Нисдэг тэргээр захирлуудыг авчиран байж хуралдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн хурлыг цуцаллаа

0
49

Нойроо хугаслан хуралдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийнхний хурлын шийдвэрийг шүүхээс хүчингүй болголоо. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс тавдугаар сарын 23-ны өдрийн хооронд хуралдсан “Монголросцветмет” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн зургадугаар сарын 6, 7-ны өдрийн хурал нь хууль зөрчсөн тул хэрэгжүүлэхгүй байхыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнд даалгажээ.

Дээрх ТУЗ-ийн гишүүд нь Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон төрөөс томилогдсон хэмээн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпорацийн удирдлагууд мэдэгдэж байсан удаатай. Улмаар тус ТУЗ-ийн гишүүд гэх нөхөд энэ сарын 6-ны шөнө хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг захиргааны хэргийн хоёр ч шатны байгууллага түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэдгийг нэхэмжлэл гаргагч тодотгож байсан юм.

Төрийн ордонд шөнө дөлөөр хуралдуулсан ТУЗ-ийн хуралд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан дэд захирлуудыг нисдэг тэргээр авчирсан гэх мэдээлэл ч бий. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэж, нэр бүхий гурван албан тушаалтанг өөрчлөн томилохоор болсон аж. Гэвч тус ТУЗ-ийн шийдвэрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн өнөөдрийн 101/Ш32018/11022 тоот захирамжаар хүчингүй болголоо. Мөн төрөөс томилогдсон “Монголросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Түүнчлэн Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд, ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс даалгалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!