыг монгол хэлээр хөрвүүлээд гэнэт тараасан нь тохиолдлын хэрэг үү, санамсаргүй явдал уу хэлэхэд хэцүү санагдаж байв. Н.Энхбаярыг нөхөн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр тэдний эвдрэлцлийн гал дээр тос нэмсэн хэрэг болсон. Тэрэнд нь бухимдсан Н.Энхбаяр УИХ-ын 2009 оны нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Р.Бурмааг нууцхан дэмжиж ажилласан гэдэг яриа гарч байлаа” гэж бий.

Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа Тэрэлжид болсон уулзалтаар намын нэр солих яриа болоод “Тэрэлжийн тунхаг” батлагдаж байлаа. Энэ үеэс Н.Энхбаярын цайз бүрэн нурж, тойрон хүрээлэгчид нь буурин дээрээ хөсөр хаягдаад, эцэстээ урвах нь урваж, удалгүй мань эр өөрөө оймсоо гозолзуулан ачигдсан.

Гар, хөлийн үзүүр нь бүрэн тасраагүй байсан тэрбээр хорих ангиас улс төрөө өрнүүлж, МАН-д хаягдсан МАХН нэрийг малгай болгон өмсөн, Ц.Элбэгдоржийг эмнэлгийн өрөөнд авчирч байв.

Намынхантай нь нийлж хавсайдсан Ц.Элбэгдоржтой уучлал үзүүлэх бичгээр улс төрийн тохиролцоонд хүрэв. Тухайн үед МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Тэрбишдагвын нэр эрчтэй яригдаж байлаа. Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлэх тул бодолтой бас бэлтгэлтэй байхыг Н.Энхбаяр сануулж байсан гэдэг. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа Н.Энхбаяр Д.Тэрбишдагвад “Журмын нөхөрт, 7-р сарын 1” хэмээн гараар бичсэн Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй нэг номыг харуулжээ. Тэр бол Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүл, хариуд нь 7-р сарын 1-нд уучлал үзүүлнэ гэсэн Ц.Элбэгдоржийн амлалт, Н.Энхбаярын тохиролцоо байв.

Ийнхүү өндрөөс гэнэт унасан Н.Энхбаяр чөтгөртэй ч хавсрахад бэлэн болж, хүсэл шуналдаа боолчлогдож эхэлсэн хэрэг.

Гэхдээ тэр зорьж очсон бүхнийг таатай хүлээж авч байсангүй. Адайр загнаж, эрийг нь мохоон, хүсэл зорилгыг нь цавчаад буцааж байв. Магадгүй буцсан гэхээсээ илүү “шинэ төрсөн” Н.Энхбаярын жинхэнэ мөн чанараас зайгаа барьж эхэлсэн гэх нь ойр дүгнэлт байх. Эцэстээ “босоо” Ганбаа, бор шархан хэдэн “банди” нараас өөр хүн түүнд үлдээгүй. Гар дахь ганц хөзөр нь “босоо” Ганбаа гэчихэд буруутахгүй.

Талбай дээр ганцаараа өлсөөд, тэрийгээд хэвтчихдэг энэ нөхөр МАН-ын хувьд хар дарсан зүүдний нэг.

Тиймээс С.Ганбаатарт түшиглэсэн Н.Энхбаярыг элдэв тоглолт хийлгэхгүйн тулд МАХН-ын хүсэлтийн хариуг ёсоор болгож, хүзүү сээр холбосон болов. Энэ нөхдийн хэн хэнд нь урьдын хонзон бий тул эл холбоо энх үргэлжлэхгүй биз.

Тэгээд ч Н.Энхбаяр хэзээнээсээ уйдамтгай нөхөр. Нэгэнт алдах зүйлгүй болсон тэрбээр хэзээ ч холбирч, хүсэл шуналын нь луужин хаашаа ч зааж мэдэхээр болсон “бөөрөнцөг”.

Тийм ч учраас “мал аж ахуй”, хашаа хороогоо нийлүүлэн нэгдэлжих ажлын хэсгийн хэлэлцээн дунд У.Хүрэлсүх Монгол цэргийн холбоо байгуулж, МАН цэрэгжсэн бүтэц рүү шилжиж байгаа талаар цухалзуулж “анхааруулга” өгсөн байх.

Уг нь Н.Энхбаярын хувьд МАХН нэрийг авч, хэрэндээ “мандаж” байсан үеэ бодвол галын ганц түлээ, чөдрийн ганц морио хэзээ мөдгүй алдаж мэдэх “сулбагар” өвгөн болсон.

Орон нутаг дахь мянгат, түмт гэх эмээ, өвөө нарын байр суурь ч бага, сагаар өөрчлөгдөж, итгэл үнэмшил нь саармагжиж эхэлсэн. Олон жил улс төрийн халуун тогоонд чанагдаж, өрөм, хусмын бүгдийг хамж явсан хүний хувьд торгон мэдрэмжийн нь төгсгөл ч байхыг үгүйсгэхгүй. Тэр хүүгийнхээ ирээдүйг бодож “эх болсон” намынхаа хаяаг бараадуулж байж мэдэх.

Харин С.Ганбаатар яах бол…

Хамтралын хатавчинд хар дахаа нөмрөөд хэвтэхгүй, хийрхэн хэдэрлэх л нөхөр.

Орчуулах »