Цагдаа нар “хүн амины” хэргийг дарсан юм биш байгаа, Ж.Болд хурандаа!!!

-Хөтөлийн цагдааг дуудаж болсон утас талийгаачийн ар гэрийг дуудах болоход яагаад сүлжээгүй болсон бэ-

Одоогоос 7 сарын өмнө буюу өнгөрөгч намар /2020 оны есдүгээр сарын 19-20нд шилжих шөнө/ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суман дахь Амарбаясгалант хийдийн ойролцоох жуулчны баазад амарч явсан 27-хон настай, гэр бүл ч зохиож амжаагүй байсан цэл залуухан хүү учир битүүлгээр нас барсан.

Тэрбээр Орхон аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан бөгөөд тухайн үед аймгийн цагдаагийн газрын 25 албан хаагч тус амралтын газарт амарч зугаалахаар очсон байдаг.

Зугаалга, парти-ны шалтгаан нь тэтгэвэртээ гарч буй 3 нөхрийн албанаас чөлөөлөгдөж буйд зориулсан “хамт олны үдэлт” хийх.

Уг нь зугаалгад Цагдаагийн газрын залуу албан хаагчид төдийлөн оролцоогүй бөгөөд талийгаач Б ч “мөнгө байхгүй” хэмээн явахаас цааргалахад н.Саранцэцэг гэх офицер эмэгтэй “би мөнгийг чинь даана, яв” гэж авч явсан байдаг.

Ингээд амралтын газарт очсон “ахмадууд” архидан талийгаач Б-г “шувууны бага жиргэдэг” гээд сөн түшүүлсэн байгаа юм. Улмаар идэж уухын зуурт өөрсдийгөө хөгжөөн гар барилдаан зохиоход хүү бүгдийг ялж байсан бөгөөд үүнд нь эгдүүцсэн н.Билэгсайхан гэх нөхөр 4-5 удаа хүүтэй гар барилдаан хийсэн ч бүх тохиолдолд дахин ялагдаж, үүндээ нэлээдгүй бухимдсан гэдгийг хамт явсан нөхдөөс хэрэг гарсны дараахан ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг ч сүүлд хэргийг мөрдөн шалгах явцад энэ үйлдлийн талаар дахин ам нээх хүн олдолгүй бүгд “бүлх” залгичихсан.

Үүнээс цааш төдий удалгүй бүрэнхий болж, бүрэнхий болохтой зэрэгцэн амралтын газар даяар тог тасарчихсан нь тохиолдол гэхэд хэтэрхий сэжигтэй.

Тог тасарсны дараахан мобиком, юнител, скайтел, жи-мобайл гээд бүх оператор компанийн сүлжээ “доголдсон” /хэргийн газарт байсан нөхөд ар гэрийнхэнд нь ингэж хэлсэн байдаг/ нь анхаарахгүй орхих хэрэг биш.

Түүнчлэн тог тасарсны дараахь үйл явдал дээр гэрт байсан нөхдийн яриа тухайн үедээ зөрөлдөж байсан нь хүүгийн үхэл “аллага” байсан байж болзошгүйг илэрхийлэх бас нэг өнцөг.

Тог тасарч гэрт харанхуй болсон тул “ахмадууд” гар утасны гэрэлд архидалтаа үргэлжлүүлж, хүү сөн түшилтээ үргэлжлүүлэн явж байгаад гэнэт уначихсан гэх яриа сүүлд “хүү нэг орны толгойн хавьд сууж байгаад хажуугийн ор руу шилжин суухдаа уначихсан” гэх өөр яриагаар солигдчихсон.

Ингэж унасан хүү дахин босч ирсэнгүй…

Эндээс эхлээд хэвийн ажиллаж байсан оператор компаниудын сүлжээ тасалдан ар гэрийнхэнд нь хэл дуулгаж чадалгүй өглөө болгочихсон гэх атлаа хэргийн газарт Хөтөлийн цагдаа ирээд явчихсан байгаа юм. Улмаар хүн үхчихээд байхад хэргийн газрын үзлэг хийгдээгүй, хийгдэх байтугай шинжээч ч ирээгүй.

Ингээд тоггүй харанхуй, дээр нь утасны сүлжээ унасан байхад Хөтөлийн цагдаа ид шидээр хүрч ирчихээд сүүлд, нэгэнт өглөө болсон хойно талийгаач хүүгийн үеэл рүү холбогдон “Б-гийн бие тааруу байна. Бензинээ дүүргээд гараарай” гэсэн байдаг.

Үеэлийг ирэхэд Б-гийн бие хэдийнэ хөрчихсөн, толгойн тушаа газарт нүүрийг нь кока колагаар угаасан болов уу гэмээр задалж асгасан кола, мөн эмэгтэй хүний нүүр цэвэрлэдэг хөвөн олон тоогоор хаягдсан байдалтай байж.

Тэрчлэн хүүг газарт унасан гэдэг ч хувцас нь шороо тоосгүй цэвэрхэн байсан нь энд “хүн амины хэрэг” үйлдэгдсэн юм бишүү гэх хардлагыг дахин төрүүлж байгаа юм.

Гэрчүүдийн зөрөлдсөн яриа болох орноос ор дамжих гээд унасан, сөн түшиж яваад унасны алин ч байлаа гэсэн 110кг жинтэй, 1.94 буюу бараг 2 метр шахам өндөртэй чийрэг бадриун залуу хүүгийн нүүр, хувцас, гар хуруу нь ямар ч шал, дэвсгэргүй, дан шороогоороо эргэсэн гэрт унасан гэхэд мөлчийсөн цэвэрхэн. Үеэл нь нэгэнт хөрсөн дүүгийнхээ нүүрэнд хүрэхэд колагаар угаасан юмуу гэмээр нүүр гарын арьс зууралдан наалдаад байсан гэдэг.

Ингэж учир битүүлгээр амиа алдсан хүүгийн үхэл өнөөдөр “цус харвалт, элэг, нойр булчирхайн хавсарсан архаг үрэвсэл”-тэй байсан тул гээд хаагдаж байна.

Яагаад….

Нас барахаасаа жил хагасын өмнөхөн Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн нэгдсэн, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр цоо эрүүл гэж гарсан. Мөн амиа алдахаас 8-хан сарын өмнө Япон явахаар эрүүл мэндийн цогц үзлэгт орж эрүүл гэгдэж байсан хүү яагаад “элэг, нойр булчирхайн хавсарсан архаг үрэвсэл”-тэй болж, эрүүл мэндийн шалтгаанаар цус харван үхэх билээ?!

Цогцсыг үеэлийнх нь машинаар Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хүрээлэн рүү хүргүүлж задланд оруулж байх үед Хөтөлийн Прокурорын газрын тухайн үеийн дарга /одоо солигдсон/, мөн Хөтөлийн Цагдаагийн газрын дарга /бас солигдсон/ нар орчихоод төд удалгүй гарч ирэхдээ “гадны нөлөөгүй л юм байна” гэж хэлсэн байдаг.

Задлан шинжилгээний хариу гараагүй, үзлэг дуусаагүй байхад энэ нөхөд ямар учраас ингэж дүгнэв, хэлэв?!

Удалгүй хариу гарахад яг л тэдний хэлснээр болж “Гадны нөлөөгүй бөгөөд элэг, нойр булчирхайн хавсарсан архаг үрэвсэлтэй. Үхлийн шалтгаан цус харвалт” гэж…

No description available.

Өндөр чийрэг биетэй, сагс волейбол тоглодог, Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн нэгдсэн үзлэг болон Япон явахын тулд нэр хүндтэй, хувийн томоохон эмнэлэгт хийлгэсэн шинжилгээгээр ч эрүүл гэж гарч байсан хүүдээ ийм онош тавиулсанд итгээгүй ар гэрийнхний гомдлоор шүүх шинжилгээний бүрэлдэхүүнтэй үзлэг дахин хийгдсэн.

Энэ үзлэгээр толгойд мохоо, метал зүйлээр үүсгэгдэх гэмтэлтэй гэж гарсан.

Ийм факт илэрсэн ч залуу хүүгийн үхэл “өвчнөөр” хэмээн бичигдээд цагдаа нь цагдаагаа егүүтгэсэн байж магадгүй нэгэн хэрэг хаагдахдаа хүрээд байна.

Хамт олноороо, байгууллагаараа үгсэн хуйвалдаж энэ хэргийг дарсан байж болзошгүй хэмээн хардах бас нэг таамаглал нь хөдөөгийн малчин, хөгшин эцэг эхийнх нь үймэрч уйлалдсан сэтгэл зүйг “хуурч”, хүү тань амралт зугаалгад биш албан ажлаа гүйцэтгэж яваад нас барсан гээд 36 сарын цалинтай дүйцэх нөхөн олговор гаргуулж өгсөн нь сэжигтэй.

Ингэхгүй бол, ажлын бус цагаар амарч зугаалж яваад нас барсан гэвэл “хүн амины” хэрэг болчих гээд байв уу?!

Тиймээс байгууллага хамт олноороо ажил албаа гүйцэтгэж яваад нас барсан болгож хувиргаад, нөхөн олговор олгуулж, “аллага, хүн амь”-ны нэгэн хэргийг төөрүүлэн хаах гэсэн ноцтой оролдлого байсан юм биш байгаа, Ж.Болд хурандаа!!!

Цагдаа цагдаагаа егүүтгэсэн гээд Цагдаагийн байгууллагын нэр хүндэд сэв сууна гэх шалтгаанаар хэргийг хав дарах даалгавар өгчихөөгүй л бол хэрэгтэн тун ойрхон харагдаад байх юм, уг нь.

Мөнгөгүй гээд явахаас татгалзахад өмнөөс нь мөнгийг нь төлөөд хүчээр авч явсан эмэгтэй офицероос эхлээд, гар барилдаанд удаа дараа ялагдан бухимдсан нөхөр, тэр байтугай залууг амиа алдахад дэргэд нь байсан мэт, нэг болохоор хэрэг гарах үед гэртээ ирчихсэн байсан гэж хоёр өөрөөр ярьдаг Хэв журмын тасгийн дарга асан гээд олон хүнийг сэжиглэн шалгаж болмоор.

Энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс тухайн үед “Зариг.мн” сайт мэдээлсэн бөгөөд мэдээллийг нь ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг тоймлон уншсан байгаа юм.

Гэтэл тус сайтын хоёрхон удаа товчхоноор мэдээлсэн хоёр мэдээний дорх коммент, сэтгэгдлүүд дотор ар гэрийнхэнд нь хүнд байхад наад мэдээгээ устгаач /яг үнэндээ ар гэр нь хэвлэл мэдээллийн туслалцаатайгаар хүүгийнхээ үхлийн үнэн мөнийг олохыг хүсч байсан/, төрийн албан хаагчдыг Зариг.мн гүтгэхээ боль /мэдээнд төрийн албан хаагчдыг буруутгасан ганц ч үг, өгүүлбэр байхгүй/, 25 цагдаагийн нэгийг буруутгах гээ юү гэхчлэн хэн нэгний сандарсан, уг мэдээг устгачихвал санаа нь амрах гэсэн ойр ойрхон, маш олон удаа орж бичсэн сэтгэгдлүүд өдгөө IP хаягаараа баримт болон үлдсэн байна.

Энэ бүхний эцэст, ийм олон сэжиг бүхий, анхаарал татам зүйлүүд байхад цагдаагийн алба хаагчдын хэргийг шалгадаг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын дарга солигдсон, шинэ дарга нь хатуу хөл хорионоос болоод юу ч шалгаж, хийж чадахгүй байна гэх хөгийн шалтаг тоочсоор өнөөг хүрч байгаа нь дэндүү эмгэнэл, дэндүү увайгүй юм.  

Амиа алдсан хүүг эрүүл чийрэг, бусдын ааш авирыг хөдөлгөхөөргүй зөөлөн, зан авир, хүмүүжлийн хувьд доголдолгүй нэгэн байсныг Зариг.мн сайтын мэдээн дор үлдээсэн хүүгийн танилуудын сэтгэгдлээс харж болно. Дор хавсаргав.

Орчуулах »