fbpx

essa

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

Сургууль, цэцэрлэгүүдийн зардлыг ч хандив нэрээр цөлмөжээ

/

-Хандивт хяналт тавих байгууллага байхгүй тул эрх баригчид дураараа дургиж байна-

Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусийн сургаар Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж байв. БНХАУ-тай хил залгаа, ядуу буурай орон тул цар тахал ороод ирвэл хохирол багатай, богино хугацаанд даван туулаасай гэсэн гадаад, дотоодын хандив тусламж энэ үеэс эхлэн өнөөг хүртэл тасраагүй хэвээр. Зөвхөн шилэн дансны мэдээллээр гэхэд л Эрүүл мэндийн яаманд:

  • 2020.02 сард 14.075.420 төгрөг
  • 2020.03 сард 695.534.648 төгрөг
  • 2020.04 сард 55.380.000 төгрөг
  • 2020.05 сард 2.571.000 төгрөг
  • 2021.04 сард 97.006.00 төгрөг
  • 2021.06 сард 294.190.070
  • 2021.07 сард 569.820.000

Онцгой байдлын ерөнхий газрын дансанд:

  • 2020.02 сард 36.389.708
  • 2020.03 сард 2.261.262.111.26
  • 2020.04 сард 795.219.697.70
  • 2020.05 сард 65.337.858.00
  • 2020.06 сард 61.507.645.63
  • 2020.07 сард 228.303.230.00
  • 2020.08 сард 6.487.700
  • 2020.09 сард 45.393.000.00
  • 2020.10 сард 158.602.000.00
  • 2020.11 сард 348.340.346.37
  • 2020.12 сард 275.762.930.00
  • 2021.01 сард 2.370.000
  • 2021.02 сард 398.394
  • 2021.03 сард 7.335.000
  • 2021.04 сард 3.085.000
  • 2021.07 сард 900.000
  • 2021.08 сард 10.200.000
  • 2021.09 сард 20.000.000

Нийслэлийн онцгой комиссийн дансанд:

  • 2020.03 сард 8.491.000.00
  • 2020.04 сард 227.661.794.10
  • 2020.06 сард 19.058373.74
  • 2020.07 сард 2.130.000
  • 2021.01 сард 47.307.460
  • 2021.02 сард 10.000.000 төгрөг цугларчээ.

Бараа материалын тусламж тусдаа. Дээрх дүн бүр хожуу буюу бараг жилийн дараа нөхөн мэдүүлсэн тоо баримт гэдгийг энд тодотгоё.

УОК-ийн дансанд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 3.3 тэрбум төгрөг цугларсныг тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин чуулган дээр танилцуулж байсан.

Тэрбээр “Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн дэмжлэг авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдлээ. Үүнд

  • Азийн хөгжлийн банкнаас 4.2 тэрбум
  • Дэлхийн банк 6.0 тэрбум
  • БНСУ-аас 4.5 тэрбум
  • Бусад олон улсын байгууллагаас 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлсэн.

Нэмэлтээр

  • Адийн хөгжлийн банкны зээл 81.9 тэрбум
  • Азийн хөгжлийн банкны тусламж 2.7 тэрбум
  • Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна гэж танилцуулгадаа дурьдаж байв.

Энэ нь зөвхөн мөнгөн дүнгийн үзүүлэлт.

Үүний цаана хэдэн тэрбумаар хэмжигдэх бараа материалын хандив дээрх байгууллагуудад цугларсан.

Тэрчлэн хамтлаг, дуучид онлайнаар тоглолт зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжээс нийт 2 тэрбум 897 сая төгрөгийн мөнгөн хандив өгч байсныг саная. Тухайлбал,

  • “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоос 284.252.289 төгрөг
  • “The HU” хамтлагийн “Гэрэг” тоглолтоос 53 сая төгрөг
  • Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” хандивын теле концертоос 333 сая төгрөг өгч байв.

Хандив, тусламжийг бүрэн гүйцэд шилэн дансанд мэдүүлсэн эсэх эргэлзээтэй. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд иргэдийн өгсөн 1 тэрбум төгрөгийг 500 саяар багасгаж тайлагнасан гэх баримт ил болж байсан. Мөн УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авсан гэх хөгийн тайлбарт асуудал бий. 

Олонд ил болсон нь тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан нийслэлийн удирдлагуудаа 21 сая төгрөгөөр урамшуулсан баримт. Шагнал урамшуулал үүгээр дуусахгүй. Цар тахалтай тэмцэх, онцгой нөхцөлд дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулсан хэмээн 13.950.000.00 төгрөгийг зөвхөн шагналд зарцуулсан байдаг.

Цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн үйл ажиллагааны зардалд 58.3 сая, эрүүл мэндийн багц худалдан авахад 39.7 сая төгрөгийг зөвхөн албан хаагчдын хэрэгцээнд зарцуулсан.

Мөн ажлын хэсгийнхэнд хантааз авахад 1.8 сая, эмч нарын уулзалтад 2.6 сая, утасгүй микрофонд 3.8 сая төгрөг зарцуулсан талаар тайлагнажээ. Түүнчлэн БНСУ-ын эмч нарт набор, бэлгийн уут авахад 1.7 сая, эмч ажилчдад орон сууцны эрх олгох ёслолын ажиллагаанд 3.8 сая, батламжинд нь 800.000 төгрөг салхинд хийсгэсэн байх жишээтэй.

ОБЕГ телефон утаснаас гадна QR код уншигч гар утас худалдан авахад 14.9 сая, дугаарын үнэ 340.000 төгрөг зарцуулсан байна. Халдаг наалт 78 сая, дархлаа дэмжих амин дэм 30.4 сая, үйл ажиллагааны зардалд 400 сая гэхчлэн гарын салаагаар урсгасан мөнгөн дүнгийн үзүүлэлт тоймгүй.

Шуурхай штабын цайны зардалд сар бүр сая шахам төгрөг, Нийслэлийн онцгой комиссоос  сар бүр 15 сая төгрөгөөр дархлаа дэмжих дусал авсан талаар ч шилэн дансанд бий.

Хамгийн хачирхалтай нь, Нийслэлийн боловсролын газарт 2020 оны 5 сараас эхлэн сар бүр 38.2 сая төгрөг шилжсэн байна. Тодруулбал,

  • 2020.05 сард 20.8 сая
  • 2020.06 сард 38.2 сая
  • 2020.07 сард 38.2 сая
  • 2020.08 сард 38.2 сая
  • 2020.09 сард 38.2 сая
  • 2020.10 сард 38.2 сая
  • 2020.11 сард 38.2 сая
  • 2020.12 сард 38.2 сая
  • 2021.01 сард 38.2 сая төгрөгийг тогтмол шилжүүлжээ.

Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаагүй. Сурагчид 2020 оны 11 сараас эхлэн гэрийн хорионд орсон. Тийн атал Нийслэлийн боловсролын газрын дансанд ижил дүнтэй мөнгөн гүйлгээ сар бүр хийгдэж байсан нь анхаарал татна.

Үүнтэй зэрэгцэн мөнгө угаалт явагдсан юм биш байгаа гэмээр мэдээллийг “Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас олон нийтэд мэдээлж байлаа.

Онцгой комиссийн дансанд цугларсан хандивын тодорхой хувийг боловсролын байгууллагууд эзэлдэг. Нийслэлийн Онцгой комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хийсэн дүн шинжилгээгээр нийслэлийн төрийн өмчит болон хувийн цэцэрлэг, сургуулиуд буюу нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цугласан байдаг. Тодруулбал,

  • Төрийн өмчийн 16 сургууль
  • Хувийн 49 сургууль
  • Улсын 169 цэцэрлэг
  • Хувийн 98 цэцэрлэгийн хамт олон оролцжээ.

Дээрх байгууллагуудын хандив өгсөн дүнг хувиар авч үзвэл:

  • Хувийн цэцэрлэг 30 хувь  буюу 68 сая төгрөг
  • Улсын цэцэрлэг 29 хувь  буюу 113 сая төгрөг
  • Улсын сургууль14 хувь буюу 31.7 сая төгрөг,
  • Хувийн сургууль 5 хувь буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандиж.

Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн захирлууд албан шахалтаар хандив өгсөн байж болзошгүй асуудлыг дээрх ТББ хөндсөн. Тус ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв “Гагцхүү яагаад сургууль цэцэрлэгүүд хандив өгөхөд идэвхийлэн оролцсон нь сонирхол татсан. Бид уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулгаас тодруулахад “Албан даалгавраар авсан болов уу” гэсэн. Бас хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн нярваас асуухад “Мэдэхгүй даргаас асуу” гээд, дарга нь “Сайн мэдэхгүй. Албан бичиг ирсэн бил үү” гэх байдлаар хариулсан нь сургууль, цэцэрлэгт төвлөрсөн байсан мөнгийг хандив нэрээр хурааж, мөнгө угаалт явагдсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа.

Мөн НЗДТГ-аас сар бүр захирамжийн зардалд 6 сая төгрөг зарцуулжээ.

Зөвхөн 2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд ажилд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд нийт 22,441.7 сая төгрөгийг зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд бий. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 2317 аж ахуйн нэгж, иргэнээс нийт 7.476.3 сая төгрөгийн мөнгөн, 7.413.4 сая төгрөгийн бараа материалын хандив цугларсан аж. Гэвч зарцуулалт нь хуудуутай. Шадар сайдын 2020 оны 37, 54, 65, 73 дугаар тушаалаар нийт 178.1 сая төгрөгийн зардлыг батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлэхээр заасныг зөрчин байгууллага, иргэдийн хандивын хөрөнгөөс зарцуулсан нь илчлэгдсэн. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах байруудаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ор хоногийн төлбөрийн 201.4 сая төгрөгийн өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй зөрчил илэрчээ.

ЭМЯ-нд мөнгөн хөрөнгөтэй холбоотой 5,498.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал,

  • Ажилчдын цалин, урамшуулал, нэмэгдлийг илүү, дутуу тооцож олгосон, ээлжийн амралттай, томилолтоор ажилласан хүнд цалин давхардуулан олгосон, сахилгын шийтгэлтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон нийт 2,433.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
  • Батлагдсан төсвийг хэтрүүлсэн, зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан, орлогын төлөвлөгөө биелүүлээгүй, зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэн зарцуулсан нийт 2,303.0 сая төгрөгийн зөрчил
  • Мөнгөн хөрөнгө, кассын үлдэгдлийг тоолж баталгаажуулаагүй, анхан шатны баримтгүй, хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч бүртгэсэн нийт 732.7 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын худалдан авалтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, шууд зардлаар тайлагнасан 3,282.9 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, тодруулга тайлан, орлого, зарлагын журналаас зөрүүтэй 1,474.4 сая төгрөгийн зөрчил
  • Автомашины 100 километрт зарцуулах шатахууны норм, нормативыг хэтрүүлсэн, шатахууны тооцоо хийгээгүй, тайлан гаргаагүй зэрэг 234.1 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын ангиллыг буруу бүртгэсэн, нөөц үүсгэсэн, зориулалт бусаар зарцуулсан 229.0 сая төгрөгийн зөрчил

Мөн Улсын 3 дугаар төв эмнэлэг гэхэд Эрүүл мэндийн дэмжих сангаас Ковид 19-тэй холбоотой сургалтын 36.6 сая төгрөгийн санхүүжилт авсан боловч сургалт зохион байгуулаагүй, шууд зардлаар тайлагнасан байх жишээтэй.

2020 оны 12 сарын 25-ны өдөр “Голден Мед” ХХК-тай гэрээ байгуулан 48.0 сая төгрөгийн 5 ширхэг зүрхний холтерийг худалдан авахаар төлбөрийг бүрэн шилжүүлж авлагаар бүртгэсэн атлаа аудитын явцад тооллого хийхэд материал биетээр хүлээж аваагүй.

ХӨСҮТ зарим ажилчдад Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгүй 77.0 сая төгрөгийн нэмэгдэл олгосон.

 Covid-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг “Арбидол”-ыг зах зээлд ЭМЯ-нд нийлүүлснээс 43-46 хувиар илүү үнэтэй борлуулж байгаа талаар Үндэсний аудитын газрын тайланд бий. Түүнчлэн 759 сая төгрөгийн 4 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зөвлөмжийг аудитаас анхааруулсан байдаг.

Коронавирусийн халдвараар өвчилсөн 1 иргэний эмчилгээний зардалд эхэндээ 12 сая төгрөг зарцуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Сүүлдээ энэ мөнгөн дүн 8 сая, 4 сая болж, өдгөө 160 мянган төгрөгийн багцаар хэмжигдэж байгаа. Тиймээс эмчилгээний зардал ч хамгийн их хардлага дагуулдаг.

Олон нийтээс цугласан хандив, тусламжийн мөнгөний зарцуулалтад Авлигатай тэмцэх газраас хяналт тавьж байгаа гэх тайлбарыг эрх баригчдаас өгдөг ч үнэн хэрэгтээ АТГ нь хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэггүй байгууллага юм.

Уг нь хандивын зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний аудитын газарт бий боловч тус газар УИХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу л санхүүгийн хяналт шалгалт хийхээс хэтрэхгүй.

Тиймээс яг энэ цоорхойг ашигласан эрх баригчид тахалд хаяглагдсан хандивын мөнгийг ямар ч хяналтгүйгээр цөлмөж байна.

Тэгэхээр цар тахлын үеийн зардал, хандив, зээл тусламж, тэрдундаа ЭМЯ-нд холбогдох төсөл тендэрийн мөрөөр бид шаргуу ажиллаж үнэн мөнийг хайн, холбогдох баримтуудыг дэлгэн ажиллана.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Арабаас мөнгө босгоно хэмээгээд төсвийн хэлэлцүүлгийг үл тоон тэргүүн хатагтай мэт тэвдэж явна, ТЭР

Эдийн засаг элгээрээ хэвтэж, эгээтэй амь тавихын наана байгаагаа үл тоон эрх баригчид хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулахад 40 тэрбум төгрөг төсөвлөв. Нэн тэргүүнд байгуулагдах Цахим хөгжлийн сайдын багц 1.86 тэрбум төгрөг. Төсөв батлагдмагц байгуулна.

Өдгөө 30 хүнтэй Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар яам болж өргөжсөнөөр 80 хүний орон тоотой ажиллах аж. Энэ хэрээр урсгал зардал тоймгүй өснө.

Өөрсдийгөө яая гэж байж дороо “Е-Mongolia академи” гэх улсын төсөвт үйлдвэрийн газар шинээр байгуулж байгаа. Зөвхөн урсгал зардал нь 7.8 тэрбум төгрөг. 5 нэгжтэй 150 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах юм байх.  

Амь тавьж буй эдийн засгаа аврахын тулд Эдийн засгийн хөгжлийн яамыг эхэлж байгуулахын оронд эл яамыг он гараад байгуулна хэмээн хойш тавиад Цахим хөгжлийн бодлогын яамыг яаравчлуулан түлхүүрдэж буйг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбон тайлбарлах гишүүд олон байна.

Намын Их хурлаас урьтаж, генсэкт шинэ яамыг нь “бэлэг” болгон барихгүй бол болохгүй хэмээн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ааг амьсгаагүй гүйж яваа гэдгийг намынхан нь хэлж байгаа юм. Шинэ яамны сайдаар томилогдохоор зэхэж байгаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг генсэкийн гоёл, энгэрийн нь сарнай хэмээн намын гишүүд хошигнодог бөгөөд эдүгээ эл хошигнол нь нэр хоч болон байнга хэлэгддэг болж.

Цар тахлын хяналтыг алдаж, олон мянган иргэний эрүүл мэнд, амь насыг хохиролд оруулсан агентлагуудын нэг хэмээн хариуцлага яригдахын оронд Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй, Л.Оюун-Эрдэнийн нутгийн бүсгүй гэх нэмэгдлээрээ энэ Засгийн газарт эрхэлж, хүссэнээ хийлгэж яваа нэгэн болохоор тийн нэрийддэг биз. (Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас Цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг isee.mn сайт мэдээлсэн байгаа).

Тэрчлэн Салбарынхаа 100-н жилийн ойн медалийг арилжиж, ашиг хайсан байж болзошгүй үйлдэлд нь гав зүүж, цар тахлын үед олон нийтийг цуглуулж эрсдэлд оруулсных нь төлөө ял асуух ч багадах байтал яам, улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулан өгч сөхрөн мөргөж, сөгдөн мөлхөж байгаа нөхдийг иргэд байтугай Их хурлын гишүүд нь ч ойлгохгүй байгаа.

Ямартаа өчигдөр болсон Цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Н.Учрал болон Ч.Ундрам гишүүн Б.Болор-Эрдэнийг сураглаж “Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байхад гадаад явсан сайд, дарга Б.Болор-Эрдэнээс өөр байна уу. Төлөөлж ирсэн хүмүүс нь ажлаа мэдэхгүй, асуултад хариулж чадахгүй. УИХ-д ингэж хүндэтгэлгүй хандаж болох уу. Хуультай орон шүү” хэмээн уурссан.

Үнэхээр ч ирэх оны нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр холбогдох дарга нарын хөл тушигддаг зарчимтай.

Гэвч Б.Болор-Эрдэнэд өнөөх зарчим үйлчилсэнгүй. Түүний эл үйлдэл салбарын мэдлэг мэдээлэл дутмаг, мэргэжлийн бус, туршлагагүй гэдгээ өөрөө баталсан хэрэг бөгөөд Байнгын хорооны хуралдаан дээр асуугдаж, ээрч муурахаас эмээн зугтсан хариуцлагагүй явдал хэмээн хуралдаанд оролцсогсод дүгнэж байгаа юм.

Өмнө нь гишүүн Т.Аюурсайхан “Хэнийг тавих вэ. Ажлаа хийж чадахгүй хүмүүс их байна. Бичиг цаасны ажил хийж чадахгүй, зохион байгуулалтгүй хүмүүс их. Бас нэг нөхөр ирээд ажлаа хийж чадахгүй бол яах вэ. Үүний төлөө яам байгуулах хэрэг бий юү. Эхлээд яамаа байгуулаад дараа нь ранкийг нь шийднэ гэх хариуцлагагүй түүхий төсөл оруулж ирлээ” хэмээн генсэкт хаяглах мэт хатуухан донгодсон.

Үнэхээр ч 11-11 төвийн үйл ажиллагааг эрхлэх төдийхөн, сургалт дамжаа хичээллүүлж, программ бичихээс хэтрэхгүй Цахим хөгжлийн яам 3-хан сая хүнтэй Монголд огтоос хэрэггүйг бүгд мэдэж байгаа хэдий ч эл яамыг давчдуулан зүтгүүлж буй гэх генсэкийнхээ өөдөөс зориглон дуугарах гишүүд байхгүй байгаа гэдгийг намын ахмадууд хэлж байна.

Улсын сан хөмрөг ямар хэмжээнд байгааг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Б.Жавхлан хүртэл “Ирэх онд Сайд, яам, агентлагийн дарга нар ганц туслахтай ажиллана. Бүгд хоёр туслахынхаа нэгийг явуулна даа” хэмээн унжийх атлаа гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын генсэк хоёрынхоо хүчлэн зүтгүүлж буй Цахим хөгжлийн яам, “Е-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг илүүдсэн бүтэц хэмээн шүүмжилчихэж чадахгүй явна.

Шүүмжлэх байтугай өчигдрийн Байнгын хорооны хуралдаан дээр Б.Болор-Эрдэнэ нь энэ үеэр хаачив даа гэсхийн зөөлөн зөөлөн нугдайсхийн дуугарч байгаа нь хөөрхийлөлттэй.

Уг нь Сангийн сайдад хоёр туслах, Цахим Монголд ганц агентлаг л хангалттай юм.

Ийнхүү бөөн хэл ам, хэрүүл тэмцлээс үл эмээн байж шинэ яам, шинэ академи байгуулж өгөхөөр Ерөнхий сайд нь нүүр амаа ширлэн мачийж байхад (Н.Учрал, Ч.Ундрам нарын хэлсэн агуулга) мөнөөх Б.Болор-Эрдэнэ дарга нь Арабын ертөнцөөс мөнгө босгоно хэмээгээд энэ улсын тэргүүн хатагтай мэт өөрөө өөртөө “томилолт” бичээд яваад өгч…

Түүгээр зогсохгүй алсын Арабаас Ерөнхий сайдаа намбийтал шүүмжилж “Би зохион байгуулагч орны зардлаар ирсэн шүү. Хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компанийн удирдлагууд улс төрийн тогтворгүй байдал нь хамгийн том эрсдэл гэж үзээд Монголд хөрөнгө оруулахгүй байгаа. Шийдвэр гаргагч нар ахуйн хэрүүлээсээ сал” хэмээн сошиал орчинд салам загнасан байгаа нь ТОМ.

Ямартаа ч, юу ч болдог бай хамаагүйгээр намын их хурлын өмнө “захиалсан” яамыг нь генсэкийнхээ ширээн дээр “бэлэг” болгон бэлдэхгүй бол айхгүй ч аягүй гэгч болох тул эрхэм гишүүд нааш харж инээн, цааш харан уйлалдсаар төсөвийг батлах нь тодорхой хэмээн гүйлдэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Шатахууны үнэ дахин өсөхийг, урд хил өөрөөс тань болж хаагдсаныг хэдий хүртэл нуух вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

/

Улсаараа дампуурч, эдийн засаг элгээрээ хэвтчихлээ. Худал хуурмагийн туйл болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмнээ, гадна дотнын харилцагч улс орнуудтай юутай нь хуурч, алтан өндөг гаргадаг тахианы үлгэр ярьсаар сууна.

Түүний эл байдлаас болж урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа.

Туршлага мэдлэггүй цуглуулгын нөхдөөр танхимаа бүрдүүлсэн Засгийн газрын уршгаар шат шатны ажил үйлчилгээ хогийн тантан мэт болсон. Энэ нь хилийн боомтууд дээр ч нөлөөлж, хөрш орнуудын үйл ажиллагаанд түвэг удах болсон тул Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр өнгөрөгч хавраас эхлэн хязгаарлалт тавьж, сануулга өгч байв.

Хөршийн сануулга, зарим нэг хязгаарлалтын улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долдугаар сарын эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцангаа боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна хэмээн лүндэн буулгасан.

Түүний эл шийдвэрт монголчууд байтугай Хятадын тал ч итгэн ажил сайжрахыг хүлээсэн билээ. Харамсалтай нь боомтын үйл ажиллагаа, нөхцөл байдал сайжрах бүү хэл улам унаж, өвлийн олимпдоо хариуцлагатайгаар бэлтгэж буй хөршдөө саад болох нь хэрээс хэтэрч тахлын хяналтаа хил давуулан алдаж эхлэв. Боомтын үйл ажиллагааг сайжруулж чадахгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэсэн нь хий хоосон сүрдүүлэг төдий, хэлсэн ярьсандаа хүрдэггүйгээр үл барам БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр харилцан хариуцлагатай байж цар тахлыг давах амлалтдаа хүрэлгүй хөршийн хил давуулан тахал алдсан тул эл фактаар нь далимдуулан Хятадын талаас Эрээний хилийг хязгааргүйгээр хааж орхисон нь үнэн.

Хамгийн ичгүүртэй нь Ли Көцянтай онлайн уулзалт хийснийхээ дараа Хятадын тал найрсгаар хүлээн авч, бидэнд туслахаар боллоо гэхийн оронд манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ли Көцянд үүрэг болгоод шахам асуудлуудаа шийдүүлчихсэн юм шиг утга найруулгатай мэдээллийг сайдыг тойрон хүрээлсэн пиарч нөхөд нь хийж бантагнуулсан.

Тэгэхээр ийм арчаагүй, үл бүтэх нөхдөөр хүрээлүүлсэн танхимтай, гаргасан шийдвэр үг нь хэрэгжиж ажил болдоггүй Ерөнхий сайдтай байхад буюу товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед урд хил нээгдэхгүй нь тодорхой гэсэн үг.

Өөрсдийн бурууг засч, алдаа оноог дэнсэлж, шат шатны ажил, албан тушаалтнууддаа хариуцлага тооцчихоод урд хөрштэйгээ дахин ярилцахын оронд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэгчээр “Бээжингийн өвлийн олимп дуустал Хятадын хуурай замын боомтууд бүгд нээгдэхгүй ээ” гэсэн олхиогүй мэдэгдэл хийлгэсэн.

Хонх нь дуугарахаар дамар, дамар нь дуугарахаар лам нь таг гэгчээр урд хөршдөө түвэг болсон асуудлын хажуугаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д гайгүй уулзалтууд хийсэн ч төгсгөлд нь Засгийн газраасаа гадны агент болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх албан ёсны нэр авчихаад байгаа Дождь ТВ дээр очиж ярилцлага өгөн болчимгүй алдаа гаргачихаад байгаа.

Энэ бүх жижиг, томгүй гаргаж буй эрээ цээргүй алдаанаасаа энэ Засгийн газар ичиж үхэж, огцрох өргөдлөө өгөөд зайлах ёстой юм.

Эс бөгөөс Хятадын тал бүрэн утгаараа манайд хаалттай улс болж магадгүй байна. Учир нь манай томоохон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс БНХАУ-ын Альша аймгийн даргатай онлайн уулзалт хийхэд “Монголтой тохиролцсон олон зүйл хэрэгжихгүй байгаа гээд Та нар байнга биднийг хужаа гэж доромжилж байхад бид яагаад хүссэнээр чинь хөдөлж, гүйх ёстой юм бэ?!” хэмээн хатуурхсан гэнэ.

Тэгэхээр энэ нь Бээжингийн байр суурь гэсэн үг. Бээжингийн зөвшөөрөлгүйгээр орон нутгийн албан хаагч ийм зүйл дуугарахгүй гэдгийг манай ганзагын наймаачид ч мэднэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Муу дээр муу, муухай дээр улцан болж удахгүй бензин шатахуун, дизель түлшний үнэ даравч далдайн, булавч бултайтал өсөх нь.

Энэ сард буюу аравдугаар сард тонн тутамд


А80 688$,
А92 718$,
А95 788$,
А98 838$,
Winter DT 665$,
Euro5 winter DT 665$
байсан бол

Ирэх арваннэгдүгээр сард

А80 800$,
А92 830$,
А95 900$,
А98 950$,
Winter DT 774$,
Euro5 winter DT 774$
болж өсөхөөр болчихсон байна.

Гэтэл унхиагүй, богинын зайн тооцоот Ерөнхий сайд гуай арваннэгдүгээр сар хаяанд ирчихээд байхад л хомсдлоо гайгүй болгоно хэмээн нөөцөнд анхаарсаар ҮНЭ рүү огт орохгүй байгаа нь аюул юм.

Түүнд мөнөөх “Монголчууд чинь цагаан цаас юм, юу ч гэж бурсан болно” хэмээн М.Энхболдод зөвлөж байсан аймшигт зөвлөх бүсгүй нь “Зургаан сарын дундчилсан үнэ зохиогоод түүгээрээ бариулчих” гэх утга бүхий зөвлөгөөг өгсөн гэдгийг Ерөнхий сайдын ойрын эх сурвалжаас өгч байна.

Түүний энэ элий зөвлөгөөг дагаж өнгөрсөн 6 сарын дунджаар үнэ өсгөчихвөл, ирэх жилд үнэ буулаа гэхэд (өвөл үнэ буудгийг бүгд мэднэ…) дундчилсан үнэ буухгүй, өндөр хэвээр байна гэсэн үг. Ийм галзуу солиотой, модон зохицуулалтыг хийлгэхээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхүүд улайрч буй нь эмгэнэлтэй.

Монголчууд тэнэг биш. Тэртэй тэргүй гадна талд өсч буй үнийг мэдэхгүй, харахгүй байна гэж байхгүй.

Хараажаар бүх төрлийн шатахуун, дизель түлшний үнэ ирэх сард тонн тутамдаа 112-182 ам.доллараар нэмэгдэх нь тодорхой болсон байхад үнэн бодит мэдээллийг иргэддээ өгөөд түлш шатахууныхаа үнийг нэмээд яв, Ерөнхий сайд аа!!!

Эс бөгөөс үнэ нэмүүлэхгүй гэх шоудалтаас чинь болж импортлогчид үнэтэй түлш, шатахуун авахгүй хүлээзнэж, түүнээс нь болж дахин хомсдолд орох аюул ойрхон байна. Түлш шатахуунгүй бухимдаж хэвтсэнээс тэртэй тэргүй гадна зах зээлд нэмэгдэж буй ханшаар нь шатахуунаа аваад гэлдэрч амьдарсан нь дээр юм.

Бодит нөхцөл байдалд уялдсан шийдвэр гаргаж чадахгүй дээр доргүй алцагнуулснаас чинь болж шатахууны нөөц бүрдүүлэх, бодлого боловсруулах учиртай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр чинь ирээдүйд ирэх хариуцлагаас зугтан өргөдлөө өгөөд явчихлаа. Ашигт малтмалын газрын дарга Х.Хэрлэн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс УБТЗ-ын даргын суудлыг манахаар цүнхээ үүрээд гүйчихсэн.

Нэн чухал цагт эзгүйрч үлдсэн газрыг төлөөлж, ашигт малтмал, газрын тосны нөөц, үнийн асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьмар болж бантан зуураад байна.

Засгийн газраас бензин шатахууны 45 хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд импортлогч компаниудад Монголбанкнаас зургаан хувийн хүүтэй санхүүжилт олгоно хэмээн попроод байсан ажил чинь юу болсон юм, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Сарын өмнө гаргасан эл шийдвэр байтугай 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдлыг сайжруулахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэсэн шийдвэр чинь хэрэгжихгүй 4 сарын нүүр үзэх гэж байгаагаас чинь ард түмэн, цаашлаад хөрш гүрнүүд залхаад зам мөрөө хөөж эхэллээ.

Ийм худал хуурмаг, унхиагүй байдлаар Засаг тэргүүлж, тэнд андын хөшөө, энд ахын төсөл ярьж төр улсаа туйлдуулж байхаар ажлаа өгч, ах дүүсээ дагуулаад гэртээ харь…

Урт дулаан намар болж ард олон чинь амгалан хүлээцтэй хандаж байгаагаас бус өвлийн гутал хувцсаа татаж авч чадахгүй бээрч даарах цагт бүтэлгүй сайдуудтай болхи танхим чинь бүтэн дүүрэн байх тухайд бодохын ч хэрэггүй болох цаг ойрхон бий вий, ЕРӨНХИЙ САЙД АА!!!

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН “НАЖ МОГОЙ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Рио Тинто Монголоос гарах шалтаг хайн, улстөрчдийг эр эмгүй зодолдуулав уу

/

Хөрөнгө оруулагчдыг ад үзсэн А хувилбарыг нь эмэгтэй улстөрчид самарсан тул өнөөдрөөс Засгийн газар руу чиглүүлсэн Б хувилбартаа шилжсэн гэнэ

Улстөрчдийн зодоон, хуваагдал, тэмцэл бүр үнэн байхаа болив. Монголын улстөр дэх ноёд хатдын ард гадныхан байж, өгөршсөн яс шидлэн уралцуулах нь гэм биш зан болж…

АН-ынхан хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйн үлгэрээр нэг нь нөгөөгөө хөөж өөрсдийн байтугай хөндлөнгийн хүний хошного улаймаар булайгаа чирч байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбат хөөж, хаяаг нь бараадаж хатавчинд сууж буй Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-д түй ч хамааралгүй нөхөд хэмээн зарласан. Үүнээс цагийн дараа О.Цогтгэрэл Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, Д.Ганбатад хөөгдөөд байсан Н.Ганибалыг томилж бантан болгосон билээ.

Ээлж дараалан хөөж, хөөгдсөн Д.Ганбат, О.Цогтгэрэлийн хэн хэн нь эл үйлдлээ ирэх сарын 5-нд болох Их хуралтай холбон, хутган үймүүлэгч нь эрх баригч нам гэж буруутган элэг доог болов.

Өнгөрөгч 20-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал цахимаар болж “Эв нэгдлийн их хурал”-аа ирэх сарын 5-нд товлоод байгаа.

Монголын хоёр дахь том улс төрийн хүчин болох АН эрх мэдэл, эд хогшлоо булаалдсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хөлд үрэгдэн дотоодын байтугай харилцагч улс орнуудын улстөрчдийн амны зугаа боллоо. Тэдний зодоон үргэлжилсээр.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахдаа тулж байсан Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ энэ сарын 19-нд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх хэмээх сэтэртэй болсон. Эбэ-гийн дуу хоолой гэсэн үг.

Тэрбээр шинэ сэтрээ зүүсээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, хотын дарга Д.Сумъяабазар нарын хуудуутай явдлын талаар лайв хийж эхлэв. Өчигдөр Х.Баттулга, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, “Херо”-гийн Л.Баатар нарыг АТГ-т шалгуулахаар өглөө. Харамсалтай нь, энэ бүгдийг шударга үнэнийг эрж хайсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн дуу хоолой, үйлдэл гэж харахаасаа илүүтэй Эбэ-гийн нүүдэл гэж тайлбарлагсад их байна.

Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нар урт удаан жилийн хоршин тоглогчид.

Өнгөн дээрээ өстөн мэт харагддаг ч ингэж харагдуулж тоглодог маневр мань хөгшчүүлийн аль алинд бий. Мэдлэг, боловсролоор дулимаг Д.Мөнх-Эрдэнийг консул болгон өөд татсан хүн бол Эбэ. Тэгэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг АТГ-д матсан нь булзааруулах тактик төдий харагдаж байгаа юм. Ингэхгүй бол Ерөнхий сайдынхаа зөвлөхийг оролдсон нүгэлтэн болж “там”-д унах байсан биз.  

Ц.Нямдоржийн өндөр үнэтэй амбаар, нууц амрагуудын хэрэг гэдэг бол үнэндээ улиг болсон сэдэв. АТГ-ын шалгалтаар хэдэнтээ орчихсон. Тиймээс АТГ-аас Ц.Нямдоржид холбогдох асуудалд шалгалт явуулж цаг үрэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, үзэсгэлэнт хос амбаарынхаа дээгүүр дрон нисэлдэхийг хараад тайван амгаланаар цай оочлоод суух хүн Ц.Нямдорж мөн үү. Жинхэнээсээ ийм явдал болбол МАН-ын генсэкийн энгэрийн сарнай гэгддэг Обуна нь харайж ирээд “буудаад” унагачих байсан биз.

Дуучин С.Жавхлан хүртэл “төв талбайн тийрэн” гэж хэлүүлэхдээ тултал адлагдан суулт зарлаж, Засгийн газраас 4 тэрбумыг шантаажилсан хэрэгт унан барин чичлүүлж явааг ч Эбэ, Нямка хоёрын хоршил гэж байгаа. Тэрбайтугай “Хамаг Монгол” төслийг санхүүжүүлэгч гэгддэг Эбэ талбай дээрх өчигдрийн тойрон бүжгийг “дэглэсэн” гэнэ.

Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийн аль алинд хамтарч байгаад АН-д төдийгүй МАН-д хувьсгал хийх түмэн шалтгаан бий.

МАН-ын Их хурал ирэх сард болно. Их хурлаар намын дарга, Ерөнхий сайдын асуудал хөндөгдөнө. Энэ үеэр Н.Энхбаяр барьцаа ахиулна. Энэ бол Ц.Нямдоржийн хувьд зүгээр сууж болохгүй шалтаг.

Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгоод сэтгэл ханах нэгэн биш. Эцсийн зорилго ч тэр бус.

Оймстой нь гозолзуулсан нөхдөөс хариугаа авах цаг мөч алхам алхамаар ойртож байхад тэр юунд зогсох билээ. Тэрбээр АТГ-т ачигдахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн өрөөнд хэдэнтээ орж, аврал эрсэн талаараа өөрөө хэлдэг. Харамсалтай нь тэр халгаагаагүй.

Үнэндээ Ц.Нямдорж Н.Энхбаярт туйлын дургүй. Үүнийгээ ч нуудаггүй. Ямартаа Н.Энхбаярыг саатуулагдсаны дараа “Манайх телевизгүй учир юу болсныг үзсэнгүй” гэж басамжлан мушилзаж байхав. Иймээс Н.Энхбаярын байр суурь нам дотор батжих нь Ц.Нямдоржид хамгийн их түгшүүртэй байгаа юм.

Ядаж байхад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг дэргэдээ авч, түүний үгнээс сөөм гажихгүй амьдрах болсон. Тиймээс “Херо” Л.Баатар, Х.Нямбаатар гэх эмзэг цэгээр буюу ах дүү, төрөл төрөгсдөөр нь оролдож эхэлсэн нь энэ гэх яриа намын тогоонд нууц байхаа болив. Д.Сумъяабазар хотын дарга болмогцоо Циркийн арын нийтийн эзэмшлийн зориулалтыг өөрчлөн Д.Дагвадоржийн эхнэрт өгсөн асуудлыг ил гаргаж ирсэн нь ч Нийслэлийн МАН-ыг эрхшээлдээ оруулахаар хөдөлсний баталгаа гэж байгаа.

Эцсийн дүндээ Увсын бүлэглэл, Сү.Батболдын хүрээлэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг басч яваад ийм байдалд хүрсэн нь үнэн.

Оройтсон ч гэлээ зүгээр суултай биш. Н.Энхбаяр өөрийгөө гололгүй унаж босон мөлхсөөр энэ хүрчихээд байхад ядаж л “Монголын төмөр зам”-ын удирдлагыг Х.Баттулгад алдаж болохгүй шүү дээ.

Гэвч тэд оройтсоныг Х.Хэрлэнгийн томилгооноос ойлгож болно.

Х.Хэрлэн “УБТЗ” ХХН-ийн дарга болохтой зэрэгцэн У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан айлчлал товлогдчихлоо. Чухамдаа Х.Баттулга Увсын бүлэглэлээс өрсч У.Хүрэлсүхтэй тохироо хийн Х.Хэрлэнгээр “УБТЗ”-ыг мануулж амжив.

Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувийг хэрхэн халаасласныг тэр мэднэ.

“УБТЗ” ХХН ч яг тэр замаар золигт гаран хувьчлагдчих дөхөв. Одоо харин хэсэгтээ амсхийж болох нь. Х.Баттулгын хувьд Х.Хэрлэнг зайлуулах тийм төвөгтэй биш.

Улаанбаатар төмөр замаа түр хойш тавиад Рио тинтод анхаарал хандуулахгүй бол Оюутолгойн асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын алган дээр амь тавихаар болж байна. Сү.Батболдын фракц унтарч байгаа галаас ялгаагүй байгаа энэ үед “Рио Тинто” Монголын талд өөрсдийн хувиа зарж, дабль ашиг хийж аваад алга болох бэлтгэлээ хэдийнэ базаачихсан бололтой.

“Рио Тинто” компани Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалтаа хэд нугалаад аль эрт халааслачихсан.

Тэдэнд гүний уурхай руу орж үйл тамаа идэнгээ гэдсэндээ хөлөө жийлцсэн хэдэн тэнэг монголчуудтай үзэлцэх хэрэг байхгүй. Гэлээ гэхдээ үүргэвчээ үүрээд гараад явчихаж бас болохгүй. Олон улсын түвшин дэх нэр нүүрээ бодолцох хэрэгтэй.

Монгол ноёд хатдын дунд яс хаяж, монголчууд өөрсдөө хөрөнгө оруулалт хүсээгүй, хөрөнгө оруулагчдыг хөөж, баалдаг гэх мессэжийг үлдээгээд  гарч явах нь Рио тинтод гоё.

Тиймээс хөрөнгө оруулагчдыг ад үзсэн, хөөж туусан үзэгдэл их бага хэмжээгээр үүсэх хэрэгтэй байсан учраас Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын гараар могой бариулж Хөрөнгө оруулалтын тухай хууль нэртэй ч Гадаадын иргэн харьяатын асуудлыг оруулан, өнөөх нь чуулганаар хэлэлцэх асуудлын нэлээд хойгуур буюу 52-т жагссан байсныг нь УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ руу яваад ирснийхээ дараахан яаралтай хэлэлцэх төсөл хэмээн түргэн дээр нь тавиулж, бүх юм яаг Рио тинтогийн хүссэнээр явж байлаа хэмээн зарим эх сурвалжаас хэлж байна.

Монголд хөрөнгө оруулалт хэрэггүй, хөрөнгө оруулагчдыг хөөж гарга хэмээн сошиалд хүчтэй давалгаа үүсэх ёстой байсан бөгөөд үүгээр шалтаглан өрөнд баригдан өтөнд идэгдээд байсан Рио тинто уйлан хайлан гомдоод, Монголоос гарч явах байсан юм байх…

Ийм сценари бичигдэн, энэхүү ажиллагааг нь Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хилийн чанадаас удирдсан, тэрбайтугай гадныхныг үзэн яддаг, үгүйсгэдэг зарим нэг хөдөлгөөнийхнийг ч хөлсөлсөн байсан гэлцэж байна.

Бүх юм төлөвлөснөөр өрнөж, түс тас түмпэн шанагадаа тулчихсан явж байтал гэнэт хүүхнүүд нь уйлалдан муудалцаж, өөрийгөө өөрөө муулуулж, эргээд түүнийгээ өмгөөлүүлдэг улстөрийн хорон технологи ашиглан үндсэн сэдвээсээ халин самрагдсан тул хилийн цаана явсан Д.Цогтбаатар яаран сандран буцаж ирсэн гэнэ.

Улстөрөөс хэт холдсоны уршиг болж, УИХ-ын гишүүн Н.Учрал хүртэл хүүхнүүдийн бохир технологид оролцон эхний төлөвлөгөөг нь санамсаргүйгээр гажуудуулсан тул “Монголын Засгийн газар Рио тинтогийн саналд хариу өгөхгүй удааж байна” гэх удаах сценариа бичин өнөөдрөөс цацаж эхэлсэн бололтой. Энэ ажиллагааг мөн л Д.Цогтбаатар удирдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Үнсүүлж үлддэг Хаян өшиглүүлж хөөгддөг ЦАГ буюу “Эрдэнэс Монгол”-ыг ГАЛЧ сонирхсон нь

/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг золигт гаргаж, Х.Баттулга эзэн суухаар шийдэв бололтой. Эс бөгөөс түүний тэргүүлсэн Засгийн газар амь тавихын өмнөх ширээн дээр байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Хаянхярваад тухайн үеийн намын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх мандат олгохоос татгалзсан. Ингэхдээ Дархан-Уул аймагт сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ “Д.Хаянхярвааг сайд болгоно” гэж горьдлогын ганц мөсөн чихэр долоолгочихоод арилж байв. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг ажиллахаас нь айж оны өмнөхөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар томилж бүлэг фракцийнхны нь дайралтын хүчийг чүд сулруулсан билээ.

Хууль бус алт олборлогчдын уршгаас эхтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын хордлогын асуудал Д.Хаянхярваагаас салдаггүй.

Хонгорын хордлого, нутгийн иргэдийн тэмцэл Д.Хаянхярваагийн улс төрийн урт замд саад бус эсрэгээрээ түмэнд танигдах түвэг багатай хар пиар болсон нь үнэн.

Завхан гаралтай Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт ирж суурьшсан нэгэн. Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж байсан түүнийг аймгийн Засаг ноён болтол нь нутгийн уулс түшсэн уг нь.

Гэвч тэрбээр аймгийн Захиргааг Завхан нутгийнхнаар дүүргэж, хөл гар, хүзүү сээрээ бөхөөхөн шиг бэхлээд авсан бөгөөд өдгөө Дархан-Уул аймаг түүний вант улс мэт болсон. Тэнд Хаянгүй юм ховор. Шил, толь болсон барилгуудад нь хүртэл түүний шошго зүүлгээстэй.

Цэцэрлэг, сургуулийн захирлууд хүртэл түүний гараас хэлхээтэй байдаг гэж байгаа. Тиймээс У.Хүрэлсүх Хаян вангийн нутгаар дайран өнгөрөхдөө иргэдэд нь “Ван, гүнг тань сайд болгомц” гэж аядуухан амлаад мурьсан хэрэг.

М.Энхболдын фракцид багтдаг “Дарханы ван” холын амбицтай. М.Энхболдыг намын даргаар ажиллах зурвас хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж амжсан. Намын даргад үе үе соохолзон нэрээ дэвшүүлдэг ч духан дээрээ үнсүүлээд хоосон хоцордог хонх дамар байв.

Гомдохынхоо эрхэнд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараахан хэдэнтээ жингэнэж, ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж хашгичиж яваад худтайгаа нийлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авсан байсан дэмжлэгээ зарлуулж, сэгсчүүлэхээ дөхсөн.

Тэрбээр худ ургийн хэлхээт Р.Болорсайхантайгаа “Газар Өгөөж” компанийг нийлэн байгуулж, ХААХҮЯ-наас Хүнсний улаан буудайн урамшууллаар 2017 онд 58.8 сая, 2018 онд 166.5 сая төгрөгийг халаасалсан байсан нь илэрч амаа алгадуулсан нь саяхан.

Түүний компани Хятадын Хао Тяньтай хамтран 2008 оноос эхлэн рапс ургамлыг БНХАУ руу экспортолдог. Рапс газрын хөрсний хамаг шимийг сордог учраас Хятадууд өөрийн хөрсөнд тариалахыг хүсдэггүй.

Харин Д.Хаянхярваа нарын амин хувийн эрх ашгийг тэргүүнд тавьсан нөхөд эх орныхоо хөрсөнд уршиг ихт рапсыг их хэмжээгээр тарьж Хятад руу гаргадгийг намын дарга нар нь ил болгон шүүмжилж, урж идчих гээд явдаг байсан Д.Хаянхярвааг улс төрийн хувьд унтаа нэгэн болгосон билээ.

У.Хүрэлсүхийг чадваргүй, хэлсэндээ хүрдэггүй, худалч хэмээн зүхэж явсан тэрбээр чимээгүй болж, хөрөнгөтэй фракцын нөмөрт явсны шанд “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлын тамга бариад жил болоогүй байсан юм.

“Эрдэнэс Монгол” компани 2007 онд байгуулагдсан цагаас хойш 8 захирлын нүүр үзэв.

Нэг захирал дунджаар жил хагас л болдог. Хамгийн удсан нь П.Ганхүү. Тэрбээр 2.5 жил ажилласны эцэст хэрэгцээ нь дуусч, Д.Хаянхярваад суудлаа өгөөд арилсан.

Гэхдээ П.Ганхүү ч М.Энхболдын фракц, уяаны галын хамтрагч. Түүнийг Эрчим хүчний сайд болтол крандаж, хожим өөрөө унахдаа улс төрийн тохироогоор “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилуулж байв.

Харамсалтай нь, П.Ганхүү компанийн үйл ажиллагааг удирдах болсноор дордсон уу гэхээс дээрдээгүй.

Дэлхийн хэмжээний менежменттэй уул уурхайн том холдинг болох мөрөөдлөөр байгуулж, Монголын нэрийг олон улсын уул уурхайн зах зээл дээр өргөх байсан компани Тавантолгойн төрийн эрхээ яаманд алдаж, Эрдэнэт үйлдвэр нь луйврын маргаантай, Багануур ХК нь хэний өмч болох нь тодорхойгүй шүүхийн маргаанд манарсан, Шивээ Овоо нь өрөнд баригдаж өтөнд идэгдэн, Оюутолгой нь үүц баялгаа гадагш урсгаж ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхөөсөө өнгөрсөн байдалтай болсон нь П.Ганхүүгийн гавьяа.

Гашуун Сухайтын зам засварт жил бүр 12-17 тэрбумыг төсөвлөдөг, түүнээс нь “Эрдэнэс Монгол” тендэр шалгаруулалт нэрээр мөнгө хүүлдэг компани болж хувирсан нь үнэн. Энэ шалтгаанаар П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томилсон ч нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй дүрмийн тоглолт явагдсаар байгаа.

Дээр хэлсэнчлэн “Эрдэнэс Монгол” компани М.Энхболдын галынх учраас тэр.

Д.Хаянхярвааг энэ оны аравдугаар сарын 1-н хүртэл тохироотой томилсон гэдэг. Намрын чуулгантай зэрэгцэн шинэ Засгийн газар байгуулах, эс бөгөөс шинэ яамд нэмж байгуулах улс төрийн тохироо МАН-д байсан. Тэр утгаараа М.Энхболдын уяаныханд Засгийн газарт сайдын суудал гаргаж өгөх тохироотойгоор томилж байжээ.

Харин одоо Л.Оюун-Эрдэнэ фракц хоорондын тохироог мурьж, Д.Хаянхярвааг золигт гаргахаар нүүж эхлэв.

Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр Хаян ван өөрөө унтаж байсан муурын сахлаар тоглосон гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Учир нь нас барсан дэд даргын суудалд Н.Энхбаярын чиргүүлүүдийн нэг гэгддэг Э.Эрдэнэжамъяныг томилуулах саналыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс гаргасан ч Д.Хаянхярваа татгалзаж ширэв татаж. Энэ нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын зөвлөх Х.Баттулгад таалагдаагүй байна.

Удаа ч үгүй Хаян ван дээр Авлигатай тэмцэх газраас гэнэтхэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Эрдэнэс Монгол”-ын албан өрөөнөөс бус хувийн оффисоос нь 20.000 ам.доллар, 6 сая төгрөг гарган олон нийтэд задалсан нь тохиолдлын гэхэд хэтэрхий үнэмшилгүй.

Д.Хаянхярвааг хэд хэдэн тендэрийн сонгон шалгаруулалтад холбон буруутгаж, нэгжлэг хийсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдэгдэж байгаа. Гэтэл нэг компанид давуу эрх олгосон хэмээн буруутгаад байгаа өнөөх тендэрүүд П.Ганхүүгийн үед зарлагдаж, сонгон шалгаруулалт хэдийнэ өнгөрсөн байдаг ч Д.Хаянхярваад наан тохож байгаа нь түүний хэрэгцээ нэгэнт дуусгавар болсон гэдгийн илэрхийлэл хэмээн харагдаж байна.

У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын харилцаа өнөөг хүртэл таатай явж ирсэн. Тиймдээ ч М.Энхболдын хөрөнгөний эх уурхай болсон “Эрдэнэс Монгол”-ыг хөндөж байгаагүй. Харин эрх баригчдын фракц хоорондын эв нэгдлийн дүрэм болсон тоглолтыг ийнхүү огцом тастаж, Л.Оюун-Эрдэнийн гараар Х.Баттулга могой бариулан эзэн суухаар шулуудсан нь энэ хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр нам дээр болсон хурлын үеэр ойрын нөхөддөө бухимдангүй ам алдсан гэнэ.

Тэрбээр Х.Баттулга, Н.Энхбаяр тэргүүтнээр цагаан хэрэм босгосон Л.Оюун-Эрдэнийг Тусгаар тогтнолын ордноос хөөгөөд гаргах зоригтон МАН-д алга болсон, тиймээс Д.Хаянхярваад амалсан сайдын суудал дашийн шог гэдгийг ч нуугаагүй байна.

Л.Оюун-Эрдэнийн 2 кноп буюу ордны шинэ сувинерүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ хүүхэлдэйнүүдээр багаа тэлж нам доторх байр сууриа бататгалаа. Өмнөх нөхөн сонгуулиудаар ихэвчлэн сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулж байв. Харамсалтай нь энэ удаад АН юун ялалт байгуулах, өөр зуураа хэмлэлдэн өдөр ирэх бүрт улс төрийн тавцнаас арчигдаж байна. Сүүлийн хүн нь намын гэрлээ унтраагаад гарахыг нь харах үлдлээ.

Энэ зуурт нүглийн нүдийг гурилаар хуураад эрх баригчид парламент дахь суудлаа эрх танхи жаалуудад тоглуулах гэж өгөв.

Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгохын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарын баг бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Санал хураалтад намын батлахтай троллуудаас өөр хүн байсангүй. Жинхэнэ сонгогчид буюу ард түмэн саналаа өгөхөөр ирсэн ч үгүй. Ихэнх нь дижитал шоуны нэг, хоёрдугаар хавьтагчид болоод эмнэлэг болоод гэр зууртаа тусгаарлагдсан байсан биз ээ.

Тэгэхээр зүтгүүллээ зүтгүүллээ гээд намын гишүүдийн тоо яахан нийт сонгогчдын ирцийн 50 хувьд хүрэх билээ. Дахин санал хураалт явуулаад ч 00.

Гэсэн ч хэл ам, хэрүүл тэмцэл хийх сөрөг хүчин гэж байх биш… Э.Батшугар, Ц.Идэрбат хоёрын хэн хэн нь ард түмний сонголтоор бус намын анхан шатны үүрээс сонгогдсон УИХ гишүүд боллоо.

Сонгогдсон тоон үзүүлэлтээр нь УИХ-ын гишүүд гэхээсээ намын үүрийн дарга төдий гэж болох ч дархан эрх, ямбатай гишүүд болж 3 жил Төрийн ордонд тонгочих боломжийг арчаагүй сөрөг хүчнээс зүгээс ийнхүү бүрдүүлж өгөв.

МАХН-ын дарга Н.Энхбаярын туйлын хүсэл биеллээ. Хүүгээ хууль тогтоох дээд байгууллагад шургуулсныхаа хариуд энэ Засгийн газрын муу муухайг нүдээ таглаж, чихээ бөглөн өнгөрүүлнэ.

Сонгууль бүрээр сортолзон, тэр тоолондоо үргэлж өвдөг шороодож явсан Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн иргэд дэмжиж байсан удаагүй. Сурталчилгаанд нь явсан ухуулагчид ч саналаа өгөхөөс татгалзаж байсан гэх яриа бий. Гэсэн ч тэр эцэгтээ хөтлүүлж явсаар эрх баригч намынхны хэвтүүл боллоо.

Түүнд Сонгинохайрхан дүүргийнхний төлөө бус эгнээндээ элсүүлсэн эрх баригчдын төлөө, парламентын босго алхуулж өгсөн хүмүүстээ ачийг нь хариулж, кноп бүрээ тэдний төлөө дарахаас эхсүүлээд нөр их ажил бий.

“Эрчис ойл”-ыг амилуулахаар Д.Сумъяабазар оросуудтай нийлж хомсдол үүсгэсэн үү?!

/

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нар цаг эргэж, Засаг солигдоход аавын хаалга татаж мэдэхээр галт бөмбөг эргүүлж, ёстой толгойгоороо тоглон тоосноосоо бусгана гээч болж байх шиг байна. 

МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өнгөрөгч есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Цар тахлын үед иргэдээ эх оронд нь авчрах ажилд илүүтэй анхаарснаас болж алдагдалтай ажиллаж байна гэж үглэхээс илүүг хийж чадахгүй байсан түүнийг хугацаанаас нь өмнө ийнхүү чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа.

МИАТ-ийн хувьчлалыг эрчимжүүлэх даалгавартайгаар томилогдож байсан Д.Баттөрийг Сү.Батболдын “уяаных” гэдэг.

Тэрбээр Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ах, дүүгээ төрийн албанд “чихсэн” хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж, Герман дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөх нэрийн дор түр бүгж байсан билээ.

Харин У.Хүрэлсүх Засгийн эрхийг авсны дараагаар Сү.Батболдод төлөх олон өрийнхөө нэгэнд МИАТ-ийн захирлаар ажиллаж байсан Т.Тамирыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, Д.Баттөрийг нь томилон нэг удаагийн ам хаасан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохтой зэрэгцэн Д.Баттөрийг чөлөөлнө гэх дуулиан чих дэлсэж байсан нь ийнхүү өнгөрөгч сард биеллээ олсон хэрэг.

Хэнийг ч хугацаанаас нь өмнө хөөхөд шалтаг, шалтгаан хэрэгтэй…

Д.Баттөрийг Ц.Анандбазарын гар хөл, “Бага тэнгэр”-ийн аманд байрлах “Сод Монгол” группийн хаусанд амьдардаг гэх мэдээлэл хээрийн түймэр мэт гэнэт ассан нь тохиолдлын, тэнэсэн мэдээлэл байсангүй. Ц.Анандбазарын шуугиант мэдээлэлтэй зэрэгцэн төрийн албанд олон жилийг өнгөрүүлсэн, өөрийн гэсэн бизнесгүй, халаас хоосон гэгддэг Д.Баттөрийн үнэтэй хаусын мэдээлэл олон нийтэд яаж таатай сонсогдох билээ.

Нэг сумаар хоёр туулай онохын үлгэрээр Тусгаар тогтнолын ордноос шидсэн чулуу Ц.Анандбазарыг, Д.Баттөртэй мөлхүүлсний учиг одоо л тайлагдах бололтой.

МИАТ бол зарим нэгэнд бэлэн мөнгөний “ATM”, монополь компаниудын саалийн үнээ байсаар ирсэн. Тэдний нэгийг Ц.Анандбазар гэдэг байсан бөгөөд үнэхээр ч МИАТ-д өндөр үнэтэй шатахуун нийлүүлдгээрээ Сод Монгол зартай. Энэ давуу эрх нь улс төр, бизнесийн бүлэглэлийнхний үсчих шүлсний шалтаг болж ирсэн.

Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж…

Түүний эрх дураараа авирт цэг хатгаж, төр нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар ашиг орлогын нь амыг хааж, “Роснефть”-д атгууллаа.

Шатахууны үнэ тогтворжуулах, нөөц нэмэгдүүлэх гэх гоёмсог шалтгаар нэрийн хуудас хийн “Эрчис Ойл” компанийг Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2020.01.01-нд яамныхаа дэргэд байгуулсныг өмнөх нийтлэлүүдэд дурьдсан. Компанийн захирлаар Замын цагдаагийн газрын дарга асан Т.Занаширын хүү З.Ширзаныг томилсон билээ.

Гэхдээ энэ компани төрийн өмчит эсэх нь огтоос тодорхойгүй байсаар ирэв.

Засгийн газрын тогтоолоор 2020.01.01-нд байгуулсан гэх боловч 2020.04.22-нд “Эрчис-Ойл” ХХК-г байгуулсан баримт бичгүүд бий. Шилэн дансны хөтлөлт ч мөн ялгаагүй ХХК.

Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр авах сонирхол Оросын “Роснефть” компанид байсаар ирсэн. Тэд Монголд салбараа нээх санаархлаа удаа дараа илэрхийлж, тухай бүрт крантаа хаан дарамталсаар яваа нь нууц биш.

“Роснефть”-ийнхэн Ц.Анандбазараар дамжуулан шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг авах оролдлогыг 2017 оноос хийж байсныг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ.

Тухайлбал, 2017.09.07-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн захирал И.И.Сечинтэй шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан байдаг.

Тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” байлаа. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед өнөөх санамж бичгийг албажуулж, тогтоол гаргуулах гээд дөнгөөгүй. Арайхийн 2018.07.09-ний өдрийн 223 дугаар тогтоол батлагдсан ч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Засгийн газар нэг аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийх эрхийг Засгийн газрын хуралдаанаас гаргачихлаа” хэмээн сенсаацилснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цуцлагдсан хэрэг.

Энэ үймээний хажуугаар шүүр унасан шулам нисч явсан нь энэхүү “Эрчис ойл” байж. Эхэндээ Төрийн өмчит компани гэсэн халхавчтай байсан бол өдгөө ОХУ-ын “Роснефть”-тэй 60/40-өөр хамтарсан компани болчихлоо. Ноцтой нь Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа энэ хэлцлийг хийчихсэн байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд шатахуун хомсдож, импортлогчид ОХУ-ыг зорьсон өдрүүдэд Д.Сумъяабазар “Би л утастаж шатахуун авахаар болсон шүү” хэмээн сошиалд попорсныг энэ зуурт эргэн саная.

Үнэхээр тэр утастсан байх нь…

Гэхдээ шатахууны хомсдол үүсгэж, цар тахлын хажуугаар олон түмний бухимдлыг дээд цэгт хүргэсний эцэст хотын захирагч Роснефть рүү утас цохиод л шатахуун шийдчихсэн нь нэг л хиймэл, худлаа санагдсан нь үнэн.

Гэтэл эл үйлдэл нь Роснефть-тэй нийлж байгуулж буй “Эрчис ойл”-ыг амилуулах гэсэн “хамтарсан” зохиомж байсан гэх мэдээллийг нэгэн эх сурвалжаас өгч байна… Үгүй гэх өнцөг бас үгүй юм!!! Магадгүйгээр барахгүй магадлалт үнэн байж мэднэ.

Учир нь “Эрчис ойл” амилснаар Монгол Улсын онгоцны шатахууныг “Роснефть” бүрэн хангана. Монголын дотоод болон гадаад нислэг, шатахуунаа цэнэглээд дамжин өнгөрөх бүх онгоцыг шатахуунаар цэнэглэнгээ нарийн мэдээллийг цэг таслалгүй аваад, бүртгэлжүүлээд сууж байх бүх боломж “Роснефть”-ийн гарт орно гэсэн үг.

Энэ бол Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байхдаа юу хийчихвээ хэмээн зогтусан анхаарах ноцтой асуудал… Ийм боломжийг нээж өгсөн Д.Сумъяабазарыг утастахад “Роснефть” нуур нугас болон тонголзохоос өөр яалтай. Ер нь ч энэ бүх үйл явдал болоод өөрийг нь 1000 эмэгтэйг хүчирхийлсэн гэх байж боломгүй ялд унагасан этгээд Хотын захирагч бөгөөд тэрбээр оросуудтай нийлэн эл сценарийг бичиж, хэрэгжүүлсэн байж мэднэ хэмээн Ц.Анандбазар хардан уурссан гэдгийг парламентын гишүүд хэлж байна.

Тэрчлэн Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар “Роснефть” компани Монголд салбараа нээх тухай дахин хэлэлцсэн байдаг. Энэ мэдээллийг сонссон шатахуун импортлогчид хэдэн цагаар шатахуун түгээлтээ зогсоосон нь тэр дундаа “Эрчис ойл” гэх маск зүүсэн Роснефтэд эгдүүцэхдээ эсэргүүцэл үзүүлсэн Ц.Анандбазарын үйлдэл гэж байгаа.

Арга ч үгүй биз. МИАТ-д шатахуун нийлүүлдэг сувгийг нь Төр нэрээр “Эрчис ойл” компани дээрэмдэн авч, улмаар түүний гар хөл гэгддэг Д.Баттөрийг хугацаанаас нь өмнө “хөөгөөд” явуулчихсан байхад яаж ч тэвчилтэй билээ.

Гэхдээ тэр мянга тэлчлээд намын удирдлагуудаа барьж дийлэх биш… Тэгээд ч Д.Баттөр захирлыг МИАТ-ийг алдагдалд оруулж, дампуурлын ангалд хүргэсэн гэх хэд хэдэн ноцтой гэрээ, контрактад буруутгаж байгаа бөгөөд түүнд нь Ц.Анандбазарын Сод Монгол групп, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк тэргүүлсэн хэд хэдэн групп компаниуд холбогдож байгаа юм байх. Тиймээс тэрбээр уур омгоо дарж, намжмал байдалд орсон гэдгийг Засгийн газар дахь албаны эх сурвалжаас хэлж байна.

Үнэхээр ч эл зохиомол хомсдлын дараа “Сод Монгол” болоод Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас цуварсан мэдээлэл яаран сандран хийж, тушаал шийдвэрүүдээ үгүйсгэн бужигналдсаныг өнгөрөгч өдрүүдийн үйл явдлууд гэрчилнэ.

Тиймээс Ц.Анандбазарыг “номхруулсан”, Д.Баттөрийг шүүхийн үүд сахиулж мэдэх ноцтой фактууд гээч нь юу болохыг бид нэхэн сурвалжилж, баримттайгаар хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилгээг үзүүлж байна

/

“Монгол мал, органик хүнс”  ХХК  компани нь 2020 оны 10 сард байгуулагдсан бөгөөд Khuvsgul lake брэндийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эрүүл–Шинэ–Зөөлөн мах гэх тодотголтой Khuvsgullake брэндийн махыг хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, малыг амьд байхад нь цуснаас нь шинжилгээ авч сорил тавьж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчтэй эсэхийг шинжлэн,  эрүүл малыг нядалгаанд оруулж,  эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан үйлдвэр,  лаборатори,  хөргүүртэй тээвэр,  эрүүл боловсон хүчнээр мах бэлтгүүлж байна

Компаний онцлог давуу тал:

  • Малын махны гарал үүсэл нь тодорхой, лабораторийн  шинжилгээний бичигтэй, 1-р зэргийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.
  • Манай компани Монгол орны бэлчээрийн малын махыг боловсруулж, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан ямар нэгэн бэхжүүлэгч, консервант, химийн бодис, амтлагч агуулаагүй мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
  • Стейкний махыг DRY AGE технологи ажиллагааны дагуу хуурай боловсруулалт хийж бэлтгэдэг.
  • Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудаас шууд худалдан авах боломжтойгоос гадна онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээд авах боломжтой.
  • Бүх бүтээгдэхүүнүүдийг тусгай хөргүүртэй машинаар тээвэрлэдэг.
  • Мал бүрийн баримт бичиг, шинжилгээний бичиг нь дагалдан хэрэглэгчдэд очдог.

 Мал бүрийн баримт бичгийн бүрдүүлэлт:

  1. Малын цахим паспорт /Малын мэдээлэл, ээмэгний дугаар, ээмэг зүүсэн огноо, вакцинд хамрагдсан эсэх тэмдэглэл/
  2. Мал хүлээн авах акт /Малыгмалчны хотноос хүлээн авахад хүлээлцэх акт үйлдэж, фото  зураг/
  3. Мал эмнэлгийн гэрчилгээ /Малын гарал үүслийн гэрчилгээ/
  4. Малын эмчийн үзлэгийн акт /Малын эмчийн тэмдэглэл бүхий акт/
  5. Бруцеллёзийн шинжилгээний дүнгийн хуудас /Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний бичиг/
  6. Малын ээмэгтэй чих /Тухайн малын чиптэй ээмэг бүхий чих/
  7. Технологийн дараалал /Малын махыг боловсруулсан технологи ажиллагааны тэмдэглэл/
  8. Савлагааны бүртгэл шалгах хуудас /Сав, баглаа боодлын битүүмжлэлийг сайтар шалгаж, битүүмжлэл алдагдсан бүтээгдхүүнийг нийлүүлэх, худалдаанд гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг./

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр нь Хөвсгөл аймгийн малчдаас малаа авч, Хөвсгөл аймгийн махны үйлдвэрт бэлтгэн шууд таны гарт хүргэдэг бөгөөд хэрэглэгч та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлдэг. 👇👇

  • Мал бүрээс цусны дээж авч, #бруцеллёзийн шинжилгээ хийлгэдэг.
  • Мал бүр гарал үүслийн бичиг, малын цахим пасспорттой бөгөөд мал эмчийн үзлэгт ордог.
  • Хэрэглэгч таны авсан хонины гулууз мах, гэдэс дотор, толгой шийр бүр тухайн хонины шинжилгээний бичиг, малын гарал үүслийн бичиг дагалдан очно.
  • Хонины гулууз махыг монгол уламжлалт аргаар 6 хэсэг болгон хувааж бэлтгэсэн. Эрүүл, аюулгүй орчинд бэлтгэж, зориулалтын хайрцагт стандартын дагуу савласан.
  • Хонины гэдэс дотор тус бүрийг цэвэрлэж, вакумдан савласан.
  • Хонины толгой, шийрийг хуйхласан бөгөөд толгойг 2 хуваан хөрөөдөж, вакумдан савласан.
  • Хайнаг, сарлаг, монгол үхрийн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд UV хэт ягаан туяаны гэрэлд 28 хоног, 🐑хонь, 🐖гахайн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд 14 хоног хуурай боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм.

Захиалгыг : https://khuvsgullake.mn/

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг  Фэйсбүүкийн: https://www.facebook.com/khuvsgullake хаягаар аваарай.

Хятадын коммунист нам Монголын парламентийг Булгантуяагаар дамжуулан удирддаг болчихсон юм уу?

Зохиолч, сэтгүүлч Р.ЭМҮЖИН

За нөгөө Хөрөнгө оруулалтын тухай хуульд 50 мянган долларын зүйл заалт шургуулж, ийм хэмжээний хөрөнгө оруулж, хоёр ажлын байр бий болгосон хүнд байнга оршин суух эрх олгуулахаар зүтгээд байгаа Булгантуяа, Ганхуяг хоёр чинь баасан гаригт сэтгүүлчдийн аманд хоол бариад, халаасанд нь юань хандуулаад баахан зулгуйдсан гэнэ дээ. Амтай болгон нь ярьж, хэлтэй болгон нь шуугиж байна. Энэ бүр анхны тохиолдол ч биш. Булгантуяа Сангийн дэд сайд байхдаа өмнөд хөршийнхний зардлаар баахан сэтгүүлч Ухань руу, өөрийнхөө төгссөн сургуулийг танилцуулах нэрээр аялуулсан чимээ байдаг.

Хэвлэлийнхнийг байн байн будаалганд дуудаад, буцаж холбогдоод байдгийн цаана эдүгээ зүтгүүлж буй Хөрөнгө оруулалтын тухай эл хуулийн энэ хямдхан өөрчлөлт байж болох талтай. Нөгөө хоолыг нь идэж дарсыг нь уусан хэвлэлийнхэн одоо хулгайч нохой шиг бултаад ордноор үзэгдэлгүй хэд хоносон Булгантуяа, Ганхуяг хоёрыг зоригтой, үзэл бодолдоо үнэнч гэхчлэн магтах үүрэгтэй, магтаал ч аль эрт эхэлчихээд байгаа л даа.

За эндээс юу харагдаж байна вэ? Анужин, Өнөрболор хоёр тухайн хуулийн өөрчлөлтийн эхний хувилбарт 50к доллартай холбоотой заалт байгаагүй, хуулийн хулгай явагдаж байгаа учраас нэрээ татлаа гэдгээ хоёул хоёулаа мэдэгдсэн. Гэтэл гишүүн Ганхуягийн бланкан дээр нэгдүгээр гарын үсгээ зурсан Булгантуяа хуулиа татахгүй гээд гэдийж байгаа.

Тэгэхдээ бүр Ганхуягтайгаа хамт хэвлэлийнхнийг хоолоор урхидаад, ходоодоор нь хэмжээд, захиалга өгөөд замаа засаад шуударч байна.

Хуулиа татах бус, хуульдаа нийгмийн сэтгэлзүйг захиалан нийцүүлэх ажил эхлүүлж байна, энэ нь сая хэд хоног харагдлаа. Хэлэлцэх асуудлын 52 дугаарт байсан энэ хуулийг сая Америк яваад ирэхдээ Занданшатарыг тас намжирдаж байгаад нааш нь татаад аваад ирсэн гэж байгаа.

Ямар олон арга замаар, яасан олон фронтоор, яах гээд ийм шаргуу зүтгүүлээд байна вэ? Ердөө л өмнөд хөршийн захиалга шүү дээ. Захиалга гээд шууд хэлчихэд буруудахгүй.

Булгантуяа гэж энэ эмэгтэй Технологийн салбарт хөрөнгө татна гэх маягийн өнгөлөн далдлалт их хэрэглэж байгаа. За энэ зүгээр юм мэдэхгүй ард түмнийг хууран мэхэлж байгаа хэрэг шүү. Монголд технологийн компани хөрөнгө оруулахгүй гэдгийг бүгд мэднэ. Гаднаас технологи худалдан авахад 40 хүртэлх хувийн татвар төлдөг, оюуны өмчийн орлогоос 30 хувийн татвар авдаг улсад технологийн хөрөнгө оруулалт орж ирдэггүй юм. Үүнийг Булгантуяа, Ганхуяг хоёр мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

Бизнесийн орчин, хандлага, тогтвортой байдлын нөхцлөө сайжруулж байж хөрөнгө оруулагч наашаа зүглэнэ гэдгийг ч сайн мэдэж байгаа. Мэдсээр байж хууран мэхэлж, хууль хулгайлж, МАН Хятадын коммунист намын халаасанд орсон гэдэг дэлхий нийтийн хардлагыг бүрэн баталгаажуулж байна. Монголоос дэлхий нүүрээ буруулаад, оросууд чангараад байгаагийн шалтгаан ерөөсөө энэ хардлага шүү дээ.

Дээр нь энэ хоёр шарваачийн зүтгүүлээд байгаа шавартай хуулийг жаахан цэвэрлээд харах юм бол Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нарын хэлж байгаагаар гаднын иргэний Монголд оршин суух эрхийг давхар олгочихсон үг өгүүлбэртэй.

Холбогдох хуулиараа 10 жил байнга оршин суугаад Монгол Улсын иргэний үнэмлэх авах эрх үүснэ. Гурван сая иргэн гурван хавар улирахад гуйвдаг юм байгаа биз дээ. Хятадын ард түмэнд монголчуудыг хайртай болгох ажиллагаа 2017 оноос хойш эрс идэвхижсэн. Төв номын санд маань Хятадын зохиолчдын 10 мянган ном бэлэглэсэн, бүх телевизээр Хятадын олон ангитуудыг ангайтал гаргасан, Хятадыг шүтэн бишрүүлэх “Хөгжлийн гайхамшиг” цувралуудаар өдөр бүр нүдсэн.

Бүх өдөр тутмын сонинууд долоо хоног бүр хятад зохиолд зай талбайгаа тавьж өгсөн, энэ бүхний ард асар их мөнгө эргэлдэж, асар өндөр ашиг сонирхол хэлхэлдсэн.

Энэ үнэн шүү дээ, худлаа гээд хэлээч.

Гэтэл хуулийн хулгай нь Булгантуяа Ганхуяг хоёроор дамжаад ороод ирж байгаа нь энэ үү? Тавин мянган доллартай Европ, Америк, Английн иргэд Монголд ирнэ гэж бодож байна уу, үгүй. Захын Эрээний хятад тэр мөнгийг чинь аль эрт манайд байр, газар болгоод байршуулчихсан байгаа нь ч бас булзах аргагүй үнэн шүү. За тэгээд эх орноо 50к доллараар зарах гээд, үндэсний эрх ашгаа ганхуулах гээд байгаа энэ хоёр гишүүнээ ҮАБЗ шалгамаар байна.

Эсвэл МАН Хятадын коммунист нам болчихсон юм уу?

Монголын парламентыг хятадууд Булгантуяагаар дамжуулж удирдаад байдаг болчихсон юм уу, Занданшатар аа. Ингэхэд энэ Занданшатар яаж яваад, ямар зорилгын дор Булгантуяад атгуулчихав аа? Бүр ингэж асууя. Нэмж хэлэхэд наад Булгантуяа чинь Сангийн дэд сайд байхдаа Европын холбоонд захидал бичиж, Монгол Улсыг саарал жагсаалтанд оруулж байсан түүхтэй шүү. Түүний энэ хэргийг З.Энхболд илчилсэн боловч Г.Занданшатар цээжээрээ хамгаалж үлдсэн дээ. Оронд нь Монголбанкны Н.Баяртсайханыг албанаас нь буулгаж алиалсан.

Одоо ч Занданшатарын нэр энэ Хөрөнгө оруулалтын хуультай хоршин олонтаа сонсогдож байгаа, тэгэхдээ Ганхуягийн амаар, Булгантуяагийн заавраар гээд шуудхан хэлчих үү.

Занданшатараас асуумаар байна, ингэхэд та минь хаана төөрчихөв өө? Хятадын коммунист намын бодлоготой яагаад Булгантуяа, Ганхуяг та гурвын алхам огтлолцоод байгаа юм бэ? Тохиолдол уу, тохиролцоо юу? Тийм л их дэмжмээр байгаа юм бол 50к доллар байтугай хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний хөрөнгө оруулагчдаа яагаад татварын бодлогоор ч болсон дэмжихгүй байгаа юм бэ?

Үндсэн хуулийн 6.2т оруулж ирсэн Монгол Улсын газар нийтийн өмч байна гэсэн заалт чинь одоогийн энэ зүтгүүлээд байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн бэлтгэл байсан юм уу? Энэ ард түмнийг технологийн хөрөнгө оруулалт, старт апп энэ тэр гэсэн гадаад хэдэн үгээр мангартуулаад хуурна гэж бодож байгаа бол үгүй шүү.

Мояа гэж хэлүүлэхээсээ айгаад чимээгүй чичирч суудаг нь би биш ээ. Энэ хуулийг эсэргүүцсэн бүхэн Мояа болдог юм бол би тэр Мояа чинь болъё, ичээд нэрэлхээд байх юм алга.

Нэрэлхээд эх орноо зарж идэх үү, үгүй!

Х.Булгантуяагийн зүтгүүлж буй хуулийн төслийн ард Г.Занданшатар бий юү?

/

-Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яагаад гэнэт яаралтай хэмээн очёр дайруулав-

Хөрөнгө оруулалтын тухай гэх гоё нэртэй ч үнэндээ Гадаадын иргэн харьяатын асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын оролдлого сүүлийн хэдэн өдөр сошиал орчинд хэрүүлийн алим болж байна. Тэд дөрвөн зүйл бүхий ганц хуудас хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байгаа юм.

Чухамдаа энэ хэмжээний мөнгөөр Монголд эзэн мэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг. 

50.000 ам.доллар гэдэг хэр их мөнгө вэ. Өнөөгийн ам.долларын ханшаар 150 сая орчим төгрөг. Энэ мөнгөөр хотын захын дүүрэг хороодод л хашаа байшин авах байх. Монгол төгрөг ингэтэл унасныг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар мэдэхийн дээдээр мэддэг байж таарна.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй байгаа. Тэр тусмаа авдрын ёроолоо гаргачихаад байгаа энэ үед бүр ч хэрэгцээтэй байгаа хэдий ч 50-хан мянган ам.доллараар эх орноо худалдах хэмжээнд бол биш юм.

Г.Занданшатар хууль санаачлагчдын нэг үү эсвэл…

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын 52-т эрэмбэлэгдэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт гэнэт яаралтай гэх горимоор хэлэлцэгдэв.

Гэнэтийн энэ шуурхайлалт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар АНУ яваад ирсний дараахан гэрлийн хурдаар өрнөж буй нь хардлага дагуулж байна. Г.Занданшатар, Х.Булгантуяа нарын хувьд эртнээс гар нийлж, хамтран ажиллаж дадсан нөхөд. Тэдний холбоо сүлбээг Г.Занданшатарын Гадаад хэргийн сайд байх үеэс эхэлсэн гэдэг.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа Европын холбоонд захидал хаягласнаас үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орсон “хэрэг”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд олон нийтэд дэлгэж байлаа.

Гэсэн хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “гэмт этгээд”-ээр Х.Булгантуяаг бус тухайн үеийн Монголбанкны удирдлага Н.Баяртсайханыг нэрлэж, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болгож байсныг бүгд мэднэ.

Мөнгө цохих хошин үзэгдлүүдийн нэг гэгдээд байгаа “Өсвөрийн парламент” төслийг санаачлагчид нь Х.Булгантуяа, Г.Занданшатар нар.  Санаа нэг, зорилго ижил загалууд гэгддэг тэднийг Засгийн газартай холбох гүүр нь Ж.Мөнхбат болдог.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын харилцаа тийм ойр биш. Нааш харж маасайн, цааш харж нүдэлддэг мань эрс У.Хүрэлсүх, Х.Баттулга нараар холбогддог хэдий ч хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр хөшигний ардах эрх мэдлийн төлөөх дайсагналцал нь улам ширүүсч байгаа.

Гэлээ гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар илүү дутуу үггүй дэмжсэнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүчин чармайлт хэмээн кабинетийнхан хэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суганы үс гэгдээд байгаа Ж.Мөнхбатыг Х.Булгантуяатай нутаг ус төдийгөөр хязгаарлагдахгүй дотно нөхөд гэдгийг ойр тойрныхон нь андахгүй.

Засгийн газрын хуралдаанаар ийнхүү Ж.Мөнхбатын дэмжлэгийг аван ногоон гэрлээр гарч ирсэн хуулийн төслийг жагсаалт дайруулах эрх ганц Г.Занданшатарт бий.

Тэрбайтугай хуулийн төслийн санаачлагчдын нэг нь Г.Занданшатар гэх яриа хүчтэй яригдах болов. Үнэхээр ч Х.Ганхуяг мэдээлэл хийх бүртээ “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байсан” хэмээн тодотгоод байгаа нь санаандгүй хэрэг биш биз.

Хуульд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Харин УИХ-ын даргад хууль санаачлах эрх бий эсэх талаар тусгагдсан заалт байхгүй. Тэгэхээр очёр дайруулан зүтгүүлсэн Г.Занданшатар нэр нь бичигдээгүй санаачлагч байж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр хууль санаачлагчдын 50 хувь нь хуулийн төслийг эргүүлэн татвал шууд буцаах хуультай. Санаачлагч биш атал санаачлагч мэт харагдуулж, харлуулж, халхавч болгож буйд бухимдсан П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдсэн. Алин ч байлаа гэсэн, тэд хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон бол эгүүлэн татагдсанд тооцох ёстой. МАН-ын бүлгийн дарга ч эргүүлэн татна гэсэн байгаа.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөг хүртэл очёр дайруулж ирээд, чичрэн зүтгүүлсээр байгаа нь хардлагын олон асуултыг бий болгож байна. 

Х.Булгантуяа бусдын захиалгаар хөдөлсөн үү?

Хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн албан бланк дээр гарын үсэг зурсан нэрсийн хамгийн эхэнд Х.Булгантуяагийн нэр бий. Өргөн барьсан хуулийн төслийн санаачлагчийг нь тэргүүнд эрэмбэлэн гарын үсэг зуруулдаг улс төрийн “дэг” бий.

Эл “дэг”-ээр бол Хөрөнгө оруулалтын босгыг хашаа байшингийн үнийн хэмжээнд навс буулгаж, 50.000 ам.доллар өвөртлөөд ирсэн хэнбугайд ч Монголд нүүдэллэх эрх олгох санаачилга Х.Булгантуяагийнх байх нь.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан энэ бүсгүйг Хятадад мэдлэг боловсрол эзэмшсэнийг нь мэдэхгүй хүн ховор. Тэр бүү хэл, УИХ-ын сонгуулийн компанит ажлыг нь Тайваниас удирдаж байсан гэх баримт тухайн үед дэлгэгдэн шуугиан тарьж байв.

УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав Тайванийн тагнуулын хэргээр шүүхээс 16 жилийн хорих ял сонсоод удаагүй байсан үе тул олон нийт эл мэдээлэлд нэлээд цочир хандаж байлаа.

Х.Ганхуяг 33 тэрбум төгрөгийн зээлээрээ “барьцаанд” орчихсон юм биш байгаа

Тооны ухаан гадарладаг эл залууг парламетын босго давахад олон хүн алга ташиж байв.

2016 онд АН-аас УИХ-ын сэнтий рүү мөлхөөд бараагүй тэрбээр 2020 оны сонгуулиар МАН-ын нэрээр дэвшиж ялалт байгуулсан юм. Чухамдаа үзэл баримтлал, үнэт зүйл ховор. Эрх мэдэл, эрх ашгийн төлөө өнгөө хэд ч хувиргаж чадах нэгэн гэгддэг.

Дархан эрх ямба эдлээд удалгүй Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг нь дэлгэгдэв. “Би биш, улс төрийн гүжирдлэг” хэмээн улстөрчдийн хэлдэг цайны үгээр хэргээ хаацайлах гэж мэлзсэн ч зээл авсан “Вертекс майнинг партнер” компани нь Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг болон гишүүн Д.Дамдинням нарынх болох нь баталгаажсан.

Өрөнд баригдсан нэгэн бусдын хувьд зөөлөн өгөөш.

П.Анужинг хуулийн төсөлд “наах”-ын учиг

П.Анужин, Д.Өнөрболор нарын хэлж байгаагаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тэдний мэдэхгүй олон заалт тусгагдсан гэж байгаа. Тангараг өргөсөн гишүүд худлаа хэлэх учиргүй. Тэгэхээр энэ бол санаатай үйлдэгдэж буй хуулийн хулгай байж таарах нь.

П.Анужин гишүүн хуулийн төслийг дэмжээгүй төдийгүй санаачлагчдын нэг ч биш гэдгээ хэлж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ч хэлэлцүүлэгт Д.Өнөрболор оролцож байсан л гэж дурьдсанаас П.Анужин байсан талаар ганц удаа дуугараагүй. 

Үүнийг нь Хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай Х.Ганхуяг гишүүний бланктай албан тоотод нэр бүхий 4 гишүүний нэр зоолттой ч П.Анужингийн гарын үсэг байхгүй байгаа нь нотолж байгаа юм. Тэгвэл яагаад түүний нэрийг ашиглав, албан тоотод “зоов”…

Арай УИХ-ын даргадаа хөтлүүлсэн Х.Булгантуяа нарын нөхөд “хуулийн хулгай” хийх гэсэн юм биш байгаа…

Эл хардлагыг нотлох мэт УИХ-ын гишүүдэд тараагдсан хуулийн төслийн анхны хувилбар дээр ч П.Анужингийн нэр, гарын үсэг байхгүй байсан нь өнөөдөр Төрийн ордонд шуугиан тарьж байна.

Тиймээс хуулийн төслийг эргүүлэн татсан ч нэр бүхий гишүүдийг шалгуулах ёстой гэх хатуу шаардлагыг олон гишүүн илэрхийлжээ.

Тэд “Очёр дарааллаа хүлээлгүй яаруу давчуу оруулж ирж буй ганц хуудас эл хуулийн төсөл хэний захиалгаар боловсруулагдав. Хууль санаачлагч нь Х.Булгантуяа атал яагаад Х.Ганхуягийн бланк дээр албан тоотоо буулгав. Хууль санаачлагч нь биш, гарын үсэг нь ч байхгүй байтал өнөөг хүртэл П.Анужинг тоглолтод чирч оруулж ирэн чичлүүлж буйн учир юув. Хуулийн төсөл олон нийтийн хардаж байгаачлан тодорхой захиалагч, санхүүжүүлэгчидтэй юм биш байгаа… Хэрэв тийм бол Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд эх орноо худалдах хэмжээний барьцаанд орсон уу. Тэдний цаана өөр хэн давхар худалдагдаж, ямар лобби өрнөснийг яаралтай шалгаж, тогтоох хэрэгтэй” хэмээн бужигналдаж, өрөө хооронд шивэр авир хийн бөөгнөрч эхлэв…

Үнэхээр ч хэлэлцэх асуудлын жагсаалтад 52-т эрэмбэлэгдэж байсан төсөл яагаад ингэтэл дараалал дайран орж ирснийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлах хэрэгтэй байх.  

Энэ бол сошиал орчинд хэн нэгнийг харлуулан зүхэж, хараан загнаж байгаад батлуулчихдаг хоол цайны цэс төдийхөн зүйл биш юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Мэдээ орчуулах »