fbpx

Засгийн Газар - Page 12

/

Шинэ танхим, сонгуулийн дараахь У.Хүрэлсүхийн суудалтай хамт яригджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхээр нойргүй хонов. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийн дагуу кабинетаа бүрдүүлэх боломжтой ч тийм боломж хомс. Нам доторх фракциудын зодооноос үүдэлтэй хуулиар олгогдсон эрхээ

/

Намын дарга парламентаа удирддаг хуучин дүрмээ дагачих, У.Хүрэлсүх ээ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаа гэх сонирхолтой мэдээлэл эрх баригчдын дунд бий болов. Гэхдээ Төрийн тэргүүн татгалзлаа гээд тугалын бэлчээрээс хол гарах биш, хөөрхий. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчээс татгалзлаа гээд буцаах эрх зүйн орчин байхгүй. Тэр

Том дэвсгэрт Засгийн газрыг тонгорох уран мэх биз, Монголбанкны ерөнхийлөгч өө!!!

/

Монгол Улс Венесуэлийн түүхийг давтахаар бэлтгэл ажлаа базааж байна. Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж

ЦАХИЛГААН, ДУЛААН, УС, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ТӨЛНӨ

/

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. 

–       Төсөвт байгууллага

–       Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд

–       Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

–       Банк, банк бус санхүүгийн байгууллага

–       Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

–       Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах юм. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:

–       Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны

–       Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая 

–       Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая 

–       Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.   

“Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Товч мэдээ

–       Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо. Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана.

–       Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил,  1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ МАРГААШ ШИЛЖИНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон.

Хуралдаанаар нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц буюу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт маргаашнаас хэсэгчилэн шилжүүлэх юм.  Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгосон байгаа. 

34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ

Маргаашнаас нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн байгаа.

Одоо хэвийн ажиллаж байгаа салбар:

–        Эрчим хүч

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

–       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

–       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт

–       Банк, санхүү, хөрөнгийн бирж

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага

–       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт

–       Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

–       Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

–       Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр

–       Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр

–       Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

–       УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

–       Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

–        Оршуулга

Маргаашнаас хэвийн ажиллах газар:

–       Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

–       Барилгын материалын худалдаа

–       Модны зах

–       Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/

–       Ресторан

–       Кафе /тусгай нөхцөл шаардана/

–       Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/

–       Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

–       Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

–       Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар

–       Хими цэвэрлэгээ, угаалга

–       Гэрэл зураг

–       Айл нүүлгэх үйлчилгээ

–       Эд бараа түрээслэх үйлчилгээ

–       Нийтийн бие засах газар

–       Барьцаалан зээлдүүлэх газар

–       Авто засвар /агрегат, кузов/

–       Дугуй засвар

–       Автомашины угаалга, доторлогоо

–       Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа

–       Авто зогсоол

–       Нийтийн байрны үйлчилгээ

–       Барилга засвар

–       Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

–       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

–       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

–       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

–       Үсчин

–       Амралт, жуулчны бааз

–       Зочид буудал

–       Дэн буудал

–       Түргэн үйлчилгээний цэг

–       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгожээ

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтын хоногийг энэ сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээс эхэлж мөрдөх болжээ. Улсын онцгой комисс 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв

“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв.  Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.

 Цаашид:

1.    Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах

2.    Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх 

3.    Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад  байнга  хяналт тавьж байх  

4.    ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах

5.    Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах

6.    Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө. 

Товч мэдээ

–       “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

–       “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргана. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн зсгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн зургаан бодлого, 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлнэ.

– Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр болов. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.

Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулна

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Энэхүү кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай юм. Харин үйлчлүүлэгчид энэхүү кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэй гэж Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэлж байлаа.

Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг тэрбээр онцолж байсан юм.

Өнөөдөр 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгоно

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан олгох нь. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байгаа. 

Зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна. 

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган иргэнд 185.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгох аж.

Иймд банкинд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг өнгөрөгч сарын 14-нөөс эхлүүлж улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээжээ.

Ингэхдээ Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдон мэдээлэл хүргэж байгааг НДЕГ-аас мэдээллээ.

Тэтгэвэр олголтыг ХНХЯ, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллах юм байна.

Засгийн газар хуралдаж байна

/

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсох юм. Мөн өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна. ДЭМБ болон ЭМЯ хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулж байгаа билээ. Манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол өчигдрийн 11 цагийн байдлаар 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Мөн Засгийн хуралдаанаар орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах бэлтгэл ажлын явцыг Шадар сайд танилцуулна.  Нийслэлээс орон нутаг руу явах нийт 27 мянган иргэн байгаа бол орон нутгаас нийслэлд ирэх хүсэлтэй  12 мянган иргэн бий гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГНӨ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө 

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ.

Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ. Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь  хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.   

Товч мэдээ

–       2020 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна.

–       Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов.

–       2020 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэсэн үг юм. 

МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хуралдааны үеэр Комиссын XV хуралдаанаас хойш хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилт, өндөр, дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцооны хэрэгжилтийг дүгнэж, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.
“Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэ агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулахаар Талууд тохиролцов.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулахын зэрэгцээ уул уурхайн бус салбар, түүний дотор хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг бүтээгдэхүүний худалдааг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэхээ талууд илэрхийлэв.
Хоёр улсын хоорондын барааны худалдаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих зорилгоор төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, төмөр замын Ханги-Мандал боомт нээх зэрэг асуудлаар санал солилцов.
БНХАУ-аас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
“Ковид 19” цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улс өндөр хариуцлагатай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээ шуурхай үр дүнтэй солилцсоноор хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг цохон тэмдэглэж, халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр Хятадын ард түмний “Ковид 19” цар тахалтай хийж буй тэмцэлд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал хуралдааны үеэр мэдээлэв. Хуралдааны дүнгээр Протокол байгуулав.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Я.СОДБААТАР: УЛААНБААТАРТ “ГАЦСАН” ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ, БУЦААНА

Өнөөдөр /2020.11.22/ 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж байгаа асуултуудад тайлбар, нэмэлт мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан;

Улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар  төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар  тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал бөгөөд  үнэр, амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал гэсэн шинж тэмдэг илэрсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол байхгүй учир улсын хэмжээнд халдвар тархаагүй гэж үзэх үндэслэлтэй.  Тархалтыг бүрэн хумихын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь чухал байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн PCR болон түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсаны 50 мянга нь Улаанбаатар хотынх. Үүнээс 20 мянга нь сайн дураараа шинжилгээнд хамрагдахад нэг ч халдвар илрээгүй нь  халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж байна гэсэн үг.Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын  700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд PCR шинжилгээ хийсэн.  Шинжилгээний хариунд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг  тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч байгаа байдлаас үзэхэд голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан гэж дүгнэж байгаа. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаа учир аймгийн 26 мянга, Алтанбулаг сумын 5,000 иргэнийг ирэх долоо хоногт багтаан түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулна. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүнийг халдвар илэрснээс эхлэн тусгаарласан. Төмөр зам дагасан газруудаас ойрын хавьтлын бус хүнээс халдвар илэрч байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар;

Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байнгын болон байнгын бус 15,694 ажилтанд шинжилгээ хийж байна. Ойрын хоёр өдөрт багтаан үлдсэн 2,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж дуусна.Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах  байдлаар зохицуулсан.  Цаашид байдал хүндэрвэл төмөр замын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дайчлахаар бэлтгэж байна.  Дотоодод халдвар илэрсэн, тэр дундаа Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж БНХАУ-ын тал хилийн боомтын хяналт, шалгалтаа чангатгасан.  Экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулж 50 жолоочийг хилийн цаана сарын турш байрлуулна. Эдгээр жолооч хоёр орны хилийн дундын бүсэд ачаа тээвээ авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч хүлээн авдаг байхаар зохицуулалт хийж байна. Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чангатган, Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж байгаа 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явдаг 2,000 жолоочид  шинжилгээ хийж, тээврийн замд явж байх үедээ халдвар авахгүй байх нөхцлийг  цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр бүрдүүлнэ.Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа жолооч, боомтын ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийж,  үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг бэлэн болгосон. Гашуунсухайт боомтод ирэх долоо хоногт дахин нэгийг байрлуулахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын Я.Содбаатар;

Улсын хэмжээнд 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан. Халдвар голомтлон тархаж байгаа Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20,442-т, үүний дотор 5,997 хүнд PCR шинжилгээ хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал.Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад самар түүхээр ууланд гарсан 7,000 гаруй хүний 1,000 гаруй нь тус суманд  ирсэн.  Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд оруулж  орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалтын дор буцаахаар бэлтгэж байна. Улсын онцгой комисс салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа. Мөн Улсын онцгой комиссын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөх багийг байнга ажиллуулахаар боллоо. Дархан-Уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Цаашдаа өрх бүрээс нэг хүнийг хамруулахаар ажиллаж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон.Дархан-Уул аймагт голомт байхгүй ч хөдөлгөөн ихтэй учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан. Орхон аймагт төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоож, 6,000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн.Дорноговь, Говьсүмбэр аймагт хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Автозамын боомтоор өдөрт 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож, байнгын холбоотой ажиллаж байна. Халдвар гарсан газар, байршил, байр, орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэл сайн хийхийг холбогдох газруудад дахин анхааруулсан. Эмнэлгийн хог хаягдал, тэр дундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу устгаж байгаа эсэхэд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хяналт тавьж байна.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ахалсан Ажлын хэсэг эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг шинээр бүрдүүлж байгаа мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж эхэлсэн. Халдварын тархалтын урьдчилсан зураглалаас үзэхэд орон даяар халдвар тархаагүй байх төлөв ажиглагдаж байна. Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байвал  богино хугацаанд  тархалтыг бүрэн хумиж чадна. Аймаг, орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагын дор ажиллах ёстойг дахин анхааруулья. Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэд, оюутнуудын  нэгдсэн бүртгэл, мэдээллийг ойрын өдрүүдэд гарган, PCR шинжилгээнд хамруулсны дараа буцаахаар төлөвлөж байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Ирсэн гэдгээ орон нутгийнхаа холбогдох байгууллагад мэдэгдэж, гэртээ 14 хоног тусгаарлагдана. 

1 10 11 12
Мэдээ орчуулах »