Чимээгүй “бурхан”

0
41

Парламентад гурав дахиа улиран сонгогдсон түшээ. Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч гэж хэлж болох ч хэдийнэ “тэтгэвэрт” гарчихсан нэгэн. Хэдийгээр нас залуу, цус шингэн ч хэлэх үг, хийх ажил нь “дуусчихсан”. Магадгүй их улс төрөөс залхсандаа ажиглагчийн байр сууринаас хандахын тулд илүү ойроор нь УИХ-ын гишүүний суудлыг бөглөж суугаа гэж зөвтгөх учиртай байх. Үгүй бол дуугүй хүний доодох нойтон гэгчээр чимээгүйхэн хор хутгаж суудаг гэж хардах уу. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тонгороход У.Хүрэлсүхийн гавьяаг үнэлээд баршгүй ч түүний арлд асаалттай танк шиг байсан хүн нь Сү.Батболд. Өөрийн фракцийн нөхдөө хөшигний ардаас түлхүүрдэж, У.Хүрэлсүхэд кноп нэмэрлэснийг өнгөрсөн үйл явдлаас харж болно.

С.Баяр “ах”-аасаа Ерөнхий сайдын албан тушаалыг өвлөж үлдсэн тэрбээр өдгөө үг хэлээ цэгнэж, ам ангайхаа больсон. Ямартаа л өнгөрөгч намрын чуулганаар л гэхэд нэг ч удаа үг хэлж, байр сууриа илэрхийлээгүй. Харин хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, оффшор дансгүй гэдгээ зарласан юм.

Мэргэжилтэн, ганзгын наймаачин, компанийн захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайд гээд тасралтгүй өссөн арвин намтартай Батболдыг Сүхбаатарын гэх тодотгол нь “авардаг”. Учир нь түүний аавыг Дамдины Сүхбаатар гэдэг. Аав нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Тиймээс сонгуулийн үеэр “Дамдины Сүхбаатарын Батболд” гэх сурталчилгаа сонгогчдын чихийг сортолзуулж, оноо цуглуулахад нь нэмэр болдог.

Үнэндээ ч тэртээх жил Д.Сүхбаатар гэдэг хувьсгалч МАН-ыг үүсгэн байгуулсан бол энэ 90 насны ой дээр Сүхрбаатарын Батболд энэ намын уугуул нэрийг сэргээж, Х үсгийг халсан хачирхалтай тохиолдол бий. Тэр үед ч өнөөгийн намын дарга У.Хүрэлсүхтэй хамтран уугуул нэрээ сэргээж, үр дүнд нь Н.Энхбаяр хэсэг нөхдийн хамт салан тусгаарлаж, УИХ-ын сонгуульд нам нь ялагдал хүлээсэн хар толботой. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм хойно, тахимаа өгөөд чимээгүй амьдарч эхэлсэн.

Энэ бүх хар сүүдрийн дараа мань хүн дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын зүүний чиглэлийн намуудын холбоо болох СоцИнтернийн дэд ерөнхийлөгчөөр томилогдож, дэлхийн хэмжээний улстөрч гэж үнэлэгдсэн юм. Товчхондоо намын дарга, Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн хэдий ч бүр томрон нэг улсын нам байтугай дэлхийн бүх зүүний чиглэлийн намуудыг удирдахаар болсон талаар шугиж байлаа.

Жилийн 236232.47 мянган төгрөгийн орлоготой тэрбээр “Алтай Холдинг” ХХК, “Скайтел” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Хадгаламжиндээ 1425833.01 мянган төгрөгтэй төдийгүй 3611088.53 мянган төгрөгийн авлагатай ч 27470.60 мянган төгрөгийн зээлтэй гэж байгаа. Мэдээж үнэт эдлэл бий ч үнэлээгүй хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөжээ.

Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойш орж ирсэн мөнгийг зах замбараагүй зарцуулсан гэх ял түүнийг ээрдэг л юм. 2008-2012 оны Засгийн газар нь 250 сая ам.долларыг Оюутолгойгоос, 350 сая ам.долларыг Тавантолгой төслөөс, 770 сая ам.долларыг Оюутолгойгоос эзэмших 34 хувийг барьцаалан зээлээр авсан байдаг. Гэхдээ энэ мөнгө үр дүнтэй зарцуулсан уу гэдэг асуудал АН-ынхан бондын мөнгийг хааш нь хийсэн бэ гэдэгтэй ижил сонсогдох нь бий. С.Батболдын Засгийн газар ард түмэнд 21 мянган төгрөг тараасан гэх ганц тайлбартай. Ээ дээ, ахаасаа албан тушаал өвлөсөн шигээ өнөөдөр бас хөлд нь чирэгдчихгүй шиг байхын тулд чимээгүй  байж “бурхан” шиг царайлах нь зөв зам байх шүү.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!