“Манай хэрэглээний сагсны 40 хувь импортын бараа тул үнийн түвшин валютын ханшаас ихээхэн хамааралтай”

0
42

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн инфляцийн богино хугацааны төсөөлөл хариуцсан эдийн засагч Ж.Энхбаяртай “Төв банк ба үнийн тогтвортой байдал” сэдвийн хүрээнд ярилцлаа.  

Юуны өмнө уншигчдад маань өөрийн хийдэг ажлаа товч танилцуулахгүй юу?

Улирал тутам хуралддаг Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэр гаргалтад шаардлагатай тооцоо шинжилгээг хийж, бодлогын санал боловсруулах нь Мөнгөний бодлогын газрын гол ажил байдаг. Миний ажиллаж буй Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтэс нь гадаад болон дотоод орчны эдийн засгийн сүүлийн үеийн шинжилгээ болон ойрын ирээдүйн төсөөлөл хийхэд төвлөрдөг. Цуг ажилладаг эдийн засагч нар маань дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл, төлбөрийн тэнцэл, олон улсын эдийн засаг, түүхий эдийн үнэ гэх мэт өөр өөрийн хариуцсан чиглэлээр дата цуглуулж, шинжилгээ төсөөллөө боловсруулдаг. Харин миний хувьд инфляцийн богино хугацааны төсөөллийг хариуцдаг. Үүний хүрээнд сүүлийн үеийн статистик мэдээн дээр шинжилгээ хийнэ.

Мөн ойрын хугацаанд учирч болзошгүй гол өөрчлөлтүүдийн талаарх чанарын мэдээлэлд үндэслэн загвараар тооцоход хүндрэлтэй зүйлсийг ч үр дүндээ оруулдаг. Бидний боловсруулсан үр дүнг цааш нь дунд  хугацааны төсөөлөлд орц болгон ашиглаж, түүн дээр үндэслээд мөнгөний бодлогын саналын хувилбарууд боловсруулагддаг. Мөнгөний бодлогын хорооны хурлын үеэр Хорооны гишүүд тэрхүү саналыг хэлэлцээд, бодлогын хүүг тогтоох шийдвэрээ гаргадаг.

Инфляцийн судалгаа, шинжилгээгээр мэргэшсэн эдийн засагчийн хувьд үнийн тогтвортой байдал эдийн засагт ямар үүрэг рольтой болох талаар тайлбарлана уу?

Эдийн засаг дахь ерөнхий үнийн түвшний өсөлтийг бид инфляци гэж нэрлэдэг. Зах зээл дээр зарим бараа хямдарч, зарим нь үнэтэй болдог ч ерөнхий чиг хандлага нь хаашаа чиглэж байгааг харуулдаг үзүүлэлт гэсэн үг. Хэрэв цалин орлого тогтмол үед бидний хамгийн их худалдан авдаг бараа үйлчилгээнүүдийн үнэ хурдтай өсөөд эхэлбэл худалдан авах чадварт сөрөг байх болно. Энэ утгаараа инфляци иргэдийн амьжиргаанд маш чухал нөлөөтэй учраас үнийн түвшний өсөлт нам бөгөөд тогтвортой байх шаардлагатай байдаг.

Харин бизнес эрхлэгчийн өнцгөөс харвал, бараа үйлчилгээний үнэ цаашид хэр өсөлттэй байх нь бизнес төлөвлөгөөнд нь мэдээж нөлөөтэй. Ажилтнуудын тоо, хөрөнгө оруулалтын зардал, үйлдвэрлэлийн хэмжээгээ тодорхойлоход ирээдүйд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг мэдээж чухал. Үнэ хэрэв өндөр савлагаатай байвал төлөвлөлт хийхэд хэцүү байх болно. Мөн дефляци буюу үнэ буурах үзэгдэл удаан үргэлжилвэл бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол буурах эрсдэлтэй.

Түүнчлэн, инфляци мөнгөний үнэ цэнэд шууд нөлөөтэй учир санхүүгийн систем, эдийн засаг тогтвортой байх нэг чухал тулгуур нь үнийн тогтвортой байдал юм. Хэрэв үнэ өсч, мөнгөний үнэ цэнэ огцом буураад эхэлбэл хүмүүс санхүүгийн байгууллагад мөнгөө хадгалуулах сонирхолгүй, улмаар санхүүгийн зуучлал саарч, эдийн засаг удаашрах, тогтворгүй болох эрсдэлтэй.

Үнэ тогтвортой байх нь иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, банк санхүүгийн системийн тогтвортой байдалд ч чухал нөлөөтэй байх нь. Тэгвэл манай орны инфляцийн гол онцлог нь юу вэ?

Үндсэндээ 3 онцлогийг нэрлэж болно.

Нэгт, ирээдүйн инфляцийг тодорхойлдог чухал хүчин зүйл болох зах зээлд оролцогчдын инфляцийн хүлээлт тогтворжоогүй байдал нь нэг гол онцлог юм. Инфляци өөрөө эдийн засагт чухал нөлөө үзүүлэхээс гадна, тухайн улс орныхоо онцлогийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үйлдвэрлэх чадвар, импортын бүтэц, зах зээлд оролцогчдын сэтгэлзүй, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, экспортын орлого, валютын ханш, эдийн засгийн идэвхжил гээд олон зүйлийн тусгал болдог гэсэн үг. Манай орны хувьд бусад макро үзүүлэлтүүд тогтвортой бус байсан тул инфляци өндөр бөгөөд савлагаатай явж ирсэн. Үүнийг дагаад зах зээл дээрх инфляцийн хүлээлт харьцангуй тогтвортой бус байдаг онцлогтой. Жишээ нь, макро орчин нь тогтвортой хөгжсөн улс орнуудад 10 жилийн дараах инфляцийн хүлээлт ч нэлээд тогтмол болчихсон, барагтай бол өөрчлөгддөггүй.

Хоёрт, манай хэрэглээний сагсны 40% орчим нь импортын бараа тул дотоодын үнийн түвшин валютын ханшаас ихээхэн хамааралтай. Тэгэхээр инфляци маань ханшийг тодорхойлох суурь хүчин зүйл болох дотоодын үйлдвэрлэх чадвар, эдийн засгийн төрөлжилт, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, экспорт хийж валют олох чадвар зэргээс өндөр хамааралтай гэсэн үг.

Гуравт, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, ногоо зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд өндөр жинтэй, инфляцид хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ нь манай орны өрхийн амьжиргааны түвшин, хэрэглээний онцлогтой холбоотой. Жишээ нь, нэг хүнд ногдох ДНБ, өрхийн орлогын түвшнээр Монголтой ойролцоо өөр улсад инфляцид үзүүлэх махны үнийн нөлөө арай өөр байх болов уу.

Тэгвэл инфляцийг ер нь яаж хэмждэг вэ, ирээдүйн таамаглалыг тооцолоход юунд анхаарах шаардлагатай байдаг вэ?

Инфляцийг бид Үндэсний статистикийн хорооноос тооцож гаргадаг хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр хэмждэг. Төв банк үнийн түвшний талаар ярихдаа “ХҮИ-ээр илэрхийлсэн инфляци”-ийг 8%-д тогтворжуулна гэдэг нь үүнтэй холбоотой. Жишээ нь, улсын хэмжээнд авч үзвэл энэхүү индекс нь манай улсын хэрэглээний сагс буюу хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг 344 төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Мөнгөний бодлого тодорхой цаг хугацааны хоцрогдолтойгоор эдийн засгийн эрэлт, идэвхжил, улмаар үнэд нөлөөлдөг тул инфляцийн одоогийн гүйцэтгэлээс гадна цаашдын төсөөлөл чухал байдаг.

Цаашдын таамаглалыг хийхэд бусад макро хүчин зүйлсийн нөлөөг загварт оруулан тооцохоос гадна, хэрэглээний сагсан дахь бараа, үйлчилгээ тус бүрийн үнийн хэлбэлзэл, улирлын хандлагыг судалдаг. Ялангуяа сагсанд өндөр жинтэй, инфляцид хүчтэй нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний үнэ хэрхэн хэлбэлзэх нь маш чухал юм. Жишээ нь, өвөлжилт хүндрэх эсвэл зуны улиралд хур багатай байсан зэргээс үүдэн мах, хүнсний ногооны үнэ огцом өөрчлөгдөн, улмаар инфляци хэлбэлзэх үе бий. Иймд зарим тохиолдолд хур тунадасны хэмжээг цуглуулж тооцоололдоо ашиглах үе хүртэл бий.

Мэдээж ийм нөлөөллийг бүрэн тооцох төвөгтэй учир өнгөрсөн онуудад ургац алдаж байсан, малын хорогдол их байсан үед эдгээр бүтээгдэхүүний үнэ хэрхэн хөдөлж байсныг давхар судалж, эцсийн үр дүнг гаргаж авахдаа ашигладаг.

Илүү бодит төсөөлөл хийхийн тулд хэрхэн ажилладаг вэ?

Нэн тэргүүнд тооцоонд ашиглаж буй тоон мэдээллийн чанар маш чухал. Иймд гадаад болон дотоод эдийн засгийн үзүүлэлтүүдийн сүүлийн үеийн статистик, тоон мэдээг холбогдох байгууллагуудаас тухайн сэдэв, сектор хариуцсан эдийн засагч нараараа дамжуулаад авдаг. Тооцоолол хийдэг аргачлалын хувьд, одоогийн байдлаар инфляцийн богино хугацааны төсөөллийг нэг хувьсагчийн загвар ашиглан үнэлж байна. Ингэхдээ бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн барааны үнийн өмнөх жилүүдийн хандлага, дундаж өөрчлөлтөд тулгуурлан тооцдог.

Цаашид тооцооллоо сайжруулах зорилгоор Мөнгөний бодлогын газарт бусад олон хувьсагчийн загваруудыг хөгжүүлж, инфляцийн богино хугацааны төсөөлөлд ашиглаж эхлээд байна. Өмнө хэлсэнчлэн зарим чанарын мэдээллийг нэмж цуглуулаад төсөөлөлдөө тусгах тохиолдол чухал байдаг. Тухайлбал, сүүлийн хэдэн төсөөллийг хийхэд шатахууны үнэ өөрчлөгдөх эсэх, зарим төрлийн татвар нэмэгдэх эсэх нь нэлээд чухал нөлөөтэй байсан. Эдгээр өөрчлөлтийн талаарх баттай эх сурвалжийн мэдээн дээр үндэслэн зарим бараа үйлчилгээний үнэ болон инфляцид үзүүлэх шууд болон дам нөлөөллийг тооцож, богино хугацааны төсөөлөлдөө оруулснаар прогноз алдаа багатай, илүү бодит болно гэсэн үг юм.

Монголбанк инфляцийн түвшинг 8% орчимд тогтворжуулах зорилттой байгаа. Яагаад заавал 8% бэ гэдэг дээр энэ сэдвийн судлаачийн хувьд ямар тайлбарыг өгөх вэ? 

Сүүлийн 20 гаруй жилийн түүхэн статистикаас харахад манай улсад инфляци харьцангуй өндөр бөгөөд савлагаа ихтэй байсан. Үнийн өсөлт 90-ээд оны эхээр 300% давж байсан үеэс хойш инфляци алгуур буурсаар байгаа ч, сүүлийн 10 жилийн дунджаар улсын инфляци 10% орчим байв. Зарим жилүүдэд үүнээс өндөр, зарим жилүүдэд үүнээс бага байдаг ч тухайн үеийн эдийн засаг, бизнесийн мөчлөг, бодлогын нөлөө болон бусад эрэлт, нийлүүлэлтийн гаралтай олон хүчин зүйлээс хамаарч байсан гэсэн үг. Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусгасан 8% гэдэг инфляцийн зорилтот түвшин бол олон жилийн дунджаар 2 оронтой тоогоор хэмжигдэж, өндөр савлагаатай байсаар ирсэн инфляцийн дунджийг алгуур бууруулах шат дараатай алхмын нэг хэсэг гэж ойлгох нь зүйтэй байх. Дунд хугацаанд инфляци энэхүү зорилтот түвшинд хадгалагдсанаар эдийн засаг тогтворжиж, хүлээлт тогтворжих суурь нь болж, цаашид дараа дараагийн алхмыг хийх, үнийн тогтвортой байдлыг тууштай хангах илүү таатай нөхцөл бүрэлдэх болов уу.

Ихэнх төв банкуудын хувьд мөнгөний бодлогын гол зорилго нь үнийн тогтвортой байдал буюу инфляци байдаг. Инфляцийн шинжилгээ, төсөөлөл хийх ажлыг мөнгөний бодлого боловсруулах өнцгөөс харахад ямар гол онцлогтой байдаг вэ?

Хэд хэдэн зүйлийг нэрлэж болно. Юуны өмнө инфляцийг бүрдүүлж буй хүчин зүйлс нь эрэлтийн гаралтай юу, эсвэл нийлүүлэлтийн гаралтай юу гэдгийг салгаж харах нь чухал байдаг. Учир нь бодлогын хүү г.м. мөнгөний бодлогын хэрэгсэл нь валютын ханш, зээлийн өсөлт, хөрөнгийн үнэ, хүлээлт зэрэг сувгуудаар дамжаад эцсийн дүндээ хэрэглээнд, эдийн засагт эрэлт талаас нь нөлөөлдөг.

Харин цаг агаар, ажиллах хүчний ур чадвар бүтээмж, эдийн засгийн төрөлжилт, тээвэр ложистик г.м. нийлүүлэлт талаас шалтгаалсан инфляцид мөнгөний бодлогоор нөлөөлж удирдана гэдэг төвөгтэй.

Үүний дараагаар суурь инфляци буюу ерөнхий инфляциас үнийн савлагаа ихтэй бараа бүтээгдэхүүний нөлөөг хассан үзүүлэлтийг давхар судалж байх нь эдийн засагт үнийн түвшний өөрчлөлт аль чиглэлд явж буйг дүгнэхэд чухал байдаг. Жишээ нь, нэг намар ургац бага хурааснаар хүнсний ногооны үнэ нэмэгдэх эсвэл өвөл хүйтэрч түлшний үнэ нэмэгдэж, инфляци өсөх үед эдийн засагт халалт үүслээ гэж дүгнэх нь учир дутагдалтай. Энэ үед суурь инфляци, түүний цаашдын тренд нь үнийн түвшний өөрчлөлтийн талаар илүү бодит дүгнэлт хийх боломжийг олгодог. Бас нэг онцлох ёстой зүйл бол эдийн засагт оролцогчдын хүлээлт буюу сэтгэл зүй юм. Жишээ нь, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ эсвэл валютын ханшийн өөрчлөлт нь дотоодын бараа үйлчилгээний үнэд мэдээж нөлөөтэй. Гэхдээ бензиний үнэ, валютын ханшаас болж бизнес эрхлэгчид үнээ хэр их өөрчлөх вэ гэдэг нь тухайн үеийн сэтгэлзүйгээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Сүүлийн үеийн зарим судалгаануудад хүн амын насжилтаас хамаараад хэрэглэх эсвэл хуримтлуулах сэдэл өөрчлөгдөж, улмаар инфляцид үзүүлэх нөлөө нь харилцан адилгүйг харуулах болсон. Эцэст нь эдийн засагт үүсдэг эрэлтийн болон нийлүүлэлтийн шокуудын нөлөө инфляцид түр зуурын нөлөөтэй байх уу, эсхүл тогтмол байх уу гэдэг маш чухал.

Сүүлийн хагас жилд инфляци өсөх хандлагатай боллоо. Ойрын хугацаанд ямар байх төлөвтэй байна вэ? 

2017 оны 2-р хагасаас эхлэн инфляци нэлээд эрчимжиж эхэлсэн. Үүнд, нэг талаас эдийн засаг сэргэж, эрэлт нэмэгдэж байгаа нь нөлөөлсөн. Харин нийлүүлэлт талаас нэлээн хэдэн хүчин зүйлс мөн давхар нөлөөлсөн байгаа. Тухайлбал, 2016 оны сүүлээр эдийн засагт эрэлт бага үед намар хүнсний ногоо, мах хямдарсны үр дүнд дефляци буюу үнэ буурах үзэгдэл ажиглагдсан.

Харин өнгөрсөн 2017 оны хувьд, эсрэгээрээ зуншлага тааруу байснаас болж ургац хураалт сайнгүй, улмаар хүнсний үнэ өсөлттэй байсан. Тэгэхээр 2016 оны бага суурийн нөлөө энд гарч ирсэн гэсэн үг. Инфляцийг өсгөх нөлөө үзүүлсэн дараагийн зүйл бол автомашины үнэ, эмийн бүтээгдэхүүнүүд, архи согтууруулах ундаа болон хувцас гэх мэт зарим төрлийн импортын барааны үнэ өссөн явдал байв. Эдгээр нь 2016 онд валютын ханш огцом чангарсан, 2017 оны 4-р сард хэрэглээний сагс шинэчлэгдсэн, зарим татварууд нэмэгдсэн зэргийн нөлөө байсан. Мөн өнгөрсөн өвлийн дундаж температур нэлээд бага байсантай холбоотойгоор хатуу түлшний үнэ нэлээд өндөр байсан нь энэ өвөл, хавар инфляцийг өсгөх нөлөө үзүүлж байв. Харин цаашид эдгээр нийлүүлэлтийн, 1 удаагийн шинж чанартай зүйлсийн нөлөө арилснаар инфляци дээр дарамт үзүүлэх нь бага гэж тооцоолж байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ эсвэл ургац хураалт дээр гэнэтийн шокууд үүсэхгүй тохиолдолд инфляци төв банкны зорилтот түвшинд хадгалагдахаар төсөөлөлтэй байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!