fbpx
/

Аль банкны эзэн болмоор байна вэ, би туслая

23 мин уншина

Сэтгүүлч Ш.ДАВААДОРЖ

Сэтгүүлзүйн памфлет, хөрөг бичлэгийн төрлөөр Монголын өнөөгийн сэтгүүлчид бараг бичдэггүй бөгөөд шударгаар хэлэхэд бичиж чаддаггүй юм. За бичдэг нь гарын арван хуруунд л багтах болов уу! Бичдэг хэд дотроо залуу сэтгүүлч Д.Дамдинжав үнэхээр онцгой л доо. Түүний яг энэ төрлөөр дагнан туурвисан гурван боть “Гол тоглогч” ном Монголын номын худалдааг борлуулалтаараа сүүлийн хоёр жил тэргүүлж явна. Д. Дамдинжавыг энд ийн дурдахын учир түүний хамгийн сүүлд гаргасан” Шинэ үеийн гол тоглогч”-оос нь доорх ярилцлагад нэлээдгүй иш татахад хүрсэнд оршино.

Эл гурав дахь ботьдоо тэрбээр ойрын ирээдүйд Монголын нийгмийг залуурдан хөтлөх, салбар салбарын гол төлөөлөл болсон нөлөө бүхий 20 “тоглогч”-ийг хөрөглөн зурсан байсан. Тэдний нэг болох Монголын өнөө цагийн санхүүгийн ертөнцийн “босс” Ө. Ганзоригтой би бээр маш сонирхолтой сэдвээр ярилцсан юм. Учир нь “монгол хүн бүрт банкны эзэн болох боломж нээгдлээ. Яг одоо энэ боломжийг ашигла! Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тань, хөрөнгө мөнгөтэй болоход тань хөтөчлөе” хэмээн тэрбээр итгэлтэйгээр өгүүлж байна.

…Өлзийбаярын Ганзориг гэх нэр сүүлийн жилүүдэд Монголын банк, санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн гол шошгуудын нэг болтлоо тодрон дуулдаж буй. Амжилттай компани, ашиг орлоготой төсөл бүрийн цаана түүний нэр гарах болов. Энгийн нэг дилерээс санхүүгийн ертөнцийн “шинэ од” болон цойлсон түүнийг одоо хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэж дүгнэцгээж байна. (Шинэ үеийн Гол тоглогч)

…Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Мандал даатгалын ТУЗ-ийн дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Хөрөнгийн биржийн Аудитын хорооны дарга, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн, …Жек Ма, Марк Зукербэрг, Иванка Трамп нартай хамт “Дэлхийн шилдэг 100 залуу манлайлагч”-ийн нэгээр нэрлэгдсэн монгол залуу…гээд түүний хашдаг алба, цол гуншинг дуудвал нэгэн биед ахдам. …( Шинэ үеийн Гол тоглогч) Мундаг байгаа биз.

…Үнэхээр л орчин цагийн СЕО буюу санхүүгийн мэргэшсэн менежер хүн ямар байх ёстойг өөрийн биеэр үлгэрлэн жишээлж яваа энэ залууд олон давуу тал бий хэмээн Д.Дамдинжав сэтгүүлч цааш онцлон бичиж.

Түүнтэй би 100 хувь санал нийлж байна. Яагаад гэвэл ямагт шинийг сэдэж, шинийг бүтээж, цаг завгүй хөдөлмөрлөх атлаа огтхон ч цуцсан шинжгүй асаж бадарч, урагш тэмүүлж явдаг Ө.Ганзориг хэмээх энэ залууг би эртнээс мэдэх юм. Түүний ажиллаж бүтээж явааг сонсоход л мань мэтийн толгой өвдөх шиг болдог. Тэрбээр төсөөлөхөд бэрх өргөн орон зайд, тун ч хүртээмжтэй ажилладаг залуу. Ер нь түүний тухай дараа заавал жич өгүүлэх бодолтой явдаг. Нэг ярилцлагаар ч юм уу, нэг нийтлэл нэвтрүүлэгээр түүнийг зураглаж болох ч, бүрэн дүүрэн байж чадна гэдэг юу л бол. Түүний тархи толгойноос гарсан санаа болгон биелэсэн байдаг нь ч гайхалтай. Ийм нэгэн эрхэмтэй дээр өгүүлсэн боломжийн талаар ярилцах маш сонирхолтой байлаа.

-Уулзалгүй их удсан байна шүү. Одоогоос яг 13 жилийн өмнө “ӨНӨӨДӨР” сонинд анх удаа барууны жишгээр санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргадаг нүүрийг шинээр бий болгон, сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургахад та бид хамтран ажиллаж байжээ. Чухам тэр “бяцхан” төсөл уншигчдын санхүүгийн мэдлэг боловсролд асар түлхэц өгснөөс гадна яг энэ чиглэлээр бичдэг өнөөгийн олон сайн сэтгүүлчийг бэлтгэн гаргасан байдаг юм. Энэ бүхний төлөө танд өнөөдөр баярлалаа гэж хэлмээр байна.

-За баярлалаа! Тантай уулзаж, тэр үеийг эргэн санаж байгаадаа сэтгэл тэнүүн баяртай байна. Санхүүгийн зах зээлийн холбоотой маань “Өнөөдөр” сонин хамтарч, сэтгүүлчдээ сургалтад суулган, тэр шаргал өнгөтэй нүүрийг бэлтгэн гаргаж байсан нь уншигчдын болон сэтгүүлчдийн санхүүгийн мэдлэг боловсролд таны хэлдгээр тодорхой үр дүн, түлхэц үзүүлсэнд сэтгэл хангалуун явдаг. Эдийн засаг, санхүүгийн сэдвээр бичдэг олон сайн сэтгүүлч эндээс төрж гарсан. Тэд одоо ид бичиж байна. Энэ бүхэн сайхан санагддаг, гоё сэтгэгдэл төрүүлдэг юм.

-Арваад жилийн өмнөх “Ганзо” өнөөдөр Монголын нийгэмд танигдсан залуу лидерүүдийн нэг болжээ. Энэ хугацаанд чих тавиад, бахархаад явж байлаа. Хамгийн сүүлд “Голомт” банкны Гүйцэтгэх захирлын ажлаа өгснийг тань сонссон. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Голомт банкинд байхдаа иргэдийн санхүүгийн боловсролын 200 шахам дижитал контент үйлдвэрлэж үлдээлээ. Иргэдэд маш сайн хүрч үр дүнгээ өгч байгаад нь баярладаг. Мөн улс орны хэмжээнд анх удаа “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд 140 мянган хүн банкинд хуримтлалтай болжээ. Энэ мэтчилэн банк, санхүүгийн байгууллагуудыг иргэдэд илүү хүртээмжтэй болгох тал дээр хэд хэдэн ажил санаачилж хийсэн.

Одоо миний хувьд харъяалагдах байгууллага маань өөрчлөгдсөн боловч хийж ирсэн ажил маань үргэлжилж л байна. Иргэд баялагийн хуваарилалтанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэхээр чармайж байна. Тодруулбал манай Мандал санхүүгийн групп маань иргэдийг хөрөнгийн захтай холбох замаар томоохон банкуудын эзэн болох боломжоор хангах том зорилго тавиад ажиллаж байгаа юм.

-Хоёр жилийн өмнө Дэлхийн санхүүгийн музейг Монголд, Азид анх удаа байгуулсныг тань сонссон ч өдий удаанаар үзээгүй явсандаа үнэхээр харамссан. Үзээд ямар их тэвчээр, нягт нямбай хөдөлмөр, мэдлэг, хөрөнгө, үнэ цэн шингэснийг мэдэрлээ. Зөвхөн санхүү, эдийн засаг гэж ойлгож байснаас бус дэлхийн түүхийг тэр чигээр нь багтааж харна гэж төсөөлсөнгүй. Маш гүн сэтгэгдэл төрсөн шүү.

-Тийм ээ! Мөнгө санхүүгийн түүх гэдэг чинь л дэлхийн түүх юм шүү дээ. Яагаад энэ музейг байгуулах болов оо гэхээр хүнд санхүү, эдийн засгийн хичээлийг цэвэр онолоор заахаар тэр бүрий ойлгож хүлээж авдаггүй юм билээ. Харин яг түүхтэй холбоод заахаар маш сайн ойлгож хүлээж авч байгааг анзаарсан юм. Эндээс л музей байгуулах санаагаа олсон. Магадгүй үзээгүй хүнд хэн нэгэн хувь хүний зоосны цуглуулга гэж ойлгогдож байж мэдэх юм. Гэтэл та өөрөө сая хэллээ. Тэр чигээрээ эдийн засаг, санхүү, мөнгөний маш сонирхолтой, ойлгомжтой хичээл, түүх байлаа гэж. Үнэн л дээ. Үзээд гарсан хүний санхүүгийн мэдлэг нэг шат ахиад гарахаар зохион байгуулж, бүтээсэн музей юм. Тэгэхээр музейг маань бас л иргэдийн санхүү,эдийн засгийн боловсролд зориулсан нэг ажил, контент гэж харж болно.

-Энэхүү 1000 гаруй ховор цуглуулга, үзмэр, баримтуудын үнэ өртөг гэж лут юм гарна биз ?

-Асуултын тань цаад санааг ойлголоо. Ингэхэд Ганзориг гэдэг хүн 21 настайдаа анх банк санхүүгийн салбарт хөл тавьж, тооцооны ажилтан, дилерээр ажлын гараагаа эхлээд банкны Гүйцэтгэх захирал хүртэл яваа жирийн л нэг монгол залуу. Өдийг хүртэл аль нэг нам, улс төрийн эвсэл, бүлэглэлд элсэж, харьяалагдаж байсангүй. Хэдийгээр Монголын арилжааны хамгийн том 5 банкинд Гүйцэтгэх захирал, Зөвлөхөөр ажиллаж ирсэн ч аль нэг банкинд хувь эзэмшдэггүй. Бид нар анх Мандал даатгалыг байгуулахдаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийж хөрөнгө босгож байгуулсан бол одоо 1400 хувьцаа эзэмшигчтэй, Монголын хамгийн том даатгалын компани болжээ. Би хувийн компани чигээр нь аваад явж болох байсан уу гэвэл болох л байсан. Гэвч эндээс миний зориод байгаа зорилт итгэл үнэмшил харагдана. Бага залуу байхаасаа аливаа бизнесийн амжилтыг олон хүнтэй, тэр тусмаа том бизнес байх тусам ард түмэнтэй хуваалцдаг байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Бизнесменүүдийг ч ийм байгаасай гэж хүсдэг. Энэ нь хамгийн эрүүл систем юм. Тиймээс зориуд Мандал даатгалынхаа хувьцааг бирж дээр нээлттэй гаргасан.

-Та Монголын иргэдэд банкны эзэн болох маш том боломж гарлаа гэж мэдэгдлээ. Маш гоё, хорхой хүргэм сонсогдож байна л даа. Жишээ нь надад тийм боломж байна гэсэн үг мөн үү?

-Яг зөв. Банкны шинэ хуулийн дагуу ирэх оны зургаадугаар сар гэхэд системийн 5 том банк хувьцаагаа иргэдэд нээлттэйгээр санал болгоно. Өөрөөр хэлбэл хувьцаат компани болно гэсэн үг. Ингэснээр Монголын иргэн хэн боловч хүссэн банкныхаа хувьцааг авч эзэн нь болж ашиг хүртэх боломжтой болж байгаа юм. Шууд хэлэхэд энэ бол түүхэн боломж.

-Би өөрийгөө банкны эзэн болсон байна гэж төсөөлөхөөр яг үлгэр шиг санагдаж байна л даа ?

-Яагаад үлгэр шиг гэж. Та байгаа мөнгөөрөө, эсвэл мөнгөө одооноос хуримтлуулж байгаад аль нэг банкны хувьцааг авч болно шүү дээ. Хүн болгон л банкны эзэн шиг болох юмсан гэж мөрөөддөг. Энэ мөрөөдөл биелэх боломж нээгдлээ шүү дээ. Би түрүүн дээр дурдсан даа. Өнөөг хүртэл банкны санхүүгийн системд ажиллаа гэж. Энэ бүх туршлагаараа банк бол ашигтай, өгөөжтэй бизнес байдаг гэдгийг батлан хэлж чадна. Мэдээж банкны бизнесийг үр ашигтай явуулахад удирдлага, менежментийн баг чухал. Иргэдэд аль банкны хувьцааг авбал ашигтай байх вэ гэдэг үнэн зөв мэдээлэл, судалгаа асар чухал. Тэгэхээр та бид хоёрыг ярилцлага үүнд чиглэвэл иргэдэд асар ач холбогдолтой болох байх л даа.

-Та тэгвэл хувьцаа авахыг сонирхож буй хүн бүрт зөвлөж болно шүү дээ. Тухайлбал, Монголын системийн 5 банкны алиных нь хувьцааг авбал хамгийн ашигтай вэ?

-Тиймээ, би энэ түүхэн боломжийг ашиглахыг хүсэж буй хүн бүрт өөрийн туршлага, хуримтлуулсан мэдлэгээрээ туслахыг хүсэж байна. Энэ боломжийг битгий алдаарай гэж хүн бүрт зөвлөх байна. Хуулийн дагуу өнөөдрөөс эхлээд нэг жилийн дотор банкууд хувьцаагаа бирж дээр гаргаж эхлэхээр боллоо. За энэ намраас, хойшлолоо гэхэд өвлөөс арилжаа эхэлж магадгүй. Миний хувьд аль нэг банкны эрх ашигт үйлчлэхгүй, аль нэг банкны талд биш учраас зөвхөн иргэдийн тусын тулд хамгийн үнэн зөв мэдээллийг өгье, туслая, зөвлөе гэж байгаа юм. Иргэдэд аль банкны хувьцааг хэдий хэр хэмжээтэй авах уу, аль банк нь дээр бол гээд зөв мэдээлэл асар чухал. Тиймээс зөвлөгөө хүссэн хүн бүр манай Мандалын залуучуудад болон надад хандаж болно.

-Тэгвэл арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигч, эздүүд энэ хувьчлалын хуулийн дагуу дээд тал нь банкныхаа 20 хувийн хувьцаатай байхаар хязгаарлагдахаа зөвшөөрөх болов уу?

-Яагаад зөвшөөрөхгүй гэж. Харин ч банкны хувьцаа эзэмшигчид, эзэд бүгд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Би арилжааны банкуудын захирлуудтай уулзсан л даа. Том системийн банкыг авч явах нь эздэд маш том дарамт, хүндрэл учруулдаг. Тодруулбал улстөрчдийн зүгээс. Тэд эздээр нь дамжуулж банкыг чимхэнэ, дарамтлана. Банкууд нээлттэй болсноор иргэд эзэд болсноор улстөрийн ийм дарамт алга болно, баялгын хуваарлилт зөв явна, санхүүгийн засаглал сайн болно, эрүүл болно. Үүнийгээ дагаад банкны өрсөлдөөн ширүүснэ, үйлчилгээ дагаад сайжирна. Иргэд сонголт судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Мэдээж банкны засаглал, менежмент буруу бол дампуурна.

Би энд нэг тоо дурдья. Банк ямар ашигтайг илэрхийлэх юм л даа. 17 жилийн өмнө Хаан банкны нийт хөрөнгө 100 тэрбум төгрөг хүрэхгүй байсан бол одоо 12 их наяд төгрөгт актив хөрөнгө нь хүрч 120 дахин өссөн байна. 1995 онд Голомт банк 400 сая төгрөгтэй эхэлж байсан бол одоо 7 их наяд болсон. Хас гэхэд л анх банк бус санхүүгийн байгууллага байсан бол одоо системийн нөлөө бүхий банк болсон байх жишээтэй. Мэдээж энэ хооронд зөндөө олон банкууд дампуурсан. Тэгэхээр сонголт судалгаа хамгийн чухал гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм л даа.

-Шууд биржийн арилжаанд оролцож, банкны хувьцааг худалдаж авах мөнгөтэй хүн ховор шүү дээ. Тэгэхээр энэ хувьчлал нурж мэдэх эрсдэл бий юу. Над шиг “харанхуй” иргэн яаж хувьцааны арилжаанд оролцох боломжтой вэ?

-Иргэдэд хоёр арга зам бий. Нэгдүгээрт, өөрсдөө судалгаа сайн хийгээд сонгосон банкныхаа хувьцааг авч болно. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын сангаар (ХөОС) дамжуулан авч болно. Нэг дэх сонголт ойлгомжтой учраас хоёр дахь сонголтыг би дэлгэрүүлж тайлбарлья л даа. ХөОС гэдэг маань маш олон иргэдийн хөрөнгө оруулалтаар бий болоод тэрхүү сангаараа дамжуулан иргэд банкны эзэдтэй хэлцэлд орно оо гэсэн үг. Сан нь иргэдийн өмнөөс менежмент хийнэ, иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг дэлхий санхүүгийн зах зээлд түгээмэл болсон үзэгдэл. “Олны хүч оломгүй далай” гэсэн логикоор ажилладаг гэсэн үг л дээ.

Нэг жишээ хэлэхэд дэлхийн анхны ХөОС 1670 онд “Эвт шаазгай буга барина” гэдэг уриатай зарчим дээр үндэслэн Голландад байгуулагдсан байдаг юм. Монголд ХөОС-ийн тухай хууль анх улстөрчдийн биш цэвэр хөрөнгийн зах зээлийн хэсэг мэргэжилтнүүдийн санаачилгаар 2013 онд батлагдсан шүү дээ. Ийм сан хэрэгтэй гэдгийг санаачилж хууль дээр ажиллаж, батлуулахад нь оролцсон хүмүүсийн нэг нь учраас иргэдэд энэ чиглэлээр туслахад бэлэн бөгөөд нөгөө судалгаа, мэдээлэл дээр нь өөрийн багийн хамт иргэдийн өмнөөс ажиллаж байгаа юм. Санхүүгийн талаар хуримтлуулсан туршлага, мэдлэгээ иргэдэд зориулмаар байна. Миний ойрын ирээдүйн зорилго, хүсэл минь энэ.

-Манай банкуудын өнөөгийн хөгжил, төлөв байдал яг ямархуу хэмжээнд байгааг илэн далангуй яриач. Их л дорой, явцуу, үл бүтэх, итгэлгүй санагддаг юм. Зээлийн хүү гэж асар өндөр. Бууруулах боломж байв ч, эздэд нь ямар ч хүсэл байдаггүй гээд…?

-За, та ёстой буруу ойлгодог юм байна. Монголын банкуудын хөгжлийн түвшин дорой, менежмент муу учраас зээлийн хүү өндөр байдаг гэж ойлгож байгаа нь буруу шүү. Харин ч Монголын банкуудын хөгжил маш сайн шүү дээ. Технологи, программ хангамж, үйлчилгээний үзүүлэлтээрээ хаанахаас ч огт дутахгүй. Харин ч илүү байж мэднэ. Би өөрт тохиолдсон жишээ ярья л даа. АНУ-д очоод банк хоорондын гүйлгээ хийхэд 3 хоног зарцуулж байна. Манайд бол өдөртөө, тэр дороо л гүйлгээ хийгдэнэ. Манай хэмжээ л жижиг болохоос чанар бол огт дутахгүй. Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэл маш хурдан хийгддэг юм.

Танд нэг зүйлийг онцолж хэлэхэд банкны захирлууд зээлийн хүү өндөр байгаасай гэхээсээ харин ч эсрэгээр хүү буугаасай гэж боддог юм. Өндөр хүүтэй байх нь банкны үйл ажиллагаанд хортой байдаг.Яагаад гэвэл өндөр хүүтэй зээл авсан этгээд эргүүлж төлөх магадлал бага, чанаргүй зээл төдий хэрээр үүснэ шүү дээ. Үүнийг банкны захирал огтхон ч хүсэхгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь Засгийн газар, УИХ-ын ажлын уялдаа, төрийн төсөв, мөнгөний бодлого олон жил алдаатай явж ирснээс хамаарсан үзэгдэл шүү дээ. Гэхдээ үүнийг та битгий хэл зарим эдийн засагчид ч ойлгодоггүй юм.

Зээлийн хүү өндөр байснаар банк ашиг олдоггүй юм. Итгэхгүй бол Монголбанкны вэбсайт руу ороод бүх судалгаа, нотолгоо, үзүүлэлтүүдийг харж болно. Сайн мэдээ гэвэл саяхан УИХ-аар Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдлаа, зээлийн хүү буурч эхэлж байна. Хэрэв бид асуудлаа олж хараад хамтдаа зорилго тавиад зүтгэвэл зээлийн хүү буурах боломжтой гэдэг нь нотлогдож эхэлж байгаад хувьдаа баяртай байна. Миний хувьд өөрийн эдий засагчдын багийн хамтаар 2017 оны есдүгээр сард зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж хууль тогтоогч нарт өргөн барьсан. Түүний үр нөлөө яван явсаар сая улс орны бодлого болж батлагдсан шүү дээ.

За, цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.

Latest from Blog

Мэдээ орчуулах »