Б.Баатархүү: Цуглааныг хуулийн дагуу тараасан

0
121

Д.Сүхбаатарын талбай дээр “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс 100 улаан майхан бариад жагсаал зохион байгуулж байсныг Цагдаагийн байгууллагаас тараасан. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“2018 оны  тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал, цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30/3152 албан шаардлагыг хүлээлгэн өгсөн. Мөн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас 6 удаа амаар уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгийн дарга Д.Булгамаагаас цуглаан зохион байгуулагчдад “Жагсаал, цуглаан хийх журмын туxай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 11 дүгэзр зүйлийн 11.3.8 дахь заалтуудыг тус тус зөрчин бүртгэлгүй цуглаан хийж байгаа тул жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийи 14.2 дахь хэсгийг үндэслэн 2 цагийн дотор зохион байгуулж буй хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны 1/1242 тоот шаардлагыг “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд хүлээлгэн өгсөн боловч тарахгүй гэдгээ мэдэгдсэн.

21:50 цагт “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн шаардлагын хугацаа дууссан тул бүртгэлгүй цуглааны үйл ажиллагаагаа сайн дураараа тараах талаар анхааруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!