Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөллөө

0
185

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гишүүн Д.Гантулга энэ сарын 11-ний өдөр УИХ-ын даргад хандаж  чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн.

УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын дэд дарга зохих Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хийхээр заасны дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсэн юм. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээн хүсэлтдээ дурдсаныг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжсэн юм. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Дэд даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж парламентад нэр дэвшүүлэхэд Монголын парламент цаашдаа илүү анхаарах ёстой, энэ чиглэлээр Олон улсын парламентын холбооноос тогтоосон квотыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэхээр заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь дэмжив. Мөн энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлах нууц санал хураалтад оролцсон 60 гишүүний 50 нь буюу 83.3 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!