ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Ерөнхийлөгч өчигдөр гурван чиглэлээр санал солилцсон

2021-04-20
1 min read

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д очсон. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байгаа юм” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, “Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсээд өдгөө 100 жилийг үдэж байна. Бид өнөөдөр улс эх орныхоо бүтээн байгуулалт болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хурлын зорилго нь мэдээллийг буруу талаас нь битгий харуулаач, ард түмнийг битгий талцуулаач гэж хүсч байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан домогт генерал Ш.Жадамбаа агсан “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг. Чухам үүнийгээ л барьж цагийн аясад дайвж гуйвахгүй, улс орон ард түмнийхээ эрх ашгийг урьтал болгож бай” гэж хэлсэн байдаг.

Зэвсэгт хүчин аливаа улс төрийн намаас ангид байхыг хуулиар зохицуулсан. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь улсын батлан хамгаалах чадварыг бууруулах, иргэдийн зэвсэгт хүчиндээ итгэх итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг сулруулж гадны улс орнуудын өгөөш болох аюултай нөхцлийг бүрдүүлж байна. Улс төрийн үйл ажиллагаандаа цэрэг армийг татан оруулах нь иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл аюул дагуулдаг нь гадны олон орны түүхэнд олонтой бий. Тийм зүйл манай улсад битгий тохиолдоосой хэмээн ЗХЖШ-ын даргын хувиар хүсч байна.

Монгол улсын Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ дээр хүрэлцэн ирсэн нь үнэн. Тэрбээр гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд: Цэргийн албыг сайжруулахтай холбоотой бий болсон ажлын хэсгийн үйл ажиллагааг шалхах. Холбогдох шийдвэрийг гархах. Түүнчлэн ЗХ-ний 100 жилийн ойг хэзээ хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон. Эцэст нь цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан. Тиймээс цэрэг армийг улстөрийн зорилгодоо ашиглаж улс орноо иргэний дайнд битгий оруулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Орчуулах »