fbpx

Цаг Үе

Шинжилгээний хариу хуурамчаар үйлдэгсдийн гор орон нутгийг сүйрүүлэх үү

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад өнөөдөр /2021.03.23/ өглөөний 06 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоолоо. Учир нь Хужирт суман дахь Сэмжид рашаан сувилалд амарч сувилуулсан иргэдээс коронавирусын халдварын 4 тохиолдол батлагдаж, 20 гаруй сэжигтэй тохиолдол

Хүлэмж, ломбард ажиллуулдаг компаниуд руу 420 тэрбумыг урсгажээ

/

Авто замын түгжрэлийг бууруулах ажилд энэ онд 420 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Гэтэл энэ мөнгө багадана, гадаадаас зээл авна хэмээн туялзаж байсан хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн түгжрэл бууруулах тал дээр юу ч хийж чадалгүй тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулан ард иргэдийнхээ уур бухимдлыг дээд цэгт хүргэж байна.

Түүний тооцоогүй хийрхлийг дэмжин 2024 он хүртэл энэ хэмжээний мөнгөн дүнг жил бүр төсөвт суулгаж, түгжрэлээс бүрэн ангижруулна гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дотоод дахь бүлэг фракцийн улстөрөө зохицуулж чадахгүй арчаагаа алдаж яваа.

Он дуусахад гуравхан сар үлдэв.

2022 онд авто замын түгжрэлийг бууруулахад төсөвлөгдсөн 420 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ?!

2022 оны төсөв хэлэлцэх үеэр 420 тэрбум төгрөг батлуулж авахын тулд Тулгуурт гүүрэн байгууламж барина, ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай, дөрөвдүгээр сараас ажлаа эхэлчихнэ хэмээн чичрэн зүтгэж байсан хотын мээр Тулгуурт гүүрэн байгууламжтайгаа дашийн шог болж.

Уг нь Тулгуурт гүүрэн байгууламжийн ТЭЗҮ-г 498.5 сая төгрөгөөр “Максимал” ХХК хийхээр тендэрт шалгарсан байдаг.

800 сая төгрөгийн өртөг бүхий дугуйн болон явган зам хийнэ гээд зөвлөх үйлчилгээний тендэрийг мөн 2021.12.09-нд зарлаж байсныг нь бид мартаагүй байна. Тендэрт нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Гео зураглал” компани шалгарч, 240 сая төгрөг гэрээлэн авсан гэдэг ч бас л таг.

Эл дугуйн замд энэ онд гэхэд л 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жил мөн хэмжээний төсөв баталж байсан ч ямар ч дугуйн зам ашиглалтад ороогүй байгаа нь анхаарал татам.

Үүний хажуугаар хотын удирдлагууд дүүжин тээврийн “мөрөөдөл”-дөө мөнгө зарцуулаастай. Дүүжин тээврийн төслийн Баянхошуу-Ханын материал, Гэмтлийн эмнэлэг гэсэн чиглэлийн зорчигчийн нягтрал, ашиг алдагдлын тооцоог гаргуулахаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн ХХК гээчид 20 сая төгрөг төлсөн бололтой. Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г хийлгэхээр тус компанид өмнө нь 298.5 сая төгрөг мөн шилжүүлж байсныг шилэн данснаас харж болно.

Тэрчлэн Дүүжин тээврийн өмнөх захиргаа, компани гэж байсан. Тус компани хоёр жил ажиллахдаа төсвөөс жил бүр 500 сая төгрөгийн санхүүжилт авдаг байсныг тусад нь сурвалжилж, мэдээллэх болно. Учир нь үүний төлөө Францын засгийн газраас 60 сая ам.долларын зээл авч, зээлийн хүүг сар бүр Улаанбаатар хотын засаг захиргаа төлж байна.

Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох судалгааны ажлыг гэхэд “Эм Эм Си Жи” гээч ХХК-иар хийлгээд 2022.07.06-ны өдөр 48.6 сая, мөн өдрөө дахин 11.1 сая төгрөг шилжүүлсэн атлаа түгжрэлээс гаргах шийдлээ олоогүй хэвээр.

Авто замын чанар байдлын түвшин тогтоох болон ажлын тоо хэмжээ тогтоох судалгаа хийлгэнэ гэж 68 сая төгрөгийн тендэр зарлан 67.6 сая төгрөгт багтаана гэсэн “Гео урбан консалтинг” гэх компанийг сонгож.

Нийтийн тээврийн чиглэл сайжруулалтын тооцоолол судалгааг Шинжлэх ухаан технологийн их сургуулиар хийлгэж 70 сая төгрөг өгсөн бол шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгааг 66.6 сая төгрөгөөр “Максимал” гэж компаниар зөвлүүлэн хийлгэж байгаа бололтой.

Өмнө авто замын түгжрэлийг бууруулахад 30-50 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Гэтэл энэ мөнгийг 8 дахин өсгөсөн атлаа Улаанбаатарын авто зам тэг зогсолт хийхдээ хүрээд байна.

Төсөвлөгдсөн хөрөнгөө чамлаж, чацга савируулчих шахаж байсан хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх чиглэлд 2022 онд 6 байршилд дутуу хийгдсэн ажлуудыг гүйцээхэд 21.5 километр замыг өргөтгөнө. Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бага тойргийн бүсэд 13.8 тэрбум төгрөгөөр 2300 гаруй төлбөртэй гарааш байгуулна. Автозамын түгжрэл үүсэхэд нөлөөлөгч томоохон шалтгаануудын нэг болох уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахад 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр дахин инженерчлэл хийнэ” хэмээн ам гарч байсныг хэвлэлийн хуудсууд гэрчилнэ.

Түүний зүгээс зарласан дийлэнх тендэрт шалгарсан компаниуд маш но-той харагдаж байгаа нь нууцлаад байх зүйл биш.

Авто замын тендэрийн ихэнхэд ялж, мөнгийг нь хамж буй “Гео Урбан консалтинг” компани   гэхэд мод модон бүтээгдэхүүний худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, хүнсний дэлгүүр, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нь сэжигтэй.

Тэд автозамын ажилд ямар туршлага, чадвартай гэж хотоос зарласан тендэрүүдэд ялаад байв.

“Квадровэй” ХХК гэхэд менежментийн зөвлөгөө өгөх, хүлэмжийн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, барилгын засвар хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон атлаа мөн авто зам, хөдөлгөөний ачаалал бууруулахаар ажиллах юм гэнэ.

Ийм мэт сэжигтэй, анхаарал татахуйц команиуд руу түгжрэл бууруулахад төсөвлөгдсөн 420 тэрбум урссан байгааг чимээгүй хараад өнгөрүүлж болохгүй.

Өнгөрсөн онуудад ковидын хатуу хөл хорио нэрээр гудамж талбайг хөл хөдөлгөөнгүй болгосны ачаар хэл ам багатай даван туулж ирсэн хотын мээр дэргэдээ Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан бүхэл бүтэн газартай болчихсон байгаа нь ч дэндүү увайгүй.

Засгийн газар нь хэмнэлтийн горим ярин хашгичаж байхад юу ч хийж бүтээгээгүй байж олны хэл амд хариу барих газар, хэлтэс нээсэн байгаа нь зүйд үл нийцнэ.

Тиймээс Хотын иргэд нь халаас хоосон, өлөн зэлмэн зүтгэж байхад түгжрэл бууруулна хэмээн 420 тэрбумыг халаасалчихаад өдгөө ямар ч арга хэмжээ авалгүй тэгш сондгой дугаар ярин ард иргэдийнхээ амьтай голтой дэнжигнэж буй бизнест нь, ажил албанд нь гай чирч, чөдөр тушаа болж буй Нийслэлийн удирдлага, түүний бамбай цайз болгон босгон Хэвлэл мэдээллийн газар хэлтэст холбогдох зардал, хэтийдсэн төсвийн мөрөөр бид ажиллах болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав

/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан “Ц” нь өөрийн компаниар дулаан зогсоол түрээслэх гэрээг аймгийн МХГ-ын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн данс руу төлбөр шилжүүлж байгууллагад хохирол учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай “Д” нь сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагч “Э” тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд иргэн “Г”-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Б” нь “Багануур” ХК-ийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн “А” нь ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38,663,013 төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2,5 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх;
  • Улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, ИТХ-ын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх.

Эрх баригчдын эзэрхийлэл хэтэрч энэ улс хууль цаазгүй мэт боллоо, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

/

Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн түүх 1980 оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдаж байсан ч нойтон аргын үйлдвэр өртөг өндөр, зардал ихтэйгээс алдагдал хүлээж, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн байдаг.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн өмчит байх хугацаанд захирлаар нь ажиллаж байсан А.Шоовдор эхнэр болон дэд захирал, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нартайгаа үгсэн хөрөнгө шамшигдуулсан нь илэрч, саатуулагдан хэсэгтээ бужигналдаж байв.

Яг л МИАТ шиг…

“Хөтөл-Занар” гэх компанийн нэрээр “Цемент, шохойн үйлдвэр”-ээс хаягдал гэгдсэн бүтээгдэхүүн авч боловсруулдаг, боловсруулснаа буцаагаад үйлдвэрт шахдаг. Энэ нь эцэстээ их хэмжээний мөнгө угаалт болж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дампууруулж, хаалга үүдээ барихад хүргэсэн гэдэг.

Эцэстээ удирдлагууд нь ял сонсч, өрөнд баригдан өтөнд идэгдээд сэргэхээсээ өнгөрсөн үйлдвэрийг 2015 онд хувьчлах шийдвэр гарч байв.

Тухайн үеийн эрх баригчид хувьд шилжүүлж худалдахдаа А.Шоовдор захирлын үүсгэсэн өр төлбөртэй, юутай нь зарах шийдвэр гарган, үүнийгээ 2015.10.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд

  • “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн 28 тэрбум 566 сая 747 мянга 900 төгрөгийн богино хугацаат өр
  • Барилгын салбарыг дэмжих зорилгоор орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл
  • Банкны зээлийн 1 тэрбум 139 сая 546 мянга 330 төгрөг нийт 39 тэрбум 706 сая 294 мянга 230 төгрөгийг өр төлбөрийг худалдан авагч тал төлнө хэмээн заасан байгаа юм.

Түүгээр зогсохгүй тус ТӨХК-ийн 2012, 2014 оны ногдол ашгийн өр 1 тэрбум 45 сая 109 мянга 400 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор, улмаар татварын өр, бусад төлбөрийн дүнг баталгаажуулан холбогдох байгууллагуудтай хугацаа тохирч төлж барагдуул гэсэн байдаг. Энэ бүхний эцэст ТӨХК-ийн 119 452 690 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 1 тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөр тогтоогоод дээр дурьдсан бүх өр төлбөрийн хамт зарж, толгойн өвчин болсон цементийн үйлдвэрээс салсан байгаа юм.

Ингэхдээ худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд “Төрийн” үүсгэсэн өр төлбөрийг барагдуулахгүй бол өмчлөх эрхээ алдана гэх хатуугаас хатуу, бүр харгис гэчихэд болох гэрээг хийж хувийн хэвшилд шилжүүлсэн атлаа өдгөө миний юм, манай юм болоод ажиггүй дайрч давшилж буй нь ичгүүртэй.

Эл хатуу гэрээт хувьчлалын дараа “дампуурсан” Хөтөлийн үйлдвэрийг хэн ч ашиглаагүй. Өдгөө буурин дээрээ түүхийн дурсгалт зүйл шиг бараантаад үлдсэн.

“Төрийн дампууруулсан” үйлдвэрийн өр шир, татвар төлөөсийг барагдуулж, хувьцааг бүрэн бүтнээр худалдан авсан нөхөд мөнөөх сэг зэмийнх нь дэргэд хуурай аргаар боловсруулах үйлдвэр бариад өндийх аядаж явахад нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ийнхүү “дээрэмдэж”, булайгаа чирч байгаа нь дотоодын бизнесмэнүүд болон гадны хөрөнгө оруулагчдыг айлган үргээж байна.

Монгол ТӨР хэзээ ч ийм увайгүй, ичгүүр сонжуургүй аяглаж байсангүй!!!

А.Шоовдор захиралтай Төрийн өмчит үйлдвэрийн газрын өр ширийг далдруулж, дээр нь хувьцааг 100 хувь худалдан авсан талд хуурай аргаар боловсруулах цоо шинэ үйлдвэрийн суурийг тавьж, босгоход ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдсан нь мэдээж. Тиймээс хөрөнгийг 2-3 эх үүсвэрээс босгосны нэг нь Хөгжлийн банк.

Гэтэл ТӨР өөрөө дампууруулж, үүд хаалгыг нь барьсан нойтон аргын үйлдвэрийн сэг зэмийг дэргэд нь шинээр босгосон хуурай аргаар боловсруулах цементийн үйлдвэртэй хамтад нь хурааж авна гэдэг байж болох уу!!!

Далийраад, энэ чинь Төрийн өмч байсан гээд хашгичаад байгаа Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр чинь нойтон аргаар боловсруулдаг байсан үйлдвэр юм… Суурь балгас нь одоо ч хэвээр байна. Дампууруулсан А.Шоовдор гэх захирал чинь ял зэм, алдаа оноогоо хүлээгээд гараад ирсэн.

Тэгэхээр хурааж аваад, Л.Наранбаатар гэх сүржин эрийг захирлаар нь тавьчихаад байгаа үйлдвэр нь хуурай аргаар боловсруулалт хийдэг, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон огт ондоо шинэ үйлдвэр, цэвэр хувийн өмч гэдгийг ялгаж салгаж ойлгох чадвартай хүн энэ Засгийн газарт байна уу?!

Хууль зөрчиж, төрийн өмчит компанийг хувьчилсан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад ч УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй.

Төрийн өмчит компанийн нийт хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлээд, дээр нь 28, 10, 1.3 тэрбум төгрөгийн нийт 39 тэрбум төгрөгийн өрөө нэмж төлүүлчихсэн хойноо Төрийн өмчит компанийг хууль бусаар хувьчилчихаж гээд ямар нүүрээрээ хэлж, булааж чадаж байна аа.

Хувьчлалаа буруу явуулчихсан юм бол хувьчлахыг шийдвэрлэсэн тухайн үеийн Парламент, холбогдох эрх бүхий байгууллагуудыг эхэлж шүүгээд, дараа нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг худалдан авсан хувийн хэвшлийнхний гаргасан зардал болох 41.3 тэрбум төгрөгийг, өнөөг хүртэлх бүхэл бүтэн 7 жилийн хугацааны нь ашиг, алдагдалтай нөхөж төлчихөөд нойтон аргаар боловсруулдаг байгаад үүдээ барьсан үйлдвэрийн балгасаа л авах ёстой юм биш үү…

Гэхдээ ингэхийн тулд энэ Парламентаараа хэлэлцүүлж, эргүүлж авах тогтоол шийдвэр гаргуулсны үндсэн дээр авдаггүй юм уу…

Яагаад Төрийн өмчид байхдаа дампуурчихсан үйлдвэртэй огтын хамаагүй, шинээр барьж байгуулсан хуурай аргын боловсруулалтай үйлдвэрийг булааж, дээрэмдэж байгаа хэрэг вэ!!!

Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжилд тустай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан ч өдгөө арилжааны банкаас ялгарахаа больж, зарим тохиолдолд ломбардны үүрэг гүйцэтгэж ирсэн нь үнэн. Энэ нь даамжирч арилжаа, аж үйлдвэрийн зээлээ ялгахаа болих хүртэл доройтон, хөглөрсөн алдаан дээрээ танц эргэцгээж байна.

Аж үйлдвэрлэлийн зээлүүд эргэн төлөлт удааширч, найдваргүй зээлийн ангилал руу ортлоо хэцүүдсэн нь зээл авагчийн бус эсрэгээрээ Төрийн болоод Монголбанкны алдаатай бодлого, Засгийн газрын тогтворгүй ажиллаж ирсний төлөөс, үр дагавар биш юм уу!!!

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал хуудуутай явагдсан гэх ганц үг үсэг албаны бичиг баримтад өнөө хэр байдаггүй. Нэмээд, өмчийн хууль ёсны залгамжлагч байсаар байхад эцэг нь нас барсан гээд хүүг нь гудамжинд хөөж гаргадаг аймшигтай Засгийн газрыг бид харж байна.

Өмч хөрөнгийн маргаан, өв залгамжлалын асуудлыг шүүх байгууллага эцэслэн тогтоодог дүрэм журам, хууль цааз Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед бүрэн үгүй болов.

Төр дээрэм хийж гаршлаа.

МАН засагласан жил аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ, иргэд өмчөө хураалган “дээрэмдүүлж” байгаа нь булзааруулах аргагүй үнэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми дагуулах нь холгүй сүржигнэж ирээд төрийн мэдэлд авлаа хэмээн “дээрэмдэж” байсныг бид мартаагүй байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорьж, саатуулж байгаад Цагаан суваргын ордыг булаасан.  

Энэ “дээрэм, тонуул” Эрдэнэт үйлдвэрээр үргэлжилж ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг эх орондоо авчирсандаа ял асуулган Д.Эрдэнэбилэг шоронд орчихлаа. Эзнийг нь хорьчихсон атлаа Эрдэнэтийн буянаар ковидын хүндрэлийг зовлон багатай давж байна гэх утга үл зохицох дэмийрлээр олон нийтийн санаа бодлыг эргүүлэх аядаж буй эрх баригчид хөөрхийлөлттэй харагдаж байна.

УИХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэрээс урьтсан Засгийн газрын дээрэм ханхлуулсан шийдвэрүүд хэрээс хэтэрч байгаа нь улстөрийн “өшөө авалт”, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хатгалга шиг харагдаж буй нь нууц биш.

Монголын эдийн засгийг нуруундаа үүрсэн баялаг бүтээгч, татвар төлөгчдөө хомроглон дарангуйлсан эрх баригчид зөвшөөрөлгүй гражуудыг буулгах нэрээр ч хувийн өмч рүү хайр найргүй халдаж байна. Хураах, буулгах тогтоол шийдвэргүйтэйгээ нэгэн адил нөхөн олговрын асуудлыг хэн ч яриагүй хэвээр.

Төсөв бүрдүүлэгч татвар төлөгчид, ард иргэддээ ингэтэл өршөөлгүй хандан эд хөрөнгийг эрээгүйгээр эвдэн сүйтгэж, “тонон дээрэмдэж” буй эрх баригчдын эл эзэрхийлэлд цэг тавьж, эрслэн зогсох цаг нэгэнт болж.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Үндэсний тээврээ залгих МУНХАГ төсөл буюу Х.Булгантуяа танилцуулж, Г.Занданшатар зүтгүүлдэг танил сценари

/

Мэдэн будилж, гэнэн цагаан дүр үзүүлсэн УИХ-ын дарга юу л хийгээд яваад байна даа. Тэрбээр урд зүгт найр тавьсан л бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулаад ч болов дэмжихэд бэлэн байдаг болоо юу гэмээр анзаарагдах болов.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ил цагаан дэмжиж, ЯАРАЛТАЙ гэсэн шошго нааж дөрлөөд зүтгүүлж байсан нь мартагдагдаагүй байна. Дөрвөн гишүүний нэрээр өргөн барьсан 50.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 150 сая төгрөгөөр гадныханд виз олгоё гэсэн эл төслийг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар УИХ-ын даргатай нийлж эцсээ хүртэл зүтгүүлсэн.

Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яаруу юм шүү хэмээн очёр дайруулж, хэн ч анзаараагүй шахам байхад гэнэтхэн бөгөөд сэмхэн хэлэлцэхээр шууруулж байсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар АНУ яваад ирсний дараахан болж байв. Тэд эртнээс гар нийлж, хамтран ажиллаж дадсан нөхөд.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа Европын холбоонд захидал хаягласнаас үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орсон “хэрэг”-ийг ч олон нийт мартаагүй биз. Бүгд Х.Булгантуяаг буруутгаж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өмгөөлж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “гэмт этгээд”-ээр тухайн үеийн Монголбанкны удирдлага Н.Баяртсайханыг нэрлэн чөлөөлж байв.

Сэжиггүй царай гаргачихаад чоно борооноор гэгчийн үлгэрээр сиймхий ашиглахдаа тун гаргуун гэдгээ тэрбээр 5.5 тэрбумын өртөгтэй “Богд Зонхов” төслийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр 32 тэрбум болтол огцом өсгөж харуулсан. Төслийн өртөг гэнэт өссөний учир нь Г.Занданшатарын лобби байсныг өдгөө бүгд мэдэж байгаа.

Богд Зонхова хөшөө барих саналыг Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар гаргаж, төсөв батлагдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр бариулж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар хэтэвч нэг нөхөд. Тэд “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Г.Занданшатар болон гэргийнх нь нэрээр олон компани бүртгэлтэй хэдий ч АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөсөн нь хоёрхон. Түүний нэг нь Ц.Цэрэнпунцагтай хамтран эзэмшдэг эл компани.

Цар тахлын нөлөөтэй нүүрсний экспорт зогсч улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбумаар тасалдан нүүрс тээврээс орлого олдог өрх бүл, тээврийн компаниудын өр, зээлийн хүү, алданги нэмэгдэж санхүүгийн байдал нь хүндэрч байхад эрхэм УИХ-ын дарга, түүний гэр бүлийн орлого жилээс жилд өссөн дүнтэй байгаа.

Тэрбээр энэ удаад Автотээврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг зүтгүүлж байгаа нь нэн сэжиг бүхий.

Зүтгүүлж буй нэмэлт өөрчлөлт хичнээн их эрсдэл дагуулж болохыг салбар хариуцсан сайд нь учирлан татгалзаж байхад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бөөн хуулин дунд боон хавчуулж, түүнийг нь УИХ-ын анхны хэлэлцүүлэгт мөнөөх Х.Булгантуяа танилцуулж байгаа нь сонирхолтой.

Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад найр тавьсан, тэдэнд илт давуу байдлыг олгох өндөр эрсдэл дагуулсан энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх энэ өдрүүдэд нэг л танил сценари ханхлаад байгааг хэлэх нь зүйтэй.

Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нэрийн дор иргэн харьяатын асуудлыг шийдвэрлэх далд агуулгатай төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарын нэр хавчуулагдан тэднийг орчлонгийн хамгийн адаг хүмүүс гэх мэдээлэл тасралтгүй хөвөрч байсныг саная.

Гэтэл энэ удаад БНХАУ-ын төмөр замын корпорацийн Хөх хотын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн орлогч захирал тэргүүтэй 10 гаруй дарга нарын саатуулагдан шалгагдаж буй хэрэгт Монголын талаас Л.Халтар сайд гарцаагүй холбогдож таарна гэх таамаг мэдээллүүд хүчтэй тарж байна.

Авто тээврийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг салбар хариуцсан сайд өргөн барих учиртай ч эсрэгээрээ болзошгүй эрсдлийг тайлбарлан татгалзаж байгаа болохоор түүнд хаяглагдсан хар бараан мэдээллүүд ийнхүү тасрахгүй байгаа юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно” л гэж зааснаас бус бусдын хариуцсан салбарын асуудлыг өмнөөс нь өргөн мэдүүлж, барьж гүйх тухай тусгагдаагүй.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бөөн хуулин дунд хавчуулж, Г.Занданшатарт атгуулаад 20 ч хоноогүй байхад өнөөхийг нь Х.Булгантуяа танилцуулж яаравчлуулаад сууж буй нь сонирхолтой.

Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх хугацаа багадаа 20 хоног байдаг. Ингэхдээ хэд хэдэн үе шатыг дамжин хянагдах ёстой.

Тэр дундаа Авто тээврийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй атлаа эцсийн хэлэлцүүлэгт очёр дайран зүтгэлж яваа нь хардлага дагуулахаас аргагүй байгаа.

Х.Нямбаатар, Х.Булгантуяа нар “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөлд оруулж буй

  • 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
  • 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэх хоёр заалтыг

“Авлигал, албан тушаалын хэрэг гааруулж мэдэхээр байгаа C зөвшөөрөл гээчийг нь Засгийн газраас олгодог л болгох гэж байна, буруу юу” гэх нь холгүй тайлбарлаж байгаа юм.

Үнэн хэрэгтээ энэ нь Х.Булгантуяа гишүүний Хөрөнгө оруулалтын тухай гэх тэс ондоо хуулийн дор гадаадын иргэн харьяатын асуудал оруулж ирдэгтэй яг адилхан, агаар нэг хэрэг!!!

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр С зөвшөөрлийг Засгийн газар олгоно. Ингэхдээ уул уурхай болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас квот олгох байдлаар шийдвэрлэнэ гэж ГОЁ уншигдаж байгаа. Тойруулалгүй, товчхон ойлгоход “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийг хэнээр, ямар компаниар тээвэрлүүлэх саналыг нүүрс худалдан авагч талын хүсэлтэд үндэслэн, тэдэндээ C зөвшөөрлийг олгуулна.

Харин нүүрс худалдан авагч БНХАУ-аас Монголын хөрөнгө оруулалттай тээврийн компанийг нэрлэхгүй нь ойлгомжтой. Нүүрс тээврийн 220 гаруй Хятадын хөрөнгө оруулалттай компани байхад, тэр дундаа тээврийн салбараа дэлхийд гайхагдтал дэмждэг хөрш орон манай улсын тээврийн компаниудыг сонгоно гэдэг ёстой мянгуужингийн үлгэр.

Ийм л заалт, ийм л нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж, үндэсний тээврээ өөрсдийн гараар боомилох гээд байгааг Г.Занданшатарын даргалсан парламент ухаж ойлголгүй батлах гээд, хэлэлцүүлээд яваад байгаа нь харуусал, эргүүлж засч дийлэмгүй алдаа болох юм.

Яг энэ алдаа, учирч болзошгүй эрсдлийг хэлсэн Л.Халтар орчлонд байхгүй муу хүн болж, Хятадад шалгагдаж буй хэргийн хамсаатан гэгдтэлээ бичүүлээд түүний орноос Х.Нямбаатар “Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэллээ. Богино тээвэр зэрэгцэн хийгдэж байгаа” хэмээн Зам тээврийн сайд уу, Уул уурхайн сайд билүү гэж эргэлзтэл жиргэж суугаа нь энэ Засгийн газрын дэндүү завтай, хөл толгойгүй болтлоо эмх замбараагүй ажиллаж байгаагийн илэрхийлэл болсон ЭМГЭНЭЛТ үзэгдэл гэчихэд хэтийдсэн болохгүй.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Б.Нямлхагва: Глобус компанийн уршгаар сумд хилийн цэсийн маргаантай болчихсон

/

Улаанбаатар хотоос 147 км зайд орших Төв аймгийн Угтаалцайдам сумын, хэвийн ажиллагаатай 640 хүүхдийн сургуулийг нурааж 320 хүүхдийн сургууль барихаар төсөвлөчихсөн. Мөн зэргэлдээ сумдтай хилийн цэсийн маргаантай байгаа зэрэг асуудлаар Засаг дарга Б.Нямлхагватай ярилцлаа.

-Зуншлага сайхан уу, хур бороо хэр элбэг байна вэ?

-Сайхаан. Хур бороо бага байна даа.

-Газар тариалангийн бүс нутаг Угтаалцайдам хуурайдуу сэрүүн зунтай. Энэ жил хур бага, гантай зун болж мэдэх нь гэж нутгийн хөгшчүүл ярьж байна?

-Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр 2017 оны гантай жил дахин тохиох магадлалтай гэж байсан. Одоогоор ямар ч чийг алга.

-Тариалалт хүндрэх нь ээ?

-Тариалалт өнөөдрийг хүртэл жигдэрсэнгүй. Тариаланчид өмнөх жилүүдийн тарьж байснаа бодвол энэ жил багасгаж байна. Гантай зун болж мэдэх тул болгоомжлохоос аргагүй.

-Таван ханатай гэрт цэцэрлэг ажиллаж байх юм. Нүдний гэм болсон баймаар юм аа?

-XXI зуун гарчихаад байхад таван ханатай гэрт цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа сум манайхаас өөр байхгүй байх. Цэцэрлэгийн барилга 3 жилийн өмнө актлагдсанаас хойш хүүхдүүд маань гэрт хичээллэж эхэлсэн. Уг нь улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барихаар өнгөрсөн жил шав тавьж барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас барилгын материалын үнэ өсч, барилгын асуудал удаашралтай байна. Тиймээс энэ жил ашиглалтад орж чадахааргүй болчихлоо.

-Хөрөнгө оруулалт нэмэх шаардлага бий болсон гэсэн үг үү?

-Тийм. Хэрэв 2023 оны төсөвт үлдэгдэл хөрөнгийг тусгаж өгвөл барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Тэнгэрийн долоон од” ХХК өөрт байгаа боломжоо ашиглаад бүрэн дуусгаад өгье гэсэн. 2023 оны төсөвт үлдэгдэл мөнгийг нь тавиулж чадвал шүү дээ.

-Өнгөрсөн жил суманд бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэв?

-2021 онд аймгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дээврийн засварын ажлыг “Ихэр түрүү” ХХК хийж гүйцэтгэсэн. 2021-2022 онд он дамнуулж мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 90 сая, Сум орон нутгийн хөгжлийн сангаас 60 сая гээд нийт 150 сая төгрөгөөр Соёлын төвийн дээврийн их засварын ажлыг хийж дууслаа.

-640 хүүхдийн сургуулийн барилгыг нурааж, суурин дээр нь 320 хүүхдийн сургууль барих юм байна. Хүчин чадал хоёр дахин буурахаар хүүхдүүдээ багтаах уу?

-Сумын ерөнхий боловсролын сургууль ирэх жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Улсын төсөвт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Одоо ажиллаж байгаа 640 хүүхдийн сургуулийг буулгаж оронд нь 320 хүүхдийн сургууль шинээр барихаар 2023-2024 онд 3 тэрбум төгрөг тавьсан юм билээ.

Мэдээж хүчин чадлыг бууруулахаар 2, магадгүй 3 ээлжээр хичээллэх шаардлага үүснэ. Хүн ам өссөн үед 3 ээлжээр хичээллэхээс өөр гарцгүй болох байх.

-Сургуулийн барилгын насжилт 33 жилийн түүхтэй байсан. Онцгой байдлын газрын акт хэзээ гарсан юм бэ?

-Өмнөх Засаг даргын үед акт гарсан гэж сонссон. Бидэнд харуулж, үзүүлсэн зүйл байхгүй. Сургуулийн нэг хананд цууралт үүссэн. Үүнээс улбаатай акт үйлдсэн гэсэн мэдээлэл бий.

-Сумын удирдлагад энэ талаар танилцуулаагүй гэсэн үг үү?

-Үгүй ээ.

-Сургуулийн шинэ барилгын талаар яаж мэдэв?

-УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзахад “Танай сумын сургуулийг акталж, 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар төсвийг нь шийдвэрлэсэн” гэж хэлэхэд мэдсэн.

-Сумын удирдлагын хувьд сургуулийг актлах шаардлага бий эсэх дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоогийн 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг буулгах биш их засвар хийгээд явбал сум орон нутагт ч хэрэгтэй. Улс оронд ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй л дээ.

-Сум хоорондын хилийн цэсийн маргааны талаар тодруулья. Баянхангай болон Цээл сумтай хилийн цэсийн маргаан хэдийнээс гарах болов?

-Барилга хот байгуулалтын яамнаас 2012 онд орон нутгийн хилийн цэсийг баталгаажуулах тендэр зарлаж, 5 компани шалгарсан байдаг. Үүний нэг нь “Глобус”. Уг компани манай сумын хилийн цэсийг тэмдэглэлжүүлэхдээ Мэргэн давааны овоог тал газар гэж тэмдэглэсэн. Үүнээс болж урд талын Баянхангай сум хооронд хилийн цэсийн маргаан үүссэн. Мөн хойд талын Цээл сумтай 1, 2 дугаар шонгийн маргаантай.

-Мэргэн давааны овоо нь танай сумын нутаг уу?

-Тэгэлгүй яахав. 1982 оноос Мэргэн даваа овооны дэргэд амьдарч байгаа казах өвгөн 40 гаруй жил эндээ нутаглан амьдарч ирсэн хугацаагаараа ч гэрчилдэг. Гэвч маргаан тасардаггүй. “Глобус” компанийн хариуцлагагүй байдлаас болж хоёр сумын дундах маргаан үүсчихээд байна даа.

-Угтаалцайдам сум 100 жилийн ойгоо удахгүй тэмдэглэнэ. Цээл сум танайхаас тасарч гарсан байх аа?

-Угтаалцайдам сум 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Баянхангай, Цээл сумд 1976 онд манай сумаас тусгаарлаж гарсан. Угтаалцайдам анхдагч гэсэн үг. Хамгийн том сангийн аж ахуйдын нэг. Хүн амын хувьд энэ жил 2806 хүн тоологдсон. Цээл сумтай хүн ам ойролцоо, харин Баянхангай сумаас хэд дахин илүү хүн амтай юм.

-Хүн амын нягтаршил ихтэй юм?

-Газар нутгийн хувьд Төв аймгийн бусад сумдаа бодвол бага. Хүн амын нягтаршил ихтэй. 

-Угтаалцайдам сум газар тариалангийн бүс нутаг. Бэлчээрийн даацын асуудал толгойны өвчин болсоор ирсэн. Энэ жил хичнээн толгой мал тоологдов?

-Малын хөлийн даац 23 дахин их. Энэ жил 132000 толгой мал тоолуулсан. Даацаараа 50000 толгой байх ёстой ч 2-3 дахин хэтэрчихсэн гэсэн үг.

-Малын хөлийн татварын хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хууль батлагдвал асуудал шийдэгдэх болов уу?

-Тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг доод тал нь 10000 төгрөг байхаар хэлэлцэж байгаа. Хууль батлагдвал тариалангийн бүс нутагт амьдарч байгаа иргэд эрчимжсэн мал аж ахуй руу орох байх. Хүссэн хүсээгүй ийм сонголт үлдэнэ. Түрүүчээсээ үүлдэр угсаагаа сайжруулаад орж байна.

-Баянхангайгаас Угтаалцайдам хүртэл засмал замтай болно гэж яриад 10 гаруй жил болж. Олон жилийн яриа биеллээ олох нь гэтэл сөөм газар л зам тавих бололтой. Тийм үү?

-Хатуу хучилттай засмал зам тавигдана гээд 15-16 жил яригдаж байна. Энэ жилийн төсөвт 25 тэрбум төгрөг тавигдсан. Энэ мөнгөөр ойролцоогоор 30 км зам тавьж хүрэх үү, үгүй юү болчихоод байгаа нь үнэн.

-Энэ мөнгөө 4 хэсэг хувааж өгнө гэж дуулдсан?

-Нийт 122 км авто замын төсөв нь 130 тэрбум төгрөг юм. Үүнээс зөвхөн энэ жилийн төсөвт тусгагдсан нь 25 тэрбум. Баянхангайгаас-Талын уул бригад, Талын-Уулаас-Угтаалцайдам, Угтаалцайдамаас-Цээл, Талын-Уулаас-Заамар сум гэхчлэн 4 тендэр зарлагдаад байгаа. Гэхдээ Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын удирдлагууд нэг байр суурин дээр нэгдэж, 25 тэрбум төгрөгөөрөө зөвхөн Баянхангай сумаас хэдэн км болдог юм, тэр хүртэл нь ханатал зам тавиад өгөөч гэсэн хүсэлт гаргасан. 4 хэсэг тендэр зарлачихаар чинь Дарханы зам шиг энд тэндгүй сэндийчээд хучилтаа ч хийхгүй, тариалангийн талбай дундуур машин тэрэг сүлбэлдэж давхидаг, энд тэндгүй байгаль дэлхий сүйтгэн тариа ногоон дундуур явах вий гэх сэрэмжлэл бүх сумдын удирдлагуудад бий.

-Барилга хот байгуулалтын сайдтай уулзаж байх шиг байсан. Ямар ажил амжуулав?

-Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хэрэгжүүлж байгаа инженерийн дэд бүтцийн сумын төвийн цэвэр, бохирын шугам Угтаалцайдам суманд хэрэгжиж, зураг төслийн ажил нь явагдаж байгаа. Сайд нутгийн иргэдтэй уулзаж, Угтаалцайдам суманд ашиглалтад оролгүй 32 жил болсон 2 давхар хоёр барилгын дэд бүтцийн зураг төслийн асуудлыг шийдэж өгсөн юм. 

-Юуны зориулалтаар ашиглаж байсан барилгууд вэ?

-Элеваторын ажилчдын орон сууц байсан. Сүүлд сумын мэдэлд ирсэн болохоор бид үргэлжлүүлэн босгож, ашиглахаар зэхэж байна.

-Зориулалт нь?

-Нэгийг нь үйлчилгээний төв, нөгөөг нь төрийн албан хаагчдын орон сууцаар ашиглана. Сум орон нутагт ажиллаж байгаа залуу боловсон хүчний орон сууцны асуудал хүнд. Тэднийхээ нийгмийн асуудлыг шийдэхэд дэм болно гэж үзэж байгаа. 

Хагас тэрбумыг “халаасалсан” бүлэглэлийг зайлуулчихаад зам зас, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

/

Нийслэл дэх авто зам засварын ажил эхлэхээс өмнө Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн бүлэглэлээс салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг Хотын даргад сануулан бичсээр байгаа.

Тодорхой фактууд байсаар байхад хариуцлага тооцох бүү хэл том том дүнтэй ажлуудын ард суулгасаар байгааг хэрхэн ойлгох вэ, Ерөнхий сайд аа!!!

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын ахлах нягтлан бодогч Б.Болормаагийн халаасанд явдаг хоёр тамганых нь нэг “Тавалтайн рашаан” гэх компанийнх бөгөөд 2014 онд байгуулсан энэ компанийн анхны захирал нь Баатарын Байгалмаа гэгч буюу мань Болормаагийн төрсөн дүү гэдэг фактыг тус газрын ажилтнуудаас ирүүлээд байна.

Компани байгуулагдсанаас хоёр жилийн дараа, 2016.09.27-нд Ц.Бэрцэцэгийг захирлаар томилсноо сүүлд 2018.07.17-нд Б.Хосбаяр гэж нөхрөөр сольсон байдаг. Гэсэн ч компанийн тамга, эрх мэдэл Б.Болормаагийн “халаасанд” байсаар байгаа нь “Тавалтайн рашаан”-ыг олны анхаарлаас холдуулж, зайлуулсан нэр төдий асуудал гэж үзэхэд буруутахгүй харагдана.

Соёлын яамны Соёл, урлагийн газрын дарга асан Ц.Нацагдолгорыг удирдлагуудынхаа үгэнд ордоггүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэдэг, ажилдаа цагтаа ирдэггүй гэхчлэнгээр буруутган халж байсан бол Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын ахлах нягтлан бодогч Б.Болормааг түүний өрөөсөн дугуй буюу жижигрүүлсэн хувилбар хэмээн тус газрын зарим удирдлагаас буруутгасаар байдаг ч хариуцлага тооцож чадахгүй хэвээр байгаа нь сэжигтэй.

Шүүмжлэлт нийтлэлүүд гарсны дараа Б.Болормаад хариуцлага тооцох байтал эсрэгээрээ Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын Санхүүгийн албаны бүтцэд огцом өөрчлөлт оруулан нярав, нягтлангуудаа нааш цааш болгоод, заримыг нь ТОО БҮРТГЭГЧ хэмээн “гудманд” хөөн гаргасан байх юм. Ийм ойлгомжгүй, учир битүүлэг шийдвэрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нөлөөлж хийлгэсэн буруутгал хүчтэй байна.

Учир нь ахлах нягтлан бодогч Б.Болормааг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг тус газрын орлогч дарга Н.Алгаа хир халдаалгүй хамгаалдаг юм байх.

Тэд “халаас”, “зорилго” нэгтэй нөхөд бөгөөд үүнийг нь Б.Болормаагийн хамаарал бүхий хоёр компани, орлогч даргын найзын компаниас гадна “Баясгалант-Охь” гэх Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын шилэн дансны ихэнх орон зайг эзэгнэдэг компаниудын мэдээлэл нотлоно гэдгийг тус байгууллагын удирдах албанд ажиллаж байгаад халагдсан зарим эх сурвалжаас хэлж байна.

Тэрчлэн орлогч дарга Н.Алгаа, ахлах нягтлан бодогч Б.Болормаа нарын оодролтыг тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Нарангэрэлийн Лхавгасүрэн гэгчээс салгаж ойлгох ямар ч боломжгүй аж.

2021.01.06-нд буюу жил хагасын өмнөхөн Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч хэмээх албан тушаалд томилогдон ирсэн энэ нөхөр ирсэн даруйдаа бүтцэд байхгүй “ахлах нягтлан” гэх шинэ орон тоо гарган Б.Болормааг ажилд оруулж байж.

Н.Лхавгасүрэн нь “Молор-Эрдэнэ констракшн”-ийн 50 хувийг халааслагч нэгэн бөгөөд энэ байгууллагад ирэхийн өмнөхөн Эрдэнэтийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж, Toyota, Camry, Микроавтобус, Alphard, Prius маркийн авто машинтай хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан байдаг.

Гэтэл Улаанбаатар авто зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-т ороод жил бололгүй автомашинуудын нь чанар илтэд сайжирч, RX-350 Land-200, хамгийн сүүлийн үеийн он залуу “Toyoto crown” автомашин сэлгэн унах болсныг ажилтнууд нь баталж байна.

Түүнд факт үүсгээд шалгая гэвэл улсын төсөвт байгууллагын мөнгө “Баясгалант Охь” гэх компани руу бүтэн жилийн турш тав, аравхан хоногийн зайтай урссаар байгаа явдалд асуулга тавиад хөөчихөд ядах юмгүй аж.

Үнэхээр цар тахлын хүнд жилүүдэд зам засвар, арчлалтын ажил төдийлөн хийгдэлгүй хэмнэлтийн горимд шилжчихсэн байхад жилийн дотор юу хийдэг нь тодорхойгүй компани руу хагас тэрбум шахам төгрөг гаргачихсан байх нь дэндүү увайгүй юм, Ерөнхий сайд аа!!!

  • 2022.04.08-нд 18.7 сая
  • 2022.04.13-нд 10.1 сая
  • 2022.04.-19-нд 5.7 сая
  • 2022.04.26-нд 19.6 сая
  • 2021.12.20-нд 60.5 сая
  • 2021.11.03-нд 14.7 сая
  • 2021.11.30-нд 33 сая
  • 2021.10.08-нд 14.7 сая
  • 2021.10.11-нд 5.6 сая
  • 2021.10.13-нд 19.9 сая
  • 2021.10.25-нд 35 сая
  • 2021.10.30-нд 25 сая
  • 2021.09.02-нд 7 сая
  • 2021.09.08-нд 40 сая
  • 2021.09.15-нд 14.1 сая
  • 2021.08.24-нд 30 сая
  • 2021.08.24-нд 7 сая
  • 2021.07.29-нд 13.2 сая
  • 2021.04.30-нд 9 сая гэхчлэнгээр эхэндээ нэг, хоёр сар өнжиж гүйлгээ хийгдэж байсан бол сүүлдээ сар битгий хэл өдөр өнжихөө больсныг шилэн данснаас харчихаарай…

Эцэстээ “идэлт, уулт” ил цагаандаа гарч Санхүүгийн албаны дарга гуай өөртөө мөнгө цохон гаргадаг болчихсон нь даанч эрээ цээргүй. Үүнийг 2021.06.21-ний өдөр “Лхавгасүрэнд 15.3 сая” хэмээн гаргасан баримт нотолно.

Мөнгө хүлээн авагч болоод гаргахад нь зөвшөөрч гарын үсэг зурсан ерөнхий нягтлан бодогч нь Н.Лхавгасүрэн өөрөө байгаа нь түүнд хэрэг үүсгэн шалгах хангалттай факт.

Тэрчлэн хагас тэрбум шахмыг халаасалчихаад байгаа “Баясгалант Охь” компанийн гүйцэтгэх захирал Н.Бямбарэнчин нь Санхүүгийн албаны дарга Лхавгасүрэнтэй овог нэг байгаа нь зайлшгүй шалгах үндэслэл мөн. Улмаар компанийн улсын бүртгэлийн хаяг Орхон аймаг бөгөөд Н.Лхавгасүрэн нь Орхон аймгаас нийслэлд ирснийг анхааралгүй өнгөрөөж болохгүй.

Хэрэв үүнийг ах дүүсийн компани мөн гэж үзвэл ашиг сонирхлын асар том зөрчил биш үү, Авлигатай тэмцэх газрын дарга аа!!!

Мөн дээр дурьдсан “Молор-Эрдэнэ констракшн” компанид 2021.07.21-нд дайрганы үнэ хэмээн 20 сая төгрөг шилжүүлсэн байх бөгөөд компанийн нэрээр гаргасан мөнгийг хүлээн авагч нь Б.Болормаа гэх нэр байгааг ч шалгах ёстой.

Тэгэхээр авлига, албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлсээр байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний үг үйлдэл энэ мэт бүлэглэлтэй тэмцэхээс эхлэх ёстой юм, Х.Нямбаатар сайд аа?!

Эс бөгөөс хотын зам, гүүр засварын ажилд төсөвлөгдсөн мөнгөний тал нь энэ мэт бүлэглэлийн халаас руу урсч, дахиад л чанаргүй, аргацаасан зам хийлээ гэх шүүмжлэлд ээрэгдэх нь, Хотын дарга Д.Сумъяабазар аа!!!

Хагас жилийн дараа сонгуулийн кампанит ажил эхэлнэ… Сонгуульдаа ялахыг хүсвэл албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчидтайгаа бодитойгоор тэмцээд өг.

Амлалтыг нь ажил хэрэг болгоход Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссарын чинь сэтгэл, чадвар дутаад байгаа юм биш биз, эрх баригч намын дарга бөгөөд Засгийн газрын эрхэм тэргүүн ээ!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Холбоотой нийтлэлүүд:

Энхтайваны гүүрийг зассан компанид Б.Мөнхбаатар сайд ганцхан сарын өмнө тусгай зөвшөөрөл олгожээ

Зам засвар эхлэхээс өмнө шимэгчдээсээ сал, Хотын захирагч аа!!!

Үндэсний тээврээ устгах хуулийг Г.Занданшатарын удирдсан парламент батлах уу!!!

/

Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шургуулсан хоёр ч заалтыг УИХ нь батлахаар чичирч байна. Л.Оюун-Эрдэнийн давчдан зүтгүүлж буй энэ хоёр заалтыг баталчихвал Хятадын компаниуд нүүрс тээвэрт хүч түрж, Монголын аж ахуйн нэгжүүд шахагдан, Монгол Улс тээвэргүй болох эмгэнэлд хүрнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 4-нд зургаан хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Эрээнээс гахай үүрч буй наймаачин аятай ганц өдрийн дотор Спикерийн гарт атгуулсан хар уут дүүрэн цаасан дунд Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл багтчихсан байгаа.

Уул уурхайн чиглэлээр улс хооронд тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэл чирэгдлийг багасгах, бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг хангах эерэг үр дагаврыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарлаж байв.

Гэвч үнэн хэрэгтээ Монголын Засгийн газар Хятадуудад найр тавьж, байдгаа барьж гүйх бэлтгэлээ базаачихсан байгаа нь энэ аж. Хятадын тээвэрт, Хятадын аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон энэхүү нэмэлт өөрчлөлтийг батлуулчихаад хил гаалиа нээлгэх талаар яриарай гэсэн шахалтад Л.Оюун-Эрдэнийг орчихсон байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Олны анхаарлын төвд төдийлөн өртөөгүй, зориуд нууж хаасаар батлуулах нь уу гэмээр уг хуулийн төсөлд нэмж оруулахаар тусгасан хоёр заалт бий. Монголын тээврийг бүрмөсөн устгаж, үгүй хийх үүд хаалгыг нээж буй 8.5, 8.6 гэх хоёр заалтыг өнөөдөр парламентаар хэлэлцэнэ.

Нэмэлтээр оруулж буй 8.5-д нь “Улс хоорондын уул уурхайн ба байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, С төрлийн зорчих зөвшөөрлийг олгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг Засгийн газарт олгоно гэсэн үг.

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн 3.1-д “…хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох зорчих зөвшөөрөл, онцгой зөвшөөрөл авч нэвтэрнэ” гэж заасан.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх зөвшөөрлийн бичгийг Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус бүрд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгодог. Улмаар хэлэлцээрийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколын 2.2-т “С төрлийн зорчих зөвшөөрлийг байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй байна” гэж заасан байгаа. Ингэхдээ энэ төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхайн экспортын тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдэд олгосоор ирж.

Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноос хойш урд хөрш монголчуудад нааштай хандсан тохиолдол бараг үгүй гэчихэд хилсдэхгүй. Эрээний хилээ хааж, Монгол Улс бараа, бүтээгдэхүүний хомсдолд орон, түүнийг дагасан үнийн хөөрөгдөлд үсээ зулгааж суугаа. Энэ байдал засагдах байтугай улам бүр хүндэрсээр байгаа нь үнэн.

Харин сүүлийн үед Л.Оюун-Эрдэнийг Хятадын талаас хөрөнгө оруулалт нэрээр мөнгө оруулаад ирчих шиг боллоо гэх хардлага хүчтэй явж байгаа бөгөөд үүнийг нь батлах мэт түүний тэргүүлсэн Засгийн газар гэнэтхэн л Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулмаар байна хэмээгээд Монголын аж ахуйн нэгж, тээврүүдээ үгүй хийж мэдэх эрсдэлтэй хоёр заалтыг зүтгүүлж эхэлсэн. Огцом оруулж ирсэн хуулийн төслөө 20 хүрэхгүй хоногийн хугацаанд шийдвэрлүүлэхээр улайрч байгаа нь дэндүү сэжигтэй.

Нэмэлтээр зүтгүүлж буй 8.6-д нь “Энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэсэн байгаа.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам, харилцаа тээврийн танхимаас авто замын боомтуудаас Ганц модны боомтын хүчин чадлыг тооцож, Монголын талыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрөл олгож байхыг шаардсаар ирсэн.

Үүнийг хууль санаачлагчийн зүгээс гоё тайлбартайгаар ашиглан “Бусад боомтод тоо заагаагүй учир тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээвэрлэгч бүрт зөвшөөрөл олгон ажиллаж байгаа. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг батлаад өгчихвөл С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын наймаа үгүй болно” хэмээн парламентын гишүүдийн тархийг “угааж” байгаа юм. Энэ уран үг, утга нуусан нэмэлт заалтын цаана үндэсний тээврээ шахан устгах маш гашуун хор уршигтай үр дагавар хүлээж буйг УИХ-ын гишүүд анзаарч, тооцоолоогүй яваа нь бүр ч аймшигтай.

2015.04.08-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан тогтоолын 1.3-т “Монгол Улсаас экспортлох нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 50-аас доошгүй хувийг үндэсний тээврийн компани, консерциумаар гүйцэтгүүлэх тухай тусгасан.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас зүтгүүлж буй хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдчихвал худалдан авагч талын саналыг харгалзах шаардлага шууд үүсч байгаа юм. Ийм зохицуулалтыг нь нэмэлтээр тусгачихсан чичирч байна.

Монголын нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ. Ямартаа л тэнд жиндэхгүй бол энд даарахгүй гэлцдэг болохов. Тэр утгаараа урд хөршийн саналыг харгалзах шаардлага үүссээр ирсэн ч өнөөдрийн Засгийн газар, эрх баригчид шиг ингэтлээ далийрч байсангүй. Өдгөө нүүрс тээврийн компаниудын олонх нь Хятадын хөрөнгө оруулалттай байгаа нь үнэн.

2022 оны II улирлын байдлаар Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 12000 гаруй задгай тэвш тээврийн хэрэгсэл, 8000 гаруй чингэлэг тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байгаагийн 10 хүрэхгүй хувийг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага бүрдүүлж байгаа нь гашуудан уйлах ч багадах эмгэнэл.

Нүүрс тээврийн 60 гаруй хувь нь Гашуунсухайтаар дамждаг. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 250 км зайд 7000 тээврийн хэрэгсэл нүүрс зөөвөрлөхөд хангалттай байхад харалган төрийн бодлогогүй шийдвэр, хяналт шалгалт сулаас үүдэн хүссэн бүхэн, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай компани бүхэн тээврийн хэрэгсэл худалдан авч, нүүрс тээвэр хийсээр өдгөө 240 аж ахуйн нэгжийн 20000 шахам тээврийн хэрэгсэл С зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл энэ эмгэнэл нь багадаад Хууль зүй, дотоод хэргийн сайдтан 2022.04.07-ны өдөр улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олголтыг нүүрс худалдан авагч талын саналын дагуу олгоно гэж мэдэгдэв. Хятадын тал хэзээ ч Монголын аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж санал ирүүлэхгүй нь ойлгомжтой тул түүний эл мэдэгдлийг үндэсний тээвэр, үндэсний компаниудаа устгах дэндүү аймшигтай үр дагавартай мэдэгдэл гэж дүгнэхэд буруутахгүй.

Тэрбайтугай “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хүртэл хэний, аль тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлүүлэхээ худалдан авагч тал өөрсдөө шийднэ гэсэн нь Хятадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд манай улсын нүүрсний тээврийг бүрэн хянах нөхцөл байдлыг үүсгэлээ.

Үүнтэй зэрэгцэн Эрдэнэс тавантолгойн олборлолтыг Хятадын талтай хамтран гүйцэтгэхээр болж гэрээ хэлэлцэл явагдаж байна гэх мэдээлэл эрчтэй тарж байна.

“Эрдэнэс тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч. Хятадын “Чалко”, “TTJVCo” гэх компаниудтай хамтарч ажиллаж байсан тул энэ нь шинэ мэдээлэл биш мэт сонсогдож байгаа. Гэвч олборлолт, худалдан авалтыг худалдан авагч тал буюу Хятадын тал шийдвэрлэнэ гэсэн нь Монгол Улс тээвэрлэлтээс гадна Эрдэнэс тавантолгойгоо ч бүрэн тавиад тууж байгаа хэрэг юм. Ийм онц ноцтой шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж, Г.Занданшатарын удирдсан парламент батлах гэж байна.

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олголтыг Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв бус худалдан авагч тал буюу нүүрс худалдан авагч Хятадын талын саналын дагуу олгож эхэлбэл тэд өөрсдийн хамаарал бүхий хөрөнгө оруулалттай тээврийн компаниудад давуу байдал олгон, үүнээс нь болж Монголын тээврийн компаниуд ажилгүй болж, цаашлаад үндэсний тээвэр устах эрсдэлд орохыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мэдэхгүй, тооцохгүй байна гэж байхгүй.

Энэ талаар элдвээрээ хэлэгдээд байгаа Л.Халтар сайд Засгийн газрын хуралдаанд олонтаа тайлбарлаж, хуулийн төслийг боловсруулах багийнханд учирласаар байгаа ч түүний анхааруулгыг нохой хуцсан чинээнд тоож сонсох нэг ч этгээд алга.

Салбар хариуцсан сайдын сэрэмжлүүлэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын чихний хажуугаар өнгөрч байна гэхээр цаана нь асар их эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой.

Монголын тээврийн холбооныхон ч Х.Нямбаатартай уулзаж, хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал оруулахыг хүссэн ч хүлээж аваагүй гэж байгаа.

БНХАУ-ын Засгийн газар тээврийн салбарынхнаа үргэлж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжиж ирсэн. Тэдэнд Монголын тэнэг ноёдын толгойг эргүүлэн, өөрсдийн нь гараар хууль дүрмийг нь засуулчихвал Монголын үндэсний тээврийг нүүрсний тээвэрлэлтээс шахахад ядах юмгүй.

Тэгэхээр Х.Нямбаатарын түлхсэн хуулийн төсөл батлагдвал Үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд шахагдаж устах нь цаг хугацааны асуудал болж үлдэнэ.

Монголын гадаад валютын урсгалын 40 орчим хувийг нүүрсний салбар бүрдүүлдэг. Үүнд монгол компаниудын үүрэг оролцоо их. Адаглаад л орлогоо сохор зоосны зөрүүгүй улсад тайлагнаж, татвараа төлдөг бол Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд санхүүгийн асуудал нь өнөөг хүртэл хаалттай, маргаан дагуулсаар ирснийг Татварын албаныхан хэлэх биз.

Авлига, албан тушаалтай тэмцэж байна гэх гоё тайлбараар үндэсний компаниудаа шахаж, заазалж, үүд хаалгыг нь лацдан дээрэмдэж буй энэ Засгийн газрын хийрхэл хэрээс хэтэрч, эцэстээ “хуулийн хулгай” руу ханцуй шамлан хэзээ ч залруулж боломгүй ноцтой алдааг хийхээр улайран зүтгэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Төсөвт хоёр удаа тодотгол хийлгэсэн Л.Оюун-Эрдэнэ намынхандаа гологдож эхлэв

/

МАН-ын генсэк Д.Амарбаясгаланг Хан-Уул дүүргийн 11-р хорооны ар зайсанд баригдаж буй Zeta төслийнхнөөс “бэлэг” авсан хэмээн намынхан нь хардаж байна. Төслийн эзэн нь Шадар сайд С.Амарсайхан юм байх.

Zeta төслийн хүрээнд баригдаж байгаа хаусын метр.квадратын үнэ 6-8 сая төгрөг. 3-5 давхар бүхий барилгын талбайн хэмжээ нь 208-340.5 мкв. Ингээд тооцвол дунджаар 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хаус юм. Баргийн хүн худалдаж авахааргүй хаус хорооллын зогсоолын төлбөр гэхэд 40 сая. Нэг айлд 2-3 зогсоол төлөвлөсөн гэж байгаа.

Боловсролын салбар төдийгүй яам, агентлаг гээд төсвийн байгууллагын бичиг цаасны шахаа, гадна дотны хөрөнгө оруулалтыг дангаараа эзэмшдэг гэгддэг Д.Амарбаясгаланд өндөр үнэтэй хаусаасаа “бэлэг” болгосон С.Амарсайхан хариуд нь Ерөнхий сайдын сэнтий хүссэн гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж эхэллээ.

Ипотекийн зээлийн хүү бууруулах асуудлыг улиг болтол хөндөж, МИК гэх мангасын луйвар, түүнд Монголбанк оролцож байсныг илчлэх зэргээр Ерөнхий сайд болчихвол энэ мэтчилэнгээс эхлэн хийх ажил маш их гэсэн мессэжийг байнга өгсөөр ирсэн нь түүний дараагийн Засгийн газрын тэргүүн болох хүслийнх нь илэрхийлэл гэж байгаа.

Монголбанкны удирдлагад Г.Занданшатарын тавиул бий.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнэд буулт хийн байж төвбанкны суудлыг Б.Лхагвасүрэнд хадгалж үлдсэн. Эс бөгөөс хүчтэйхэн тэрсээд ард нь гарч, Ерөнхий сайд болох боломж хангалттай байсан гэдгийг улс төр сонирхогчид мэднэ. Шадар сайд ч үүнийг ашиглан Г.Занданшатарын эмзэг цэгт хатгасаар байгаа билээ.

Магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнд С.Амарсайхан хамгийн зөв хувилбар байж болох л юм.

Л.Оюун-Эрдэнийн чансаа, мэдлэг туршлага дэндүү жулдаж, шинэ байгуулсан хоёр яамныхаа сайдыг ч томилох эрх мэдэлгүй, шахааны шалчийсан хоёр төрийн нарийнтай зүтгэж яваа түүнээс ковидын дараахь эдийн засгийг сэргээх бодлого, чадвар хүлээгээд ч нэмэргүй гэдгийг хангалттай харж байна. Энэ Засгийн газар түүний хувийн компани юмуу гэмээр болж, тэнд ч энд ч ах дүү, хүргэн бэр нь томилогдсоор байгаад намынхан нь шүүмжлэлтэй хандаж байгаа.

Эдийн засгийн мэдлэггүйнх нь төлөөсөнд төгрөг цаас болж, жилийн дотор төсөвтөө хоёр ч удаа тодотгол хийлээ. Жилийн хагас үзэлгүй хоёр удаагийн тодотгол хийнэ гэдэг мань эрд алсын байтугай ойрын хараа байхгүйг харуулж байгаа хэрэг.

Дэлхийн зөнгөөс “хооллож” байх үеэсээ хөтөлж тэмдэглэсэн гэх “Алсын хараа” нь чадан ядаж хэлхсэн зөгнөлт зохиол төдийхөн, хэнд ч хэрэггүй цаас гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд өрийн дэвтрээсээ өндийж чадахаа больчихсон байхад 10 их наядын хөтөлбөр, 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авах үлгэрээсээ салаагүй суугаа жижигхэн улстөрч.

Ядаж байхад бодлогын туслалцаа үзүүлэх учиртай зөвлөхүүд нь “БИ ЧАДНА” гэлцсэн хөндий хоосон цээжнүүд байгаа нь харамсалтай.

Хоёр хөрштэйгөө ч эв зүйгээ ололцож чадахгүй яваа Л.Оюун-Эрдэнийн дэргэд С.Амарсайхан аатай, жаатай бизнесмэн мөн. Ашиг тооцож, хөрөнгө босгож чадах туршлагатай ч эр. Зайсангийн амыг өмчилж, өндөр өртөгтэй хаусаар эрх баригчдад эргээд “бэлэг” барих, наймаалцахаас эхлүүлээд амь амьжиргааны асуудал болчихоод байгаа урд хөрштэй олон жилийн бизнесийн түнш. Тиймээс хэл амаа ололцож, хил гааль нээлгэхдээ Л.Оюун-Эрдэнийг дагуулахааргүй хавь илүү гэдэг нь үнэнд ойр үнэлгээ.

Түүнийг дэмжих олон шалтгаан Д.Амарбаясгаланд бий. НИТХ-аас хотын дарга, УИХ-ын гишүүнээс Шадар сайд болтол ард нь бат зогсч ирсэн генсэкт С.Амарсайханыг Ерөнхий сайд болгочих хүсэл хэдийнээс байсан биз.

Тийм ч учраас УИХ-ын 20 орчим гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах бичгийг Д.Амарбаясгалан бэлтгүүлсэн гэдэг бөгөөд өнөөх нь саарал ордны аль нэг өрөөний шүүгээнд бий гэлцэж байв.  

Харин одоо нэгэнт бэлдсэн бичгээ ашиглах цаг нь болж, Шадар сайдын статусаас давж тоглосоор ирсэн С.Амарсайханг дараагийн Ерөнхий сайд, эрх баригч намын дарга болгох ярвигтай нүүдэл эхлэв бололтой.

Нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ


 Нийслэл хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 75 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. 2022 онд парк шинэчлэлтийг 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь хийхээр төлөвлөсөн.  

Энэ сард нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг шинээр үйлчилгээнд гаргана, эдгээр автобус хил дээр ирээд байгаа гэж Засаг дарга мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2022-2024 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, бүрэн шинэчлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч, ирэх долоо хоногийн хуралдаанд дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.

Элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөллөө

Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.


Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.


Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.    

Мэдээ орчуулах »