fbpx

Баримт Факт

/

МИАТ гүтгэлэг гэсэн мэдээллээ өөрсдийн мэдэгдлээрээ нотлоод өгчээ

Төрийн өмчит МИАТ компани мэдэгдэл гээч юм гаргаад албан мөн биш нь тодорхойгүй “МИАТ” гэсэн нэртэй цахим хуудсаар шиджээ. Үүндээ “Нийгмийн толь цахим хуудсаар МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ ялгаж “тоншоод” байна уу, үгүй юү?!

/

Нүүрсчидтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл нэг л хүчгүй, худал хуурмаг болж харагдаад байгаа. Түүнийг намын дарга, Засгийн газрын тэргүүний эрх мэдэл,

Шээх эрхийг хязгаарласнаас бөөрний нь ажиллагаа бүрмөсөн зогсчээ

/

Хорих анги дотор хүн амины хэрэг гарчихаад байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа хэдий хүртэл ажилласаар байх гэсэн юм бол… Ер нь ялтанд ч хүний эрх байдгийг энэ газрынхан мэддэггүй бололтой. Хүнийг хүн гэж боддоггүй, эгээ л зааз хүлээж буй мал шиг харьцдаг шийдвэр гүйцэтгэгчид дахин нэг хүний амь нас, амьдралын өдөр хоногуудаас хороосон бодит жишээ бидэнд байна. Тэдний хөлдүү, хүйтэн, харгис араншингийн золиосонд хоёрхон сарын өмнө эрүүл саруул, элдэв асуудалгүй явсан нэг иргэн нарт хорвоогоос буцчихаж мэдэхээр эрүүл мэндийн асуудалтай болчихож.

Одоогоос 10 гаруй хоногийн өмнө дамжин өнгөрөх 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэний амьд явах эрхэд ноцтойгоор халдаж, өтгөн шингэнээ цаг тухайд нь гадагшлуулж байх эрхийг зөрчиж буй харгис үйлдлийн талаарх мэдээлэл сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулж байсан. Тэрчлэн эм тарианы хангалтаа шалтгаан тодорхойгүйгээр тасалдуулснаас Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэдийн эмчилгээ ч тасалдсан талаар өмгөөлөгч бүсгүй өөрийн нүүр хуудастаа бичиж байв. Харамсалтай нь, буруу булхайдаа уучлал гуйж залруулахын оронд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс шүүмжлэлт мэдээллүүдээ устгуулж байсан ШШГЕГ-ын удирдлагуудын алдаа оноо нь хүний эрүүл мэнд, амь насанд учирсан бодит хохирол, хорих ангид гарсан хүн амины хэрэг сэлтээр баримтжигдлаа.   

Өмгөөлөгч эмэгтэйн үйлчлүүлэгч бөөрний дутагдалтай, эрүүл мэндийн эмгэгээсээ болж ойр ойрхон шээдэг байсныг үл харгалзан, Цагдан хорих 461-р ангийн эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд өдөрт гуравхан удаа шээлгэж байснаас болж яллагдагчийн зүүн бөөрний үйл ажиллагаа зогсч, улмаар шээс хуримтлагдаж байснаас болж өдгөө баруун бөөр ч зогсох эрсдэлд орчихоод байгаа аж.

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиант мэдээлэл гарсны дагуу яллагдагчийг Мөнгөнгүүр эмнэлэгт сүр дуулиант харуул хамгаалалт дор аваачиж үзүүлэхэд бөөрний үйл ажиллагаа нэгэнт зогссон гэх онош гарч… Ийм онош тавигдсан байхад ямар нэг эмчилгээ дур мэдэн хийх нь хүний амь нас хохироож болзошгүй эрсдэлтэй гэдгийг нарийн мэргэжлийн эмч бүхэн хэлж байна. Гэтэл Хорих ангийн эмч нар юу нь мэдэгдэхгүй эмчилгээг үргэлжлүүлж, эмч нарын зөвлөгөөний хурлаар артерийн даралт нь 160-ыг зааж байхад 140 гэж тэмдэглэ гэхчлэн харгислаж байсан нь аймшигтай.

Мэдлэг мэдээлэл, ур чадвар дутуугийн дээр, нэмээд харгис хэрцгий ийм эмч нар бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн гэдэг ой гутам… Тэдэнд эмчлэх эрх бий юү, О.Амарсанаа дарга аа!!!

Бөөрний дутагдлын эцсийн шатанд цусны даралт ихсэх хорт хам шинж бий болж гиперрениний механизм давамгайлж цусны сийвэнгийн ренин 2-3 дахин ихсэж рениний өндөр идэвхжил бүхий гипертензи үүсч, даралт бууруулах эмээр зохицуулах боломж алдагддагийг наад эмч нар чинь огт мэддэггүй юм байна.

Тэрчлэн үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал ингэтэл доройтон, амьдрах наснаас нь өдөр хоногууд хоргодож буйд тэвдсэн өмгөөлөгч нар нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Н.Жанчивнямбуу нарт Цагдан хориог өөрчилж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах эрхийг олгооч гэх хүсэлтийг удаа дараа тавьсаар байсан ч үл ойшоосоор өдгөө нэг иргэний амь насыг үхэл сэхлийн заагт авчирчихаад байгаа нь зүхэл ч багадмаар харгислал юм.

Цагдан хоригдож байгаа иргэн хуульд заасан зарим эрхээ хязгаарлуулж байгаа болохоос эрүүл мэндийн үйлчилгээ авах, бие засах зэрэг наад захын эрх нь амиа өгөх хүртэл зөрчигдөж буйд дорвитой арга хэмжээ авч чадахгүй, тайлан мэдээ төдийхөн бэлтгэсээр суух уу, Хүний эрхийн үндэсний комисс!!!

Өнөөдөр амиа, амьдралаа эцсийн шатанд хүртэл хохирчихоод буй эл яллагдагч гэх эрхмийг Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдоход хүргэсэн баримт нотолгоо төдийлөн байхгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Энэ нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учиртал цагдан хорьж, алиатах шаардлагагүйгээр гадуур шалгаж болох байсан гэсэн үг юм.

Тэгэхээр хүнээ, иргэнээ боддоггүй, өөрсдийгөө зааз гүйцэтгэгчид гээд ойлгочихсон гэмээр прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдэд өм цөм цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эрчтэй, эрчимтэй явагдаж буй ШҮҮР ажиллагааг хууль цаазын салбараас эхлэхгүй бол энд хэлмэгдүүлэлт, хэрэг наймаалцал, авлигал, харгислал гээд хүний ертөнцөд байж боломгүй бузар булай бүхэн дэлгэрч, залруулж дийлэмгүй алдаанд орж байгаа юм биш биз.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусдыг ялладаг газар биш.

Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх үүрэгтэй энэ газрын удирдлагуудыг нэн даруй өөрчлөхгүй бол эргэлтээр ирсэн ар гэрийнхнээс ч өмхий хамхай нь сагасан модон жорлонгоо харамлаж, цоожтой бүргэд хаалга хийчихсэн байгаа нь дэндүү шившиг биш үү, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Нандинболор оо!!!

ЦЕГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар байсан нөхөр ямар лифтээр өгсөхөөрөө ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх албыг удирдаад, хүний эрх гээчийг хөсөр гээгдүүлчихсэн явдаг юм… Нэхэн сурвалжлах л асуудал…

Үргэлжлэл бий…

Д.Мөнх-Эрдэнийн араас С.Энхболдыг ч “явуулах” юм биш үү, Ерөнхий сайд аа!!!

/

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод хэдхэн хонож байна. Түүнийг хоёр хүүхдээ ӨМӨЗО-ы Хянган замын дунд сургуульд суралцуулж “сургалтын төлбөр” нэрээр 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулан эхнэртээ шилжүүлсэн хэмээн буруутгасан.

Тэгвэл С.Энхболд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа эхнэртээ сар бүр 4.5 сая төгрөгийг 2 жилийн турш шилжүүлж байжээ. Түүний үйлдэл гэмт хэргийн шинжтэй, улсад учруулсан хохирол нь Д.Мөнх-Эрдэнийнхээс хэд дахин илүү тул гарцаагүй хариуцлага хүлээх ёстой биз, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Тэрбээр Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжсэн “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөлд эхнэрээ төслийн ажилтан хэмээн бүртгэлжүүлээд Б.Цолмонгийн ХААН банкны ………. тоот данс руу сар бүр 4.0 сая төгрөгийг шилжүүлж байсан байх юм.

Нэг хэсэг Эрүүл мэндийн салбарыг С.Энхболд бус эхнэр Б.Цолмон нь удирдаж байна гэх шүүмжлэл газар авахтай зэрэгцэн мань эр “Эхнэр маань намайг сайдаар томилогдмогц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн гэрийн эзэгтэй “албан тушаалд” шилжсэн” хэмээн хамгаалж байсныг бид санаж байна.

Харамсалтай нь С.Энхболд гэгч Монголын ард түмнийг тэр чигт нь хуурч байж…

Түүний эхнэр Б.Цолмон салбар яамыг удирддаг гэсэн салбарынхны нь үг ортой төдийгүй төслийн нэгжид ажилладаг гэх хуурамч тушаалыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэгээр гаргуулан, ийнхүү сар бүр 4.0 сая төгрөгийг авч байсан байж таарлаа.

Эхнэр Б.Цолмон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Хэнтий аймгийн Бэрх тосгоны бага сургуулийн нэг ангид хамт сурч байсан гэдэг болохоор С.Энхболд гэгч нөхөр ял зэмгүй өнгөрнө гэж үгүй биз дээ, Ерөнхий сайд аа!!!

Тэрчлэн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхантай Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэг ангийг дүүргэсэн гэдгээр ч хаацайлагдахгүй гэж харж байна, У.Хүрэлсүх ээ!!!

С.Энхболд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар дотно найзууд төдийгүй бизнесийн хамтрагчид гэдэг. “Монголын хэвлийн хөндийн радиологийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь С.Энхболд бол гишүүнчлэлд нь Ц.Эрдэнэбилэг байдаг.

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбилэгийг С.Энхболд сайд болмогц яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар татаж авчирсан гэлцдэг. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо жилийн орлого нь 67.5 саяас 111.3 сая болж, гэр бүлийн орлого нь 20.3 саяас 46.2 сая болж огцом өссөний шалтгааныг жич судлан хүргэнэ. Ц.Эрдэнэбилэгийн томилгоотой зэрэгцэн эхнэр нь ч ЭХЭМҮТ-д тасгийн эрхлэгчээр ажилд орсон сонирхолтой мэдээлэл бий.

С.Энхболдын нэрээр улсын бүртгэлд “Эрүүл энх ирээдүй шонхор төв” төрийн бус байгууллага бүртгэлтэй бөгөөд захирлаар нь ажиллаж байсан Х.Чулуунчимэг гэгч 2020.04.01-нд Нэгдүгээр эмнэлгийн тасгийн эрхлэгчээр томилогдсон байсныг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Тус төрийн бус байгууллагын гишүүн Л.Ундармаа ч мөн Нэгдүгээр эмнэлэгт албаны даргаар 2019.08.31-нд томилогдсон байдгийг С.Энхболдтой холбон үзэхэд буруутахгүй юм.

Тэрбайтугай Гаалийн ерөнхий газрын гаалийн байцаагчаар 2020.01.13-нд томилогдож байсан Г.Ананд, “Моннидер” буюу Оргилын Ж.Ганбаатарын бизнесийн хамтрагч Б.Хишигжаргал, Плас спийд ХЗХ-ны Р.Оюунчимэг нар ч уг төрийн бус байгууллагын гишүүнчлэлд байдаг нь орхигдуулахгүй судлах өнцөг мөн.

Цар тахлын үеийн хөрөнгөн дээр сайд Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан нарыг буруутган чичлээд байдаг болохоос жинхэнэ хамаатуулан шалгах хүн бол С.Энхболд юм. Тэрбээр 2020.01.19-нд салбарын сайдаар томилогдож байсан бөгөөд Монгол Улс дахь дотоодын халдвар түүнийг томилогдсоноос хойш буюу 2020.11.11-нд анх бүртгэгдэж байв.

Тэгэхээр коронавирусын халдварыг дотоодод алдсан хүн нь С.Энхболд гэсэн үг.

Тийм атал түүнтэй хэн ч хариуцлага яриагүй хаацайлж явна.

Цар тахлын халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш, С.Энхболдыг салбар хариуцсан сайдаар ажиллах хугацаанд аудитаар нийт 117,050,226.9 мянган төгрөгийн 14 алдаа, зөрчил илэрсэн байдаг. Үүнээс 30,555,118.4 мянган төгрөгийн 4 алдааг залруулж, 30,254.0 мянган төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт, 86,412,488.8 мянган төгрөгийн зөрчилд 7 албан шаардлага, 52,365.7 мянган төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 ч зөвлөмжийг өгсөн байгаа юм.

  • Мөнгөн гүйлгээний тайланд 15,403,066.2 мянган төгрөгийн орлогыг дутуу тусгасан;
  • ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын дансанд бүртгэсэн Унгар улсын Засгийн газрын хандиваар нийлүүлэгдсэн 5,588,081.5 мянган төгрөгийн үнэтэй 33 иж бүрдэл амьсгалын аппаратыг давхардуулан бүртгэсэн;
  • Үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа материал данснаас 48,162.2 мянган төгрөгийн Ремдисивир эмийг тушаалын дүнгээс зөрүүтэй хуваарилсан;
  • Эрүүл мэндийн сайдын 2021.06.10-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжсэн Цахим эрүүл мэнд төслийн MN-МОН-120874-NC-RFB-PACS дугаар бүхий гэрээгээр нийлүүлэгдсэн 2,543,534.3 мянган төгрөгийг хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй, Засгийн газар, БНСУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу нийлүүлсэн 6,972,274.2 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг данс бүртгэлд тусган залруулсан
  • Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” 67/А/268, А/387/99 дугаар хамтарсан тушаалаар ЭМДС-аас тайлант онд 368,618,174.7 мянган төгрөгийн Ковид-19-ын эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байхад Эрүүл мэндийн яам давхардуулан 93,647,571.1 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн худалдан авалтыг ЭМЯ хийж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан ноцтой зөрчил
  • Тайлант онд 64,441,843.8 мянган төгрөгийн үнэ төлбөргүй шилжүүлсэн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урьдчилж олгосон зардлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй
  • Анх нийлүүлсэн барааг өөрчлөн нэмэлт гэрээгээр 4,303,180.0 мянган төгрөгийн шууд худалдан авалт хийсэн. Өндөр өртөгтэй тоног төхөөрмжийн засварын гэрээний дүнгээс 159,262.8 мянган төгрөгийн илүү санхүүжилт олгосон.
  • ТӨБЗГ-ын 2021 оны 361 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 31,960.0 мянган төгрөгийн үлдэх өртөгтэй Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг балансаас балансад  шилжүүлэн авсан
  • Тайлант онд уг автомашины урсгал засварт 28,195.6 мянган төгрөгийг зарцуулсан
  • Тайлант онд нийт 4,872,748,500.00төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг захиалагчаас шалтгаалан гэрээнд заасан хугацаанаас 1-65 хоног хоцроосон байна
  • Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 4 хөтөлбөрийн 16 арга хэмжээнд 1,061.5 тэрбум төгрөгийг зарцуулж, 98.3 хувийн гүйцэтгэлтэй ажилласан боловч нийт төлөвлөсөн арга хэмжээнээс 6 нь зорилтот түвшиндээ хүрээгүй.
  • Эрүүл мэндийн яамны 2021 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлангаарх нийт хөрөнгийн дүн өмнөх оноос 7,101,347.1 мянган төгрөгөөр буюу 10.3 хувиар буурсан гээд түүнд хамаарах онц ноцтой зөрчлийг тоочоод барахгүй.

Түүнээс “Нэг өрх нэг шинжилгээ” аян нэрийн дор салхинд хийсгэсэн 18 тэрбумыг асууж, хариуцлага нэхэх цаг ч нэгэнт болсон. Нийслэлийн иргэдийг хатуу хөл хорионд оруулан байж хэрэгжүүлсэн эл аяны нөлөөгөөр халдвар буурах бус эсрэгээрээ эрчимтэй өссөн үзүүлэлттэй байсан нь ял асуух хангалттай үндэслэл.

Энэ бүх ноцтой зөрчил, хариуцлагын алдааг Л.Оюун-Эрдэнэ сайд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр түүнийг танхимаасаа чөлөөлсөн байж таарна. Харин өнөөг хэр яагаад эрүүгийн хариуцлагад татан, шалгуулахгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Эхнэртээ гаргуулсан хуурамч тушаал, хуурамч тушаалыг үндэслэн сар бүр их хэмжээний мөнгө хувь данс руу нь шилжүүлж байсан ганц хэрэг нь л гэхэд Консул асан Д.Мөнх-Эрдэнэд оноосон ялтай дүйцэх ялыг эдлүүлэх хангалттай шалтгаан шүү, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Үргэлжлэл бий…

Сошиалд “итгэдэг” даргадаа зориулсан ээлжит ҮЗЭГДЭЛ нь эхэлжээ

Эрх баригч намын эмэгтэйчүүдийн хэмлэлдээн, алдаан дээр нь дөрөөлж түлхдэг адгийн авир засагдах бус техник технологийн хөгжлийг ашиглан улам бүр хорон, ой гутам болж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амбицтай хүүхнүүдийнхээ араа соёонд олон ч жил зуугдаж байна.

Гурав дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан ч Хөгжлийн банк, ЖДҮ, Нүүрс, Боловсролын зээлийн сан гээд алинтай ч нэр холбогдож байгаагүй нь бусаддаа таалагддаггүй бололтой.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан амьжиргааны түвшин доогуур өрхийг “Ул”-ныхан гэж нэрлэж хэвшээд удсан байсныг ил хэлснээрээ тэр буруутсан. Уг нь энэ намынхан, ялангуяа бүсгүйчүүд нь нэгнээ гэдэг байсан бол өмнөхөн нь сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа Д.Сарангэрэлийнхээ төлөө ганц үг дуугарчихсан бол гоё харагдах байлаа. Харамсалтай нь бүгдийг мэдсээр байж гүлдийтэл чимээгүй байсан нь өдийг хүртэл өвөөгийнхөө нэр нүүрээр энэ хүрсэн, өөрийн гэх онцлох имиджгүй, дорой буурай нэгэн гэдгийг нь илүүтэй харуулах шиг болсон.

Тиймээс ч УЛны гэх үгэнд эмзэглэсэн олон нийтийн бухимдал дунд Д.Сарангэрэл сайдыг улам ихээр харлуулан, элдэв постер хийлгэн сэвүүлсэн гэх муухай хардлагад унасан биз.

IT технологи болоод хар шар мэдээнд гаршсан хувийн баг сайтай гэгддэг нь ч ингэж чичлүүлэхэд нэмэр болсон байх.

Ийм багтай улстөрч Монголд цөөн. Тэр дундаа эмэгтэй улстөрчдийн  хувьд.

А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг IT-гийн нэг багтай гэлцдэг. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны сонгуулийн үеэр энэ нь илүүтэй батлагдах шиг болсон.

Тэр үед дахиад л өнөө муу Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь гэх айдас ханхлуулсан хар мэдээгээр эмэгтэй хүн байтугай чөтгөр ч тэвчиж тогтохооргүй харлуулж байсныг бид мэднэ. Ашгүй, Д.Сарангэрэл нь нэрээ татан өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэнээр элдвийн муухай мэдээлэл нь борооны өмнөх шороо шиг дарагдсан. Энэ бүхэн эрх баригч намын аливаа албан тушаалд ойрхон, байнга нэр усаа дэвшүүлж явдаг хэдхэн хүүхний асуудал гэдгийг баталж байгаа юм. Нөгөөдүүл нь цахим орчин Монголд нэвтрээгүй байх үеийн шар хэвлэлийн гэгдэх сэтгүүлчдээр багаа бүрдүүлсэн нь илтэд харагдаж, нэгнээ матарлан муу муухайгаар дуудахад зүрх сэтгэл нь өчүүхэн ч өвдөхгүйгээр ажиллаж чаддаг нь аймшигтай. Ийм багтай, ийм тоглолттой нөхөд төр түшилцэнэ гэдэг эмгэнэл.

Одоо дахиад л Д.Сарангэрэл рүү давшлаад эхэлж.

Юугаа булаацалдаж, Д.Сарангэрэлийг хаана ямар албан тушаалд оччихно гэж эмээсэн юм бол…

Байгаль орчны сайд байхдаа хамгийн их газар олгосон хэмээн буруу зөвгүй чичилж байна. Бусдыг гүтгэн харлуулж л байвал мэдээллийн үнэн эсэх энэ мэт багт огтын хамаагүй байдаг бололтой.

Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар 2020.07.09-2021.01.29-ний хооронд ажилласан. Харин гаргаж шидлээд буй тусгай хамгаалалттай газарт газар эзэмших зөвшөөрөл олгосон огноо нь 2010-2018 онууд болоод 2021 оны 02.01-нээс хойш байгаа нь дахиад л эрх баригч намын эмэгтэйчүүдийн дотоод зодоон шиг харагдаж байна.

Д.Сарангэрэлийн дараагаар Н.Уртнасан салбар хариуцсан сайдаар томилогдож, Б.Бат-Эрдэнийн залгамжаар үргэлжилж байгаа. Гэтэл дунд нь томилогдсон сайдыг гээн байж Д.Сарангэрэл рүү дайрч буй нь анхаарал татаж байна.

Ингэж дайрахдаа Б.Бат-Эрдэнэ сайдтай зэрэгцүүлсэн постер хийсэн нь Д.Сарангэрэл рүү Б.Бат-Эрдэнэ ноцоод буй мэт харагдуулахаар сэтгэсэн бололтой. Харамсалтай нь, энэ нь үүнийг хийж сэдэж байгаа нөхдийн тархины хэр хэмжээ хэр вэ гэдгийг товчхон харуулчихаж байгаа юм.

Тэгвэл дахиад л муу бол хойд зүгийн хар овоохой гэгчээр Д.Сарангэрэл рүү дайраад эхэлсний учир юу вэ… Газар олголтод хамгийн их чирэгдэж мэдэх сайд асан Н.Уртнасангийн талаархи мэдээлэл яагаад таг байгаа юм.

…Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд удлаа. Түүний оронд МАН-ын эмэгтэйчүүдээс томилохоор намын Удирдах зөвлөлийн түвшинд яригдаж, саналаа нэгтгэн оруулж ирэхийг Х.Булгантуяа тэргүүнтэй эмэгтэйчүүдийн холбоонд даалгасан гэдэг. Үүнтэй холбоотой дотоод санал хураалтад Д.Сарангэрэлийг дэмжигсэд олон байсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Тэгэхээр түүн рүү утга учиргүй чичиж, баримтын зөрүүтэй мэдээллээр гүтгэн дайрч буй нь дээрх асуудалтай холбоотой байж таарах уу. Тэгвэл хэн байж болох вэ… Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилогч нөхдийн зүгээс хийлгэж байгаа бохир тоглолт биш байгаа…

Тэгвэл “тоглолт”-ын технологи нь түүнийг Эрүүл мэндийн сайдаас буусны дараах үеийн дайралттай ихээ адилхан харагдаад байгаа нь нууц биш. Мэдээлэл муутай, олсноо нягталж ажиллах мэргэжлийн баггүй, IT технологийн салбарын “би чадна”-уудаар дүүрсэн үүлгэр энэ баг болхи чадуудуу постер бүхий мэдээллээр бусдыг гөвдгөөрөө ялгарч харагддаг. Хэрвээ тэд мөн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилогч тэр нэгэн эрхмийн хийлгэж буй ажил мөнөөс мөн нь ойлгомжтой.

Үргэлжлэл бий…

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ ялгаж “тоншоод” байна уу, үгүй юү?!

/

Нүүрсчидтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл нэг л хүчгүй, худал хуурмаг болж харагдаад байгаа. Түүнийг намын дарга, Засгийн газрын тэргүүний эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж байна хэмээн хатуухан шүүмжилж, хардагсад ч их болов.

Зарим нэг бизнес эрхлэгчийг илтэд тойглон, илүүд үзэх үзэгдэл нь түүний шударга бустай хатуухан тэмцэнэ гэх лоозонтой нь зөрчилдөж буй нь үнэн.

“Моннис”-ийн захирал Б.Чулуунбаатар гэхэд л Ерөнхий сайдын дэмжлэгийг ил цагаан авч, “хайрлагдаж” байна…

Чухам яагаад?!

Л.Оюун-Эрдэнэ “Бамбарууш” кафег сэргээнэ гэж мэдэгдсэн нь “Моннис”-ийг Засгийн газраас тэтгэнэ гэсэнтэй агаар нэг сонсогдсон нь үнэн. Улмаар мэдэгдлээ ажил хэрэг болгон Засгийн газрын хуралдаанаар “Бамбарууш” кафег төрийн бодлогоор дэмжин үйл ажиллагааг нь явуулах шийдвэрийг улайм цайм гаргачихсан.

“Бамбарууш” кафе аль хэдийнэ “Моннис” группийн мэдэлд оччихсон байхад шүү дээ. Энэ талаар “Моннис” группийн захирал “Өмчлөл манай компани дээр байгаа. Бид олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь л цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” хэмээн хээвнэг ярьж суух нь ичгэвтэр. Хувийн өмчид байгаа кафег төр бодлогоор ийнхүү дэмжиж эхэлснээр олон нийт Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын тэргүүний эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж байна хэмээн шүүмжилж буй биз.

Түүгээр зогсохгүй нүүрсний гэх хэргээс “Моннис”-ийн Б.Чулуунбаатар сугарч үлдэж байгаа явдалд эрх баригч намынхан өөрсдөө ч гайхаж байгаа бололтой.

2018 онд Их Британи-Австралийн бизнес эрхлэгч Мухаммед Ибрахим Муншид манай улсын шүүхээс 11 жилийн хорих ял, 15 сая ам.долларын торгууль оноосон. Энэ талаар Их Британийн Guardian сонины цахим хуудаст “Моннис групп Монголын баруун өмнөд хэсэгт байрладаг уул уурхайн төсөлд 10 сая ам.долларын хөрөнгө оруулснаар талуудын хооронд маргаан үүсчээ. 2012 онд нүүрсний үнэ унаснаар төсөл зогссон. Энэ төсөлд нийт 180 орчим хөрөнгө оруулагч хөрөнгө оруулсан байдаг. 2015 онд Мухаммед Ибрахим Монголд ажлаар ирэхэд нь гадаад паспортыг нь хураан аваад хилээр гаргаагүй. Улмаар компанийн нь тусгай зөвшөөрлийг ч түдгэлзүүлж. Нэхэмжлэгч тал түүнийг хөрөнгө оруулалтыг нь хувийн амьдралдаа үрж зарцуулсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөөгүй юм байна” гэсэн утга бүхий мэдээлэл тавьсан байдаг. Энэ хэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний гэх хэрэг, тэр дундаа Өмнөговь руу хамгийн их анхаарал хандуулж, мандат “сугалж” байгаа явдлыг өчигдрөөс эхлэн “Моннис”-той холбон тайлбарлах хэсэг бүлэг ч гарч ирэв.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирыг “Моннис”-ын “тавиул” гэлцдэг.

Ямар үндэслэлээр юм бол… Учир шалтгааныг олох гээд үзье.

2016.07.18-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа энэ эрийн хөрөнгө орлого огцом өссөнийг АТГ-т өгдөг мэдүүлгээс нь харж болно. Гэр бүлийн орлого, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, автомашины тоо, үнэлгээ нь сонирхол татахуй өссөн байгаа юм.

Тэрбээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Ханбогд тээвэр ложистик, Уужим Од, Уужим Од констракшн гэх хуулийн этгээдийг эзэмшдэг гэж.

Тэгвэл эдгээр компаниудыг хөөгөөд үзье. Моннис-ын Б.Чулуунбаатар руу “хүргэх” нь үү, яахнав?!

Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч хийх зөвшөөрөлтэй Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Түвшинболд гэж бий. Ханбогд сумын хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан түүний хөрөнгө орлого ч гайхалттай өссөн мэдээлэлтэй юм билээ.

Мөн Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч нь Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт байх аж.

2020.12.10-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргаар ажиллаж байгаа түүний орлого ганцхан жилийн дотор 2 дахин өссөн байгаа нь яалт ч үгүй анхаарал татах мэдээлэл тул дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй хүргэнэ.

Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигчээр Тэс сумын ИТХ-ын төлөөлөгч С.Бат-Эрдэнэ бүртгэлтэй байгаа юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир нь АТГ-т гуравхан хуулийн этгээдийг мэдүүлсэн байх боловч түүний нэрээр улсын бүртгэлд Шинэ ханбогд девелопмент, Шинэ хан богд, Шинэ хан богд хөгжил, Таван өнө гурван гал ХХК гэхчлэн олон хуулийн этгээд бүртгэгджээ.

Эндээс Шинэ хан богд хөгжил ХХК-ийн гүйцэтгэх захирал Базын Нарантуяаг дагаад “Моннис” группын ерөнхийлөгч Базын Чулуунбаатар амархаан ороод ирж байгаа юм. Б.Нарантуяа нь Б.Чулуунбаатарын Сентрал азиа майнинг ХХК-ийнх нь гүйцэтгэх захирал давхар бүртгэлтэйг энд сануулах илүүц биз.

Шинэ хан богд хөгжил ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч О.Эрдэнэбаяр нь Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч. 2016.11.07-ны өдрөөс эхлэн сонгогдон ажиллаж байгаа түүний хөрөнгө орлого дөрөв дахин өссөн гайхам “амжилттай”.

Эдгээрийг түр орхиод Б.Эрдэнэ-Очирын нэр дээрх Таван өнө гурван гал ХХК-ийн мэдээллийг сөхөөд үзье. Тус компанийг хамтран эзэмшигч Б.Жавхлан гэгч нэр биднийг НБЦ-гийн Б.Баатарсайхан руу хөтөлчихөж байгаа юм. Б.Жавхлан нь Б.Баатарсайханы олон ч компани дээр хамтран эзэмшигчийн бүртгэлтэй.

Сурагчдын автобусыг “залгигч”, тендэрийн “мангас”, эрх баригчдын угжны хүүхэлдэй гэгддэг “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын Өмнөговь аймгийн Иргэдийн хурал, Ханбогд сумын Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй холбогдох мэдээлэл энэ мэтчилэн уртаас урт хөврөх тул жич багцлан хүргэнэ.

Томоохон татвар төлөгчид, үндэсний хөрөнгө оруулагчид дараалан эрх баригчдын шилгээлтэд өртөн, шорон оронд орчингоо алдан зүдэрч явахад Базын Чулуунбаатар гэх эрхэм “Бамбарууш” нэрт кафегаа хүртэл бамбагнуулан тордуулж суухын учир юу билээ.

Тэр хэн бэ?!…

Б.Чулуунбаатар нь 1973 онд Сүхбаатар аймагт гагнуурчин аавын хүү болон мэндэлсэн байгаа юм.

Тэрбээр Японд хэлний сургалтад сууж байхдаа бизнесийн санаагаа олж, анх 15 машин оруулж ирэн 7 хоногийн дотор зарснаар япончуудын анхааралд өртөн автомашины бизнесийн салбарт хөл тавьсан гэдэг.

МАХН-ын байрны нэг өрөөг түрээслэж “Моннис” компанийг байгуулаад удаагүй байхдаа МАХН-ын удирдлагуудад нэг, нэг машин бэлэглэж байсан гэх ярианд хүртэл орж байв.

Түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ойр гэдэг. Тэд нутаг нэг төдийгүй бизнесийн салбарын хамтрагчид гэж байгаа. Тухайн үеийн МАН-ын Бага хурлын гишүүн Б.Чулуунбаатар нь намынхаа томоохон спонсоруудын нэгд зүй ёсоор нэрлэгддэг. Тиймдээ ч өөрийн компанидаа зориулж тусгайлан тендэр “зарлуулдаг” гэх ярианы эзэн болчихоод байдаг биз.

2010 онд байгуулагдсан “Дамдины сүхбаатар сан”-гийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Сү.Батболд ажилладаг бол гишүүнээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Г.Чинзориг, Сангийн яамны нарийн бичгийн дарга Д.Баттөр, “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны С.Энхтайван, Моннис группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар тэргүүтэн бүртгэлтэй байх аж.

Б.Чулуунбаатарын нэрээр 10 гаруй компани бүртгэлтэй ч ихэнхийг нь татан буулгаж, өдгөө Моннис-Интернэшнл, Моннис пропертиес ХХК гэх цомхон тойрогт эргэх болсон байгаа юм.

Татан буугдсан “Монголиансивил инженеринг” компанийн нь хамтран эзэмшигчээр Я.Батсүх гэж байв.

Түүний нэрээр 20 гаруй компани бүртгэлтэйгээс Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож явсан компани ч бий нь анхаарал татна. Тэрбээр Си Эм Эйч ХХК-иа А.Эрдэнэбат гэх нөхөртэй хамтран эзэмшдэг агаад А.Эрдэнэбат нь Монгол Японы хөрөнгө оруулалт худалдааг дэмжих нийгэмлэг, Монголын явган аялагчдын холбоо, Монголын бейсболын холбоо, Асашёорюү төрийн бус байгууллагуудын эзэмшигч байгаа нь ихээхэн сонирхолтой кадр гэдгийг илтгэж буй юм.

Тэрбээр Монголын явган аялагчдын холбоо төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн П.Анужинтай хамтран эзэмшдэг бол Асашёорюү ТББ-ыг хотын дарга Д.Сумъяабазар, сүмоч Д.Дагвадорж, “Ийст лайн” ХХК-ийн П.Ангараг, Б.Баярсайхан нартай хамт эзэмшдэг аж.

Тэрчлэн А.Эрдэнэбатын ихэнх төрийн бус байгууллагын хамтран эзэмшигчээр “Ийст лайн” ХХК-ийн П.Ангараг бүртгэлтэй байх бөгөөд Ийст лайн руу Авто тээврийн үндэсний төв сар бүр түрээсийн төлбөр хэмээн 8.5 сая төгрөг шилжүүлж байсан байдаг. Өдгөө уг “түрээсийн төлбөр” гэх утгатай төлбөр Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу шилждэг болсныг шилэн данснаас нь харж болно.

УИХ-ын гишүүн П.Анужингийн аав 2021.12.29-нд Аж үйлдвэрийн гавьяат болсон бол өнгөрсөн жилийн наадмын өмнөхөн “Моннис”-ын Б.Чулуунбаатар ижилхэн цол тэмдгээр энгэрээ мялаасан нь анзааралгүй орхичих сэдэв биш.

Эрх баригч намын бага хурлын гишүүн асан Б.Чулуунбаатарыг төрөөс зарласан өндөр дүнтэй тендэрүүдийг хуу хамдаг, цадахаа мэддэггүй бирд гэх болсон нь ч шалтгаантай биз.

2007 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендэрт “Моннис” групп шалгарч Toyata, Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг автомашинууд нийлүүлсэн түүх бий. Түүгээр зогсохгүй “Моннис интернэшнл” ХХК нь гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн гэх шүүмжлэлт мэдээллүүд нь хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна.

Агаарын тээврийн “Аэромонголиа”-гийн хувьцаа эзэмшигчээр орсноос нь хойших хэл амны урхаг өнөө хэр тасраагүй байхад тэрбээр сурагчдын автобус нийлүүлэх тендэрт өрсөлдөгчгүйгээр шалгарсан хэмээн чичлүүлж яваа.

Шадар сайд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа 2020 оны хичээлийн жилд сурагчдын тээвэр болох 200 автобус үйлчилгээнд явуулна хэмээн тендэр зарласан байдаг. 23.5 тэрбум төгрөгийн уг тендэрийг “Моннис Моторс” ХХК-д “зориулан” зарлачихлаа гэх шүүмжлэл тухайн үед хүчтэй өрнөж байсан агаад хардлагат шүүмжлэлийг батлах мэт “Моннис Моторс” нь ямар ч өрсөлдөгчгүйгээр шалгарч даарин дээр давс нэмэх гээч болж байв.

Улмаар цар тахал нүүрлэсэн гээд 200 автобус 75 болж, түүнээсээ төд удалгүй үнийн өсөлт гэх шалтгаанаар 25 дээр уначихсан байгаа.

С.Амарсайхантай байгуулсан гэрээний учиг тайлагдаагүй, бараагаа хүлээн аваагүй байхад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар сурагчдын автобус нэн шаардлагатай гэх шалтгаанаар 5.4 тэрбум төгрөгийн тендэрийг мөн зарласан гайхам явдал бас бий. Энэ тендэр зөвхөн “Моннис”-т зориулагдсан гэх өнөөх улигт хардлага дагалдаастай хэвээр.

Арга ч үгүй биз.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн баталсан тендэрийн бичиг баримтад DONGFENG хойд тэнхлэгтэй, Eaton хурдны хайрцагтай, Jingyida урд тэнхлэгтэй, мөн 2019, 2020, 2021 онуудад Монгол Улсад сургуулийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх зэрэг шалгуур тавьчихсан байгаа нь ийм хэл амыг дагуулахгүй гээд яалтай.

Сайхан хүүхэн хуриман дээрээ унгав гэгчээр олон сайхан тендэрт “шалгарсан” Моннис моторс ХХК нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирсэн гэх автобусыг нь адтай, ааштай монголчууд Хятадын “Алибаба” худалдааны сайт дээр ийм төрлийн автобус 40-70 мянган ам.долларт зарагдаж байна шүү, Б.Чулуунбаатар аа хэмээн баримт шидлэн бухимдсан.

Тэр үед хар хүний өмнөөс шар хүн гэгчээр Б.Чулуунбаатарын дуугараагүй асуудал дээр С.Амарсайхан үсчиж орж ирэн өмөлзөж байсныг сошиал орчинд дүрэлзсэн түймэр мэт мэдээллүүдээс харчихаж болох байх.

С.Амарсайхан хотын даргын тамгыг атгаж байхдаа цагдаа, эрүүл мэндийн байгууллагад автомашин нийлүүлэх гэрээг ч “Моннис” групптэй байгуулсан байдаг. Тэгэхээр тухайн үед цагдаагийн байгууллагад 110 машиныг 7 тэрбум 550 сая, Эрүүл мэндийн салбарт 40 машиныг 4.8 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн асуудлыг тухайлан шалгаад үзэхэд гэмгүй юм.

Тэрбайтугай Моннис нь Японоос бус Хятадаас машин оруулж ирдэг гэх дуулиан холбогдох баримтын хамт дэлгэгдсэн ч худалдан авагчийн буруу болж төгссөн явдал, 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит компанид 7 тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудал өндрөө авч, чуулганы танхимд хүртэл хэлэлцэгдээд намжсан зэргийг ч нэхэн тодруулах нь зүйтэй биз.

Тэрбээр “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэрэг буюу 4.3 тэрбум ам.доллар угаасан хэрэгт нэр холбогдсон төдийгүй түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байсан атал яагаад чимээгүй болчихов…

Түүгээр зогсохгүй Эрдэнэт үйлдвэрээс “Моннис-Интернэшнл”-ийн охин компани болох “Монниссервис саппорт” ХХК 2022.10 сард 204.7 сая төгрөгийг гэрээний төлбөрт авсан гэх баримт, “Эрдэнэс Монгол” компани “Моннис Пропертиес” ХХК-д сар бүр 59 сая төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг зэргийг анхааралгүй үлдээж болохгүй юм…

Шударга бустай, асуудал таталсан бүртэй “алалцаж” яваа Засгийн газрын нүд чих, хуруу хумсны хаагуур нь энэ бүхэн өнгөрөөд байна вэ?!…

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цөөхөн хэдхэн бизнес эрхлэгчдээ хойд урдах, хүний өөрийнөөр нь ялгаж тоншоод яваа юм биш биз, хардах л асуудал…

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Ж.Мөнхбатын өргөдөл У.Хүрэлсүхийн хилэнг шингээсэн “тэсрэх бөмбөг” аж…

//

У.Хүрэлсүх сэрчихэж… Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даруулгатай тоглохгүй бол тэрбээр парламентийг тараахаар өндийж буй бололтой. Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл Л.Оюун-Эрдэнэд зориулсан анхааруулга төдий байж.

УИХ хугацаанаасаа өмнө тарж, ирэх есдүгээр сард дахин сонгууль явуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Тэрбайтугай 2023.09.20-ны лхагва гарагт гэх нарийвчилсан өдрийг ч эх сурвалжаас хэлж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр зөвлөлдөх санал асуулга явуулж эхэлсэн энэ үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл шидчихээд хилийн дээс алхахаар болсон нь түргэдсэн бацааны гоомой үйлдэл хэрхэвч биш. Түүний хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл гэдэг дөрвөн мөр шүлэг шиг танил болчихсон эд. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан Г.Баярсайханыг заамдаж, цохисон хэргээр ялын тогтоол уншуулангаа алдсан бол энэ удаад нүүрсний хэргээр нийгмээс тусгаарлагдахдаа хүрч яваа нөхөр.

Гол нь Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээс хамаарч Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үгүй нь шийдэгдэх сонирхолтой нүүдэл эхэлчихлээ. Түүний асуудлыг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдэгдэл үүнийг баталж буй хэрэг.

Арга ч үгүй биз, ээлжит бус зарлах эсэх хөзөр У.Хүрэлсүхийн гарт бий. Түүний үгнээс зөрдөггүй Г.Занданшатарыг хөдөлгөж ээлжит бус чуулган зарлуулна гэдэг Л.Оюун-Эрдэнэд амаргүй даваа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч Ерөнхийлөгчийн гол тоглогчдын нэг.

Тэгэхээр Ж.Мөнхбатын асуудлыг яаравчлуулах нь гай дуудахаас гавьяа болохгүй.

Хуулийн дагуу байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдэх гэсээр байтал УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнөх нэг жил дотор орон гарсан тойрогт нөхөн сонгууль хийхгүй гэх эрх зүйн зохицуулалтыг мөргөөд зогсоно. Товчхондоо нөхөн сонгууль явуулах боломжгүй гэсэн үг. Хуулийн хугацаанд яаравчлуулж зүтгүүллээ ч ганц жилийн настай УИХ-ын гишүүний суудалд суух тэнэг олдохгүй биз.

Ядахад яр гэгчээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргалыг чөлөөлсөн ч орных нь хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөг хүртэл батламжлалгүй уясаар өөртөө түвэг удчихсан суугаа. 

Нөгөөтэйгүүр Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн 69.1-т “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална”. Мөн хуулийн 21.1-т “УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна” хэмээн нарийвчлан зааж өгсөн. Тэгэхээр Ж.Мөнхбатын өргөдлийг хүлээгээд авчихвал УИХ-ын гишүүний тоо 75 болж эцэг хуулийн өөрчлөлт гацаанд орно.

Энэ бүгдийг тооцсон учраас Ж.Мөнхбат өргөдлөө бичихдээ дунд хуруу шүлгээ уншиж, дуу хуур хангинуулсаар бичсэн гэдэгт мөрийцсэн ч алдахгүй биз.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэвэл У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрч, Ж.Мөнхбатыг нүүрсний байтугай хэргээр нухаж орилуулахгүй гэх ам тангараг өгч таарна.

Ж.Мөнхбатаас гадна УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлээд байгаа. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нар яллагдагчаар татагдсан. Тэднээс гадна Л.Оюун-Эрдэнийн нэрлэсэн А.Адьяасүрэнг мартаж болохгүй.

Ядаж байхад намын эмэгтэйчүүдийн байгууллагыг Д.Сарангэрэлд үлдээхээр У.Хүрэлсүхтэй тохиролцсон хэрнээ Д.Амарбаясгалангийн шахаанд орж Х.Булгантуяаг зүтгүүлсэн гэм нь Л.Оюун-Эрдэнийг тулхтай, нуруутай улстөрч болох чадамжгүй гэх тодорхойлолтод хүргээд зогсохгүй, намын ахмад гишүүдээс түүнийг намын дарга байх эрхгүй хэмээн шүүмжлээд эхлэв.

100 жилийн түүхтэй, олон арван туршлагатай гишүүдтэй атал АН-ын угшилтай, АН-ын гишүүнчлэлтэй нөхдөөр зөвлөхөө хийлгэдэг явдал нь түүнийг намын даргаас огцруулах хангалттай үндэслэл мөн гэж үзэж буй аж.

Тиймээс түүнийг зайлуулах ажил парламентийг тараахаас эхэлнэ гэх улстөрчид нэлээдгүй байгаа юм.

УИХ-ыг тараах эсэхийг гишүүд өөрсдөө шийднэ. Гишүүдийн 51-ээс дээш нь дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн зохицуулалттай.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламентийг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх эрсдлүүдийг тооцож байж шийдэх асуудал” гэж байсныг мартаж болохгүй.

УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудал хөндөгдөөд албажвал анх удаагийнх биш.

Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын бага хурал 1990-1992 онд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлж батлаад тарж байсан байдаг.

Энэ удаагийн МАН парламентад 62 суудалтай. 32, 33-аар талцан илүүрхэж явсан туршлага У.Хүрэлсүхэд бий. Тэрчлэн УИХ дахь АН-ын гишүүдийн талаас илүүгийн дэмжлэг түүнд ирнэ. Тиймээс 51 гишүүний гарын үсэг ядах юмгүй цуглачих биз.

Даарин дээр давс болж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй гэсэн Т.Доржхандын үг хаврын жагсаалын суурь болно. Тэгэхээр дотроосоо дэмжлэг авахын зэрэгцээ гаднаас турхирч, парламентийг огцруулах албан бичгийг өргөн барина гэсэн үг.

Хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Гарын үсэг зурсан албан бичиг Г.Занданшатарын гарт очиж, холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцлээ гэхэд сар гаруйн хугацаа өнгөрнө. Улмаар бэлтгэл ажлын тов гэх байдлаар тэгж ингэсээр есдүгээр сард ээлжит бус сонгууль болох тооцооллын дагуу Ж.Мөнхбат өргөдлөө сараачаад шидсэн байх нь.

УИХ-ыг тараах санаачилгыг өмнө нь Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд гаргаж байсныг энэ зуурт саная.

Тэгэхээр дорвитойхон шийдчихгүй атлаа тэрийг ч энийг ч дэлгэнэ, барина хорино хэмээн сүржигнэсээр ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “зурлага” энэ хүрээд өндөрлөх нь бололтой. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын дунд тэлээ хурга шиг гүйж, завсар сиймхий бүрийг өөрт ашигтайгаар эргүүлж ирсэн Д.Амарбаясгалангийн араншинд дур гутсан Ерөнхийлөгч тун удахгүй түүнд “ухамсрын шанаа”-г жинтэйхэн өгөхөөр бэлдсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Үргэлжлэл бий…

Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ

/

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэнэ.

БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин “BC Card” компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь судалгаагаар (Nilson Report, 2020) Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна. 

Фото зураг:

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна.

Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах юм.

Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

/


Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ

/


 Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан.  Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.

1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгожээ

/

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хугацаанд нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Харин энэ оны эхний 7 сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

Мэдээ орчуулах »