fbpx

Засгийн Газар - Page 11

/

Шинэ танхим, сонгуулийн дараахь У.Хүрэлсүхийн суудалтай хамт яригджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхээр нойргүй хонов. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийн дагуу кабинетаа бүрдүүлэх боломжтой ч тийм боломж хомс. Нам доторх фракциудын зодооноос үүдэлтэй хуулиар олгогдсон эрхээ

/

Намын дарга парламентаа удирддаг хуучин дүрмээ дагачих, У.Хүрэлсүх ээ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаа гэх сонирхолтой мэдээлэл эрх баригчдын дунд бий болов. Гэхдээ Төрийн тэргүүн татгалзлаа гээд тугалын бэлчээрээс хол гарах биш, хөөрхий. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчээс татгалзлаа гээд буцаах эрх зүйн орчин байхгүй. Тэр

Том дэвсгэрт Засгийн газрыг тонгорох уран мэх биз, Монголбанкны ерөнхийлөгч өө!!!

/

Монгол Улс Венесуэлийн түүхийг давтахаар бэлтгэл ажлаа базааж байна. Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж

ХАРМАГТАЙН ОРДЫН 53,1 ТОНН АЛТЫГ УЛСЫН НӨӨЦӨД БҮРТГЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

21 аймгийг халдваргүй бүс болголоо

Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.

Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 

Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ.

Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бараа, ачаа тээврийг нэвтрүүлж, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ.

Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнийг нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлд болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргүүдийн урамшуулал, дэмжлэгт тус тус зарцуулах аж.  

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Томилгоо

–       Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар Ханджавын Батжаргалыг, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилов.

–       Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар  томилов.

Товчоор

–        “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв.

–       Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43,6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм.

–       “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа.


Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо.
Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгааг албан хаагчид онцолж байлаа.
Шадар сайд шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа цагдаа, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, мал эмнэлгийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай мөн танилцаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна хэмээн Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан боллоо

/

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Цаашид:

– Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах

– Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх

– Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах

– Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх

– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох

– 2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Товч мэдээ

– “Ковид-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.

– “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллана. Спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.

– “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.

– “Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө”-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ.

– “Цөмийн материалыг бүртгэх, хянах журам”-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.

Ирэх улирлаас Монголд вакцин нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Засгийн газар ДЭМБ-н зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд, цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэллээ.

KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа. Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар ч мэдээлэл өгөв.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдал, хөл хорионы дэглэмүүд цаг үеэ олсон оновчтой шийдэл байсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

НИЙСЛЭЛ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. 

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. 14 хоногийн хугацаанд:

–       Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

–       Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

–       Нийтийн тээвэр, такси

–       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

–       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх

–       Банк

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

–       Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

–       Оршуулга

–       Хүүхэд хамгаалал

–  Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана. Бусад салбар ажиллахгүй. Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код  олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тухай ХХААХҮ-ийн сайд хэлэв. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн байна. Тухайлбал БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүссэн халдвараар сүүлийн хоёр хоногт 20-30 хүн өвчилж 62 болжээ. Халдвартай иргэд, тэдний гэр бүл болон ойрын, дам хавьталтай иргэд бусад дүүрэгт амьдардаг учир зөвхөн Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоох боломжгүй гэж үзсэн байна. 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөжээ. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан вакцин оруулж ирнэ гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 21-ний 11.00 цагийн байдлаар 993 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 392 нь зөөвөрлөгдсөн, 601 нь дотоодын халдвар юм. Үүнээс:

–       Улаанбаатарт 206

–       Архангай аймагт 3

–       Говьсүмбэр аймагт 4

–       Дархан-Уул аймагт 45

–       Дорноговь аймагт 32

–       Орхон аймагт 25

–       Сэлэнгэ аймагт 216

–       Энхсаран тусгаарлалтын байранд 49

–       ХӨСҮТ-д 17

–       Цэргийн төв эмнэлэгт 4. Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Халдвар гарсан бусад аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна. 

ЦАХИЛГААН, ДУЛААН, УС, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ТӨЛНӨ

/

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. 

–       Төсөвт байгууллага

–       Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд

–       Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

–       Банк, банк бус санхүүгийн байгууллага

–       Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

–       Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах юм. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:

–       Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны

–       Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая 

–       Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая 

–       Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.   

“Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Товч мэдээ

–       Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо. Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана.

–       Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил,  1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ МАРГААШ ШИЛЖИНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон.

Хуралдаанаар нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц буюу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт маргаашнаас хэсэгчилэн шилжүүлэх юм.  Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгосон байгаа. 

34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ

Маргаашнаас нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн байгаа.

Одоо хэвийн ажиллаж байгаа салбар:

–        Эрчим хүч

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

–       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

–       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт

–       Банк, санхүү, хөрөнгийн бирж

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага

–       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт

–       Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

–       Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

–       Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр

–       Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр

–       Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

–       УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

–       Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

–        Оршуулга

Маргаашнаас хэвийн ажиллах газар:

–       Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

–       Барилгын материалын худалдаа

–       Модны зах

–       Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/

–       Ресторан

–       Кафе /тусгай нөхцөл шаардана/

–       Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/

–       Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

–       Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

–       Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар

–       Хими цэвэрлэгээ, угаалга

–       Гэрэл зураг

–       Айл нүүлгэх үйлчилгээ

–       Эд бараа түрээслэх үйлчилгээ

–       Нийтийн бие засах газар

–       Барьцаалан зээлдүүлэх газар

–       Авто засвар /агрегат, кузов/

–       Дугуй засвар

–       Автомашины угаалга, доторлогоо

–       Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа

–       Авто зогсоол

–       Нийтийн байрны үйлчилгээ

–       Барилга засвар

–       Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

–       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

–       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

–       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

–       Үсчин

–       Амралт, жуулчны бааз

–       Зочид буудал

–       Дэн буудал

–       Түргэн үйлчилгээний цэг

–       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгожээ

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтын хоногийг энэ сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээс эхэлж мөрдөх болжээ. Улсын онцгой комисс 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв

“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв.  Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.

 Цаашид:

1.    Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах

2.    Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх 

3.    Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад  байнга  хяналт тавьж байх  

4.    ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах

5.    Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах

6.    Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө. 

Товч мэдээ

–       “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

–       “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргана. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн зсгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн зургаан бодлого, 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлнэ.

– Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр болов. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.

Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулна

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Энэхүү кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай юм. Харин үйлчлүүлэгчид энэхүү кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэй гэж Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэлж байлаа.

Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг тэрбээр онцолж байсан юм.

Өнөөдөр 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгоно

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан олгох нь. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байгаа. 

Зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна. 

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган иргэнд 185.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгох аж.

Иймд банкинд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг өнгөрөгч сарын 14-нөөс эхлүүлж улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээжээ.

Ингэхдээ Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдон мэдээлэл хүргэж байгааг НДЕГ-аас мэдээллээ.

Тэтгэвэр олголтыг ХНХЯ, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллах юм байна.

Засгийн газар хуралдаж байна

/

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсох юм. Мөн өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна. ДЭМБ болон ЭМЯ хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулж байгаа билээ. Манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол өчигдрийн 11 цагийн байдлаар 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Мөн Засгийн хуралдаанаар орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах бэлтгэл ажлын явцыг Шадар сайд танилцуулна.  Нийслэлээс орон нутаг руу явах нийт 27 мянган иргэн байгаа бол орон нутгаас нийслэлд ирэх хүсэлтэй  12 мянган иргэн бий гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.

Мэдээ орчуулах »