Эрх мэдэлтнүүд үр хүүхэдтэйгээ тусгай ЭРХ-ээр хөдөлгөөнд оролцоно

Цар тахлын тархалт огцом нэмэгдэж, өдөр бүр нас баралт бүртгэгдэх болсноор нийслэлийн иргэд хатуу хөл хорионд ороод гурав хонолоо.

Монгол Улсын хувьд хатуу хөл хорио анхны юм биш. Өмнө хэдэнтээ хөл хорьсон, Засгийн эрхийг нэг нам дангаар барьж байгаа.

Энэ утгаараа өдийд бүх шийдвэр цэгцэндээ орж, өмнөх хатуу хөл хорионы үеэр гарч байсан асуудлууддаа авах гээхийн ухаанаар хандан цэгцэрсэн байх ёстой.

Гэтэл Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс хоёр нь дарга нарынхаа тааламжгүй харьцаа, үл ойлголцлоос шалтгаалан зөрчилдөж, гаргасан шийдвэрүүдээ зөрөлдүүлэн олон түмнээ зовоож эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулсаар байна.

Ядаж байхад өлөн зэлмэн сэтгэлтнүүд төрийн албанд шургалснаас болж цар тахлын зовлонг ч боломж болгон зоолж, мөнгө идэгсэд ХӨСҮТ-д төдийгүй, хотын удирдлагын багт ч байсаар.

Эмч, эмнэлгийн ажилтнууд шинжилгээний хариу, очер дарааллыг наймаалцаж байгаа бол Хотын удирдлагууд хатуу хөл хорионы үеэр зайлшгүй ажиллах ёстой 15 салбарын ажилтан, албан хаагчдын цөөн тооны автомашинд олгогдох QR код бүхий зөвшөөрлийг мөнгө олгох хэрэгсэл болгоод авсан.

Энэ замбараагүйтэл нь илэрч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаас шалтгаалан энэ удаагийн хатуу хөл хорионы үеэр QR кодыг дахин нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байгаа. Үүнийгээ QR кодын системд доголдол үүссэн хэмээн аргацаагаад зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнуудыг автомашиныхаа улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролц хэмээн захирамжилсан.

Гэвч уг дутуу тооцоололтой, хатуу хөл хорионы дэглэмд үл нийцэх шийдвэрээс нь улбаалан иргэд автобусанд чихэлдэж халдвар тархах нөхцөлийг улам бүр гаарууллаа.

Үүнийгээ ганц өдөр бололгүй буцаалтай биш гээд ацан шалаанд орчихоод буй Нийслэлийн онцгой комисс, хотын удирдлагуудын толгойн өвчин дээр нэмээд Монголын баячууд, дарга даамал, сайд дарга нарын хараал зүхэл тасрахаа больсон гэнэ.

Учир нь тэгш сондгойгоор зорчих шийдвэрээс нь болж дарга даамал, тэдгээрийн үр хүүхдийн хөдөлгөөн зогсоход хүрч нийслэлийн захирагчийн алба даяар шуугиан тарьж байгаа юм байх. Тиймээс Хотын удирдлага, Тээврийн цагдаагийн албатай нийлж тэдний хэрэглэдэг Epatrol, Elaw гэх системийг олон нийтэд зарлалгүйгээр ашиглахаар болсон талаарх мэдээллийг эх сурвалжаас өглөө.

Epatrol, Elaw гэх систем нь нууц байх ёстой ч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс цахим хуудастаа энэ талаар дурьдаад авсан байгаа юм.

No description available.

Торгуульд зориулагдсан энэхүү программыг тэгш сондгой өдрөөр ээлжлэн нийтийн тээврээр чинь зорчиж чадахгүй гэж уйлалдсан сайд дарга, тэдгээрийн үр хүүхдийн автомашинд ашиглаж эхэлсэн гэнэ. Эл системдээ эрхтэн дархтнуудын автомашины улсын дугаар, марк загварыг оруулсан бөгөөд энэ мэдээллийг нь Нийслэлийн онцгой комиссоос ирүүлж буй юм байх.

Ийнхүү иргэд нийтийн тээвэрт чихэлдэн, эрх мэдэлтнүүд үр хүүхдийн хамтаар Epatrol системд нь бүртгүүлээд хувийн унаагаар тэгш сондгой үл хамааран зорчих болсон бололтой.

Орчуулах »