fbpx

Улс төр - Page 3

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

Л.Энх-Амгалан сайдын эхнэрийн компаниуд Эрүүл мэндийн салбарт “сига”-ддаг уу?!

/

Эрүүл мэндийн салбарынхан дунд “тендэрийн мангас” гэгддэг “Медимпекс интернэйшнл” ХХК Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн халаасны компаниудын нэг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Л.Энх-Амгаланд Эрүүл мэндийн сайдын суудлыг санал болгосон ч ашиг сонирхлын зөрчилтэй тул томилгооны дараахь элдэв асуудлаас эмээн Боловсролын салбарыг хариуцуулсан гэдэг.

Гэхдээ Л.Энх-Амгалан сайдтай боловсролын салбар ч харш юм. Сайдын үүсгэн байгуулсан гэгддэг, ойрын нь хүн болох Ж.Баттөгс захиралтай “Интерпресс” компани нэгэн үе сурах бичгийн тендэрийн “чөтгөр” нь байв. Жишээ татахад, 2018 онд 4 удаа тендэрт шалгарч 192.3 сая төгрөгийн ажил дангаар аваад дампууран алга болсон байдаг.

МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Соёмбо принтинг” ХХК 2017-2020 онд сурах бичгийн тендэрт 34 удаа шалгарч, 3.6 тэрбум төгрөгийн ажил авсан гэдгийн дэргэд бага тоо л доо.

Тийм байлаа гэвч сурах бичгийн тендэрээс халаас хоосонгүй суудаг байсан нөхөр Боловсролын салбарт тамга тэврээд гүйж байгаа нь эрх баригч нам энэ улсад хэтэрхий даам гарчихсан яваагийн илрэл юм.

Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарт илүүтэй зөрчилдөнө гэсний шалтгаан нь 2007.10.18-нд үүсгэн байгуулагдсан “Медимпекс интернэйшнл” ХХК Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн нэр дээр бүртгэлтэй байв. Үйл ажиллагааны чиглэл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн  оношлуур оруулж ирэх.

Сайдын эхнэр хуульч мэргэжилтэй нэгэн бөгөөд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө буюу 2011.12.22-нд “Медимпекс интернэйшнл” ХХК-иа дүү Отгонтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингэлээ гээд эл компани сайдын гэр бүлээс салаад явчихаагүй юм.

Учир нь тус компанийн хувьцаа эзэмшигч нь Интергрупп Интернэйшнл гэж компани бий бөгөөд үүний захирлаар нь Л.Энх-Амгалан сайдын эхнэр Машбатын Сэржмядаг ажилладаг. Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” гэсэн олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтын үр дүнг нягтлахаар 2015 онд УИХ-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллах үед АТГ-аас Л.Энх-Амгалан нь “Интер групп интернэйшнл”, “Интер групп Монгол”, “Эм Си Эс” ХХК, “Монголын майнинг корпораци”-д хувь эзэмшдэг талаар ч тодорхойлсон байдаг.

Тэрчлэн Интергрупп Интернэйшнл компани саяхныг болтол “Ард даатгал” ХХК-д хөрөнгө оруулсан томоохон хувьцаа эзэмшигч байсныг уншигчид мэдэх биз.

Үүнээс анхааран зогтусч, ухаж төнхмөөр мэдээлэл нь Сайдын эхнэрийн дүү Отгонтуяа нь иргэн хүсвэл овог, нэрээ нэг удаа өөрчилж болох зүйл заалтын дагуу овгоо Түдэв болгон сольж, харь элгийн хүмүүс шиг албан бичиг хөтлөх болсон гэлцэж байна.

Яагаад, яах гэж…

Компанийн эзэмшигч цаасан дээр өөрчлөгдсөн цагаас эхлэн үйл ажиллагаа нь өргөжин эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж бодис ханган нийлүүлэх, худалдахаас гадна эмнэлгийн төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг болон гайхалтайгаар томорсон.

Тэрбайтугай өнгөрөгч зургаадугаар сард үйл ажиллагааныхаа чиглэлд байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил хэмээн нэмж оруулсан байна.

Арга ч үгүй биз!!!

Эрхэм Л.Энх-Амгалан байнгын ажиллагаатай парламентын босго алхсанаас хойш түүний хамаарал бүхий компаниуд тендэрээс хойш сууж байсан удаагүй. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, /Булган, Булган сум/-ын тендэр, Индукцийн хоолойтой плазмын спектрометр, Атом шингээлтийн спектрометрийн тендэр, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, оношлуур гээд оролцоогүй, авч чадаагүй бүтэлгүйтсэн тендэр бараг л үгүй.

Хамгийн сүүлд буюу өнгөрөгч долдугаар сарын 9-нд гэхэд “Мед Импекс Интернэшнл” ХХК-иараа Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат оруулж ирнэ гэж 18.480.000.00 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг.  

Тэрчлэн ХДХВ болон ДОХ-ын оношлуурыг оруулж ирдэг тус компаниуд Ковидын шүлсний тестийг оруулж ирсэн гэж байгаа.

Энэ талаарх баримтат мэдээллийг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Ерөнхий сайдын зөвлөхөөс авлигал авсан байцаагчдаа хэрхэх гэж байна, А.Ариунзаяа сайдаа!!!

-САЛБАРТАА САЛАМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЧИХЭЖ ЧАДАХ УУ, САЙД ТА-

Татан буугдсан компанид хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн байх баримтыг нь дэлгэсэн нийтлэлийн дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шилэн дансанд мэдээлэл оруулдаг ажилтнаа буруутган, ажлаас халах хүртэл арга хэмжээ авсан гэнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөл хөтөлбөрүүд, тендэрт хамрагдаж, чамгүй хөрөнгөтэй ажил авсан байсан 2129841 регистрийн дугаартай “Нутгийн буян” ХХК, 5467446 регистрийн дугаартай “Нутгийн буян групп” компаниудын мэдээллийг тус яамны ажилтан яахаараа ч хольж сольж бичсэн байдаг юм.

Тэр тусмаа бүхэл бүтэн 12 жилийн өмнө шахам буюу 2010 онд татан буугдсан “Нутгийн буян” ХХК-ийг нэр, регистртэй нь олж ирээд андуурна гэдэг бас л супер андуурал шүү.

Ийм тайлбарыг өгч, шилэн данс руу шивдэг ажилтнаа халчихлаа хэмээн суугаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга олон нийтийг, хэвлэл мэдээллийн байгууллагатай юутай нь дэндүү басамжлан тохуурхаж байгаа хэрэг.

Улсын мөнгө уйлдаггүй гэдгийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам хорсож, хяхтал батлан харуулж байгааг бид өөр олон баримт, фактаар нотлон харуулах болно.

Хоёр өөр регистртэй байгууллагыг андуурчихаж гээд, тэр дундаа татан буугдсан компанийн данс руу хөтөлбөрийн хөрөнгө шилжүүлж суудаг санхүүгийн алба, үүнийг нь төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон салбар хариуцсан сайд А.Ариунзаяа нар мэдээгүй гэж мэлзэх нь увайгүй.

Муу дээр муу, муухай дээрээ улцан гэгчээр дээрээ эмх замбараагүй, идэж уусандаа холилдон жонхуурсан удирдлагатайн үрээр дороо ч авлигал хээл хахуульд идэгдэн сүйрч байна, энэ яам.

Нийгмийн даатгалын газрын байцаагчид нь авлига авч, иргэдийг олон зуугаар хохироож байгаа явдлыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болоод байгаа Засгийн газрын мэдээ сонины эрхлэгч, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хуруу хумсны үзүүр гэгддэг Э.Долгион Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарыг авлигадаж, хуурамч бүртгэл хийлгэн, компанийнхаа өр ширийг төлөлгүй залилан мэхэлж олон хүний амьдралыг хохироосон үйлдэл Авлигатай тэмцэх газрын хамар дор өрнөж байна. Эл гэмт үйлдэлд Э.Долгионы хуульч гэх эмэгтэй хүртэл оролцсон байгаа нь дэндүү гутамшигтай.

Үүнээс гадна А.Ариунзаяа сайд салбар нь цахимжиж, бүх зүйл ил тод болсон гэж сайрхах ч үнэндээ “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэгдэл” нэрт төслийн мөнгө тэр чигтээ мэдээлэл технологи, компьютер, ширээ сандлын компаниуд руу урссаар байх нь ойлгомжгүй. Үүнийгээ мөнөөх Төрийн нарийн нь мөн л хамгаалан хаацайлж, эртнээсээ л энэ төсөл ийм байдлаар зарцуулагдаж ирсэн гэх жишээний тайлбартай сууна.

Товчхондоо “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн” гэх чухал нэртэй төслийн зориулалт, зарцуулалт өмнөх сайдуудын үед ч зорилгоосоо хазайн урссаар ирсэн гэдгийг эрхэм Төрийн нарийн бичгийн дарга хэлж байгаа юм. Үүнтэй нь энэ цаг үеийн сайд нь ч эвлэрчихсэн…

Ийм байж болох уу, эрхэм А.Ариунзаяа сайдаа!!! Өнөөдөр өөрийг тань өмөөрөх гээд өмнөх сайдуудыг буруутан, булхайтнаар дуудаж яваа төрийн нарийн маргааш таныг буцсаны дараа яг л энэ үйлдлээ гаргаж таарна.

Намын генсэктэй нутаг нуга, “үерхэж” нөхөрлөсөн гэх гавьяагаар салбар хариуцсан сайдаар томилогдсон А.Ариунзаяа та ажлаа авсан даруйдаа Нийгмийн хамгааллын бодлогын газраа Халамжийн бодлого, Нийгмийн даатгалын бодлого болгон хувааж, Хүн амын бодлогын газарт байсан Гэр бүлийн асуудал хариуцсан хэлтсээ газар болгон томруулсан.

Харамсалтай нь, төрийн нарийн бичгийн даргадаа тархиа “атгуулчихсан”, түүний багтдаг бүлэглэл фракцийн өөдөөс сөрж босч чадахгүй жул яваагийн тань уршиг, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэсэн хоёр газраа нэгтгэж нийлүүлэн хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж байгаагүй нягтлан бодогч мэргэжилтэй Б.Батцэцэг гээчид хариуцуулсан балаг гээд олон бөөрөнхий шийдвэртээ өөрөө ороогдсоор дуусах нь ТА.

Өмнө ажиллаж байсан Үндэсний статистикийн хороогоо нүүлгэж авчран судалгаа мэдээлэлтэй сүрхий ажиллах нь гэх хүлээлтийг нийгэмд үүсгэж байсан ч Сү.Батболдын хадам дүү Б.Ундрал, С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн экс бэр А.Халиунаа  нарыг ч хөдөлгөж дөнгөөгүй жижиг улстөрч гэдгээ хангалттай таниуллаа.

Энэ Засаг солигдвол төрсөн өдрийн мэндчилгээн дээр төрийн тамга дарснаас өөр онцгойлон тэмдэглэх тэмдэглэлгүй, санан дурсагдах ажилгүй суусаар А.Ариунзаяа та огцрох нь.

Тиймээс ядаж л Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгионоос авлигал авсан нийгмийн даатгалын байцаагчдаа, Төсөл хөтөлбөрүүдийн захиран зарцуулалт дээр тойм тодорхойгүй чих халууцуулж явдаг, шилэн дансаа ч холион бантангүй хяначихаж чаддаггүй Төрийн нарийныгаа холбогдох газруудад шалгуулж, хариуцсан салбараа дээр доргүй дорвитойхон цэвэрлээд буучихвал нэртэй төртэй, даацтайхан үйл болох юм даа.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Э. Долгионы залилан, авлигын хэргийг шүүхэд өгч, АТГ-аас шалгаж эхлэх гэж байгааг мэдсэн үү, Ерөнхий сайд аа!

/

Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр саяхан томилогдсон Эрдэнэбаатарын Долгионыг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарыг авлигадаж, хуурамч бүртгэл хийлгэн, компанийхаа өр ширийг төлөлгүй, залилан мэхэлж олон хүний амьдралыг хохироосон болохыг АТГ болон хууль, шүүхийн байгууллагууд шалгахаар болж байна.

Өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монголын өдөр тутмын сонин “Засгийн газрын мэдээ” сонинг татан буулгаж, нийт 35 сэтгүүлч, ажилчдыг бөөнөөр нь халах тушаалыг “NNC” медиа компанийн захирал Э.Долгион гаргасан байдаг юм. Түүнчлэн тус компаниас мөн эрхлэн гаргаж байсан “Asia mining” сэтгүүлийг ч бас хаасан.

ХХБанкны олон охин компаниудын нэг болох “NNC”-гийн бүрэлдэхүүнд “Bloomberg Mongolia “ ТВ, өдөр тутмын “Засгийн газрын мэдээ” сонин, уул, уурхайн сэдвээр дагнасан 14 хоног тутмын “Asia mining ”, тэрчлэн “Forbes” сэтгүүлүүд багтдаг байлаа. “ Байлаа” гээд байгаагийн учир нь телевизээс бусад нь бүгд “дампуурсан”.

Мэргэжлийн чадварлаг, хүчирхэг, авьяаслаг баг хамт олонтой, өөрийн гэсэн өнгө төрх, нийтлэлийн бодлогоороо нийгэмд хэдийнэ танил болж, уншигчдын дунд эрэлттэй байсан сонин, сэтгүүл яагаад гэнэт “дампуурав” аа!

Засгийн газрын тухай шинэчилсэн хуулийн дагуу “Засгийн газрын мэдээ” гэдэг нэрийг хувь этгээд ашиглаж болохгүй гэсэн шалтгаанаар хаагдаж, татан буугдлаа гэсэн мессежийг ХХБанк болон Э. Долгионы зүгээс сонины захиалагч, уншигчдад өгсөн. Гэтэл яг үнэндээ “ЗГМ” сонин санхүүгийн хямралд орчихсон байсан юм. Монгол Улсын хамгийн баян, хамгийн их орлоготой , хамгийн том хувийн банк сонин, сэтгүүлийнхээ 35-40 хүнтэй редакцын зардлыг хүчрэхгүй, эрсдлийг даахгүй байсан гэвэл итгэхэд хэцүү биз.

…“Засгийн газрын мэдээ” сонин ХМХ нь 2018 оноос эхлэн ажилчин, ажилтнуудынхаа НДШ-ийг төлөлгүй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр 200 гаруй сая төгрөгийн өртэй болчихсон юм. Энэхүү өрийн 147 сая нь зөвхөн “ЗГМ” сониных. Төлж барагдуулах ёстой өрөө компанийн удирдлагын зүгээс (Э.Долгион ) төлөөгүйн улмаас сэтгүүлч, ажилчид маш ихээр хохирч байлаа.

Мэдээж нийгмийн даатгалын өртэй болохоор тэд эрүүл мэндийн болон бусад нийгмийн шаардлагатай үйлчилгээг авч чадахаа байсан. Орон сууц, цалин, ипотекийн зээлд хэн нь ч хамрагдах боломжгүй болсон. Тиймээс 2018 оноос эхлэн олон удаа Э. Долгионд өрөө барагдуулахыг ажилтнуудын зүгээс шаардаж, эцэстээ ажил хаях шийдвэрийг гурван ч удаа гаргаж байлаа.

Тухай бүрт Э. Долгион өнөө, маргаашгүй төлнө, түр хүлээгээч гэж ёстой уйлан дуулан гуйдаг байсан. Үнэндээ тэр “ Сахал” Д.Эрдэнэбилэг болон өөрийнхөө нэр төрийг бодооч л гэж гуйдаг байсан юм. Сонин хийгээд сэтгүүлчдийн хувь заяа бол падгүй асуудал гэж үздэг байсан хөгийн “бэртэгчин” . Тэрбээр НДШ-ийн өрийг төлөх нь байтугай зарим сард ажилтнуудынхаа цалинг ч тавьж чаддаггүй байсан нь үнэн. Хамгийн гол нь тус компанийн санхүү туйлын дампуу байсан.

Э.Долгион аливаа ажлыг ихэвчлэн авлигадаж явуулдаг байсныг бид мэднэ. Тэрбээр сонин, телевиз, сэтгүүлийнхээ санхүүг барьдаг, захиран зарцуулах эрх бүхий цор ганц мэдэлтэн байсан юм . Салбар нэгжүүдийн Ерөнхий эрхлэгч, захирал нарт нь бол нэг төгрөг ч зарах мэдэл байхгүй шүү дээ. Тэд зүгээр л цөм бэлгэдлийн шинжтэй “амьгүй албат”-ууд. Ер нь ХХБанкны хамааралтай бүх салбар, нэгжийн бизнесийн хийгээд менежментийнх нь соёл нийтээрээ ийм ойлгомжгүй, маш дээрэлхүү, үйл ажиллагаа нь хүмүүсээсээ нууцлагдмал, дарамттай, ямагт хуйвалдааны шинжтэй явагддаг юм гэдгийг шудрагаар хэлэх ёстой болов уу!

Э. Долгион өнөөдөр “NNC”, Блүүмбэргээс зугатан зайлж, Ерөнхий сайдын суганд шургачихлаа. Гэтэл бөөнөөрөө гэнэт халагдаж , гудамжинд хаягдсан сэтгүүлч, ажилтнууд нь хуулийн дагуу авах ёстой нөхөн олговороо ч авч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа тул хохирлоо барагдуулах үүднээс шүүх болон АТГ-т хандаж өнөөдөр бичиг баримтаа хүргүүлж байгаа юм.

Э. Долгионы хамгийн новшийн үйлдэл нь компаниа татан буулгахдаа “Та бүхэн тайван байж болно. НДШ-ийн өрийг төлөөд барагдуулчихсан. Иймээс санаа зоволтгүйгээр очоод НД-ийн дэвтэр дээрээ бичилт хийлгэн, бөглүүлж болно” гэж худлаа хэлж, хулхидсан явдал нь юм.
Ийм явуургүй новшийн зан зөвхөн түүнээс л гарна. Тэрбээр хөгийн аймхай “амьтан” хэдий ч биднийг тухайн үед яагаад ийнхүү “зоригтой”-оор хууран мэхэлсний шалтгаан даруй тодорхой болсон.

Компанийн санхүү, Э. Долгионы зүгээс “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн н. Сод-Эрдэнэ гэдэг байцаагч дээр очоорой. Тэр байцаагч манай сониныг хариуцдаг хүн” гэж онцлон байн байн анхааруулаад байсанд хамаг учир байсан юм билээ. Учир нь Сод-Эрдэнэ хэмээгч байцаагч эмэгтэй “ЗГМ” сонины бүх ажилтнуудын НД-ийн дэвтрийг тамгалан, даатгал, шимтгэлээ төлсөн гэж хуурамчаар таглаж өгсөн байдаг юм.

Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр ч нэг, нэг байцаагчийг нэр заан зааж өгч, өөр байцаагч дээр биш, зөвхөн тэр хүн дээр очихыг зааварлаж бас л тэдгээр байцаагч нар нь сонины бүх ажилчдыг хуурамчаар бүртгэн цахим сайтдаа оруулсан байсан юм. Гэвч зарим нэг маань дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод өөр байцаагчид материалаа өгснөөр Э. Долгионы луйвар, залилан, авлигалын хэрэг ил болсон билээ.

Тухайн үед н. Сод-Эрдэнэ болон бусад байцаагч нарын хийсэн үйлдлийг тэр даруйд нь шалгуулах гэсэн боловч Э. Долгион, “NNC” компанийн хуульч Б.Энхцэцэг нар учирлан гуйж “Энэ бол тэдний буруу биш. Миний буруу. Тэднийг надаас болж ажилгүй болгоод яахав. Ингэж хуурсанд уучлаарай.

Энэ 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр эцэслэн, өр ширээ барагдуулж дуусгана. Би маш хэцүү байдалд байна” гэсэн учир өрөвдөөд үгэнд нь итгэцгээсэн. Гэтэл гуравхан сарын дараа төлж барагдуулна гэсэн өр он дамнан өнөөдрийг буюу 2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийг хүргэлээ. Э. Долгион бидний хэний ч утас, дуудлагыг авахаа байж сураггүй болсон. Түүний санхүүгийн болон хуулийн багийнхан нь бүгд солигдсон.

Харин Э. Долгион нараас авилга авч хуурамч бүртгэл хийсэн н.Сод-Эрдэнэ нарын байцаагчид ажлаа хийсээр л… Ийм байж болох уу, ноён Ерөнхий Сайд аа! Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд аа!

ХНХЯ-ны сайд, хатагтай А. Ариунзаяа Та эдгээр байцаагч нартаа ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Таны хариуцсан салбар даанч муухай болжээ. Авлигад идэгдэн ялзарчихсан байна. Та гэтэл ийм үзэгдэлтэй хатуу тэмцэж байгаа, ажил мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан хүмүүстэй бол эвлэрэхгүй гэж саяхан ярилцлага өгсөн байсан биш билүү!!!

Одоо тэгээд Таныг амласнаа хэр биелүүлдэг болохыг тань харья! Авлигач албан хаагчдад халгаатай сайд байж чаддаг эсэхийг тань мэдье!

Э. Долгион бол цайчихсан гар. Өмнө нь Монгол Улсын харилцаа холбооны аюулгүй байдалд ноцтой халдсан Хятадын төрийн өмчит “ZTE” компанийн авлигын дуулиант хэрэгт холбогдож байсан хур туршлагатай нөхөр шүү дээ. Тухайн үед Хятадуудтай холбогдон Монголын төрийн нэр бүхий хүмүүст авлига зуучилсан гол хүн нь Э.Долгион байсан гэгддэг ч Боловсролын сайд байсан Ё.Отгонбаярт хамаг хэрэг тохогдоод өнгөрч байсныг хүмүүс мартаагүй шүү дээ Ерөнхий Сайд аа!

“ЗГМ” сонины санхүүг хоосолсон хүн бол Э. Долгионоос өөр хэн ч биш. Ганц жишээ дурдахад “GOOGLE” компанитай “Засгийн газрын мэдээ” сонин 100 мянган ам. долларын төсөл хэрэгжүүлэхээр болж мөнгө нь ХХБанкинд эдүгээ нэгтгэчихсэн Улаанбаатар банкны дансаар орж ирсэн ч Э.Долгионы тавьсан хувийн өрөнд нь суутгаад авчихсан болохоор төсөл хэрэгжилгүй унасан. Түүний энэ новшийн үйлдлээс нь болж Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй одоо”GOOGLE” дахиж харьцаж, хамтрахааргүй болсон. Хорлонтой байгаа биз.

Өнөөдөр нийслэл хотын мээр, ноён Д.Сумьяабазар ХХБанкинд барьцаалагдсан хүний нэг болсон. Түүнийг Уул,уурхай хүнд үйлдвэрийн сайд байхад нь Э. Долгион зөвлөхөөр нь давхар ажиллаж байсан. Зөвлөх гэхээсээ илүү Д.Сумьяабазарын дэргэд ХХБанкнаас “суулгасан” бүрэн эрхт “төлөөлөгч”, “манаач” нь байсан юм. Хотын захирагчийг ХХбанк хэрхэн барьцаандаа оруулсан нь жич түүх, үйл явдал болохоор мартчихья. Дараа өгүүлэмз.

Э. Долгион Д.Сумьяабазарын дэргэд зөвлөх байхдаа л олонд ил болсноор “NNC” компанидаа 80 саяын гэрээ хийлгэсэн байдаг. Түүнчлэн ХХБанкаар дарамтлуулж, МИАТ, ИНЕГ-тай жил бүр 300 сая төгрөгийн гэрээг заавал хийх ёстойг тулган шаардаж, хийлгэсэн байсан шүү дээ.

Ажилтнуудынхаа НДШ-ийг ч төлөхгүй , цалингаа тавьдаггүй байсан атлаа энэ их мөнгө тэгээд хаачсан байхав. Хаа явсан газраа хар мөр үлдээж, бусдад гай тарьдаг ийм л нөхөр өнөөдөр Ерөнхий сайдад ажлыг нь зөвлөх хамгийн гол хүний нэгээр очиж байна. Э. Долгионы “ач буянаар” олон хүн хоолноосоо салах биз ээ!

Шуудхан хэлэхэд ХХБанкны эзэн, цуут “сахал” Д.Эрдэнэбилэгт хэвлэл мэдээлэл хэрэггүй болсон тул Э.Долгион “ЗГМ” сонинг хүчээр дампууруулсан юм. Нөгөө “Мавр хийдгээ хийсэн, мавр одоо буцлаа” гэдэг шиг л нэг сонин, нэгэн хамт олны хувь заяагаар тоглочихоод арилаад өгсөн хүний мөсгүй эр. Англи хэлээр ус цас шиг ярьж, үнэтэй хослол өмсөж, алчуур, зангианаас салдаггүй ч , бодит амьдрал дээр тэр үнэхээр арчаагүй ч гэмээр, өрөвдөлтэй “амьтан”.

Эзнийхээ “далласан газар ил гарч , далайсан газар нь далд ордог”, холоос ирж яваа хөлийнх нь чимээнээр л суусан газраасаа огло үсрэн босч, царай нь үхсэн хүнийх шиг цонхийчихдог байсан хөгийн эр л дээ.

Саяхныг болтол сэтгүүлчдэд үүрэгдэн, хамаг бузар булайг нь уудлуулдаг байсан МАН хийгээд У.Хүрэлсүх, Ц. Нямдорж, Л.Оюун-Эрдэнэтэйгээ нэг хөнжилд орж, нэг идүүрээс огт зэнзийрхэлгүй хооллож чадаж байна шүү. Өнөөдөр нэгийг амлаж, маргааш нь л мартдаг, эсвэл ярьсан хэлснээ үгүйсгэдэг хөгийн улстөрчид . Өчүүхэн ч царай нь хувирахгүй, ичиж эмээх ч гэж үгүй, цагийн дотор бие биенээсээ урваж, бие биенээ худалдсан “бацаанууд” 1000 жилийн түүхтэй Монголын төрөөр айл гэр болж тоглодог болсон цаг үе юм даа. Нууж хийсэн хуйвалдсан болгон ил болдог юм шүү Ерөнхий Сайд аа!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо 

“Сахал” Д.Эрдэнэбилэг эрх баригчдад Э.Долгионоо хаяж өгч тохуурхав

/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ынх уу, АН-ынх уу, МАНАН бүлэглэлийнх үү гэх асуулт улс төрийн хүрээнд шуугиан тарьж байна. Урваж, шарвахдаа сурамгай Л.Оюун-Эрдэнэ хүнээс хүнд, бүлэглэлээс бүлэглэлд урвах нь хэтийдээд намаас намд намын даргын тамгатайгаа хэсүүчилж явна.

Түүнийг Тусгаар тогтнолын ордны үүдээр хийморьтойхон шиг хөөгөөд гаргачих амьд амьтан МАН-д алга.

Л.Оюун-Эрдэнэд алгуураар самруулж, цагтаа цаст уулын цагаан барс явсан Н.Энхбаярт идүүлж буй эрх баригч намын хувь заяа 100 жилийн ой дээрээ генсэкийн суудалд тухалсан Говь-Алтайн хөх залуугийн гарын салаагаар элс мэт урсч байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Л.Оюун-Эрдэнэ гадаадад сургууль төгссөн залуусыг зөвлөхөөрөө авч, олон нийтээс алга ташилт сонсч байсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүн болмогц олимпийн аварга, “зодоонч” Н.Түвшинбаярыг зөвлөхөө болгон олныг алмайруулсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хуурай дүү гэгддэг Н.Түвшинбаяр АН-ын батлахтай. Энэ хоёр хүнийг салгаж ярих амар биш.

Эндээс л МАН хүний нөөцийн хомсдолд орчихсон мэт томилгоонуудыг хийж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд улам бүр бантан болж байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буулгах сценарийг бичиж, удирдсан хүнээр нэрлэгддэг, АН-ын пиарчин А.Амундраг эрх баригч намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилсон нь эл намд дайны эрсдлийн даатгалын сангийн хөрөнгөөр тоглосон гэгддэг Голомтын Д.Баясгалан нэмэгдсэнийг харуулсан явдал болсон.

А.Амундра өмнө нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, М.Энхболд нарын пиарыг хариуцаж ажиллаж байсан бөгөөд тэд бүгд ялагдал хүлээж байв. Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдын сурталчилгааг хариуцсан ч амжилт ололгүй хамраар нь газар хатгуулсан. Эцэст нь АН-ын амин судсыг тасдаж, хэсэгчилж тараагаад Амундра нэр нь Ам+Ундраа болоод МАН-д ирсэн нь энэ…

Дээр нь “Херо”-гийн Б.Баатар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Тендэрийн мангас болсон гэгдэх тэрбээр үзэгчгүй наадам найруулж, мөнгө төгрөг гэдгийг тоос хадтал босгож чаддаг гэдгээ харуулж яваа элдэвтэй эр. МАН-ын ахмадууд намын даргынхаа ахыг “зажлалгүй залгиж, дүлэлгүй баах” нөхөр хэмээн тодорхойлсон байна лээ.

Ийнхүү Ардчилсан намын сайн эрсийг эргэн тойрондоо шингээж явсан Л.Оюун-Эрдэнэ эцэстээ эздийг нь, энд тэнд гийналдах “гөлөгнүүдтэй” нь чирч ирэв.

Гуя дагуулж хүзүү гэгчээр АН-аас Ногоон нуур, 32-ын тойрог орчимд нэр дэвшиж явсан “Bloomberg”-ийн тодотголтой Э.Долгион ч эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөгөө өгөхөөр зайдагнаад авав.

Саяхан л Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж, 49 хувь эзэмшигчдийг хөөж туугаад байсан Хэнтий нутгийн эрс Худалдаа хөгжлийн банкныхны халаасанд багтаж, хэтэвчний хараат болсон шүү гэдгийг элэглэн зарлаж буй сахал хочит Д.Эрдэнэбилэгийн тохуурхал энэ биз дээ. Түүнээс Э.Долгион гэх жирэмсэн эмийн шээх газраас хол алхахгүй, жижиг тугалын бэлчих газраас цаашихыг харж дийлэхгүй нимгэн бөгөөд нөмгөн эр Монгол Улсын Засаг захиргааг зөвлөн тохинуулна ч гэж юу байхав. Энэ бол энэ улс орныг хэтэрхий басамжлан доромжилсон томилгоо юм.

Сумын уурын зуухны галч хүн улс төрд шат ахиж, улс орноо өөд нь татаж болохгүй юу хэмээн уйлан дуугараад байсан Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн түүхтэй намаа насны ой дээр нь булшилж, тэмцэнэ дуусгана гээд байсан МАНАН бүлэглэлийнхээ хатавчинд хамраа дөрлүүлэн хөтлүүлээд суух хөөрхийлөлттэй эр байж.

Өсөхийн өлөн арилдаггүй, хургандаа цадаагүй бол хонь болсон ч майлсаар байна зэрэг айхтар үгсийг энэ зуурт саная.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хөндөхтэй зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллага тагнаж, чагнасан дуулиан дэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Тагнуулын дарга Д.Гэрэлд хэн үүрэг өгөв, яагаад “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал тогтоосон үетэй давхцав. Юуны учир “онц дэглэмийн дарга”-ын ажлыг шалгах, тогтоох хүнийг томилох болсон. Тэр нь яагаад заавал Я.Содбаатар, Ж.Энхбаяр гэж… гээд олон асуулт хөвөрч байсан өдрүүд рүү санах ойгоо гүйлгэе.

Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг нь Эрдэнэт үйлдвэр байв. Тэрбээр хөндөх төдийд өрвөлзөж, шарваганаж, дуулиан дэгдээнэ. У.Хүрэлсүхийн ажиллагааны эсрэг “гудамжинд” явсан Ж.Батзандан ил гарч “Эрдэнэтийн 49 хувийнхан Л.Оюун-Эрдэнийг зайлуулах ажиллагаа явуулж байна. Түүнийг холдуулж 49 хувийг халааслаад үлдэх нь” хэмээн попорч байлаа. Улмаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг зүгээр үлдээхгүй гэдгээ зарлаж, гэнэтхэн Д.Гэрэл гэж хүн энэ Монголын хамгийн новшийн тагнуулч гэгдэн хэвлэлээр нүдүүлсэн.

У.Хүрэлсүх ч нүднээс далдуур дүүдээ хоёр ч удаа нударганы амт үзүүлж, “Эрдэнэс Монгол”-ын захирлыг шинэчлэн, төрийн өмчит компанийн удирдлагуудыг Шадар сайд Я.Содбаатарын гарт атгуулсан. Энэ мэт жүжгээ үнэмшилтэй болгохын тулд Х.Баттулгатай ам мурийж, буруу харан амьсгаадаж байв.

Бүлэглэлүүдийн эл драмыг, давааны цаадах даваанд боохойтой нийлсэн өлсгөлөн ноход бүгж, хоттой хонь руугаа мөлхөж байсныг харамсалтай нь тахлын хөл хориогоор тархиа базуулчихсан монголчууд бид анзаарсангүй.

Өсөхийн өлөн нь дарагдаагүй хулгайч нар “Хулгайчийг бариарай” гээд хашгирч байсныг нь мэдсэнгүй.

Одоо харин баруун зүүн мөрөн дээр нь барьцаа ахиулж хумсаа шигтгэн суусан баялгийн хулгайч бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнийн гар, У.Хүрэлсүхийн тархиар Эрдэнэтээс ч илүү зүйл рүү орохоор төлөвлөж, улаан цагаандаа гарсан тоглолтыг ийнхүү хийж эхэллээ. Үүний нотолгоо болж тун удахгүй, магадгүй өнөө маргаашгүй монголын баялгийг дарж хэвтсэн бүлэглэлүүдийн ширүүхэн зодоон эхэлж, гэдсэндээ хөлөө жийлцэн уралцах нь тодорхой биз.

Харин баялагтаа эзэн байх хувьгүй, амны хишиггүй монголчууд бид хичээл сургууль цугласнаас болж хүүхдүүдийн дундах халдвар ихэслээ хэмээн тулга тойрон шаагилдаж, урд хормойгоо өшигчин гүйсээр бахь байдаг амьдралдаа гурилтай шөлөө идээд үлдэнэ…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Г. Өнөрбаяр дарга аа, Япончуудын өгсөн 1.1 сая ам.долларыг хэрхсэн бэ!

/

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам гэж үйл ажиллагаа нь дампуурч, нурчихсан газар байх боллоо. Энэ яам эрхэм зорилгоо “Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино” гэж тодорхойлсон байдаг юм. Гэвч амьдрал дээр энэ яамны бодлого, зорилго цөөн хэдэн хүний хууль бусаар хөлжиж баяжихад чиглэгдэж хувираад удлаа.

Яамны зүгээс Монголын нийгэм, нийт хүн амын хөгжлийн төлөө гээд нэрлэчихээр нэг ч сайн зүйлийг хийхээ больсон төдийгүй харин ч тунхагласан үүрэг зорилгынхоо эсрэг ажилладаг болсон гэдгийг итгэлтэйгээр нотлон, хэлэх байна. Энэ яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүдийн үйл ажиллагаа, алхам бүрээс энэ бүхэн маш тод анзаарагддаг. Нас барсан хэдэн зуун хүний нэр дээр хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө гаргаад завшчихна. Монгол Улсын иргэдийн тэтгэврийн сангийн хөрөнгийг “хулгайлж” хоослоно.

Тэгээд ямар ч ял зэмгүй мултарч, дараагийн дарга нь ирж яг ийм цэсээр “хоолондоо” орцгооно.

Монголын иргэд маш муухайгаар хохирч үлдэнэ.

Нэг ийм хөгийн яамыг Засгийн газар яагаад одоо болтол цэгцэлдэггүй нь гайхмаар. Жилд ХНХЯ-наас нэг нь л хамгийн багаар бодоход тэрбум төгрөгийн дүнтэй дор хаяж 10-15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь НҮБ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн бусад байгууллагууд, хандивлагч улс орнуудын буцалтгүй тусламж, эс бөгөөс хүүгүй урт хугацааны зээлээр санхүүжиж хэрэгждэг.

Харамсалтай нь энэ их мөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, түүний монголчуудад наалдсан үр дүн гэж огт харагддаггүй. Харагдуулахыг төсөл, хөтөлбөрийг хариуцсан дарга нар нь огтхон ч хүсдэггүй.

Тус яаманд хэрэгжүүлдэг энэ олон төслийн, энэ их мөнгө ингэхэд хааччихаад байна вэ?

Г.Өнөрбаяр дарга аа!!!

Төрийн нарийн бичгийн даргын хувьд, яамны бүхий л мөнгө, санхүүг сүүлийн 6 жил захиран зарцуулж байгаа эрхтэй хүний хувьд, яаман дээр хэрэгжүүлдэг бүхий л төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шууд хариуцдаг удирдагчийн хувьд одоо нэг сайхан дэлгэрэнгүй тайлан, тайлбарыг Монголын иргэддээ өгөөч!

Ингэх нь таны үүрэг.

2020 онд гэхэд танай яаманд гадаадын буцалтгүй санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууссан гэх тус бүр нь 1 сая ам.долларын үнийн дүнтэй 12 төсөл байх юм.

Гэтэл иргэдэд ил тод, нээлттэй байх ёстой яамны чинь шилэн данс, мэдээллийн сайтуудад чинь 8 төслийнх нь хэрхсэн талаар ямар ч мэдээ, мэдээлэл алга байгаа нь сонирхол татаад байна. Яасан байх уу? Дарга аа!

Тухайлбал, 2020 оны гуравдугаар сард Японы Засгийн газраас “Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн ядуурлыг тэгш байдлын өгөгдөл ашиглан судлах нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр 1.2 сая ам.долларын буцалтгүй санхүүжилтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр буюу UNDP –ээр зуучлуулан танай яаманд олгосон байна. Танай яамнаас ч энэ төслийг 2020 оны наймдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард амжилттай хэрэгжүүлж хаалаа хэмээн мэдэгдсэн байх юм.

Гэвч хэдэн төгрөгийн санхүүжилтээр хаана, яг юу хийсэн, ямар ажил гүйцэтгэсэн гэх мэт тодорхой задаргаа, тайлан тань хүссэн хэн бүхэнд, тэр тусмаа Монгол, Японы Засгийн газарт, зуучлагч НҮБ-ын байгууллагад ил байх ёстой биз дээ. Гэтэл төслийн талаар ямар ч мэдээлэл яамны шилэн данс болон мэдээллийн сайтад алга. Албан ёсны пэйж дээр чинь ч алга. НҮБ-ын шилэн дансанд ч алга байна.

Яагаад ингэж таг нуух хэрэгтэй болов оо!

Хэрэв андуураагүй бол Ковид-19 цар тахал ид тархаж байх цаг үед ямар ч мөнгө алга гэж “уйлан дуулаад” байсан яамны нэг нь танайх мөн шүү дээ. Гэтэл хорио цээрийн улмаас Монгол Улсын хэмжээнд сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж, зогссон нь хүүхэд, залуучуудад ихээхэн хүндрэл учруулсан. Ажилгүйдэл эрс нэмэгдэж, олон зуун байгууллага, аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, дампуурсан. Ядуурал улам нэмэгдсэн.

Ийм эрсдэлтэй үед, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулах хүртээмжтэй, тогтвортой арга хэмжээ авах, улмаар иргэдийн амьжиргааны түвшинд үзүүлэх урт хугацааны сөрөг нөлөөг бууруулж, нийгмийн зорилтот бүлгийн цаашид гарах болзошгүй эрсдлийг даван гэтлэх чадварыг дээшлүүлэх, мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох үндсэн зорилготой хэдэн их наядын төсөл хөтөлбөр танай дээр хэрэгжсэн байх юм. Тэдний зөвхөн нэгийнх нь талаар энд дэлгэж байна.

Яг үүнтэй ижил 8 төслийн талаарх мэдээлэл хаана байна аа!

Энэ их мөнгөн дүнтэй төслүүдийг хэрэгжүүлснээр Монголын нийгэмд, иргэдэд эерэг ямар үр дүн гарав аа! Эхний ээлжинд зөвхөн энэ төслийнхөө талаар эрхэм Төрийн нарийн бичгийн даргаа, Та нэг сайхан халаач! Танай ХНХЯ-наас хэрэгжүүлсэн бусад төслийн санхүүгийн зарцуулалтын ил байгаа задаргаа, тайлан, тайлбар ч гэж аймшигтай болохыг харлаа. Асууж тодруулах асар их юм байна. Эхнээс нь эхлээд ээлж дараатай тайлбарлуулья!

Эрэн сурвалжлах үндэсний “Наж могой” нэгдэл

Луйвардуулсан 130 тэрбум төгрөгөө олоод ирээч, Л.Оюун-Эрдэнэ сайдаа

/

Бусдыг тонон дээрэмдэж, өмч хөрөнгө, мөнгө төгрөгийг нь булааж, луйвардаж, дээрэмдэж болохгүй, өөрийнх л биш бол бүр сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг ч байсан зөвшөөрөлгүй, хуулиас гадуур авч болохгүй.

Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жилд Монголын нийгэмд цагаан захтнуудын хулгай луйвар нүүрлэж, бүр цагаандаа гартлаа цэцэглэн дэлгэрлээ. Хэдэн арав, хэдэн зуун тэрбумаар нь завшин хулгайлж, бие биедээ давуу эрх олгож, эх орон, ард түмнээ хохироосон гэрээг үзэглэж, хөрөнгө бэлээ зузаатгадаг нь гэм биш зан болов.

Улстөр, банк санхүү, бизнес, хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон зохион байгуулалттай бүлэглэлүүд үүсч, эрээ цээргүйгээр дээрэмдэж байна. Харийнхантай нийлж баялгаа цөлмөж, татвар төлөгчдийн мөнгийг хоослон, ил далд луйвардсаар Монголын эдийн засаг өр ширд баригдан өндийж тэнхрэхээ байлаа.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компанийн 100 хувийн хөрөнгө оруулалт буюу 130 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан, олон улсын жишигт тэнцэх Монголын цор ганц эмнэлэг болох “Эрдэнэт Медипас” эмнэлгийг хэсэг хүмүүсийн бүлэглэл нууцаар, маш нарийн аргаар, улсад сохор зоос ч төлөлгүйгээр хувийн өмч болгон завшсан хэрэг явдал юм.

Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдан авч хувьдаа завшдаг луйвар улаан цагаандаа гарсны тод жишээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 130 тэрбум төгрөгөөр баригдсан Япон, Францын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Япон технологи бүхий “Эрдэнэт Медипас” эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлж, хэн оролцож, хэрхэн “бэлэглэснээ” үйлдвэрийн удирдлагууд одоо ч нам нууцалсан хэвээр. Тэр байтугай энэ өндөр өртөгтэй, орчин үеийн жишиг эмнэлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын буюу улсын мэдлээс гарч, хувийн өмчид шилжин даруй зургаан жил болчихсон байсныг Монголын ард иргэд, эрдэнэтчүүдийн дийлэнх нь өнгөрсөн хавар УИХ-ын чуулган дээр Шадар сайд С.Амарсайханы танилцуулгаас л мэдэж авав.

Улсын, ард иргэдийн өмчийг олигарх бүлэглэл чимээгүй, сэмээрхэн хулгайлсныг С.Амарсайхан анхлан мэдээлсэн гэсэн үг.

Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий цогцолбор эмнэлгийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Японы эрүүл мэндийн байгууллагуудтай менежментийн удирдлагын түвшинд хамтран, тус улсын эмнэлгийн үйлчилгээний менежментийг Монголд нутагшуулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” 2015 оны есдүгээр сард Японы эрүүл мэндийн хамтын ажиллагааг дэмжих “Mедипас” нийгэмлэг, Японы хөрөнгө орууулалттай гэх “Медипас” ХХК-тай урт хугацааны хамтран ажиллах гурван талт гэрээг анх байгуулсан байдаг. Гэрээг байгуулсан даруйд “Эрдэнэт үйлдвэр” 49 сая ам.долларын хөрөнгө бүхий “Эрдэнэт-Медикан” эмнэлгээ “Медипас” ХХК-д дөрвөн нөхцөлтэйгөөр шилжүүлэн өгсөн байна.

Энэ нь мэдээж нэгдүгээрт, Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, Японы хөрөнгө оруулалтаар нэмж 200 ортой эмнэлэг байгуулах, гуравдугаарт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, улмаар Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн бүс нутгийн иргэдэд үйлчлэх бүсийн оношилгоо эмчилгээний төв болгох, дөрөвдүгээрт уг эмнэлгийг байгуулахад гаргасан 130 тэрбум төгрөгийг Японы тал 18 жилийн дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцааж төлөх нөхцөлтэйгээр гэрээнд тусган ажлаа эхлүүлсэн байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” компанийн нийгэмд чиглэсэн хөгжлийн менежментийн хүрээнд босгосон хамгийн том бүтээн байгуулалт бол энэхүү оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт-Медикан” төв байсан юм. Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо үйлчилгээг эх орондоо, тэр тусмаа Эрдэнэт хотдоо хийлгэдэг болох нь хэмээн монгол хүн бүр, тэр тусмаа эрдэнэтчүүд баярлан хөөрч байсан цаг саяхан.

Гэтэл баяр хөөр түр зуурынх байсныг, энэхүү хамтын ажиллагааны гэрээ гэдгийн цаана 100 хувь улсын хөрөнгөөр газар талбай авч, барилга байшингаа барьж, хамгийн шилдэг тоног төхөөрөмж худалдан авч байгуулсан 130 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийг дээр дурьдсан бүлэглэл хувьдаа завшин 100 хувь хувийн эзэмшилд шилжүүлж байсныг хэн ч гадарлаагүй юм.

Энд маш том хуйвалдаан, луйврын схем зурагдаж хэрэгжсэн байдаг.

Тийм ч болоод тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан ноён Ц.Даваацэрэнг энэ луйвартай холбогдуулж, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст, “..эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 130 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хувийн “Медипас” компанид шилжүүлэн өгч, улсад онц хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол гаран өдгөө эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ.

Менежментийн хувьчлалаар япончуудад өгөө л биз. Ямар хятадуудад өгсөн биш. Бидэнд япончуудынх шиг чадвар байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т гаргасан хөрөнгө мөнгийг эргүүлж төлөх л юм байна гэж өмөөрөх хүмүүс ч гарч ирж байх шиг байна.

Тэгвэл гэрээ ёсоор жил бүр “Медипас” ХХК –иас Монголын талд буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  2 тэрбум төгрөг төлж байх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хачирхалтай, санаанд багтамгүй нөхцөлөөр энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрт өгч байсан байдаг юм. Яаж гэхээр,”Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2 тэрбумыг өөрөөс нь жил бүр аваад түүнийхээ 1.5 тэрбумыг нь буцааж өгдөг байж…

Ингэтлээ цагаандаа гарсан дээрэм гэж байх уу? 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ХХБанк авчихсан байсныг Монголын төр буцааж авсан. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь төрийн өмчит компани болсон. Тэгэхээр улсаас 100 хувь хөрөнгийг нь гаргаж барьж байгуулсан “Медипас” эмнэлэг бол Монголын ард түмний өмч юм. “Эрдэнэт үйлдвэр”-ээс асар их хөрөнгө гаргаж ард түмэндээ, эрдэнэтчүүдэд үлдээсэн маш том хөрөнгө оруулалт.

Тийм ч учраас эмнэлгийн нээлт дээр төр, засгийн удирдлагууд, сайд дарга нар “… Энэ бол Эрдэнэт үйлдвэрээс ард түмэндээ барьж буй бэлэг, Улаанбаатарт буй хувийн эмнэлгүүдээс 10 хувийн бага үнээр үйлчилгээ үзүүлнэ, Бүсийн эмчилгээ оношилгооны том төв болгоно…” хэмээн ам мэдэн ярьж байсан бичлэг нь баримт болон үлдсэн байдаг. Гэтэл ард түмэнд биш хэсэг нөхдөд хуйвалдан бэлэглэсэн байж гэдгийг, 2016 оноос хойш уг эмнэлэг улсын биш хувийн хэвшил гэж бүртгэгдсэн байсныг сая л монголчуудад Шадар сайд хэлж өглөө.

Төрийн өмчийн үйлдвэрээс 100 хувь хөрөнгө гаргуулаад, эргүүлээд төлж барагдуулах ёстой мөнгөө мөн төрийн үйлдвэрээс өөрөөс нь гаргуулж өөрт нь буцааж өгч төлдөг ийм нөхцөлийг хэн гээч эрх мэдэлтэн хүлээн зөвшөөрсөн байж таарах вэ?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд яагаад энд хяналт тавьсангүй өдий хүрэв!

Эмнэлгийн үйлчилгээнд гадаад руу урсаж буй асар их валютын урсгалыг Монголдоо үлдээх, дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэмээн зорилгоо тодорхойлсон “Эрдэнэт медипас” эмнэлгийн эмчилгээ, оношилгооны үнэ тариф ч амласан ёсоор 10 хувь хямд байсангүй.

Улаанбаатарын хувийн том эмнэлгүүдийн тарифтай ижил, бараг илүү ч үнэтэй үйлчилдэг нь хувьд шилжсэний нотолгоо байж. Энэ эмнэлгийг хувьд нууцаар шилжүүлсэн үйлдлийн цаадах маш том хуйвалдааныг бид илчлэхийн төлөө ажиллана. Монголчууд хэдий болтол ингэж ямагт дарлуулж, ноомой царайлж явах ёстой юм.

Халдварт цар тахал хурдтай тархаж буй онцгой энэ цаг үед энэ том эмнэлэг монгол хүний төлөө үйлчилж байх ёстой…

Өвдөж шаналж буй хүмүүст ор хүрэлцэхгүйгээс Засгийн газар аргаа барж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна. Орхон аймагт ч гэсэн МҮСТ-ийн байрыг суллан өвчнүүдийг хэвтүүлж байхад хамгийн орчин үеийн энэ том эмнэлэг аль хэдийнэ хувьд шилжээд мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэгхэн хүнд үйлчилж байгаа нь зүйд нийцэх үү?

Уг нь “Медипас” ХХК-тай байгуулсан энэхүү шударга бус гэрээг цуцлах шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -аас  гаргасан юм.

Гэтэл “Медипас” ХХК уг шийдвэрийг эсэргүүцэж, Сингапурын олон улсын Арбитрт 2020 оны арванхоёрдугаар сарын 9 өдөр нэхэмжлэл гаргаж, гэрээг цуцлахтай холбоотойгоор гэрээнд заасан асар их дүн бүхий төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулахаар ичгүүргүйгээр заргалдан маргаан үүсгэчихээд байна. Урагшгүй, шуналтай бүлэг хүмүүсийн уршгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дахин Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдлаа. Маргааныг шийдвэрлэх анхны хурал удахгүй Сингапурт болно.

Монгол Улсын Засгийн газар харин 120 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай, өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай Япон, Францын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, лабораторын бүх төрлийн шинжилгээ, мэс заслын тусламж, дурангийн хагалгаа болон цус тогтоох ажилбар, компьютер томограф, МRI, рентген зураг авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээг тасралтгүй 24 цагаар хийдэг энэ эмнэлгээ буцааж авах байр суурь дээр хатуу зогсож байгаа нь талархалтай юм. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С. Амарсайхан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үед зориулалтын дагуу даруй ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгож байсныг эргэн саная.

Тухайн үед холбогдох саналыг боловсруулж УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Ганбат, Шадар сайдын Ажлын албаны дарга Ц. Уртнасан нарт үүрэг болгож байсан ч наадам, тахилга, олимп, тахал, тарваганы мах хураалт гэж гуйваад чимээгүй болов.

Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох огцрохгүйн асуудалтайгаа ноцолдоод бүр сураггүй… Уг нь тэр энэ мэт алдсан мөнгөө олж ирээд байвал танхим нь тогтвортой ажиллах томоом том гавьяануудын нэг болох байлтай.

НАЖ МОГОЙ Үндэсний холбоо

Ц.Элбэгдорж шиг ганц жимтэй болохгүйн тулд Х.Баттулга Хэнтий зүгээс эргэн ирнэ

/

АН нөхөн сонгуульд бутарсан ноёдоо нэгтгээд хамтарч оролцоно гэж байгаа ч эрх баригчдын хүсэл энэ чигээр нь самарсаар дуусгах. Тиймээс сөрөг бус сөлир хүчин болчихоод буй энэ намын эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл цурманд орохгүй биз.

Нэр дэвшигчид нь ч МАН-ын захиалгаар тодорно гэчихэд хол зөрөхгүй.

Ямартай ч М.Тулгат даргатай АН-ынхан Хэнтийн тойрогт ач холбогдол өгч ажиллаж байгаа. С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нар Хэнтий аймагт ажиллаад ирсэн гэх бөгөөд нөхөн сонгуулиар Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр тойрог усалж яваа болов уу.

Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас Хэнтий аймагт М.Хүдэрбаатарыг нэрлэсэн. Олон жил сойгдсон М.Хүдэрбаатар сонгуульд одтой нэгэн биш. Гэсэн ч О.Цогтгэрэлийн гол найдвар нь.

Гурав дахь хувилбар бүхий таамаг нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бие даах /МоАХ/ сураг бий. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай тохиролцоонд хүрвэл Сонгинохайрхан дүүргийг орхиж, Хэнтийн зүг хөдөлнө.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт өрсөлдөхөөр эртнээс бэлтгэлээ базаасан. Цэцийн шийдвэр гарч, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон цагаас эхлэн Д.Сумъяабазартай сэм тохирсныг нь улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Энэ үнэн бол хотын мээр намынхаа, тэр дундаа генсэкийнхээ эсрэг ажиллаж байгаа гэсэн үг.

Ямартаа ч Д.Сумъяабазарыг огцруулах бичгийг ХҮН-аас НИТХ-д сонгогдсон Л.Наранбаяр өргөн барихаар гарын үсэг цуглуулахад АН-ын бүлгийн гишүүд хөдлөөгүйг мартаж болохгүй.

Тухайн үед Л.Наранбаярыг МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн захиалгаар хотын даргыг огцруулах акц өрнүүлж, гарын үсэг цуглуулсан гэж Д.Сумъяабазарын талынхан үзэж байв. Орон нутгийн сонгуулиас хойш таагүй харилцаатай болсон хотын дарга, эрх баригч намын генсэк хоёрын харилцаа олны нүдэнд олзлогдож байсан үе.

Харин эл акцид үл нэгдэн, гарын үсэг зурж болохгүйг НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Х.Баттулга анхааруулж, хэрэгжилтэд нь асашёрюү Д.Дагвадорж хяналт тавин ажилласан гэдэг. Хариу нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар дэмжлэг үзүүлж туслахаар болсон гэлцээд өнгөрсөн.

Учир нь Сонгинохайрхан дүүрэг Д.Сумъяабазарын гэх тодотголтой болоод удаж байгаа. Дүүргийн Засаг даргаас эхлээд хорооны төлгөн дарга нар хүртэл түүний командынх. Тиймдээ дүүргийн МАН-ын хорооны зарим удирдлага Х.Баттулгад тусалж байгаа мэдээлэл цацагдаж, Тусгаар тогтнолын ордонд “түймэр” ассан удаатай.

Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын харилцаа АН-ын дотоод дахь хагарал мэт өдөр ирэх бүр муудаж байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Х.Нямбаатарыг голлох үүрэгтэй ажиллах даалгаврыг намаас өгсөн болов уу.

Х.Баттулгын хувьд АН-аас нэр дэвших боломж хомс. О.Цогтгэрэл талын АН халаасанд нь бий ч уршиг ихтэй. Тэгэхээр бие даах хүслээр бэлтгэлээ базаасан байх.

Гэхдээ эл тойрогт МАН-ын генсэк Д.Амарбаясгалан нэр дэвшиж магадгүй байгаа нь Женкогийн хувилбарыг өөрчлөхөд хүргээд байгаа гэнэ. Тэдний хэн хэн нь нэг тойрогт халзагнахыг хүсэхгүй тул ясны бизнесч Х.Баттулгад эрхэм генсэкийн зүгээс нөхөн сонгуульд зарцуулах зардлын нь мөнгийг өгөөд Хэнтий рүү хүлгийн жолоо эргүүлэх санал тавих биз. Х.Баттулга ч татгалзахгүй. Учир нь түүнд Сонгинохайрханаас илүү Хэнтийн иргэд саналаа өгөх магадлал нь өндөр юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа ил зарласан. Түүний хөтөч “Херо” Б.Баатар хүртэл У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлснээр найрал дууны баг болох О.Цогтгэрэлийн АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш суусан билээ. Тэгээд Х.Баттулга улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хувиар өгсөн сүүлийн 60 минутын ярилцлагадаа гурвантаа тодотгосон шүү дээ. Тэгэхээр нөхөн сонгуулиас өөр хэзээ, ямар нөхцөлд эргэн ирэх гэж…

У.Хүрэлсүхийг дэмжиж ажилласны шагналд Хэнтийн тойрог, буудуулах шампансктайгаа хамт, бүр зарцуулах зардалтайгаа цуг ирж байхад тэгтэл татгалзана гэж үү.

Эл тойрогт ээжийн минь нутаг гээд Н.Энхбаяр санаа бий ч жинхэнэ эцэг нь Намбар биш Дадал зүгийн өвгөн одоо ч амьд сэрүүн бий гэх жалга дов дамжсан хов угтаж болзошгүй тул төдийлөн хол явахгүй биз.

Тэгэхээр Х.Баттулга парламентын босго давж чадвал Н.Алтанхуягтай ойр ажиллах нь лавтай. Ерөнхийлөгчийн суудлаас өндөр рейтингтэй буусан, одоо ч Засгийн газраас илүү нэр хүндтэй яваа түүнд нөхөн сонгуулийн дэвжээ ээлтэй, зөөлөн байх нь тодорхой юм.

Тэрбээр УИХ-ын гишүүн болж, Н.Алтанхуягтай ойлголцоод УИХ дахь АН-ын бүлгийг бүрэн атгаж, тарж бутарсан намаа эмхлэн эвлүүлсээр 2024 оны сонгуультай золгоно. Эс чадваас Ц.Элбэгдорж шиг гутлаа тослож, хувцсаа гөвөөд хуулийн байгууллагын үүд сахьсан “өвгөн” болох биз.

Татвар төлж үзээгүй “Трафигура” Л.Оюун-Эрдэнийг огцруулахад нөлөөлөх үү?!

/

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард эхлэх ч тодорхой шалтгаануудын улмаас ээлжит бус зарлан хуралдуулахаар яригдаж байна. Яаралтай хэлэлцэж батлуулах хэд хэдэн хуулийн шаардлага бий гэж байгаа ч үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Одоогоор Ардчилсан намын 11 гишүүн дээр МАН-ын хэдэн гишүүн нэгдэн зурсан мэдээлэл байна.

Туршлага мэдлэггүй, сул дорой нөхдөөр багаа бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн танхим үе үеийн Засгийн газраас хамгийн муу үнэлгээтэй байгаа нь үнэн.

Тэр дундаа шатахууны үнийн огцом нэмэгдэл, хэзээнээсээ хуурамч шатахуун үйлдвэрлэгч хэмээн чичлэгдэж ирсэн “Трафигура” нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын уналтад хамгийн том нэрмээс болсон талаар эрх баригчид ярьж, тус компанийг буруутгаж байна.

Харин Л.Оюун-Эрдэнэ эл компанитай хэрхэн холбогдох болов, МАН-ын будаг нь ханхалсан шинэхэн даргыг Засгийн газартай нь ганхахад хүргээд байгаа “Трафигура” гэж ямар учиртай аж ахуйн нэгж вэ. Хэзээнээс Монголд хөл тавьж, хэн ард нь байдаг болоод энэ Засгийн хувь заяанд нөлөөлөх болов…

Сингапурт төвтэй эл компани Монгол Улстай 1988 оноос харилцаатай ажиллах болсон байдаг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг авдаг топ 5 компанийн нэгээр нэрлэгдэж байв.

Зэс авдаг байсан “Трафигура” удалгүй Монголын зах зээлд хөл тавьж, тэр бүү хэл эзэн сууж амжсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний зөвлөх асан П.Цагаан нартай холбогддог.

П.Цагаан “Голомт” банкны ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ энэ компанийн удирдлагатай холбоо тогтоож, улмаар Монголын үүдийг үүцтэй нь нээж өгсөн гэдэг. Улмаар П.Цагааны гэр бүлийн бизнес гэгддэг “Ачит Ихт” компани керосин авахын тулд “Трафигура”-тай хамтарч эхэлсэн байна.

Өдгөө ч хуурамч шатахууны түүхий эд болоод байгаа керосиныг “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд л зэс уусган баяжуулахад хэрэглэдэг.

“Трафигура” өмнө нь Монголд 3000 орчим тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин импортолж, зөвхөн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын зэсийн үйлдвэрийн хэрэгцээг хангаж байсан бол 2020-2021 он, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ засаглаж эхэлсэн сүүлийн хагас жилийн статистик мэдээгээр энэ тоо 1.5 сая тонн болтлоо өссөн үзүүлэлттэй гарч.

Тэгэхээр Монгол Улсын дотоодын керосины жилийн хэрэглээ ердөө 3000 тонн байхад үлдсэнийг нь хаашаа, хэнд нийлүүлсэн байхав гэх асуулт үүсч байна.

Хариулт нь, үлдсэн керосиноор Трафигура хуурамч шатахуун үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн гэх хардлага, шүүмжлэлийн эх болж байгаа юм.

Үүнийг батлах мэт тэд “Эрдэнэт”, “Эрдэнэс-Таван толгой” гэхчлэн томоохон уул уурхайн компаниудаас зэс, нүүрс авч, оронд нь шатахуун нийлүүлэх болсон.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүдэд тус компани Монголын зах зээлд хөлөө олж, хөрөнгөжиж амжсан байдаг юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч ОХУ-аас нийлүүлэх нефть бүтээгдэхүүний үнэ унасан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг гэнэт гаргасан.

Энэ нь Трафигурад боломж олгосон шийдвэр байсан бөгөөд тэр үеэс эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуурамч шатахууны бизнес цэцэглэх үүд хаалгыг цэлийтэл нээсэн гэсэн үг.

Ийнхүү Ц.Элбэгдорж, П.Цагаан, Ч.Сайханбилэг нарын илтэд дэмжлэгтэйгээр өндийсөн “Трафигура” хуурамч шатахууны бизнес эрхлэхийн зэрэгцээ арилжааны хоёр ч банкинд хувьцаа эзэмшигч болсон байдаг. Нэг нь Голомт банк.

Голомтын Д.Баясгалан Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудлаар ойртож, хэтэвч төдийгүй хэтийн үйлээр нэгдсэн гэх мэдээлэл өнгөрсөн оны турш хэвлэлийн хуудаснаас салаагүйг уншигчид санаж буй биз ээ.

Тэгэхээр Х.Баттулгад хөтлүүлэн гүйсээр энэ хүрсэн Л.Оюун-Эрдэнийг Трафигура компанитай холбон чичилж байгаад тэгтэл гайхаад байх зүйл үгүй юм.

Ямартай ч Монгол Улсад ганц төгрөгийн татвар төлж байгаагүй Трафигура гэх Э.Жононбаяр захиралтай компани энэ Засгийн газрын хүзүүнээс зүүсэн бул хар чулуу нь болж явсаар эцэстээ Л.Оюун-Эрдэнээ огцруулаад дуусах бололтой.

Уг нь энэ компанид татвар ногдуулсан бол жил бүр 27-40 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдгийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хэлж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн “зөвлөх” хэвлэлүүдийг мөнгө төлөн “мөшгүүлж” байна

/

Сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, инноваци, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглалын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар мэргэжлийн бус нөхрийг томилоод жилийн нүүр үзлээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцааны менежерээр төгсч, олон улсын хэдэн төсөл хөтөлбөрүүдэд туслахаар ажиллаж байсан бүсгүйг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөрөө ажиллуулж байгаад тус газрын дарга болгон дэвшүүлэн томилуулсан байдаг.

Үндсэндээ энэ улсын хөгжил, тэр дундаа IT технологийн бодлого, хөгжлийг Олон улсын харилцааны менежер хүүхэн тодорхойлж чиглүүлж яваа хэрэг.

Тиймдээ ч улс орнууд цар тахлын тархалтыг IT технологийн салбарынхныхаа хүчээр хумиж, дарж байхад манайх Ерөнхий сайдын зөвлөх нэрт танхил бүсгүйгээр удирдуулсны гороор дотооддоо төдийгүй хилийн гадна үнэ хүндээ алдаад, хөөгдөж туугдан явна.

Хилийн цаана монголчуудыг хүлээж авах улс олдохгүй, дамжин өнгөрүүлэхээс ч ихэнх орон татгалзаж байна.

Ард иргэдийн ийнхүү адлагдаж, зовж яваа зовлонгийн томоос том шалтгаануудын нэг нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг мэргэжлийн бус хүн удирдаж, тэр хэрээрээ гадаад байтугай дотоод дахь харилцаа, мэдээ мэдээллийн систем нь шалаар нэг болсны гор юм.

Өөрийн нь мэдлэг чадвар дутуугаас улс орон нь тахалд нэрвэгдэж, тахлаа хумьж дийлэхгүй байгаа арчаагүй нэр хүндээс нь болж гадны улс орон монголчуудыг хүлээж авахгүй байгааг ойлгохгүй яваа Б.Болор-Эрдэнэ нь муу дээрээ муу, муухай дээрээ улцан гээч бодлого, шийдвэртэй нэгэн аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь түүндээ найдан “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур ярин нүүрээ улалзуулж явахад өнөөх нь ар хударгаар нь өөрийгөө бичиж, шүүмжилж буй хэвлэл мэдээллийг шигшиж, бүртгэж, хянаж цагдаж байх хөтөлбөр боловсруулаад хувийн байгууллагад улсын мөнгөнөөс төлж явна.

Монголын шилдэг, чадварлаг бүхий л IT мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, тэднийгээ удирдан чиглүүлээд хийлгэчих бүрэн боломжтой байгууллага атлаа “Цахим туслагч” гэх Төрийн бус байгууллагатай гэрээ хийж сошиал орчныг тандан мөшгүүлэх ажлыг өнгөрсөн хугацааны турш хийж иржээ.

Тус байгууллагатай хийсэн гэрээ нь “И-монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой мэдээллийн сайт, фэйсбүүк, твиттер орчны мониторингийн үйлчилгээний эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг зохицуулна” гэх хачин гоё зорилготой.

Харамсалтай нь, “Цахим туслагч” гэх төрийн бус байгууллагын хийсэн ажлын тайлан, тайланг нь хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдлаас үзвэл төрийн мөнгөөр хувь хүний нэр төртэй холбоотой мэдээ мэдээллийг “мөшгөсөн, мөшгүүлсэн” гэмээр харагдана.

Цахим болоод сошиал орчинд дээрх гэрээний дагуу мэдээллийг хайх түлхүүр үг нь “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ” гэх үг бололтой.

Ийм л үг өгүүлбэр орсон бүгдийг хамаад ир гэсэн гэрээ шиг байгаа юм.

Үүнийг “Цахим туслагч” ТББ-аас хийсэн тайлан нь нотлоод өгнө. Тухайлбал, Ч.Номин сайдыг шүүмжилсэн тэс хөндлөн утга агуулгатай бичвэр дотор мань Б.Болор-Эрдэнийн нэр ганц удаа дурьдагдсан байхад, тэрбайтугай Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гаргасан мэдэгдэл дотор мөн түүний нэр нэг л удаа бичигдсэн байхад ЭЕРЭГ, СӨРӨГ мэдээлэл гэгдээд чирэгдээд ирсэн байгаа юм.

Тэр дундаа хамгийн хөгийн нь эрхэм Б.Болор-Эрдэнэ гуай Монголын сайтуудыг A, B, C гэж ангилаад жагсаачихаж. Ангиллыг нь хөөж үзвэл өөрийг нь үргэлж магтдаг бол A, цөөн магтсан бол B, харин шүүмжилдэг, эсвэл өөрийнх нь тухай ганцхан удаа мэдээ бичсэн бол C зэрэглэлийн сайт юм байх.

Төлбөр авч мониторинг хийж өгсөн “Цахим туслагч” ТББ ч нүглийн нүдийг гурилаар хуурна гээч болж захиалагч Б.Болор-Эрдэнэдээ таарсан таар шуудай шиг тайлан хийж өгчээ.

Энэ зэргийн судалгааг манай www.niigmiintoli.mn сайтын технологийн албанаас энгийн өдрийн ажлын нэг хэсэг болгоод хийчихдэг юм шүү дээ, Б.Болор-Эрдэнэ дарга аа!!!

Хагас жилийн дотор бүхэл бүтэн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твиттерийн идэвхтэй хаягуудыг төсвөөс мөнгө гарган, гаргуулан байж шалгаж шүүсэн хэрнээ жирийн нэг малчны хоттой хонины тооллогоос ч дор, тэс хөндлөн хазайсан ажил хийсэн байх юм.

Ийм нялх нялцгай, бага залуу настай дарга байж хэвлэл мэдээллүүдээ хянаж цагдаж, үг өгүүлбэрээр нь бүртгэлжүүлж өдрийг өнгөрөөж болох уу.

Гэрээний чинь жинхэнэ зорилго, зорилт цаасан дээрээ бол өөр юм. Яг цаасан дээр буусан, хийгдэх ёстой байсан жинхэнэ мониторингийг чинь манай сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр хийгээд өгчихье.

Мониторинг гэж ямар байдаг, түүний тайланг яаж хийдгийг манай сайтаар дамжуулан үзээрэй…. Угаасаа Б.Болор-Эрдэнэ гэсэн нэр орсон мэдээ мэдээлэл бүрийг “Цахим туслагч” ТББ-аас чинь эрхэм таны барьж буй гар утсанд шууд өгдөг гэдгийг дээрх гэрээн дээр тань тодотгон тэмдэглэсэн байна билээ.  

Том дэвсгэрт Засгийн газрыг тонгорох уран мэх биз, Монголбанкны ерөнхийлөгч өө!!!

/

Монгол Улс Венесуэлийн түүхийг давтахаар бэлтгэл ажлаа базааж байна. Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байсан нь саяхан. Том мөнгөн дэвсгэрт гаргахын хэрээр иргэдийн гар дээрх мөнгөн дэвсгэрт цаас болон хувирч, эдийн засгийн эргэлт зогсон бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж, валют чангарч, ард түмний амьжиргааны түвшин дордон турж үхэх аюул нүүрлэснийг дэлхий нийтээрээ харж, халаглав.

Яг энэ замыг сонгон УИХ-ын дарга Г.Занданшатар болон Төв банкны удирдлага нүдээ анин алхахаар шийдлээ.

Долоо хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч, том мөнгөн дэвсгэрт гаргах ажлыг даалгасан. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Дөлгөөн ч толгой дохиод ажилдаа оров. Тэд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг шахаж, орон зайг нь нөхөх том мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх нь эдийн засагт ээлтэй гэх элийрсэн тайлбарыг хийж байна.

Угаасаа 50 000, 100 000 дэвсгэрт зах зээлд гарснаар 1, 5, 10, 20, 50, 100 төгрөг гүйлгээнээс шахагдах нь үнэн.

Тэгэхээр эрхэм Спикерийн эл шийдвэр, үг үйлдэл нь Төгрөгийн ханш суларч, эдийн засаг туйлдсаныг зарлан мэдээлсэн хэлбэр юм.

Нөгөөтэйгүүр, эрх баригчдад гүйлгээний бүртгэлгүй, тээвэрлэж зөөх, улмаар нэрээ нууцлахыг хүссэн хууль бус үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой буюу мөнгө угаах, авлига хээл хахууль авч өгөлцөхөд хялбар, хамгийн тохиромжтой механизм хэрэг болж.

Европын холбоо 500 еврогийн дэвсгэрт гаргаснаа буцаан татсан жишээ бий. Учир нь Европын холбооны дэргэдэх Цагдаагийн агентлаг Европол, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн судалгаагаар 500 еврогийн дэвсгэрт бүхий 1сая еврогийн жин ердөө 2кг татаж байсан бол 100 еврогийн дэвсгэрт бүхий 1сая доллар нь 22кг-тай тэнцэх хэмжээний жинтэй байж. Тиймээс энэ нь мөнгө угаах, хар тамхины наймаа, татвараас зайлсхийх зэрэг бэлэн мөнгөөр үйлдэгддэг гэмт хэргийг илүү хялбарчилж өгөх болно гэж үзсэнээс 500 еврогийн дэвсгэртээ гүйлгээнээс буцаан татсан байдаг.

Өнгөрсөн оны эхээр Монголбанк 50 000 дэвсгэрт гаргахаар зэхэж байсан удаатай. Тухайн үед мөн өнөөгийн санаачлагчид 20 000 дэвсгэрт 7 ам.доллартай тэнцэж байгаа тул 50 000 дэвсгэрт гаргана гэх утга бүхий санаа гаргаж, түлхүүрдэж байв.

Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, бүтэлгүйтсэн.

Угтаа Монголбанк нь том дэвсгэрт хэвлэх гэж зүтгэх бус 20000-тын дэвсгэртээ 7 бус 10 ам.доллар түүнээс дээш доллартай тэнцэх бодлого боловсруулж ажиллах ёстой биш үү.

Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаснаар бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, төгрөгийн ханш шалаар нэг хөглөрнө гэх өчүүхэн атугай мэдлэг эрхэм Спикерт алга уу… Эсвэл хэн нэгний гар хөл болж, энэ Засгийн газрыг нэгмөсөн хөнтрөх хорон нүүдлийн эхлэл үү?!

Олон удаагийн хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч олонх нь хаалгаа барьсан, Г.Занданшатар дарга аа.

Экспорт 50 хувиар тасалдан эдийн засаг 5.3 хувиар агшчихсан. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үр дүнгүй, эзэндээ хүрэхгүй, энэ зууны хамгийн муу хөтөлбөр болж байна.

Нотолгоо нь инфляци.

Ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргах нь шийдэл биш гэдгийг тоо бүртгэгчийн хүү, дээр нь өөрөө эдийн засагч Г.Занданшатар мэдэхгүй байна гэдэг эмгэнэл.

Төвбанкны одоогийн удирдлага Б.Лхагвасүрэнг Г.Занданшатараас салгаж харах боломжгүй. Нэг тэрэгний хоёр дугуй, гар нийлсэн хамтрагчид гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй. Г.Занданшатар УИХ-ын даргын албан тушаалд очмогцоо тухайн үеийн удирдлага болох Н.Баяртсайханыг ээлжгүй чичилсээр буулгаж өөрийн хүнээ ичгүүртэйгээр томилсон нь Б.Лхагвасүрэн.

Уг нь төвбанкны Ерөнхийлөгч нь хөөгдөж байхад дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэн дэвших битгий хэл дагаад арилах учиртай байв. Тэр хөөгдөөгүйнхээ төлөөсөнд мөнгөний бодлогоо самарч, эрх баригч намын 100 жилийн ойг тохиолдуулан намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын хувь заяанд эрхэм спикер Г.Занданшатарын зүгээс барьж буй “бэлэг” болох 100 мянгатын дэвсгэртийг хэвлүүлэх гээд чичрэн дайрч буй нь эмгэнэлтэй хэрэг.

Л.Оюун-Эрдэнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж, МАН-ын даргын суудалд заларсан цагаас эхлэн Монголбанкны бодлого өөрчлөгдөж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны эсрэг ажилласаар байгаа гээд дүгнэчихэд төдийлөн хилсдэж, зөрөхгүй.

Төсөв, мөнгөний бодлогыг харсан эдийн засагчид ч энэ талаар тодорхой жишээтэйгээр ярьж байна.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн автортай 10 их наядын хөтөлбөр Төвбанкаар дамжин хэрэгжиж байгаа ч, харамсалтай нь хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас Монголбанк Сангийн яамтай тэрсэлдэж ирэв. Тэр бүү хэл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө 1 их наяд төгрөг татаж тохуурхсан.

Үүний уршгаар хөтөлбөр үнэгүйдэж, үр дүн балартсан нь нийтэд ил жишээ.

Б.Лхагвасүрэнд ерөнхий удирдлага шилжсэнээс хойш Монголбанк чиг үүргийн бус үйл ажиллагаанд хэт хутгалдах болсон нь үнэн. Орон сууцны үнэ тэнгэрт хадсан явдал түүний удирдаж буй бодлогын алдааны уршиг. Төвбанк судалгаанд суурилсан алсын хараатай, бие даасан бодлого бүтээх чадваргүй болж, арилжааны болон гадны компанийн утсан хүүхэлдэй шиг ажиллаж байгааг эдийн засагчид ил шүүмжилж байна.

Банк бус санхүүгийн байгууллагын эзэд төвбанкинд ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй тэдгээр нөхдийнхөө аманд мэдлэг дулимаг, ажил гүйцэтгэх чадваргүйнхээ гороор багтчихсан энэ нөхөр өнөөдрийг хүртэл Засгийн газрын эсрэг бодлого явуулсаар байгаа нь анхаарлын гадна үлдээх сэдэв биш.

Европ хүртэл том мөнгөн дэвсгэртээс татгалзаж, дэлхий нийт цахим мөнгөний хэрэглээнд шилжиж байгаа энэ үед Спикерийн эдийн засгийн мэдлэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг зажлахгүй залгихаар зэхсэн нь ил.

Ам.долларын ханш харьцангуй өөрчлөлт багатай байгаа ч юанийн ханш чангарсаар байна. Ганц үүгээр нь төвбанкны удирдлагатай хариуцлага тооцох боломжтой шүү дээ, Ерөнхий сайд аа!!!

Том мөнгөн дэвсгэрт энэ Засгийн газрыг тонгорох уран мэх гэдгийг адгийн тэнэг ч ойлгоод байна.

Цар тахлаас ангижрахын тулд цаасан мөнгөний хэрэглээнээс иргэд аль хэдийнэ татгалзаад эхэлсэн. Банкууд ч цаасан мөнгө нь хадгалах, хамгаалах, ариутгах зэрэг арчилгаа ихтэй, цаашлаад АТМ, касс гэхчлэн биет хүн ажиллуулах шаардлага зайлшгүй үүсгэдэг, шууд утгаараа ЗАРДАЛ гэж үзэж байна.

Ийм байхад Монголбанкны удирдлага болоод УИХ-ын даргын зүгээс мөнгөний ийм бодлого барих гэж зүтгээд байгаа нь олон хардлагыг араасаа дагуулж байгаа юм.

Том мөнгөн дэвсгэртэд өчүүхэн ч эерэг тал үгүй бөгөөд үнийн шууд хөөрөгдөл, төгрөгийн үнэгүйдэл, мөнгө угаалт, авлигал хээл хахууль, хар тамхи, хүний наймаа гэхчлэн томоохон гэмт хэргүүдийн төлбөр тооцооны хэрэгсэл болох эрсдэл дүүрэн байхад ТЭД адаглаад эрүүл эдийн засгийг илтэд хүсэхгүй байгаа нь дэндүү ойлгомжгүй юм.

Мэдээ орчуулах »