Барцдыг нь У.Хүрэлсүх үүрч, буяныг нь Сү.Батболд эдлэх үү

МАН-ын сонгуулийн хөзөр анхнаасаа өөр байж. Тэнд У.Хүрэлсүх биш Сү.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна.

Шинэ оны өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит 5 хүнийг нэрлэсэн.

Үүнд намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Батболд, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нар багтаж байв. Генсэкийн нэрлэсэн 5 нөхөр тохиолдлын, гэнэтийн ч юм биш байж. Тэр үеэс л нэр дэвшигчийн нэр солигдон, бүр батлагдсан байх нь. Салбар хариуцсан сайдын суудлаас намын гал тогоог илүүд үзэн Засаг солигдох бүрт “жонхуу”-гаа хутгасаар ирсэн Д.Амарбаясгалангийн хөдөлгөөнгүй оршсоны учир жанцан ч энд байж.

Сү.Батболд хэвлэлд “МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй. Нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэгээр нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэвэл зүтгэхэд бэлэн” хэмээн ярилцлага өгсөн байсан нь зогтусан анхаарах сэжим байж.

Нам доторх хагарал УИХ-ын сонгуулийн дараахан эрчимжиж, намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн байр суурь ганхаж эхэлсэн. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байр суурь баримтлан албан тушаалын хуваарилалт хийсэн ч Сү-гийн фракц шахагдаж хөөгдсөн “Хот”-ынхонтой хавсарч гал тогоогоо хөмөрчих шахсан үеийг эргэн саная.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын ган бат барилдлага Сү.Батболдын эсрэг хөдөлж, оффшор, Оюутолгойн гэрээ гэхчлэн олон асуудал гаргаж шидэлсэн ч гавиагүй. Одоо хүртэл Сү.Батболдын эсрэг баримт факт тасрахгүй үргэлжилж, ганц нэгхэн сэтгүүлч, пэйж хуудсууд занаад зуучихсан мэт тавихгүй байгаагийн учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс, битүүхэн бэлтгэсээр байгаа Сү.Батболдыг дарах гэсэн богино хэмжээний “хүүхэлдэйн кино” төдий зүйл аж.

Х.Баттулгатай нийлбэл хүч хүрнэ хэмээн горьдож явсан У.Хүрэлсүхийн санаархал эцэстээ бүтэлгүйтэж, жижигхээн шалтаг босгоод огцорсон. Тэр том дуугарч чаддаг ч түүнд мөнгө болоод бусад хүч байхгүй юм. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг улстөрийн тавцанд бус гудамжны тэмцэгчдэд л зориулсан хэлц гэдгийг тэр мэдрэхийн дээдээр мэдэрсэн.

Эцэст нь эрх мэдлийн цөмийг атгасан Сү-гийн фракцитай тохиролцоонд хүрэхээс өөр сонголт У.Хүрэлсүхэд үлдээгүй. Чуулганы үеэр Х.Баттулгын зүг зүү шивсэн боорцог шидлэхдээ тултал өнгө мөнгөтэй фракцид базуулсан гэсэн үг. Нөхөрлөж, шадарлаж явсан У.Хүрэлсүхээс цочирдом үг сонссон Х.Баттулгын дүр төрх ямар болсныг бид мэднэ.

Тэгэхээр төдийгөөс өдийг хүртэл Төрийн тэргүүний суудлыг мөрөөдөн халаасалсан Сү.Батболдод сөрөг хүчнээс З.Энхболд тусалсаар ирж. Тэд ашиг сонирхол, бизнесийн холбоотой бөгөөд энэ холбоо нь женко, зика хоёрын богино хэлхээтэй зүйрлэхийн аргагүй юм байх.

З.Энхболд нүүрс сонирхож, Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-гийн адил “дархан цаазат” болсон үйл явцыг Сү.Батболдгүйгээр ойлгоход төвөгтэй. Хятадын компани З.Энхболдтой хэрхэн холбогддог фактыг эдийн засагч Л.Наранбаатар хангалттай тайлбарлаж ирсэн. Одоо тэрбээр МАН-д орж, мөнөөх улиглалаа давтахаа нэгэнт больж.

Тэгэхээр Сү.Батболд, З.Энхболд нарын эрт урьдаас эхэлсэн маш том, үл үзэгдэх холбоосыг нухацтайхан санаад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Цэцийн хаалгыг мөргөөд байгаагийн учир шалтгаантай уяж үзье. Ийм байдалд хүргэсэн хүн нь ажлын хэсэгт Х.Баттулгыг төлөөлөн ажиллаж байсан З.Энхболд гэдгийг мэдэхгүй монголгүй болсон.

Тэрчлэн өдгөө тамга, тэмдгээ булаалдан эе эвдэрч суугаа АН-ынхны хэн хэн нь З.Энхболдын үгэнд нааш харж инээн, цааш харж уйлаад ч болов орох учиртай. Гэвч тэр юу ч хийхийг хүсэхгүй байгаа.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулгын үнэнч “туслах” ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Сү.Батболдтой базууд. Тэр дундаа А.Гансүхийг Зика улс төрд хөтөлж оруулж ирсэн үүх, түүхийг энд орхигдуулж болохгүй. 

Ийм уялдаа холбоо, учиг зүүг батлах мэт сэлэмт “жанжин” У.Хүрэлсүхийн нь нэр хүнд аль хэдийнэ шалаар нэг болчихсон байгаа энэ үед өргөж дэмжихийн оронд тус намын дэргэдэх НАМЗХ-ны залуучуудын зүгээс Оюутолгойн гэрээг үзэглэсэн Сү.Батболдын Засгийн газрын буянаар иргэн бүр 300.000 төгрөг авч, байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байна гэх мессэжийг сэвээд эхлэв.

НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал эрүүл мэндийн асуудлаар эзгүй байх зуурт дэд дарга Б.Баттүшиг НАМЗХ-г удирдаж байсан. Сү.Батболдын хүү, Б.Нямтайширын хүргэн болсон тэрбээр юунд зүгээр суух билээ. Мөнгөгүйн зовлон байх биш.

Аав нь энэ улсын Төрийн тэргүүн болох өндөр боломжийг үл орхих, нөгөөтэйгүүр эхнэрийнх нь ах Н.Номтойбаярыг хэцүү нэртэд хэлмэгдүүлэн хорьж дөнгөсөн Хүк, Женко нараас “хариу”-гаа авах хамгийн таатай цагийг зүгээр хаях гэж үү..

Энэ утга, энэ өнцгөөс нь хөөвөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит 5 хүнийг генсэк Д.Амарбаясгалан нэрлэж суусан тэр цагаас Сү.Батболдын тоолуур гүйж эхэлж.

Харин өөрийнхөө гараар өөрийгөө багалзуурдан суугаа У.Хүрэлсүх эрх баригч намын дарга гэх томдсон малгай өмсчихөөд энэ намын үүрэх барцад тотгорыг арилгах баллуур төдийхөн яваа юм байна.

Орчуулах »