Их Британийн ханхүү Филипп 99 насандаа таалал төгсжээ

Хатан хаан II Элизабетын нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филипп Баасан гарагт 99 насандаа таалал төгссөн гэж Букингемийн ордон мэдээлэв.

Баасан гарагийн өглөө хааны гэр бүлийн вэбсайт дээр байрлуулсан мэдэгдэлд “Эрхэмсэг Хатан хааны хайртай нөхөр, Эдинбургийн гүн, Хунтайж Филипп нас барсныг зарлан тунхаглаж байна. Эрхэм хүндэт хунтайж өнөө өглөө Виндзорийн цайзад амар тайван таалал төгсөв. Цаашид мэдэгдэл цаг тухайд нь гаргах болно. Эзэн хааны гэр бүл дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй нэгдэж, түүнийг алдсанд эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ.

Уламжлал ёсоор Букингемийн ордны гаднах хашлага дээр уг мэдээг багтаасан жаазтай мэдэгдэл байрлуулав.

Тэрээр 1800-аад оны үед Хатан хаан Викториагийн үеэс хойш анхны эрэгтэй хаадын түнш байсан бөгөөд Их Британийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд зүтгэсэн хүн байсан юм.

Хунтайж Филипп нь 65 жилийн турш Британийн хааны гэр бүлийн тэргүүлэх зүтгэлтэн байсан. Грекийн хунтайж тэрбээр 1947 онд Элизабеттай гэрлэж, Дэлхийн 2-р дайны дараахь үед Их Британийн хаант засаглалыг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Букингемийн ордны хананы цаана Хатан хааны хандаж, итгэж болох гол хүн байв.

Хатан хаан Элизабет 1997 онд тэдний хуримын 50 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ Филиппэд хувийн хүндэтгэл үзүүлэн “Энгийнээр хэлэхэд тэр миний хүч чадал юм” гэж байжээ.

Орчуулах »