Газрын тухай хууль “шинэчлэгдэнэ”

0
79

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор төсөл бүрт санал хураав. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 44.5 дахь хэсэгт:  Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газрыг энэ хуулийн 44.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ашиглуулах асуудлыг нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаагаар арилжаалах замаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг хүчингүй болгох санал хураалгахад олонхийн дэмжлэг авсангүй.

Дараа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналаар 5.1.6.3-д нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа энэ хуулийн 5.1.6.2-т заасан  гэсний дараа “дэд бүтэц бүхий” гэж нэмэх газрыг нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх.” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын саналаар 5.1.6.3 дахь дэд заалтад “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа энэ хуулийн 5.1.6.2-т заасан дэд бүтэц бүхий газрыг нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх, гэсний дараа “иргэд өмчилсөн газраа зарах, борлуулах” гэж нэмэх. Мөн 5.1.8.3 дахь дэд заалтад “Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалангийн газар өмчлүүлэх, гэсний дараа “иргэд өмчилсөн газраа зарах, борлуулах” гэж нэмэх асуудлыг нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа явуулах замаар шийдвэрлэх” гэж тус тус өөрчлөхийг Байнгын хорооны гишүүд дэмжив.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын “сум, дүүргийн” гэснийг хасаж, “аймаг, нийслэлийн” гэдгийг “сум, нийслэлийн” гэж өөрчлөх УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.

Ийнхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй санал хурааж, Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!