О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 хүн амиа алдсан

0
59

 Улмаар 1180 хүн гэмтсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Түүнтэй Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон оффшор дансны эргэн тойронд хийгээд Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан талаар хөөрөлдөв.

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бий. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг статистик мэдээллээс харж болно. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна уу, эсвэл..?

Таван эмэгтэй тутмын нэг нь нөхөр болон хамтран амьдрагчдын зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Энэ бол түгшмээр тоо, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Орхон аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 625 өрх байна. Шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд байнгын өртдөг. Миний хувьд Орхон аймгаас сонгогдсон учраас энэ мэдээллийг мэдэж байгаа юм.

Тэдгээр 625 өрхийг ам бүлийн гишүүдийнх нь тоогоор авч үзвэл илүү аймшигтай тоо гарах нь ээ?

Тийм. Тэдгээр өрх бол цагдаагийн байгууллагад байнгын бүртгэлтэй гэсэн үг. Хэрэв үүнийг таваар үржүүлээд, дээр нь цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй өрхүүдийг нэмбэл нэлээн их тоо гарна. Магадгүй зарим хүн итгэхээргүй тоон үзүүлэлт гарах болов уу. Сүүлийн үед гэр бүл салалтын тоо эрс нэмэгдсэн. Шинээр гэр бүл болж байгаа гурван тохиолдлын нэг нь салдаг гэсэн статистик мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд эмгэнэлт байдал бий болчихлоо. Иймээс хууль тогтоомж төрийн бодлого зайлшгүй шаардлагатайг олон жишээнээс харж болно.

Терроризмоос ч аймшигтай

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газраас буцаан татсан нь олон нийтийн ундуйцлыг хүргэсэн гэж хэлж болно. Мэдээж шалтгааныг өөр өөрөө тайлбарладаг. Таны хувьд энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж хэлэх вэ?

УИХ-аар Эрүү болон Зөрчлийн хууль, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ёсчлоогүй гэдэг нэрээр Засгийн газар эргүүлэн татсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй” гэж хэлж байсан. Гэхдээ ёсчлоод явуулах боломж нь байсан шүү дээ. Тийм биш гэж үү? 

Ёсчлох гэдэг нь баталсан хуулийг УИХ дээр уншдаг. Уншаад сонсов уу гээд найруулга дээр нь саналтай хүн байгаа эсэхийг асууж, тодруулдаг. Ийм л процесс. Гэтэл өмнөх парламент бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болохоос өмнө дээрх ажлыг хийгээгүй. Үүнээс үүдэн дараагийн УИХ-ын дарга унших боломжгүй гэдэг шалтгаанаар буцаасан. Хуулийг буцаан татсаны дараа ард түмнээс Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг, мөн хүүхэд хамгааллын хуулийг болиулаа гэдэг шүүмжлэл их гарсан. Тиймээс Орон нутгийн сонгуулийн өмнө энэ их шүүмжлэлийг намжаахын тулд хуулийг эргүүлэн оруулж ирсэн байх.

Тэгэхээр Орон нутгийн сонгуультай холбоотой л дахин оруулж ирсэн гэж үү?

Үнэндээ УИХ доторх эмэгтэй гишүүд нь маш идэвхгүй, санаачилгагүй байна. Тиймээс миний хувьд үнэхээр сэтгэл өвдөж байна. Яагаад өнөөдрийн нөхцөл байдал ийм болчихов.

НҮБ-ын судалгааны тайлан таны гарт байна. Судалгааны дүнг хараад илүү их эмзэглэл төрөв үү?

НҮБ-ын Хүн ам зүйн сангийн санхүүжилтээр хийгдсэн судалгааны тайланд дурьдагдсан цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс үзэхэд 2010-2015 оны хооронд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 хүн амиа алдсан байна. Улмаар 1180 хүн гэмтсэн. 2013 оны эхний найман сарын байдлаар 267 гэмт хэрэг бүртгэгдсэнээс зургаан хүн нас барж, 198 хүн гэмтсэн. Ийм аймшигтай. Та нар бод доо. Багдад хотод терроризм болж бөмбөг дэлбэрэхэд тав, зургаан хүн үхэж, 200-300 хүн бэртлээ гэдэг. Гэтэл гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй амиа алдагсдын тоо арай ч дээ. Тиймээс миний хувьд УИХ-ын гишүүд доторх “Лобби” бүлгийг байгуулсан юм.

Лобби бүлгийн гишүүдийн зорилго хуулийг илүү боловсронгуй болгох байх. Гишүүд хэр нэгдэж байна вэ?

Найман гишүүн нэгдэж “Лобби” бүлэг байгуулсан. Манай бүлгийн үндсэн зорилго, алсын хараа нь хуулийг боловсронгуй болгоход нэгдүгээрт өөрсдийн мэдлэг боловсролоор анхаарч ажиллах юм. Гол нь нам харгалзахгүйгээр. Хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүүг оруулж ирүүлэх тал дээр анхаарч ажиллья. Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувьд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн даргыг албаны шугамаар дуудаж уулзсан. Гэтэл энэ байгууллагыг хэтэрхий жижгэрүүлсэн байна.

 

Хүүхэд бага байх тусмаа аюултай

Манай улсад Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхдийн төлөө газар гээд гоё нэртэй газрууд олон бий. Гэтэл хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь дэндүү чамлалттай. Тийм атлаа гадны төсөл хөтөлбөрүүдийг нэрээрээ татаж, муугаар хэлэхэд хөрөнгөжиж суудаг газрууд олшроод байх шиг?

Мэдээж энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. Юуны өмнө хуулиа боловсронгуй болгох ёстой. Миний хувьд өмгөөлөгч болохоор над дээр гэр бүлээ салгуулмаар, гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө, туслаач гэх байдлаар олон хүн хандаж байсан. Одоогийн хүчин төгөлдөр хуульд тусгайлан шаардаагүй байхад ихэнх шүүх хязгаарлах шийдвэр гаргахаас өмнө аюулын зэрэг өндөр байгааг нотлох хүртэл. Хоёрдугаарт нь жирэмсэн бөгөөд нэг настай хүүхэдтэй эхийн гэр бүлийг салгадаггүй. Уг нь жирэмсэн эмэгтэйд аюул учирвал яах юм. Нэг настай хүүхдийг нь том болтол хүлээ гэдэг ч юм уу. Гэтэл хүүхэд бага байх тусмаа аюултай байдаг. Зургаан настай хүүхдээ галд хийж шатаана гэсэн тохиолдол ч бий шүү дээ. Ийм зүйл дээр төрийн бус байгууллагуудын дуу хоолой чухал.

Таны хувьд төрийн бус байгууллагуудыг л дэмжих ёстой гэж хэлэх гээд байгаа бололтой?

Нэг ийм үг байдаг даа. Улс орон хөгжих ёстой гэж байгаа бол олон сайхан зүйлийг хүссэн бүлэглэлүүд бий болдог. Тэр бүлэглэл нь нийгмийн сайн сайхны төлөө тэмцэх ёстой. Тэгэхээр төрийн бус байгууллагуудаа бид дэмжих учиртай.

Мэдээж төрийн бус байгууллагуудыг дэмжсэнээр гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй. Хүчирхийлэгчдийг жигшүүлэх эрх зүйн орчин үгүйлэгдээд байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

Нийгэмд үүсээд буй гэр бүлийн асуудлуудыг нийгмээрээ буруутгаж жигшмээр байна. Жишээлбэл, хуучны нийгэмд гэр бүлээс салах, гэр бүл нь тогтворгүй болоход нийгмийн дэмжлэг авдаггүй байлаа. Гэтэл өнөөдөр байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг болчихож.

Хуучны үлгэр, домогт хүртэл хуурай модыг хугартал, нойтон модыг ноцтол занчих тухай бий. Сайн эхнэрийг сардаа ганц удаа ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар гэр бүлийн хүчирхийллийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах нь элбэг. Аавын сурын бүсний амтыг үзээгүй бол хүн биш ч юм шиг. Тэгэхээр сэтгэхүйг өөрчлөх шаардлага бас тавигдах болов уу?  

Гэр бүлийн хүчирхийлэл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хоёр ялгаатай ойлголт. Үр хүүхдээ загнах, тэр битгий хэл шийтгэх нь нэг талаасаа зөв юм шиг ярьдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг аюултай зүйл. Маш ноцтой.

Бутач хүүхдүүд олширлоо

Гэр бүлийн хүчирхийлэгчид оногдуулах ял хөнгөн байдаг гэж үзэх хүмүүс бий. Үнэхээр ч хүний бие махбодод гэмтэр учруулсан хүнд хулгайч, дээрэмчинтэй адил байдлаар зүйлчлэх нь хэр оновчтой юм бол?

Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд 100 хүн бэртэж гэмтдэг гэсэн тоо бий. Хүнд ямар нэгэн гэмтэл бэртэл өгсөн л бол тэр хүн шийтгэл хүлээх ёстой. Жишээ нь, би танихгүй хүнийг гэмтээчихвэл ял нь өндөр. Хүний гоо сайхан энэ тэр гээд зүйлчлэл өндөр. Гэсэн атлаа өөрийн хамаатан садан, эхнэр хүүхдээ балбаж, хараагүй болгочихсон байхад ял авдаггүй. Хөлгүй, гаргүй хавиргыг нь, эгэмийг нь хугалчихсан тохиолдол олон. Ийм аймшигтай зүйл хийчихээд байхад ял өгдөггүй.

Уг нь бие махбодиос гадна сэтгэл санааны хохирол ч нэмэгдэх учиртай баймаар юм. Хэдийгээр гэр бүлээ хуулиар салгуулсан ч зууралдсаар байдаг хүчирхийлэгчид бий?

Шүүхээр салчихаад байхад байнга ирж дарамталдаг. Өмнө, хойгуур нь эргэлддэг нөхдүүд олон.

Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэ түвшинд гаргах ёстой. Шүүхээс нэгэнт шийдвэр гаргаад тэр гэр бүлийг салгасан бол шийдвэрийг биелүүлээгүй нөхрийг хэрхэх вэ. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн шугамаар тэр нөхрийг баривчлуулах ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг үүднээс.

Гэвч амьдрал дээр энэ заалт хэрэгждэггүй гэдгийг ч та ч мэдэх байлгүй дээ?

Манайд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг байгууллага төгс утгаараа алга. Тахарын албыг татан буулгадаг нь буруу юм. Учир нь хохирогч, гэрчийг хамгаалах үүрэгтэй байгууллага шүү дээ. Хохирогч гэдэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид багтах учиртай. Гэвч нэгэнт төсөв мөнгө нь хүрэхгүй гээд шүүхийн шийдвэртэй нэгтгэчихлээ. Гэхдээ асуудлыг ингээд орхих биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дотор гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тасаг нэгж ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Шүүхийн шийдвэр гаргасан л бол араас нь явдаг.

Шүүхийн шийдвэр биелэлтийн тайланд хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй зөрчил нэлээд хувийг эзэлсэн харагддаг. Магадгүй тийм тасаг байгуулагдвал тэтгэмжийн асуудлыг ч шийдвэрлүүлэх асуудлыг шигтгэх ёстой юм болов уу?

Шийдвэр гүйцэтгэлийн бараг 70-90 хувь нь биелэгдээгүй байдаг нь хүүхдийн тэтгэмжтэй холбоотой. Уг нь хүүхэддээ тэтгэмж өгөхгүй байгаа нөхдүүдэд болдог бол хантааз өмсгөөд хог цэвэрлүүлмээр байгаа юм. Үндсэн хуулиар малаас гадна хүн төрийн хамгаалалтад байх ёстой. Хүүхдээ 18 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлэх эрх нь эцэг эхэд бий. Энэ үндсэн үүргээ биелүүлэхгүй бол шийтгэл хүлээх ёстой. Бүр болохгүй бол хүүхдийг нь 18 нас хүртэл төр тэжээе л дээ. Өөрөөр хэлбэл, тэр мөнгөө өгөхгүй байгаа нөхдүүдийн өмнөөс төр мөнгийг нь өгчих. Оронд нь нөгөө нөхрийг ажиллуул. Цас, хог цэвэрлүүлдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хашраах хэрэгтэй. Хэд хэдэн удаа цас, хог цэвэрлүүлээд эхлэхээр хаширна даа. Энэ мэтээр нийгмээрээ тэмцэхгүй бол бутач хүүхдүүд хаа сайгүй бий боллоо.

Чип байршуулж, хохирогчийг хамгаалах тухай хуульд тусгагдсан байсан. Хэр үр дүнтэй арга бол?

Чип байршуулах бол тодорхой хугацааны асуудал. Гол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг л сайн ажиллуулах хэрэгтэй. Нөгөө талаар нутаг заадаг байсныг эргүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Үнэхээр аймшигтай гэмт хэрэг хийсэн нөхдүүдэд нутаг заах ялыг оногдуулж, хээр мал аж ахуй, газар тариалан эрхлүүлж яагаад болохгүй гэж.

Тэгэхээр нөгөө хүний эрх зөрчигдлөө гэх асуудал босохгүй гэж үү?

Бусдын эрхийг зөрчсөн нөхдөд өөрийн эрх гэж ярих нь утгагүй юм. Өнөөдөр хүн адгууснаас дор авиртай болчихоод байна шүү дээ.

Цаазын ял үгүйлэгдэж байна

Хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагыг илүү чангатгах ёстой гэж үзэх хүн олон. Үнэхээр ч сэтгэл сэртхийлгэсэн аймшигт жишээ Монголд олон бий?

Гурван түвшинд ажиллах ёстой. Мэдээж нэгдүгээрт, хууль боловсронгуй байх ёстой. Яагаад гэвэл хүнийг зодож нүдэж бэртээсэн, гэмтээсэн тохиолдолд хариуцлагыг чангатгау, хатуухан арга хэмжээ авах. Хоёрдугаарт, нийгмээрээ буюу ёс суртахууны арга хэмжээ авах. Ёс суртахуун гэдэг нь энэ хүнийг нийгмээрээ жигшээдэг ч юм уу. Олон нийтэд таниулах байдлаа. Учир нь дахиад нэг айлын хүүхдийг зовооно шүү дээ. Арван удаа гэрлэж салсан хүн байна, цаана чинь. Миний мэдэж байгаагаар нэг нөхөр дөрвөн удаа гэрлэсэн. Тэр нөхөр маш баян. Мөнгөтэй эсвэл боловсролтой хүн гэр бүлийн хүчирхийлэл хийдэггүй гэж ойлгож болохгүй. Энэ асуудал нийгмийн бүх давхаргад бий. Тэгэхээр бүх давхаргад байгаа зүйлийг бид илчилж гаргах ёстой. Энэ талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд дэлгэж хүчирхийлэгчийг жигшээх ёстой юм. Тэгээд дээрээс нь залуу үеэ хүмүүжүүлэхдээ зөв хүмүүжүүлэх ёстой. Хүчирхийлэгч гэр бүлээс хүчирхийлэгч хүүхэд л гарна. Энэ бол аймшигтай шүү дээ.

Дөрвөн настай балчир охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн, аав нь хүүгээ хазаж бэртээсэн гээд тоочвол олон хэрэг бий. Энэ бүхнээс үүдэж Монголд цаазын ял хэрэгтэй юм биш үү гэсэн асуулт байна?

Монголд цаазын ял байх ёстой. Хүний амь бүрэлгэчихээд өөрөө амьд явна гэдэг зохисгүй үйлдэл. Бид нийгмийн ийм шааруудаас салах ёстой. Гэхдээ цаазын ялыг хойшлуулж болно. Тодорхой хугацаагаар.

Тэгэхээр..?

Ний нуугүй хэлэхэд мөрдөн байцаалтын нотолгоо энэ тэр гэдэг учраас тодорхой хугацаанд хойшлуулж болно. Тэр хүн цаазын ялтай ч гүйцэтгэлийг нь тав, 10, 20 жил хойшлуулах байдлаар. Гүйцэтгэлийн хугацаа хойшлох хооронд нотолгоог нягталж эцсийн цэгийг хатгах хэрэгтэй. Үнэхээр дээрх жишээнээс гадна Хөвсгөлийн охиныг хөнөөсөн хэрэг байна. Тэр хоёр нөхөр Өршөөлийн хуулиар суллагдсан байх жишээтэй. Уг нь тэднийг бушуухан явуулах ёстой байсан юм. Бид үр хүүхэдтэй хүмүүс. Тийм нөхдүүдтэй нэг агаараар амьсгалах нь утгагүй юм. Тэр утгаараа бол цаазын ялыг сэргээх нь зөв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа. Шалтгааныг нь та арай өөрөөр хэлж байсан?

Яагаад хойшлуулж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд байгаа учраас. Бид арван хуруу шигээ мэднэ шүү дээ. Тийм учраас хойшилж байгаа зүйлийг нь шууд утгаар нь ойлгох хэрэгтэй. Ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлийг ганц өдөр ч болтугай алдалгүй шийдье л дээ. Гэтэл түр хойшлуулъя гэдэг. Аймшгийн кинон дээрх үйлдэл Монголд хаа сайгүй гарах боллоо. Эхнэрийгээ зодох нүдэх, урж тасдах, тамлах, тэр нь нэг өдөр биш арван жил, хорин жил давтагдаж байна.

Засгийн газраас оруулж ирсэн энэ хуулийг баталчихвал эрх зүйн орчин боловсронгуй боллоо гэж хэлж болох уу??

Яг одоогийн байгаагаар бол боловсронгуй болж чадахгүй. Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой. Шинээр оруулж ирсэн Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтыг тодорхой тусгах хэрэгтэй. Х.Тэмүүжингийн үед оруулж ирсэн Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтыг байхгүй болгочихсон. Тэр заалтыг сэргээх нь зүйтэй.

Өөрөө оффшортой хүн шүү дээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ. Оффшорт нуусан хөрөнгөө үнэнээр нь мэдүүлбэл төрийн албанд ажиллаж болох боломжийг нээх тухай гишүүд ихэнхдээ ярилаа. Харин энэ талаар та юу хэлэх бол?

Буянаа нуусан уу, бузраа нуусан уу гэдгийг эхлээд ялгаж үзэх хэрэгтэй. Жишээ нь, “Морьтой ч болоосой” кинон дээр үхрээ нууж байгаа нь гардаг даа. Нэгдэлжих хөдөлгөөнд саалийн үнээгээ өгөхгүй санаатай. Тэр хүн бол буянаа нууж байна. Бузраа нуух гэдэг нь хулгайлсан мөнгөө хаана хадгалах вэ гэдэг л асуудал. Энд тэнд хөрөнгө оруулалт  хийхээр ил болчих гээд байдаг. Иймээс нэр, хаяг, харьяалалаа сольж, оффшорт нуудаг. Шулуухан хэлэхэд, хууль бусаар. Ийм хүн төрд байх нь зөв үү. Энэ хүний ах дүүг төрд ойртуулах нь зөв үү.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг санаачилж байх үеэр оффшорт нуусан хөрөнгөө ил болгочихвол өршөөе гэж байсан шүү дээ?

Миний хэлсэн санаа нь нуусан хөрөнгөө өөрөө илчил. Тэгээд улсдаа хандивла. Улмаар би болоод миний гэр бүл төрд ажиллахгүй гэдгээ хэлбэл өршөөж, хорьж, цагдахаа больё. Илчилсэн хөрөнгийг улс хурааж авья. Товчхондоо тэр хүн улсдаа хандивлаж байгаа үйлдэл гэж үзэх юм.

Тэгвэл төрийн албанд орохдоо үнэнээ хэлдэг байя гэж хуульчлах санаа гишүүдээс гарч байна шүү дээ. Ялгаа нь юу байна?

Төрийн албанд оруулахгүй байх ёстой. Намайг тэгж хэлж байхад гишүүд юу гэсэн гэхээр 50-хан сая доллар үлдээчихье гэж. Миний хувьд 5 сая доллар байтугай 5 сая төгрөг гэж хэлэхэд ч их мөнгө. Гэтэл 50-хан сая доллар үлдээчихэж болдоггүй юм уу гэсэн санал гишүүдийн зүгээс гаргаж байсан.

Тэгэхээр хэр хэмжээний мөнгө тэнд байгаа нь тодорхой юм биш үү?

Яг тийм. Хичнээн их мөнгийг тэнд нуусан байна. Иймээс л өөрөө илчил. Тэгвэл ялгүй үлдээе. Ер нь хүнийг заавал шоронд хийдэг, мууг нь үздэг, эрүүл мэндээр нь хохироодог байх хэрэггүй. Зүгээр л та үнэнээ хэлчих. Тэгээд наад эд хөрөнгөө улсад сайн дураараар хандивлалаа гэж ойлгоод хураая. Эсвэл хуулийн байгууллага хайж олоод улсын орлого болгохын зэрэгцээ тэр хүнийг шоронд хийнэ. Ийм л сонголт юм.

Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд..?

Өөрөөр оффшортой хүн шүү дээ.

Бизнесмэн хүнийхээ хувьд тайлбар хийж байна гэж хэлсэн шүү. Бизнес хийхийн тулд оффшорт данстай байх шаардлага гардаг. Өнөөдөр нүүрсний бизнес эрхлэгчид ч ийм. Өөрт нь ч ийм байдал тулгарч байсан гэж байсан?

Шал худлаа. Худлаа юманд хариулах нь ч утгагүй юм. Монгол бол тусгаар улс. Тусгаар тогтносон улс учраас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд ч байна. Тийм байтал юун оффшор байлгах. Тийм хүмүүст хоёр л санал хэлэх хэрэгтэй. Үндсэн хуульд хүн бүр татвараа төл гэж бий. Хуулиас чөлөөлөгдөхөөр бол тодорхой нөхцөлөөр чөлөөлдөг. Гэтэл тэр хүн татвараа төлөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Тэр зугтааж бас бултаж байна. Тиймээс улс төрд, төрд ажиллахыг хүсч байгаа бол та үүнийгээ ил тодоор илчил. Тэгээд улсын орлого болго. Үгүй бол хууль таныг өршөөхгүй.

Таны хэлсэнчлэн оффшорт данстай нэр бүхий гишүүд энэ парламентад байна. Тэд үнэнээ хэлээгүй. Тэгэхээр эргүүлэн татах эрх зүйн орчныг хийж өгөх ёстой юм биш үү?

Хийх ёстой. Шударга байвал хуульчилчих л хэрэгтэй.

Энэ УИХ-д тийм чадамж байна уу?

Энэ 65-д байхгүй. Би өмнө нь ч хэлж байсан. МАН юу ч өөрчилж чадахгүй. Харин идэж л чадна. Өнөөдөр байдал ийм л байна.

Уг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар үнэнээ хэлэхэ боломжийг хангалттай олгосон гэж бодож байгаа. Зөв үү?

Хангалттай хугацаа олгосон. Дэлхийн жишгээр оффшорт байгаа мөнгөө төрдөө л хандивла. Тэгвэл төрд ч ажилла, улс төрд ч ор. Эсвэл хуулийн байгууллага олж авах. Тэгээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх. Цаашдаа улс төрд орох гэж байгаа хүн болон түүний гэр бүлийнхэн оффшор бүсэд мөнгөтэй байхыг хориглоно.

Хуулийг сонголттойгоор хэрэглэхээ боль

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусгавар болсныг Дээд шүүх баталгаажууллаа гэж ойлгож байна. Тэгж ойлгож болох уу?

Улсын Дээд шүүх хуулиа л барьсан шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж хүн тухайн үед лавлагаа гаргаж өгсөн. Гэтэл өнөөдөр Дээд шүүх ямар шийдвэр гаргав.

Юунд санаа алдав?

Монголын төрд итгэхэд хэцүү болчихоод байна. Хуулийн байгууллага ч ялгаагүй д итгэхэд хэцүү боллоо.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөхөд ямар нэгэн тээг байхгүй болж байна тийм үү?

Өмнө нь ч нээлттэй байсан. Эрх мэдэлтэй хүмүүс нь өрсөлдөгчдөө дээш, доош нь оруулахгүй гээд явж байсан. Энэ талаар өлсгөлөн зарлаад сууж байлаа. Тэр утгаараа өнөөдөр хууль гэж байдаг бол хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Түүнээс биш хуулийг сонголттойгоор хэрэглэхээ л больчих хэрэгтэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!